Connect with us

Улс төр

Ц.Нямдоржийг “нүцгэлсэн” хөөн хэлэлцэх хугацаа

Оруулсан:

огноо:

УИХ-ын чуулганы 2019 оны тавдугаар сарын 23-ны нэгдсэн хуралдаан дээр хоёр гишүүний хооронд нэгэн яриа болсон байдаг.

Тэр яриа болсон нэгдсэн хуралдааны тэмдэглэл өдгөө УИХ-ын Тамгын газрын архивт хадгалагдаж буй.

Тэнд тэмдэглэснээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “…Хууль зүйн сайдад хандаж хэлэхэд, хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаа өөрчлөөч ээ гэдэг зөвлөмжийг 450 гаруй хуульчид хоёр өдөр хуралдаж хүргүүлсэн. Засгийн газраас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл оруулж ирэхгүй байна. Яагаад орж ирэхгүй байгаа юм бэ. Нэгэнт ингээд олны анхаарал чиглэж энэ олон хүнийг ял завшиж байна гэдэг ийм зүйл маш тодорхой илэрхий болоод байдаг.

Хоёрдугаарт гэвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны пэйж хуудсан дээр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болоод яг нэг жилийн нүүр үзэж байгаа.

2018 оны зургадугаар сарын 22-нд бэлэн болсон байдаг. Өнөөдөр 2019 оны зургадугаар сар болж байна. Үүнийг яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг өнөөдөр ярилцахгүй бол болохгүй байна. Энэ албан тушаал, авлигатай холбоотой, улсад онц их хэмжээний хохирол учирсан энэ цагаан захтнуудын хэрэг гэдэг энэ олон зүйлүүд маань хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд, хэрэгсэхгүй болохоо хүлээгээд, одоо ар араасаа шил даран хэрэгсэхгүй болох эхлэлүүд нь тавигдаж байна. Энэ дээр холбогдох Хууль зүйн яам, ЗГХЭГ хариу өгөөч ээ” гэв.

Хариуд нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Манай энэ төсөл бэлэн болчихоод наашаа Засгийн газар, УИХ руу оруулах гэхээр цогц байдал нь байхгүй болоод цаг хугацааны асуудал болоод байна л даа. Энэ зөвхөн нэг Эрүүгийн хуулийн асуудал биш. Энэ шүүхийг самраад хаясан юмаа яах юм бэ. Эрүүгийн хуулиа яах юм бэ. Процессын хуулиудыг яах юм бэ гээд ингээд асуудал яригдаад байдаг. Бүхлээр нь авч үзэж УИХ-д нэг санал оруулж хэлэлцүүлье л гэсэн бодолтой байгаа.

Шүүх чинь нэг хуультай байсан чинь дөрвөн хуультай болгоод хаячихсан. Ерөнхий шүүгч сая томилогдсон. Уулзаж энэ шүүхийн түвшинд яригдаж байгаа зовлонгуудынхаа байр сууриа гаргаж өг. Тэгж байж энэ хуулийг оруулахгүй бол цаашаа явахгүй нь гэдгийг нь хэлсэн. Тэгье гээд явсан. Ийм асуудал байгаа юм. Тэр хөөн хэлэлцэх хугацаатай асуудлаар Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Тэрийг бэлэн болгоод яамдаас санал авах гээд эргэлтэд гаргах гэж байна. Тэгэхдээ би нэг юмыг шулуухан хэлье. Энэ Эрүүгийн хууль гэдэг юм чинь үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Буруу юм гаргасан. Эрүүгийн хуулийн  нэг утас хөврөхөөр дагаад бүгд хөвөрдөг, ийм хууль. Болохгүй гэсээр байтал хүчээр түрий барьж баталсан.

Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. 2017 онд өөрчлөлт оруулчихаад 2018 онд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж санал боловсруулдаг. Ийм явдал байж болох уу. Энэ эх захгүй юмыг та нар л хийсэн шүү дээ, Нямбаатар аа. Одоо надаас юм шаардаад байх юм. Би мэдэж байна, чи чимээгүй сууж бай. Би цогцоор нь засах санал оруулж ирнэ ээ. Өөрсдөө галзуу юм шиг юм хийж хаячихаад, тэгээд сүүлд нь хариуцлагыг нь тэр галзуу юм хийсэн хүнээсээ биш надаас асуудгаа болиорой та нар. Пүрэвдорж, Нямбаатар би та нарын нэрийг оруулж байгаад хэлчихье. Эрүүгийн хуулийн шинэчлэлийг сайн хийсэн гээд яриад байсан биз дээ. Хаана байгаа юм тэр чинь.

400 хуульч цуглаж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ярьсан гэдэг чинь худлаа. Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар ХСИС дээр зөвлөгөөн хийсэн юм. Санал нь над дээр ирсэн юм. Тэрэнд чинь хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Иймэрхүү юм ярьдгаа одоо боль. Нэг асуудал гараад ирэхээр эсвэл гоморхохоороо өөрөө хийж чадаагүй, буруу хийсэн юмныхаа эзнийг өөр тийшээ хайж давхидгаа боль, Нямбаатар. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэсэн байгаа юм.

Үнэхээр ч Х.Нямбаатар гишүүний хэлсэнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар шүүх дээрээ хэрэг “цагаадаад” эхэлсэн. Одоогоор, бидэнд мэдэгдсэнээр 700-гаад сая төгрөгийн хохирол яригддаг МХЕГ-ын хоёр албан тушаалтны хэрэг цагаадсан. Чингэлтэйн шүүх энэ шийдвэрийг гаргачихаад хэрэндээ нуусан байгаа юм. Гэвч мэдэгдчихсэн. Тэгэхээр хуулийн дагуу ийм шийдвэр гаргахаасаа шүүх ичиж байна гэсэн үг.

Бас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болохоо хүлээж байгаа өчнөөн хэрэг байна гэж Х.Нямбаатар гишүүн мэдэгдсэн нь маш ноцтой бөгөөд үнэн юм.

Олны анхааралд хэдийнэ орсон, одоо ийм маягаар хэрэгсэхгүй болж мэдэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүнийг дагаад “МТ” Р.Ганзориг, “Алтжин”-гийн Г.Алтан нартай холбоотой албан болоод албан бус “хэрэг”-үүд цайрна. Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнд Төрийн банк 51.5 тэрбум төгрөг гаргаж өгөх үүд хаалга ч нээгдэнэ.

Араас нь 60 тэрбум, Оюутолгойн гэрээ, ЖДҮ, Хөгжлийн банк, оффшор,  АСЕМ гээд олон дуулиантай том хэргүүд цайрах болно.

Хор нь ийм л юм.

АТГ, Цагдаагийн байгууллагын олон арван мөрдөгчдийн хэдэн сар, жилийн хөдөлмөр, хамгийн гол нь шударга ёс энд үгүй болно.

Гэвч Х.Нямбаатар гишүүн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөөр жилийн өмнө санал оруулсан ч ХЗДХЯ дараад хэвтчихлээ гэсэн агуулгатай мэдэгдлийг чуулган дээр хийжээ. Энэ маш ноцтой.

Харин үүнд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихэд уурсчээ. Уг нь Ц.Нямдорж сайд амнаасаа унагаж буй үг бүрээрээ оноо цуглуулж чаддаг хүн байгаа юм. Өөрөөр хэлбэл, олныг цочоосон, олонд таалагдахгүй үгийг хэзээ ч хэлдэггүй гэсэн үг. Гэтэл энэхүү хөөн хэлэлцэх хугацааны талаар Х.Нямбаатарын хэлснийг сонсоод “боож үхэх” шахжээ. “…Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэчихэв.

Тиймээс учир мэдэх хүмүүс Х.Нямбаатартаа биш хөөн хэлэлцэх хугацаандаа учир нь байна гэж тайлж байна.

Нээрэн ч зарим нэг хүний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусвал бас нэг хэсэг нь төрийн данснаас олон арван тэрбум төгрөг гаргуулж авах боломжийн сэжүүр нь цухуйчихаад байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.Баттөмөр

Улс төр

Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

Published

on

By

Япон улсыг зорьсон Ерөнхий сайдыг эх орондоо ирж амжаагүй байхад дараагийн айлчлалын сураг дуулдаж эхлэв. Тэрээр ирэх сард ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ. Хойд хөршид айлчлах шаардлага, ойрын үед хэлэлцэх, тохирох асуудал Засгийн газрын тэргүүнд одоогоор байхгүй ч бэлтгэл ажлыг хангахаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 21-нд хойд хөршийг зорьжээ. Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Могуловтой уулзахдаа улс төр, эдийн засаг, олон талт хамтын ажиллагаа, өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга хэлбэр, байгуулах баримт бичгийн талаар санал солилцжээ. Хойд хөршийн хувьд өмнө нь манай Ерөнхий сайдыг хүлээж авалгүй буцааж байсан удаатай. Тухайлбал, 2018 оны тавдугаар сард “хүлээж авах бэлтгэл хангагдаагүй” гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалыг хойшлуулж байв. Ингэснээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох байсан арга хэмжээ нь ч цуцлагдаж байв. Энэ удаа “Саарал жагсаалт”-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй зүйл. Тиймээс энэ удаагийн айлчлал ямар хариу дуулгах нь мөн л эргэлзээтэй юм.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.Зотол

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Саарал жагсаалтын эхний сануулгыг японоос авлаа

Published

on

By

Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд маань дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал тэргүүтнээр иж бүрэн гоёсныг  манайхан дээр доргүй шагширч байна. Харин юу ярьж, ямар ажил бүтээж яваа нь төдийлөн сонин биш байгаа бололтой. Гэтэл  санхүүгийн дэмжлэг   гуйхаар очсон Засгийн газрын тэргүүн маань  Японы Ерөнхий сайд  Шинзо Абэд ам руугаа алгадуулчихаад “шалдан”   буцаж ирэхээр болчихлоо.

Уг нь У.Хүрэлсүхийн Японыг зорьсон айлчлалын гол зорилго нь тус улсаас  манай улсад олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг авахад оршиж  байв. Гэтэл Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ  мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний чинь дараа л  төсвийн дэмжлэг үзүүлье гэлээ.  Ийнхүү саарал жагсаалтын эхний сануулгаа Японоос авсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ууртай ирэх нь мэдээж. Урагшгүй албатууд нь хэрхэн хүлээн авч, юу гэж тайлбарлах нь одоогоор  таашгүй ч өчигдрөөс эхлэн ихээхэн сандарч байгаа дуулдав. Уг нь түүнийг явахын өмнө манай улс “Саарал жагсаалт”-д орсон нь тодорхой болсон. Энэ тохиолдолд тэнд очоод  Шинзо Абэтэй  яриа хэлэлцээ өрнүүлэх  тухайд   Сангийн сайдаас өгсүүлээд   холбогдох байнгын хорооны дарга нар нь Ерөнхий сайддаа ямар мэдээлэл өгч, юу гэж зөвлөсөн нь сонин. Ямартай ч энэ  бол олон улсын зүгээс  манайд өгч  буй  хамгийн эхний  том сануулга. Цаашид ийм сануулга, шаардлага шил даран хөврөх биз ээ.

“Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй”  гэдэг ч  банк, санхүүгийн талаар  жаахан ч болтугай мэдлэгтэй  хүнд бол Ерөнхий сайдын  Японд очиж  мад тавиулах нь эхнээсээ  л ойлгомжтой байв.”Саарал жагсаалт”-д орохгүй байх, түүнээс сэргийлэх  боломж ч зөндөө байсан. Ядаж л   ФАТФ (FATF)  буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг биелүүлсэн бол, Засгийн газар  санхүүгийн сахилга баттай байсан бол шүү дээ. ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, дөрвөн  асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээж  аваад  байсан. Үүнийгээ биелүүлэхгүй бол  Монгол Улсыг  “Саарал жагсаалт”-д оруулна гэдгээ ч мэдэгдсэн. Энэ тохиолдолд  гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсч, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрнэ гэдгийг олонтаа тайлбарласан.

ФАТФ-аас  манай улсад ирүүлсэн дөрвөн шаардлагын гуравт нь   эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх, оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг. Тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх,  хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг банк, санхүү, төрийн албан хаагчдын сахилга баттай холбоотой асуудлууд багтсан  байв. Гэтэл манайх эсрэгээрээ арилжааны зарим  банк нь  өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ мэдэгдэхгүй, шалгуулахгүй гэж Монголбанкинд албан бичиг өгөөд сууж байв.  Чанаргүй зээлийнх нь  хэмжээ өсөөд байхад  ч  арга хэмжээ аваагүй.  2015 онд  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” баталж, хууль хэрэгжсэн  өдрөөс хойш долоон  сарын дотор татвараа сайн дурын үндсэнд  үнэн зөв мэдүүлж төлсөн тохиолдолд  эрүүгийн хэрэг үүсгэхгүй, хариуцлага тооцохгүй, мэдээллийг нууцлах амлалтыг төрийн зүгээс өгч байв. Үүний дараа   улсын төсвийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх мөнгө ил болсон гэдэг ч мөн л ил тод мэдээлээгүй. ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр батлаад УИХ-ын гишүүн, сайд нар нь хуваагаад авчихсан, хэн ч хариуцлага хүлээгээгүй. Сая улсын төсвөөс давсан мөнгийг оффшорт байршуулсан болох нь тодорхой болсон ч  төр, засгийн зүгээс  хариуцлагын талаар дуугараагүй. Эцэст нь “Саарал жагсаалт”-д орох гэж байна гэдэг мэдээлэл дуулдаж эхэлсэн. Ар түмнээсээ нууж  байгаад авлигадаад ч хамаагүй  шийдчих гэж  нэлээд үзэх шиг болсон. Олон улсын байгууллагууд манай эрх баригчидтай адилгүй учраас  тэр жагсаалтад орж таарсан. Олон улсад мэдээлэгдсэн. Гэтэл энэ тухайгаа  Засгийн газар одоо хүртэл нууж албан ёсны байр суурь огт илэрхийлээгүй. Сайд нар нь “АН-аас л боллоо” хэмээн буруугаа сөрөг хүчин рүүгээ чихсэн. Эрх баригч Ардын нам “Манай нам буруугүй” гэж мэдэгдсэн. Тэр байтугай “Саарал жагсаалтад орсноор юу ч өөрчлөгдөхгүй. Зээл, тусламж авахад ч хүндрэл гарахгүй. Санхүүгийн байдал хэвийн явна” гэж тархи угааж суугаа УИХ-ын гишүүд ч бий. Тэгвэл энэ бүхний хариуг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өгчихлөө. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноор мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим  хүндрэлээ шийдэж чадахгүй  бол төсвийн ямар ч дэмжлэг орж ирэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах гэх мэт  эрсдэл үүснэ. Цаашлаад эдийн засаг агшиж,  ард түмний амьдрал доройтох аюул нүүрлэнэ. Би биш, Шинзо Абэ ингэж  хэлсэн шүү, Ерөнхий сайд аа.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.Үл-Олдох

Дэлгэрэнгүй унших

Улс төр

ЕРӨНХИЙ САЙД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ

Published

on

By

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар товч танилцуулав.  

Засгийн газар уналтад ороод байсан эдийн засгийг сэргээн, нийгэмд шударга ёс тогтоох, хууль бус уул уурхай эрхлэхийг цэгцэлж байгааг иргэд дэмжихээ илэрхийлэв.  Эдийн засгийн өсөлтийн үр шимийг айл өрх, иргэн бүр хүргэх нь чухал байгааг мөн санууллаа.

Засгийн газар Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуучлалын бүс” болгон хөгжүүлэх зорилгоор :

-Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам

-Хатгал, Жанхай, Дээд модонт булан, Ардаг, Тойлог зэрэг газарт 500 автомашины найман зогсоол байгуулах

-Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулах зураг төсөл боловсруулах

-Хатуу хог хаягдлыг дарж булшлах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах

-Шингэн хог хаягдлыг нөөцлөх хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах

-Орон нутгийн шингэн, хатуу хог хаягдал зөөвөрлөх тээврийн хэрэгсэлтэй болгох

-Түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд ариун цэврийн 29 байгууламж байгуулахаар болсныг Ерөнхий сайд хэлэв.  

Мөн “ Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлэгт Засгийн газар халамж, дэмжлэгээ үзүүлнэ. Хөдөлмөрийн чадвартай бусад хүн ажил хийх ёстой. Ажлын байр олон ч ажил хийх сонирхолтой хүн ховордсон” гэдгийг ч тодотгов. 

Хөвсгөл аймгийн нисэх буудлыг Олон Улсын нисэх буудал болгох,  “Авъяас” сургууль, спортын сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана гэв.

Хөвсгөл аймаг  2019 оныг “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Онцлох