Connect with us

Улс төр

Цааз ба Дэлхий

Оруулсан:

огноо:

Гэмт хэрэгтэн, төр хоёр л хүн алдаг. Төр хариуцлагаас зугтаж цааз хэрэглэдэг. Төрд итгэхгүй байна гэх атлаа хүн алах эрх өгөх нь хэр зөв бэ?

СУЛТАН: Өнгөрөгч бүтэн сайн өдөр Брунейн султан телевизээр мэдэгдэл хийлээ. Ижил хүйстнүүд явалдах, эхнэр нөхрөө хуурч араар нь тавих болон хүчиндэх гэмт хэрэгт цаазын ял оноох шийдвэрээ цуцалж байгаагаа ярилаа. Сар гаруйн өмнөхөн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазална. Шариатын хууль хэрэглэнэ гэж мэдэгдсэн юм. Хүн амынх нь дийлэнх нь энэ санаачилгыг дэмжиж байв. Хүн ам нь бараг бүгд лалын шашинтай. Хуулиа ч өөрчилсөн. Бүх бэлтгэл нь хангагдсан байлаа.

Эрхэм дээд султан Хассанал юу хийх нь энэ вэ. Улс төрийн шахалт гэх юм энэ эрхмээс нэн хол. Дэлхийд хамгийн удаан, хамгийн амжилттай хаанчилж буйгаараа Хатан хаан Элизабетийн дараа орох, гэхдээ төр улсынхаа бүх эрх мэдлийг ганцаар атгаж, ёстой дээр нь хөх тэнгэрээс өөр юмгүй, хүчирхэг султан шүү дээ. Эдийн засгийн, хөрөнгө мөнгөний дарамт үүсэв үү! Үгүй. Дэлхийд өргүй улс хоёрхон байдгийн нэг нь Брунейн Вант улс юм. Бусдад нэг ч долларын өргүй орон. Дээр нь газрын тос, хийн баялгаар дэлхийд тавд ордог баян газар. Иргэдийнх нь худалдан авах чадвар жилдээ 89 мянган долларт хүрсэн. Хувийн асуудал гарав уу! Түүнээс илүү баян, түүнээс илүү эрх мэдэлтэн гэж тухайн улсад үгүй. Дэлхийд хэн надтай зэрэгцэх вэ гэж яригддаг хүн. “Брунейн султан шиг” гэж хамгийн баян хүнийг зүйрлэдэг зүйрлэл үүсээд удаж байна.

Брунейн хаант улсад хамгийн сүүлд хүн цаазалсан явдал тэртээ 62 жилийн өмнө бүртгэгдсэн байдаг. Хассанал хаан ширээ залгамжлаад 52 жил болохдоо нэг ч иргэнээ цаазлаагүй. Энэ байдлыг өөрчилж бузар хэрэг өдүүлэгчдэд цааз хэрэглэх болсноо хаантан саяхан зарласан. Уг шийдвэр гарсны дараа Олон улсын болон хүний эрхийн зарим байгууллага, идэвхтнүүд, Холливүүдийн цөөн тооны од жаахан шуугиан гаргах нь гаргасан. Хэрийн юманд толгой өвдөхөөргүй эрхэм дээд султан амьдралдаа гаргасан байж болох хамгийн чухал нэг шийдвэрээ юунд ингэж түргэн шуурхай цуцлав аа! Юу нөлөөлснийг таашгүй. Гэхдээ Монголын хөл бөмбөгийн баг удахгүй энэ улсын багтай тоглох нь хэвээрээ гэдгийг би мэднэ.

ВЕНЕСУЭЛ: Манай сошиал ертөнцөд энэ улсын нэр олонтоо дурдагдах нь бий. Монгол улс удахгүй Монсуэль болох вий гэж болгоомжилж хүртэл шуугьсан. Венесуэлийн байдал тийм таатай биш болсоор удаж байна. Төр улсынх нь түвшинд популизм газар авч, багагүй амжилт олж, олон жил бодлого болж хэрэгжсэн. Харин Венесуэлийн удирдагчид улс орноо хамгийн хурдан нурааж, ард түмнээ хамгийн ихээр балласны хамгийн ойрын жишээ болж яригдсаар байна.

Гэхдээ би энэ тухай өнөөдөр бичих зорилго тавьсангүй. Венесуэлд хэчнээн хувьсгал гарч, хэчнээн попууд төрж, төрийн толгойд очсон ч өөрчлөгддөггүй нэг бодлого байдаг юм. Хүмүүс энэ орныг газрын тосны нөөцөөр дэлхийн хамгийн баян улс гэдгийг мэднэ. Уг баялгаараа хөлгүй гэгддэг их Орос, тэр бүү хэл хар тосны хаан Саудын Араб хүртэл Венесуэлийн дараа бичигддэг. Гэхдээ би энд газрын тосны тухай ч бичих гэсэнгүй.

Венесуэл бол энэ бөмбөрцгийн бөөрөнд цаазын ялыг халсан анхны төр улс гэдгийг л тодруулах гэсэн юм. Одоогоос 156 жилийн өмнө буюу 1863 онд Венесуэл цаазын ялыг хуульчлан хориглосон байдаг. Гэхдээ Венесуэлд бузар хэрэг үе үе гарч байсан. Хүн араатнууд үзэмгүй, сонсомгүй, хэлэмгүй гэмт хэрэг үйлдэж байсан. Одоо ч үйлдсээр байгаа. Энэ байдлыг тус улсын түүх бичлэг, статистикаас харж болно. Гэхдээ Венесуэлийн төрөөс хоёр зуун дамжуулан нэг боловч иргэндээ цаазын ял оноож бас цаазын ял гүйцэтгээгүй юм. Цаазын ялыг халсан дэлхийн улс орнуудын манлайд нь, нэгдүгээрт одоо болтол Венесуэл улс бичигдсээр байна.

МОНГОЛ улс цаазын ялыг халсан түүхээрээ дэлхийн улс орнуудын дотор нэн шинэхэнд ордог. Албан ёсоор дэлхийн газрын зураг дээр цаазын ялыг 2017 онд халсан орон гэж гарч ирдэг юм. Энэ мэдээ бол цаазын ялгүй гэмт хэргийн тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юм. Одоогоос 10 жилийн өмнөх цаазын ялтай холбоотой тайлан, мэдээг авч үзвэл Монгол улсын нэр олон улсын түвшинд хамгийн муу (worst case) гэсэн ангилалд ордог байсан. Хойд Солонгос, Беларусь, Монгол гэсэн гурван орны нэр л давтагдан дурдагддаг байв. Бүр (mafia like execution) мафийн хэлбэрийн цаазын гүйцэтгэлтэй орон ч гэж бичигддэг байсан юм.

Монголд цаазын ял авсан ялтны хувь заяа уг ялаар шийтгүүлсэн шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдрөөс л хүний тооноос хасагддаг байв. Тэр өдрөөс эхлэн тэр хүнтэй холбоотой бүх л зүйл төр улсын онц чухал нууцад хамаардаг. Цаазын ялыг гүйцэтгэсний дараа ч тэр хүний бие цогцос хүртэл энэ дэлхийгээс алга болсон мэт. Зүгээр л хар нүх. Ар гэрт нь тэр хүнтэй салах ёс хийх эсвэл амьгүй цогцсыг нь хүртэл ар гэр, үр хүүхэд, ойр дотнынхон нь, эх эцэг, ах эгч дүүс нь харах хувь тохиохгүй. Тэр бүү хэл тэр цогцсыг яасан, оршуулсан уу, юу болсон тухай ч мэдээллийг ар талд нь өгөхгүй.

Энэ тухай улсын Ерөнхийлөгч ч мэдэх аргагүй. Цаазыг гүйцэтгэсэн тухай аман илтгэл. Албаны мэдээ ч гарахгүй. Монгол шиг амьгүй цогцост нь хүртэл үргэлжлүүлэн цээрлэл үзүүлдэг адал балмад улс гэж энэ дэлхийд бараг үгүй. Цаазаар авах үйл ажиллагаанд байтугай цогцост тавих хяналт үгүй. Тэнд өмгөөлөгч, ар гэрийн төлөөлөл, хүний эрхийг хамгаалагч оролцох боломж бүрэн хаалттай. “Миний амийг хороосны дараа цогцсыг минь ар гэрт минь өгөөрэй” гэсэн захиас үлдээсэн тохиолдол бий. Захиас биелээгүй. Харин цаазлагдсан хүний цогцос бороо усны нөлөөгөөр ил гарч шуугиан тарих шахсан юм бол бий.

Энэ зэрлэг, нууцлаг, утгагүй байдлаараа Монгол улс хүний эрхийн болон цаазын ялыг эсэргүүцэгчдийн гайхашийг бүр бардаг байв. Цаазын ял оноодог дийлэнх улс орон цаазын ялтан түүний байдал, уг ялын гүйцэтгэлийг ил тод, олны хяналт дор хэрэгжүүлдэг. Харин ч улам нээлттэй болдог. Тийм шаардлага тавигддаг. Түүнтэй салах ёс хийх, оршуулах ажил гэрийнхнийх нь үүрэг, эрх болдог. Тэр бүү хэл шашны болон бусад уламжлалт ёс төрийг гүйцэтгэх эрхийг олгодог. Харин Монголд бол бүгд эсрэгээрээ маш нууц, маш далд, маш ойлгомжгүй.

Хүний амь нас, нэр төр, хуулийн дээд хэмжээтэй холбоотой энэ асуудлыг зохицуулсан тусгай, бие даасан хууль ч Монголд байгаагүй. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн болон Ерөнхийлөгчийн зарлиг, зарим албан тушаалтны баталдаг, баталсан журмаар маш нууцлаг, хязгаарлагдмал хүрээнд уг асуудал зохицуулагдаж байв. Цаазын ял авсан ялтны тоо, цаазлагдсан ялтны тоо, статистик хүртэл бүрэн тодорхой бус, түүгээр барахгүй тоо статистик зөрдөг тохиолдол байсан. Үүнээс илүү ноцтой асуудал ч босож байв.

Цаазын ялын гүйцэтгэл төвд болон ялангуяа хөдөө орон нутагт хэрхэн явагддаг байсныг ярих ч юм биш. Түүнийг тойрсон алдаа эрсдэл, хэцүү үр дагаврын тухай энэ асуудалтай нүүр тулсан, хязгаарлагдмал хүрээнийхэн одоо болтол халаглан ярьсаар байдаг. Олон ч хүний ажил, амь амьдрал сүйдсэн, там болж дууссан. Цаазын ялыг гүйцэтгэх бүрэлдэхүүнд ордог байсан, гүйцэтгэж явсан зарим хүнтэй уулзахад тэд “цаазын ялыг хамгийн хурдан халах ёстой” гэдэгт шууд санал нэгддэг юм. Саяхан энэ тухай дэлхийн Их Хуралд оролцож явахад цааз гүйцэтгэгч-зандалчин явсан хэд хэдэн хүн цаазын ялыг эсэргүүцэгч болчихсон илтгэл танилцуулга хийж байв.

Монгол улс дахь цаазын ялын байдалд олон улсын зүгээс онцгой шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэр нь цаазын ял авсан хүн, хэрвээ хилсээр шийтгэгдсэн бол, эргэж зөвдөх засагдах боломж манай нөхцөлд бараг бүрэн хаалттай байсанд оршдог. Учир нь бүх юм нууц, хаагдмал, хурдан шуурхай тэр хүнийг цаазалснаар дуусдаг байв. Цаазын ялыг гүйцэтгэхэд хүлээх хугацаа олон улсын жишгээр доод тал нь 3 жил байдаг. Манайд хоногоор л хэмжигддэг байв. Нэгэнт цаазлагдсан хүний араас хэн ч явдаггүй, хууль шүүх, төрийн аль ч түвшинд энэ асуудлыг дахин авч хэлэлцдэггүй байсан. Үүнийг зарим мэргэжлийн байгууллагууд шударга ял биш хүний эрхийн онц ноцтой зөрчил, хэлмэгдүүлэлт, аллага гэж хүртэл үздэг байв. Би энэ нийтлэлийнхээ эхэнд “Төр хариуцлагаас зугтаж цааз хэрэглэдэг” гэсэн үгийг зүгээр ч нэг тодотгож бичээгүй юм.

Монгол улсад гэмт хэргийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Аль нэг гэмт хэрэгт цаазын ял оноохоо больсон. Эдгээртэй холбогдуулан миний хувьд ажиллаж байхдаа цаазын ялын гүйцэтгэлийг зохицуулсан өмнөх Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгосон. Нэг үгээр хэлбэл манай улсад хэрэгжиж байсан цаазын ялтай холбоо бүхий асуудлыг нээлттэй хэлэлцэх, танилцах, шүүн тунгаах нөхцөл нээгдсэн юм. Цаазын ялыг гүйцэтгэж байсан хүн, бүрэлдэхүүн тэдний нэр ус, мэдээлэл тухайн хүн өөрөө зөвшөөрч ил болгоогүй тохиолдолд үргэлж хаалттай байх нь ойлгомжтой. Бусдаар хаалга нээлттэй болсон. Цаазлагдсан хүмүүсийн зам мөрийг судлах, сурвалжлах, оршуулгыг эргэж тойрох ч боломж бий. Энэ талаар бусад улсад гардаг шиг кино бүтээл туурвих, баримт сөхөх сонирхолтой хүмүүс ч байдаг. Хуучин цаазтай холбоотой үйл явц манайд чимээгүй хуудас болж цагийн эргэлтэд дарагдах тусам, цаазын тухай шинэ яриа гарсаар байх болно.

ДЭЛХИЙ: Хорьдугаар зуун гарах жил – 1900 онд дэлхийд цаазын ялыг халсан 3 орон байлаа. Хорин нэгдүгээр зуун гарч – 2000 он болоход дэлхийн 74 улс орон цаазын ялгүй болсон байв. 2019 оны одоогийн байдлаар 19 жилийн дотор дэлхийд нэмж 33 орон цаазын ялаас бүрэн татгалзжээ. Түүний нэг нь Монгол улс юм. Хэрэв энэ хурдаа хадгалж, ойролцоогоор 30 орон 20 жилийн дотор цаазын ялыг хална гэж үзье. Тэгвэл 2060 – 2080 оны хооронд хүн төрөлхтөн цаазын ялаас ангижирч болохоор харагдаж байгаа юм.

Аль ч оронд төр нь хүнээ алдаггүй дэлхий ертөнцтэй байх. Энэ зорилго бол хүрч боломгүй мөрөөдөл биш гэж үздэг. Хүн төрөлхтөн боолчлолыг устгаж чадахгүй гэж үзэж байсан. Боолчлолыг нийгмийн үзэгдлийн хувьд хүн төрөлхтөн эцэс болгож чадсан. Саяхан л эмэгтэй хүн нэр дэвших, санал өгөх эрхгүй үе, улс орон цөөнгүй байсан. Харин өнөө цагт дэлхий даяар эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг, эмэгтэйчүүдийн манлайллаар бахархдаг болжээ. Үүнтэй адил “Цаазын ялгүй Дэлхий” болох өдөр тохиож л таарна. Цаазын ялгүй улс орны манлайллыг дэмждэг, эдгээрийн эгнээнд нэгдэж орохыг удирдагчид нь, олон нийт нь эрмэлздэг газар орны тоо тасралтгүй өссөөр байна.

ЕВРОП тив бол хүний эрхэм нэр төрийг хүндэтгэх үйлсээрээ дэлхийд тэргүүлж байна. Европын Зөвлөлийн 47 гишүүн орноос ганцхан орон цаазын ялыг хэрэглэж байна. Манай хойд хөрш Оросын Холбооны Улсцаазын ял хэрэглээгүй даруй 23 дахь жилээ үдэж байна. Цаазын ялаа сэргээнэ гэж Туркийн ерөнхийлөгч мэдэгдэж байгаа ч энэ орон 2004 оноос хойш цаазын ялыг гүйцэтгээгүй аж.

Түүх хүүрнэхэд; Норвеги улсыг төлөөлж цаазын ялын эсрэг олон улсын байгууллагад надтай ажилладаг нэгэн хуульч эмэгтэй ингэж ярьсан юм. – Тэр жил Норвегт Эндэрс Брэйвик гэж этгээд 8 хүн дэлбэлж, 69 хүн буудаж хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг өдөөсөн. Түүнийг шүүх үед тэрээр “Надад алах ял оноо” гэж шаардсан. Шүүх түүнд 21 жилийн хорих ял оноосон. Учир нь түүнд алах ял оноовол тэрээр зорилгынхоо төлөө төрөөрөө цаазлуулсан хүн болох байсан юм. Үүнийг Норвегийн ард түмэн, шүүх аль аль нь дэмжээгүй гэж ярьж билээ. Ингэж цааз хүсэж, хялбархан үхэхийг мөрөөддөг араатан цөөнгүй байдаг.

Одоо Европын картан дээр ганцхан Беларус улс улаан толбо болон үлдлээ. Гэхдээ Беларуст цаазын ял тойрсон нууцлал, хаагдмал байдал бараг алга болж 2017 онд 2, 2018 онд 4 хүнийг цаазалсан юм. Европ тивийн түүхэнд 2009 болон 2015 он нэг ч хүн цаазлаагүй жилээр бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн арванд Европт хоёронтоо тохиосон гэсэн үг. Нөгөө Беларус ч энэ 2 жил хүн цаазлаагүй тэвчжээ. Энэ ялыг ашиглаж хүн алах нь эрх мэдлээ урвуулахтай дүйдэг гэж хөгшин тивийнхэн ярилцах нь бий.

-Цаазын ялыг халсан нь Монголд эртэдсэн гэж ярих нүүр царайг та нэг бус удаа харсан байх. Харин энэ ялыг бидний ахмад үе, бидний олонхыг төрөөгүй байхад нэг удаа Монголд халсан юм. Тэр нь 1953 он байлаа. АИХ-ын Тэргүүлэгчдийн 53 дугаар зарлигт “алах ялыг хэрэглэхгүй” гэж цагаан дээр хараар бичсэн удаатай юм. Монголд байгаа аллага, цаазын байдалд цаг хатуу ч гэсэн хүрэл зүрх нь хайлсан төрийн зүтгэлтнүүд тэр үед зоримог, эх оронч шийдвэр гаргаж байсан байдаг. Цаг хугацаа нь Сталиныг үхсэн жилтэй таарсан нь тохиолдол биш байх. Монгол улс энэ шийдвэрээсээ нэг удаа буцсан түүхтэй.

ЦААЗ-ын ялаас зугтах шалтгаан улс орон бүрд янз янз байдаг. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь энэ ял бол эгэл ардад ээлгүй, энэрэлгүйд оршдог. Хэрэв ядуу зүдүү бол энэ ялд хамгийн түрүүн өртөнө. Арын хаалга, танил талгүй бол энэ ялаас чи мултрах аргагүй. Сэтгэцийн хувьд тогтворгүй, биеэ хамгаалах чадваргүй бол чамайг гэм зэмгүй байсан ч чамд энэ ялыг тохно. Чи мөнгөгүй бол ар гэрт чинь мөнгө өгөөд, өгөхөөр тохироод чамайг бууны амны өөдөөс илгээнэ. Ял нь байхад яллах хүн нь олддог ял бол цааз юм. Баяны хүү, даргын хүү хар тамхи хэрэглэсэн ч, хүчин хийсэн ч ялгүй өнгөрөх өндөр магадлалтай. Баян ядуугийн цаазлуулах магадлалыг 1 ба 10 гэж тооцдог. Баян бол 10-аас 1 тохиолдолд, ядуу бол 10-аас 9 тохиолдолд гэж. Харин ядруухан амьдралтай айлын хүү ийм сэжиглэлд өртсөн бол гэмгүй байсан ч цаазлуулах эрсдэл дагадаг. Дээрх байдал бол цаазтай улс орнуудад байдаг нийтлэг хандлага юм.

Цаазын ялыг шударга ёсыг авч ирэх биш шударга ёсыг муутгадаг хүчин зүйлийн нэгд оруулж тооцдог болжээ. Одоогоос 30 жилийн өмнө манай урд хөрш Хятад улсад Тэнг Шиншан гэж хүнийг цаазалжээ. Түүний хохирогчоор сураггүй болсон нэг эмэгтэйг тогтоож, уг эмэгтэйг хүчирхийлж, улмаар амь насыг нь хороосон гэж гэрчийн мэдүүлэгт үндэслэн цаазалжээ. Гэвч цаазын ялыг гүйцэтгэснээс хойш гурван жилийн дараа тэр хүчирхийлүүлж алагдсан, сураггүй болсон гэх эмэгтэй амьд мэнд гараад иржээ. Амьд арзайж, мэнд мэлтийнэ гээч болж. Харин цаазлуулсан эр шороон дор. Егүүтгэсэн амийг сэргээх аргагүй энэ түүх цаазын ялын эсрэг Конгрессын үеэр яригдсан олон баримтын зөвхөн нэг нь юм.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС-ыг цаазын ялыг зөвтгөгчид их иш татан ярьдаг. Америк бол цаазын ялын хувьд амьд нээлттэй, гунигт сурах бичиг гэдгийг хүмүүс анзаарах нь бага. Америк бол цаазын ялыг хэрэгжүүлдэг ардчилсан, өндөр хөгжилтэй гэгдэх 2 орны нэг нь юм. Мөн цаазын ялын эсрэг хөдөлгөөн хамгийн анх үүссэн, бас хамгийн анх Америкийн нэг мужид цаазын ялыг халсан байдаг. Энэ бол 1846 он бөгөөд Мичиган муж юм. Өнөөдөр энэ улсын 20 муж нь цаазын ялыг ямар нэг хэлбэрээр халж, 30 муж нь цаазлах ялыг хадгалсаар байна. 2018 оны байдлаар уг 30 мужаас 8 мужид нь цаазын ялыг гүйцэтгэжээ. Өнгөрсөн онд дээрх 8 мужид 25 хүнийг цаазалсны 13 нь ганцхан Техас мужид ноогдож байгаа юм. Америкийн энэ муу жишээний нөгөө тал нь цаазын ялыг дэмжигч, эсэргүүцэгчдийн анхаарлыг ижилхэн татдаг.

АНУ-д цаазын ялаар шийтгүүлсэн ялтны ялыг гүйцэтгэхгүй олон жил хорьдог. Үүнийг ч иргэд нь, хууль нь шаарддаг. Хуулийн засаглалтай гэх энэ орны дээрх жишиг нь цаазын ялын эрсдэлийг толь мэт ил тод харуудаг. 2018 онд ялыг нь гүйцэтгэсэн 25 хоригдлын шоронд ялаа гүйцэтгэхийг хүлээсэн хугацаа 8 – 41 жил байжээ. Цаазлуулах өдрөө эдгээр хоригдол доод тал нь 8 жил, дээд тал нь 41 жил хүлээсэн гэсэн үг. Хүлээлтийн дундаж хугацаа 24 жил байжээ. Ингэж хүлээхийн гол утга учир нь гэм зэмгүй хүнийг цаазлах эрсдэлийг багасгахад оршдог. Эрх чөлөөт, хууль зүйт, олон нийтийн хяналттай нийгэмд цаазын ял хүртэл хүний эрх болж хувирдгийн тод жишээ энэ юм.

Америкт 1992 оноос 2004 он хүртэл цаазаар авагдсан хүмүүсийн ДНК-д шинжилгээ (заавал шаарддаг) хийж үзэхэд тэдгээрээс 39 нь гэм зэмгүй хүн байсныг олж тогтоосон. 2017 он хүртэл цаазын гүйцэтгэл хүлээж байсан ялтнуудаас 159 хүн хууль шүүхийн байгууллагын буруугаас болж цаазлагдах ялаар шийтгэгдсэн нь илэрч байсан юм. Энэ жишээг Монгол улсад хэрэглэж ирсэн цаазын ялын практиктай харьцуулж бодоход гэмгүй. Манай оронд хэрэглэж ирсэн цаазын ялыг хуулийн шударга хэрэгжилт гэхэд мэдээж хэцүү. Хууль, хүний эрхийн зөрчлийн харанхуй цаг үед хамааруулах нь илүү зохилтой. Хэрэглэхэд аюултай зэвсгийг зарим үед хохирогчтой нь булаад орхисон нь дээр мэт.

Манай Монголд цаазын ялаар шийтгүүлсэн хүмүүсийн гурван хүн тутмынх нь нэгний шийтгэл эргэлзээтэй байсан тухай Эмнести Интернэйшнл тухайн үед мэдээлсэн байдаг. Энэ нь ч шүүхийн шийдвэрээр нотлогддог. Анхан шатанд цааз авсан 3 хүний нэгнийх нь ял давах шатанд өөрчлөгдөж байсан. Цааз аваад хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаадсан тохиолдол ч бий. Зургаан удаа яллуулж, шүүхээс 3 удаа цаазлах ялаар шийтгүүлж, энэ хооронд 7 жил хоригдоод шүүхийн магадлангаар хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан нэг тохиолдол бий. 2009 он хүртэл цааз авсан иргэдийн 67 хувь нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 20-40 насны идэр хүмүүс байв. Саяхан шүү, манай хоёр залуу улс төрч хүртэл 7 сарын 1-ний гэгдэх хэргээр “зандалчлах” гэсэн зүйл ангиар цаазын ял сонсон хоригдож байсан. Цааз бол Монголд яавч зөв юм биш.

ӨНӨӨДӨР дэлхийн 160 орчим орон цаазын ялгүй болон цаазын ялыг идэвхтэй хэрэглэхээс татгалзаад байна. Эдгээрээс огт цаазын ялгүй 107, зөвхөн дайны цагт цааз хэрэглэх хуулийн болзол бүхий 8, цаазын гүйцэтгэлд хориг тавьсан 32, 10 жилээс дээш төр нь иргэнээ цаазлахыг тэвчиж байгаа 15-22 орон байна. НҮБ-ын гишүүн 195 орноос 26 улс л дэлхийд цаазын ялыг идэвхтэй хэрэглэж байна. Эдгээрээс 22 орон 2017, 2018 онуудад цаазлах ялыг гүйцэтгэжээ. Дэлхийн 10 орон бүрийн 7 нь цаазлах ялаас идэвхтэй татгалзах байр суурийг баримталж байна.

АФРИК тивийн улс орнуудад ядуурал давамгайлдаг. Гэмт хэрэг, хүчирхийлэл, талцал, зөрчил газар авсан. Төр засаг нь авлига хулгайд өртөмтгий. Хүн ардынхаа цусаар гараа угаасан дарангуйлагчид, алтан мөрдөстэй эрхтэн дархтнуудыг нь газар даахгүй байгаа мэт төсөөлөл дэлхийн бусад тивд нэлээд түгээмэл. Цаазын ялаас сүүлийн жилүүдэд татгалзаж байгаа орны цөөнгүй нь Африкт оршдог. Африк тивд оршдог 54 орноос 2018 онд 5 оронд л цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Африкийн 5 орон бүрийн 4 нь цаазын ялыг бүр мөсөн халсан улсын тоонд багтдаг.

Монгол улс цаазын ялаас татгалзсаны үндсэн шалтгааны нэг нь Монгол хүн Монгол хүнээ алах, монголчуудыг гадны бодлогоор алах хаалгыг хаахад оршсон юм. 1937-1939 онд манай улсад цаазлуулсан хүний тоо 2016- 2018 онд дэлхийд цаазлуулсан нийт хүний тооноос даруй 3 дахин их байгаа юм. Нэг удаагийн хурлаар 1228 хүнд алах ял оноож байсан түүх Монголынх. Мөн тэр дунд 8 эмэгтэй цаазлагдсан байдаг. Одоо ч цаазлуулсан иргэдийнхээ нэг хүнд ноогдох тоогоороо Монгол улс дэлхийд тэргүүлсэн хэвээр.

Өнөөгийн ойлголтоор тэр үед улс үндэсний дайсан гэгдэж байсан хүмүүс харин халуун цустай эх орончид байсныг бид хожим ухаарсан. Бидний гашуун түүхэнд Монгол хүнийг алах нь Монгол улсыг алахтай тэнцэж байсан түүх бий. Монголын эх оронч, баатарлаг эрс зоосны нүхээр цувж, алтан ургийнхан үндсэндээ устаж, Монголын төлөө явсан нь арчигдаж, бусдын сонирхолд үйлчилсэн нь үлдэж байсан улаан түүхийг бид яалтай. Хүн хүнээ алахыг биш юм гэхэд, төр хүнээ алахыг Монгол улс зогсоох нь яав ч буруу биш.

ЦААЗЛАХГҮЙ гэдэг бол ялыг алга болгож байгаа хэлбэр биш юм. Цаазыг дагадаг уршигт үр дагаврыг давхар хаахад оршдог. Гэмтнийг олж гэм бурууд нь таарсан ял шийтгэх бол аль ч нийгэмд байдаг зүйл. Охид бүсгүйчүүд, тэр тусмаа насанд хүрээгүй бяцхан үрсийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хатуу ял оноохыг би дэмждэг. Ял бол гарцаагүй, ял эрсдэлгүй байх учиртай. Ийм ялын төрлийг өршөөл, уучлалд хамааруулдаггүй байх нь маш зөв. Тэр бүү хэл ийм төрлийн ялд дэглэм хөнгөрөх асуудал хаалттай байх ёстой. Дээр нь ийм гаж донтнуудыг үйлдсэн хэргээс нь үл хамааран насан туршийн бүртгэлтэй, олон нийт, хуулийн байгууллагын хяналтад байнга байхаар хуульчлах нь зөв юм. Тэдний нэрийг үйлдсэн, завдсан үйлдэл бүртэй нь ил тод, олон нийтэд зарладаг байх нь илүү үр дүн өгдөг. Энэ бүхнийг хуульчилж чанд хэрэгжүүлэх цаг болсон.

Зарим гэмт хэрэгтэнг цаазалмаар санагдах үе надад хүртэл байсан. Цаазын ял авсан ялтанг уучлах гэдэг бол тэр хүний амийг зөвхөн уучилж, харин ялыг нь онцгой чанга дэглэмд, хамгийн удаан эдлүүлэхээр сольж байгаа гэсэн үг. Надад цаазын ялгүй Монгол улсад 10 хоног л төрийн тэргүүн байх хувь тохиосон юм. Бусад 8 жил нь хүн цаазлахыг тэвчсэн гэж хэлж болно. Нэг новшийг заналтайгаар цаазалж болох ч цаана нь Монгол улсад цаазын ялыг тойрч 1000 эрсдэл гарч ирэх зовлон л намайг хойш чангаасан юм. Түүнээс биш “цаазгүй биз” гэж хэлээд хэрэг үйлдэх этгээд биш. Гэхдээ цаазын ял бол хэзээ ч хэрэг үйлдэх, үйлдэж байгаа этгээдэд гэмт хэргээ үйлдэхгүй байх, урьдчилан сэргийлэх зөв арга хэрэгсэл болж чаддаггүй. Энэ бол амьдралаар нотлогдсон зүйл. Харин эсрэгээрээ “би дүүрсэн хүн” гэх сэтгэхүйг улам асаадаг. Гэмт үйлдлийг улам зэрлэг, хүнлэг бус болгодог. Хүний буруу үйлдэл бурууд хөтөлдөг. Хүний зөв үйлдэл хүнийг зөвд хөтөлдгийг бүү март!

САЯХАН хүний эрхийн байгууллагаас цаазын ялтай улсад ажилласан тухай яриа болж байхад танхим дүүрэн хүмүүс хоёр тохиолдолд тэсэлгүй инээсэн юм. Нэг нь Карибын тэнгисийн Гаяна гэдэг орны тухай яриа болох үед. 1997 оноос хойш энэ оронд цаазын ял гүйцэтгээгүй байгаа юм. Энэ байдлыг Цаазын ялын эсрэг Олон Улсын Комиссоос ирсэн зочин сайшаан тэмдэглэжээ. Хариуд нь тухайн улсын Ерөнхийлөгч – Та бүхэн биднийг сайшаасанд баярлалаа. Манайд цаазын ял оноосон ялтнууд бий. Харин тэднийг дүүжлэх хүн олдохгүй байсаар өдий хүрлээ гэж хариулсан гэдэг.

Мөн үүнтэй төстэй явдал Шри Ланка улсад болоод бас удаж байна. 1976 оноос хойш энэ улс хүн цаазлаагүй байгаа юм. Энэ ажлыг гүйцэлдүүлэхээр 2 хүн орон тоогоор ажиллуулсан боловч ажил олдохгүйн эрхээр тухайн хоёр хүн ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгджээ. Саяхан хар тамхитай хатуу тэмцэх зорилгоор цаазын ялыг хэрэглэх болж, цаазлах ялтнаа ч шийтгэжээ. Шри Ланкагийн хуулиар энэ нь дүүжилж хороох ялтай, ил тод явагдах бөгөөд уг ялыг гүйцэтгэх 45 нас хүрсэн, сэтгэлийн хаттай, өндөр ёс суртахуунтай хүнийг ажилд авахаар олон нийтийн дунд зар явуулжээ. Одоогоор уг ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн хүн гараагүй байгаа юм.

Цаазын ялыг тойрсон болон түүнийг гүйцэтгэх үйл явц ил тод, нээлттэй байх тусам олон нийтийн авах мэдээлэл бодитой байдаг. Тэр хирээр олон нийтийн зүгээс уг ялын эрсдэлийг ойлгох ойлголт нэмэгдэж өөр боломжит, илүү үр дүнтэй аргыг бодлого тодорхойлогчид нь хайж эхэлдэг аж. Төрөх үхэх хоёр үнэн. Иймээс цааз утгагүй. Ийм ч хандлага бий.

Гэхдээ чөтгөр аюултай гэсэн бүхнээр тоглох гэж оролддогийн үлгэрээр цааз ашиглаж нэр төр олох гэсэн богино зайны оролдлого хаа сайгүй байсаар байгаа юм. Хүнд хүрэх сэдэв юм байна гэчихсэн айлын охин, эмзэг үрийг урдаа барьчихсан гүйж явах ч тохиолдол бий. Төрийн сум үргэлж нэгээр илүү. Ийм үг байдаг. Сум илүүтэй гэдгээ үзүүлэх гэж чичрэх нь төр улсыг буруу замд хөтөлдөг.

АЗИ тивийн улс орнуудын хувьд цаазын ялын байдал эмзэг сэдэв байсаар байгаа юм. Учир нь шариатын хууль хэрэглэдэг Ойрхи Дорнодын цөөнгүй орон Азийн бүсэд багтдаг. Лалын шашинтай зарим орон цаазын ялаас татгалзсан, хориг тавьсан гэх гэрэлтэй мэдээлэл нэмэгдэж байна. Ийм орны тоо 5-д хүрлээ. Ази тивд 9 улс цаазын ялыг бүрэн халсан, 6 улс 10-аас дээш жилийн хугацаагаар хүн цаазлахгүй, хоёр улс дайны үед уг ялыг хэрэглэхээр тогтоод байна.

Азид Өмнөд Солонгос удахгүй энэ асуудлаар хориг зарлаж магадгүй гэсэн хүлээлт бий. Мөн Японд цаазын ялыг хэсэг хугацаанд гүйцэтгээгүй тохиолдол гарч байсан. Энэтхэгийн хувьд хүчингийн хэрэгт цааз хэрэглэх тухай яриа өрнөж байгаа ч дэлхийн 6 хүний нэгийг бүрдүүлдэг энэ аварга улс 2000 оноос хойш 4 хүнийг цаазалсан бүртгэлтэй байгаа юм. Сингапур хар тамхины хэрэгт цаазын ял хэрэглэж байгаа ч зарим жил цааз гүйцэтгэхгүй өнжиж байна.

АМЕРИК тивд байдал алаг цоог байна. Энэ тивийн 35 орноос цаазын ялгүй 16, дайны цагт цаазын ял хэрэглэх тав, удаан хугацааны хоригтой 1 орон байна. Далайн гэгдэх 14 орны 12 нь цаазын ялаас бүрэн татгалзаж 2 нь удаан хугацаагаар цаазын ял хэрэглээгүй байна. Цаазын ял оноож, тэр ялыг гүйцэтгэж байгаа 4 оронд л дэлхийн нийт цаазлуулагсдын 80 хувь нь ноогдож байгаа юм. Эдгээр нь Хятад, Иран, Саудын Араб, Ирак. Дэлхийд Хойд Солонгосыг оролцуулаад 10 орон л хоёр оронтой тооноос дээш тоогоор цаазын ял гүйцэтгэж байна.

Төрийн шийдвэрээр хүн алах тоо дэлхийд цөөрсөөр байна. Гэхдээ шүүн таслах тогтоолгүйгээр дур зорго нь хэтэрсэн албан тушаалтны оролцоо, шууд удирдлагаар эсвэл тэдний захиалга, хатгалгаар хүн алж байгаа тохиолдол байсаар байна. Гэхдээ энэ бүхэн мэдээллийн эрин үед бүртгэгдэж, баримтжиж үлддэг болжээ. Мөн олон нийтийн зүгээс хариуцлага нэхэх явдал нэмэгдсээр байна.

СТАН-ы хэмээх 5 орны тухай энд жичид нь дурсахыг хүслээ. 1) Эдгээр орны нөхцөл байдал зарим талаар Монголтой төстэй. Мөн гардаг гэмт хэргийн хувьд ялгарах зүйл бага байх. 2) Энэ орнуудад лалын ертөнцийн нөлөө нэмэгдсээр буй. Киргизээс бусад нь хатуу, төвлөрсөн нэг удирдлагын дор удаж байгаа орнууд юм. Гэхдээ олон сэдвийг үл өгүүлэн цаазын ялын байдал энэ 5 станд ямар байгааг цухас өгүүлсү.

Узбекистан. Сөрөг дуу хоолойг үл тэвчдэгээрээ алдартай энэ улсын Ерөнхийлөгч 2005 онд цаазын ялд хориг тавих зарлигт гарын үсэг зурсан. 2008 оноос хойш Узбекистан улс цаазын ялгүй болсон. Казахстаны хувьд 2003 онд цаазын ялд хориг тавьсан. 2007 онд Үндсэн Хуулиндаа энэ асуудлаар нэмэлт оруулсан. Олон улсын түвшинд Казахстаныг энгийн гэмт хэрэгт цаазын ялыг халсан улс орон гэж үздэг юм.

Киргизстан улс 1998 оноос эхлэн цаазын ял хэрэглэхээ больсон. 2007 онд цаазын ялыг хуулиар халсан. Тажикстан улс 2004 онд сүүлчийн хүнээ цаазалсан бөгөөд мөн оноос эхлэн цаазаар авах ялыг хэрэглэхгүй болсон. Нэг хүний, хатуу удирдлага, тахин шүтэлтээр алдаршсан Туркминистаны хувьд Туркмений эцэг гэгдэх Ерөнхийлөгч нь цаазын ялыг “үүрд” халсан шийдвэрээ 1999 онд гаргасан юм.

Улс төр

Н.Энхбаяр: Засгийн газрыг Ерөнхийлөгч удирдах нь зүйтэй

Published

on

By

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо. 

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өнөөдөр УИХ, ЕТГ-аас хамтраад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ, Засгийн газрын гишүүд хоорондоо хэлэлцээд батлах гээд байгаа нь учир дутагдалтай гэж үзээд энэхүү хэлэлцүүлгийг шаардаж байсан. 

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд ойлгомжгүй зүйлийд байна. Зарим нь хоёр төсөл өргөн барьсан гээд байдаг. Мэдээллийн сайтуудыг үзэхээр дөрөв таван төсөл шиг харагдаад байгаа. Аль төслийг хэн нь өргөн барьсан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс яг аль төслийг нь яриад байгаа вэ гэдгийг тодотгох хүсэлтэй байгаа. Эрх баригчид энэ будлиантай зүйлээ “Ард түмэн сайн ойлгохгүй болохоор нь энгийн болгосон” гэж тайлбарлаад байгаа. Гэвч УИХ дээр танилцуулсан төслөө иргэдэд ойлгомжтой маягаар өөрчилж болдоггүй. 

Хоёрдугаарт, Энэ хэлэлцүүлэг маань хуулийн дагуу явах ёстой. Тиймээс энэ хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн ил тод байдлыг оролцуулах хүсэлтэй байгаа. Тэгэлгүй өнөөдөр товчхон товчхон тайлбар хийх нь учир дутагдалтай юм” гэлээ.

Хоёр төсөл, хоёр гүйцэтгэх засаглалтай холбоотой юу?

Үндсэн хууль маань онлын дагуу явах ёстой. Харамсалтай нь зарим гишүүд маань нэг эсвэл хэсэг хүмүүсийн талаар ярьж байгаагаа Үндсэн хуулийн өөрчлөх ёстой мэтээр тайлбарлаад байгаад харамсаж байна. 

Уг нь Үндсэн хуулийн Засаглалын эрх мэдлийн хувиарлах онлын дагуу буюу бие биенээсээ шалтгаалдаггүй, бие биеныхээ хэрэгт хутгалдан ордоггүй харин бие биеныгээ хянадаг, шаардлагатай бол хариуцлага тооцох

Тухайлбал, Нэг нь зөвхөн хууль тогтоох ажил хийнэ, нэг нь зөвхөн хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх ажил хийх, нэг нь зөвхөн шүүх ажил хийх ёстой. Энэ гурвыг зөвхөн ард түмэн сонгох ёстой. 

Харин одоогийн байдлаар парламентийг ард түмэн сонгодог боловч, Засгийн газрыг сонгож чаддаггүй. Тиймээс хаана Засгийн газар дуусч, хаана парламент эхлэж байгаа нь мэдэгдэхгүй холилдож байна. Тиймээс парламент,  Засгийн газартайгаа хариуцлага тооцож чаддаггүй. Ийм учраас сүүлийн 27 жилд манай улс хариуцлагын сиситемгүй улс боллоо гэж бид шүүмжилж байгаа. 

Тиймээс Засгийн газрыг ард түмэн өөрөө байгуулъя гэж уриалж байгаа. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоно. Харин Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох хэрэгтэй. УИХ-д намуд өрсөлдөөд олонхоороо парламентаа удирддаг болох хэргэтэй. 

Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох юм бол түүний засгийн газарт нэг ч парламентийн гишүүн байхгүй болох боломжтой. Ингэж байж бие биенийгээ хянах учиртай. Тэгэхгүй бол одоогийн хуулиар олонх болсон намын дарга Засгийн газар, парламентаа давхар удирдаад байгаа юм. 

Энэ тал дээр Ерөнхийлөгч тууштай байх хэрэгтэй. Энэ төслийг оруулж ирснээр “би өөрийнхөө талаар ярьж байна” хэмээн бодох хэрэггүй. 

-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох дээр таны бодол?

108 бол арай дэндүү их байна. Бид бол 55 гишүүн болгоосой гэж бодож байгаа. 

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Үндсэн хуульд халдахад зөв үзэл, зөв сэтгэл, зөв зүтгэл хэрэгтэй

Published

on

By

Улсын Их Хурал өөрийн санаачилгаар зохиосон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өөрөө өөртөө өргөн барьж, чуулганы хуралдаанд оролцогсдын 98.4 хувийн саналаар хэлэлцэхээр  шийдэж,орон даяар сурталчилан ухуулж, олон түмний дэмжлэг олохыг хичээж байна.

Энэ нь 2015 оноос хойш зохиож ил гаргасан дөрөв дэх төсөл юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ынхан огт өөр төслийг “гүнзгий дүн шинжилгээ, олон түмний” санаа бодлын үндсэн дээр боловсруулсан хэмээн өргөн сурталчилгаа явуулж байсныг Монголын нийгэм мартдаггүй байлтай. Энэ удаад ч мөн л дээрх маягийн тайлбар хийж,чухамхүү энэ төсөл Монгол орныг төрийн доройтол,улс төрийн /тогтолцооны/ хямралаас гаргана хэмээн ухуулах ажээ. Гэтэл олон түмний санаа байтугай, бүх ард түмнийхээ сонгосон Төрийн тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, байр суурийг албан ёсоор авч тусгаагүй юмсанж.

УИХ-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд ингэж хошууран шимтсэний учир шалтгаан хэдий сонирхолтой боловч эхлээд асуудлын мөн чанар, гол утга агуулгын талаар санаа бодлоо илчилсү.

1.Гол зарчим, зангилгаа асуудал

ХХ зуун дэлхий нийтийн улс төрийн философид  үлдээсэн нэгэн үл гандах үнэт өв нь “Ерөнхий зарчмаа шийдэлгүй ангид асуудал барьж авсан хэн боловч алхам тутамдаа будилж, мухардалд ордог” гэсэн сургааль юм.

Энэ томъёоллыг дэвшүүлсэн тэр онолч бол хүн төрөлхтний түүхэнд Чингис хааны дараа орох их гүрнийг цогцлоон байгуулсан В.И.Ленин мөн.

Нийгэм-улс төрийн аливаа төвөгтэй асуудалд хандах зарчмаа зөв тодорхойлбол уг асуудлыг шийдэх зангилааг олох нь төмөр хаалтыг түлхүүрээр нээхтэй адил билээ. Түлхүүргүй бол төмөр хаалтыг өшиглөөд яах вэ дээ.

УИХ-ын “ухуулаг­чид” Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон гол  шалтгааныг засаглалын хуваарь алдагдсанаар тайлбарлаж, сүүлийн 20-оод жил Засгийн газрын дундаж нас 1.8 жил байсныг нийгмийн амьдралын бүх бэрхшээлийн гол эх сурвалж болгон ухуулахыг хүлээн зөвшөөрч, итгэвэл дэндүү гэнэн хэрэг болох нь даанч илэрхий.

Засгийн газрын тогтворгүй байдал, түүнээс улбаалсан хямралын гол хариуцах этгээд нь УИХ өөрөө мөн билээ. УИХ-ын гишүүдэд Монгол төрийн сайдын алба хаших хүчлийн гаж дон өвчин дэлгэрч, тухайн салбарын талаар “А” үсэг ч үгүй эрхмүүд нийгэм, эдийн засгийн гол салбаруудыг сандайлсаар өдийг хүрсэн нь “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” хэмээсэн Монголын төрт ёсны сургаалыг үл ойшоосны илрэл мөн бус уу.

УИХ-ын гишүүд аль ч намын эрх барих үед, Засгийн газрыг огцруулах санал, санаачилга гаргахад уралдах гаж донгийн уг үндэс нь тэдний хувийн шунал,эрх мэдлийн мөрөөдөл төдий биш юм. Төрийн эрх мэдэл олигархи бүлэглэлүүдийн гарт орж, тэд ашиг сонирхлоо засгийн бодлого,үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх, төрийн төсвийн хөрөнгийг өөрийн хүүдий рүү урсгахын төлөө тэмцэл нь Засгийн газрын тогтворгүй байдлын үнэн шалтгаан болж ирснийг үгүйсгэх аргагүй. Олигарх бүлэглэлүүдийн засаглал улс орны эдийн засгийг, нийгмийн амьдралыг тэтгэх агуулгыг нь гажуудуулж, мөлжиж олсон ашиг хуримтлалаа гадагш зөөж, мөнгөний ханшийг унагаагчдын бодлогоор хөөрөгдөж  ирэв.

Үндэснийхээ эдийн засгийг өөрийгөө  нөхөн сэргээх чадваргүй, болтол сулруулж, гадаадын зээл, “өрийн эргүүлэг”-т оруулан, ирээдүй хойч үеийн амьдралыг өрийн барьцаанд тавьж “мөнгө угаах” нь хэвшсэн бодлого болов. Олигархи засаглалын эцсийн үр дүн нь нэг талдаа эгэл иргэдийн амьдрал хүндэрч, амьдралын замаа эхэлж буй залуучууд “малиндуулж”, байгаад ч болов гадаадад гарахыг зорих нь олширч байхад, нөгөө талд нь үндэсний баялаг цөөхөн олигархийн гарт орж, тэдний ноёрхлын баталгаа болов.

Олигархиуд төрийн эрх мэдлийг авахдаа хутга барьж, буу шагайж ирээгүй. Тэд хуучин нийгмийн тогтолцооноос монголчуудын сэтгэлгээнд үлдсэн НАМ шүтэх үзлийг зайдалж, намуудыг мөнгөөр угжин, толгойг нь эрхшээн төрийн сонгуульд намыг төлөөлөн нэр дэвших аргыг сонгосон юм. Сонгогчид  Үндсэн хуулиар баталгаажсан төрөө сонгох эрхээ эдэлж байна хэмээн нэр дэвшигчдийг шүүж тунгаахыг хичээх боловч гол нэр дэвшигчдийн өнгө нь бор,шар болохоос уг чанартаа адилхан “хулгайч чоно” байдаг нь сонгуулиас сонгуульд улам тодорхой болж ирэв.

Энэ бүхнийг цогцоор нь  авч үзвэл, одоогийн Монголын нийгмийн хамгийн гол асуудал нь олигархи засаглалыг төргүүлэгч тогтолцоог  өөрчлөх явдал мөн гэсэн дүгнэлтэд хүрнэ. 1992 оны Үндсэн хуульд “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн цогцлуулан  байгуулахыг зорино” хэмээн тунхагласан атал одоогийн байдлаар баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдэлтэй олигархиудын хуульгүй ноёрхол, авлигажсан төрийн тогтолцоо газар авсаар байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн байгуулал Үндсэн хуульд тунхагласан мөн чанараасаа гажуудсан, хүн төрөлхтний түүхэнд тийм ч олон тохиолдоогүй бурангуй тогтолцоонд шилжиж байна.

2.Тогтолцооны гажуудал, 1992 оны Үндсэн хууль

1990-1992 онд монголчууд шинэ нийгмийн замналыг сонгохдоо олигархи засаглалтай, зэрлэг капитализмыг зориогүй, хүсээгүй. Эрх чөлөөтэй, шударга нийгмийг хүссэн. Тэр хүслээ Үндсэн хуульдаа шингээж, Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохыг тунхагласан. Гэвч энэ л Үндсэн хуулийн орчинд, энэ л Үндсэн хуульд үнэнчээ илэрхийлж тангараг өргөсөн төрийн ноёд, түшээдийн үйлсээр олигархи засаглалын ялзарсан тогтолцоо төрж төлөвшиж байна. Иймээс 1992 оны Үндсэн хууль олигархи засаглал төрөх боломжийг агуулдаг уу гэсэн асуулт аяндаа гарна.

Удирдахуйн шинжлэх ухаанд нэн нэр хүндтэй “Мэрфийн хууль”-д  өгүүлэх нь:

-Нэгэн зүйл. Хэрэв аливаа шийдвэр буруу, зөв хэрэгжих хоёр боломжийг агуулж байгаа бол эхлээд заавал буруу хэрэгжинэ.

– Нэгэн зүйл.Хэрэв таны шийдвэр хүсэмгүй үр дүнд хүргэх бол тэр нь хамгийн эгзэгтэй цаг үед хамгийн хүнд уршигтай илэрнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, аливаа шийдвэр буруу ойлголт, үйлдэл төрүүлэх цоорхойгүй байх ёстой гэсэн үг л дээ. 1992 онд Үндсэн хууль батлахдаа Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр шаттай парламентаас татгалзаж, 76 хүнтэй парламентыг “төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээн тогтоож,түүнийг эзэгнэх эрхийг улс төрийн намуудад өгсөн юм. Энэ нь нийгмийг одоогийн гажуудалд хүргэх магадлалын хоёр хаалга нээжээ. Тухайлбал,

1.Ард иргэдийнхээ санаа бодол,хүсэл тэмүүллийн хамгийн өргөн төлөөлөл болох чадвартай АИХ-аас татгалзсанаар төрийг иргэдээс нь салгах анхны том алхам хийв.

2.Тэр үеийн намууд улс нийгмийн зам мөрийн талаарх үзлээрээ нэгдсэн иргэдийн улс төрийн байгууллага байлаа. Гэтэл 20 жилийн дараах либерал орчинд улс төрийн намууд биеэ үнэлэн худалдаж, олигахи бүлэглэлийн эрхшээлд орж, тэдний эрх мэдэлд хүрэх гишгүүр болсон нөхцөлд буюу “нам”-ууд нэртэй “мам”-ууд төрсөн нөхцөлд төр байгуулахад оролцох онцгой эрх нь хэрхэн буруу ашиглагдахыг 1992 онд урьдчилан харахад нэн бэрх байжээ.

Одоогийн Үндсэн хуульд 1999-2000 оны “Доройтуулсан долоон заалт” онцгой үүрэг гүйцэтгэдэг. 1992 оны Үндсэн хуульд Ерөнхий сайдыг эрх баригч нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д Ерөнхийлөгч санал оруулахаар тогтоосон байсан. Гэтэл дээрх өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө” гэсэн ойлголтыг бичиг цаасаар мэдэгдэх төдийгөөр хязгаарлаж, Монгол төрийн нэн их хариуцлагатай албан тушаалтныг Төрийн тэргүүний байр сууриас гадуур шийдэх боломжийг нээсэн юм. Ингэснээр төрийн удирдлагын нэгдмэл байдалд гүн гүнзгий ангал үүсэх нөхцөл бүрдүүлсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулаад зогсохгүй Ерөнхий сайдын дархлааг сулруулж, УИХ-ын зарим “гаж донтон” гишүүд дураар авирлах боломж олгосныг олонтаа харлаа. Түүнээс гадна, сүүлийн 20-оод жил УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болно гэсэн бичигдээгүй хууль Үндсэн хуультай зэрэгцээ үйлчлэх боллоо. Ийм нөхцөлд сонгуульд оролцогч намууд худал хуурамч амлалтаар сонгогчдоо мэхэлж, мөнгө хөрөнгийн бэлээр санал авах нь улс төрийн ёс суртахууны хэвийн хэм хэмжээ болж, олигархиуд намын даргын суудлын төлөө мөнгө хайрлахаа больсныг нийтээр үзсээр ирлээ.

Одоогийн Үндсэн хуульд улс орны амьдралын нэг гол үндэс болсон санхүүгийн засаглалын дүрмийг тогтоосон хариуцдагын заалт байхгүй. УИХ нь Засгийн газраас оруулсан улсын төсвийн төслийг яаж ч өөрчилж болж байна. Жилд бүтээсэн үндэсний баялгийн 40 хувийг улсын төсвөөр дамжуулан хуваарилдаг. Ийм нөхцөлд ашиг сонирхлын явцуу бүлэглэлүүд  төрийн эрх мэдэлд хүрч, төсвийн хуваарлилтад оролцох нь “хүслийн дээд”  болох нь ойлгомжтой. Үндсэн хуулийн энэ “цоорхой” нь төрийн эрх мэдлийг арилжааны бараа болгоход нэг  гол үүрэг гүйцэтгэсэн. Арилжаа бол олигархиудын мэддэг чаддаг гол үйл ажиллагаа билээ. Одоогийн Үндсэн хуульд Монгол Улсын  Ерөнхийлөгч нь  Төрийн тэргүүний хувьд төрийн салаа салбаруудын бодлого, үйл ажиллагааг нэгтгэн зангидах чиг үүргийг тодорхой заагаагүй юм.Төр хэмээгч организм нэгдмэл  цогц чанартай байхын тулд түүний салаа мөчрүүдийн үйлдэл хөдөлгөөн нэгдмэл зохицуулалттай байх нь амьд бүхний оршихуйн хуулийн үндсэн шаардлага мөн  билээ. Төрийн салаа салбаруудын бодлого, үйл ажиллагаа уялдаа, зохицуулалтгүй  байдал нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд үл ойлголцол, зөрчил үүсгэж, улс нийгмийн  эрх ашигт  ноцтой хохирол учруулах явдал сүүлийн 10 жил олон удаа тохиолдлоо.

Одоогийн Үндсэн хуулийн нэг гол сул тал нь эрх мэдэлтнүүдийн дархлааг хавтгайруулан, төрийн дээд эрх мэдэлд авилгач, луйварчид шургалж, хуулийн гадуур авирлан, хууль тэгш, шударга үйлчлэх зарчмыг хөсөр хаях боломж олгож байгаа явдал юм. Үүний нотолгоо нь одоогийн нийгмийг бухимдуулж байгаа гэмт үйлдлүүд болно. Одоогийн Үндсэн хууль нийгмийн амьдралын суурь зарчмуудыг хэрэгжүүлэхэд агуулга, чанар мөхөсдөж, төрийн тогтолцоог сулруулж байгаа  нь нийгмийн тогтолцооны гажуудал буюу олигархи ноёрхолтой зэрлэг капитализмын замналаас гарахын тулд Үндсэн хуульд гүнзгий өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

3.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, түүний төрөлхийн согог

Улс орны амьдралын зохион байгуулалтын үндэс болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид нийгмийнхээ бодит байдалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, өөрчилж байгаа эрх зүйн орчноос үүссэн алдаа, гажуудлын сургамжийг бүрэн анхаарсан байх нь уг төсөл амьдрах чадвартай байхын наад захын шаардлага мөн билээ. ХХ зууны эхэн үеийн немцийн нэрт улс төрийн зүтгэлтэн Бисмарк “Зөвхөн тэнэг этгээд гагцхүү өөрийн алдаанаас сургамж авдаг” гэж сургасан буй. Энд бусдын алдаанаас сурахын чухлыг заахын зэрэгцээ нэгэн зүйл стандарт тогтоосон нь нэн чухал. Бисмаркийн ойлголт дахь “тэнэг этгээд” гэдэг нь бас ч алдаагаа ойлгох,түүнээс сургамж авах чавартай байх ажээ. Гэтэл энэ цагийн стандартаас дор тохиолдол цөөнгүй. Хэрэв аль нэг этгээд:

-алдаагаа ойлгоогүй бол,

-алдаагаа амжилт хэмээн бахархдаг бол,

-өөрийн алдаан дээр бусдын алдааг нэмж лавшруулдаг бол тэр этгээдийг хэн гэх вэ?

Монголчууд бид одоогийн Үндсэн хуулийн баталснаас хойш өнгөрсөн 27 жилд олсон ололт ч бий. Алдсан алдаа ч цөөнгүй.Тухайлбал:

-Хүмүүнлэг,иргэний, ардчилсан нийгмийг зорино гээд олигархи засаглалтай зэрлэг капитализмд хальтарсан,

-“Азийн бар” болно хэмээн зүтгээд гадны гар харсан “хав” загварын хараат эдийн засагтай болсон,

-Хууль дээдэлсэн, шударга, ардчилсан төртэй болно гээд авлигад идэгдэж, төрийн дээд байгууллага  (УИХ)-ын гишүүдийн гуравны хоёр нь луйвар хийдэг төртэй болох хүртэл доройтсон,

-Хүн ардаа эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдралд хүргэнэ гэсэн атал үндэсний баялаг цөөн бүлгийн мэдэлд хураагдаж, эгэл иргэд өрийн сүлжээнд торлогдон, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарилалт алдагдсан,

-Гадны бизнестэй үр ашигтай түншилнэ гээд эрдэнэс баялгийнхаа дээжийг хамж өгөөд өртэй хоцорч байгаа гэх мэт үеийн үед үл мартах алдаа монголчууд бидний одоогийн болон хойч үеийнхний зүрх, тархинд шингэсэн хатуу сургамж үлдээсээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж буй төслийн  зохиогчид ч энэ бүх сургамжийн гадна үлдэх эрхгүй.  УИХ-ын хэлэлцэж буй төсөлд хөндсөн асуудлыг ард иргэд шүүн тунгааж, учир шалтгаан, үр дагаврыг нягталж байгаатай холбогдуулан зарим гол өөрчлөлтийг лавшруулан  шинжлэх шаардлагатай  гэж үзэж байна. Үүнд:

1.Үндсэн хуулийн өөрчлөлийн төсөлд Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж,чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах талаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэж оруулна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавибал шинэ Ерөнхий сайдын нэрийг “хамтад нь албан ёсоор тавибал”, УИХ гурав хоногийн дотор шийдвэрлэнэ гэжээ. Төсөл зориогчид энэ саналаа эрх мэдлийн хуваарийг тэнцвэржүүлж төрийг хямрал, доройтлоос аврах гол гарц хэмээн тайлбарлаж байна. Энэ байр суурийг туулж өнгөрүүлсэн зам мөрийнхөө сургамжийн талаас шүүвэл нэн эргэлзээтэй ажээ. Учир нь, нэг талаас Монголын нийгэм , эдийн засагт тохиолдсон буюу нүүрлэсэн  бүх хүндрэл хямрал Засгийн газрын тогтворгүй байдлаас илүүтэй,  УИХ-ын овилгогүй бодлого, хууль тогтоомжоос үүдэлтэй нь бодит үнэн. Нөгөө талаас Засгийн газрыг тогтворгүйжүүлэн бусниулагч гол субъект нь УИХ өөрөө мөн билээ. 1996 оноос хойш Засгийн газар 13 удаа солигдохдоо  дөрвөн удаа бүрэн эрхийн хугацаа дуусч, есөн удаа огцруулах санаачилга гарч   УИХ-аас асуудал шийдэхэд   гарчээ. Ингэж Засгийн газрыг тогтворгүйжүүлэхэд сайд нарын урвалтыг хоёр удаа ашигласан байх юм.

Ерөнхий сайдыг унагах, сайдуудыг хольж хутгах тохиолдол бүр  зөвхөн албан тушаалын гаж дон туссан этгээдүүд юм уу, төсвийн эрх барьж өрөм хусам долоох сонирхол төдийхнөөс гараагүй. 2006 онд Монголын эдийн засаг бүхэл зууны түүхэндээ анх удаа тэнцвэржин тогтворжсон үе эхэлмэгц УИХ-ын нэг гишүүн, нэг намын дарга сайдын өрөөнд орж, “Та огцор. Би Ерөнхий сайд болмоор байна” хэмээн гонширсоор засаг унагаж, Монголдоо анхны олигархиудын цуглуулга “цоохор” Засгийн газар байгуулж байлаа Түүний шууд үр дүн нь 2008-2010 оны эдийн засгийн хүнд хямрал байлаа. 2014 онд Монголынхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бусниулаад зогсохгүй газар нутгаа  гадаадынханд дуудлагаар худалдахыг завдсан Засгийн газрыг буулгасны дараа шинэ Ерөнхий сайдыг томилох болоход эрүүл улс төрийн хүрээнийхний огт хүлээгээгүй, гадаадын баячуудын гал тогооноос томилогдсон хүн төрийн энэ өндөр албыг эзэлж байлаа. Түүний шууд үр дагавар нь “Дубайн гэрээ” хэмээн нэрлэгдэх болсон үлэмж хохиролтой тохиролцоо юм. Монгол Улс түүхэндээ анх удаа асар том газар нутаг, үнэт баялгаа гадаадын этгээд, гадаадын банкнаас авах зээлийн барьцаанд тавьж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа эргэлзээтэй болгов. Төр, засаг одоо хүртэл энэ үйлдлийн үнэнийг ард түмэндээ хэлж чадахгүй байгаа нь нэн сэжигтэй, нэн харамсалтай.

Төрийн эдийн засгийн бодлогын гол зангилааг барьдаг Сангийн сайд, Уул уурхайн сайд зэрэг гол салбарын сайд нарыг сонгож, томилж ирсэн намтар ч нэн харуусалтай. Эдгээр салбарын сайдаар мэргэжлийн бус хүмүүсийг томилсон тухай бүрд улс орны эрх ашгийг хохироосон үйлдэл гарч байсны нэг баримт нь Оюутолгойн гэрээ мөн билээ.

Өнгөрсөн 20  жилийн зам мөрөө эргэн харвал, Монгол Улсын Ерөнхий сайд, сайд нарын томилолтод үндэсний аюулгүй байдлын түвшинд хандах цаг нэгэнт болжээ. Гэтэл “төрийн дээд байгууллага” хэмээдэг УИХ асуудлыг бүр сул тавьж байгаа нь нэн харамсалтай. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид Бисмаркийн тодорхойлсон “тэнэг” гэдэг ойлголтоос 2-3 шат доогуур сэтгэж дээ. Энэ замаар явбал хэзээ нэгэн цагт Монгол сайдын суудал бизнес бүлэглэлүүдийн захиалгат бараа болох юм уу “овсгоотой” Ерөнхий сайдын гэр бүл, төрөл садангийнхны өргөмжлөл болохыг ч үгүйсгэх үндэсгүй. Ийм байдалд дөхсөн тохиолдол бий шүү дээ.

Төсөл зохиогчид төрийн сайдын томилгооны талаар тавьж байгаа саналын далд утга үүгээр хязгаарлагдахгүй ажээ. Төсөл ёсоор Ерөнхий сайдыг огцруулах санаачлага гаргагчид УИХ-д саналаа оруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэрийг хамт өргөн барьж түүнийг нь УИХ хэлэлцэх юм гэнэ. Уг нь одоогийн Үндсэн хуулиар төрийн эрх баригч улс төрийн намын дээд байгууллага энэ саналыг гаргаж, нэрийн төдий ч болов Ерөнхийлөгчтэй зөвшдөг билээ. Гэтэл Засгийн газрыг унагахыг сонирхогчид ийм эрх эдэлдэг болох гэнэ. Ерөнхий сайдыг огцруулахыг санаачлагчид хэрхэн ямар замаар хэнийг нэр дэвшүүлж, ямар хуйвалдаан зохиохыг бурхан ч мэдэхгүй нь лавтай. Төсөл зохиогчдын санал хэрэгжвэл Монгол Улсын Засгийн газар хуйвалдааны бай болж, төрийн задрал мөхөл нүүрлэхийг л баталгаатай хэлж болно.

2.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн нэг гол чиглэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, түүний улс төрийн нөлөөг бууруулахад чиглэж байна. Энэ санаархал шинэ зүйл биш юм. Бүх ард түмнээсээ шууд сонгогдсон Ерөнхийлөгч хэлд байтугай хөлд ороогүй неолибералууд төрөөр тоглоход нь саад болж байгаад л хамаг учир бий. Чухамхүү ийм шалтгаанаар “Үндсэн хуулийг доройтуулсан долоон заалт” гэгч төрсөн билээ. Үүний уршгаар Монгол төрд гүн хагарлын суурь тавигдсаныг өмнө өгүүлсэн. Одоо төсөл зохиогчид Ерөнхийлөгчөөс УИХ-ын шийдвэрт хориг тавих, УИХ-ыг тараах санал тавих эрхийг хасах, Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулах эрхийг хасах, гадаад харилцаанд улсаа төлөөлөх бүрэн эрхийг хасах, гэрээ хэлцэл байгуулах эрхийг тухай бүр УИХ-аас хууль баталж олгох, Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхийг хасч, нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар  сонгох, Ерөнхийлөгчийн сонгуульд 55-аас дээш насны иргэн нэр дэвших санал оруулж байна. Үүнийг “Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх” оролдлого гэхээс өөрөөр ойлгоход хэцүү.

Бүх ард түмнээс  сонгогддог Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулж, билэгдлийн төдий хэрэг болговол, төрийн толгой неолибералуудын шүтээн болсон эдийн засаг, улс төрийн “алуурчдын” гарт норох нь дамжиггүй. Манай улстөрчдийн дунд “Монгол бол парламентын засаглалтай орон мөн” гэсэн ойлголт нэлээд түгээмэл бөгөөд тэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, “сонгодог парламентын засаглалд” шилжвэл цэнгэлийн манлайд хүрнэ гэж үздэг юм. Одоогийн Үндсэн хуулийн нөхцөлд хэмжээлшгүй эрхтэй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, хууль давсан баталгаатай 76 хүнээс бүрдсэн парламент буюу УИХ ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн цөөнгүй нь тойргийн сонгогчдынхоо 30 хувь хүрэхгүй саналаар сонгогддог билээ. Тэгэхдээ “царцаа нүүлгэж”, “цалин тараасан” хүмүүс ч цөөнгүй.УИХ-ын 75 гишүүний гуравны хоёр нь  баримтаар тогтоосон “сэжигтэн” болчихоод байхад “сонгодог парламент” хэмээн улиглах нь амьдралаас дэндүү хөндий ажээ. Хэдэн хувь нь луйварчин болж байж “сонгодог парламент”болох вэ? Бидний амьдарч буй Монгол Улс бол 800 жилийн  тэртээ Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын голомт, өв залгагч юм. Чингис хаан төрийн тэргүүний үүргийг хүлээхдээ “Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж улсыг барин хатуужсу” хэмээн төрийн тэргүүний үндсэн чиг үүргийг тодорхойлон тангарагласан нь Монголын төрт ёсны суурь зарчим болсоор ирсэн бөгөөд монголчууд ийм итгэл сэтгэлээр Ерөнхийлөгчөө сонгодог юм.

Төсөл зохиогчид Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55-аас доошгүй хэмээн тогтоох санал гаргажээ. Энэ хязгаарлалтыг “үнэн ба зөв” гэвэл, 27 насандаа Хамаг Монголын хаан, 43 насандаа Их Монгол Улсын хаан болсон Чингис хаан (Тэмүүжин), 28 насандаа төр улсаа сэргээн төвхнүүлсэн Д.Сүхбаатар болон идэр залуугаасаа төрд үнэнч зүтгэсэн түүхэн хүмүүс түүхийн эндүүрэл болох нь л дээ.

Улс үндэстэнд хүнд бэрх сорилт тулгарсан цаг үед чухамхүү идэр залуу пассионарууд түмэн олноо эргүүлж, хямрал доройтол, мөхөл сүйрлээс авардаг нь хүн төрөлхтний түүхийн үнэн. Монгол орон залуучуудын орон билээ. Төрийн өндөр суудалд хонгоо дайрттал сууж мөлийсөн, хэн нэгний төлөө залуучуудынхаа замыг хаах хэрэггүй байлтай.

Өтөл миний бие 10-аад жилийн өмнө БНХАУ-ын нэгэн үеийн удирдагч Дэн Сяопиний зохиолын III ботийг (уйгаржин монголоор) үсэглэж суухад тэр хүн төрийн удирдагчийн нас, ажиллах чадварын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа:

“60 нас хүрсэн хүн маш сайн ажиллана. 70 гараад сайн ажиллана. 80 гараад бас сайн ажиллаж болно” гэж хариулсан байж билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид энэ номлолыг дагасан байж болох юм. Монголын орчин нөхцөл өөр шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид эрх биш улс орон,нийгэм төрдөө тустай шийдэл олохыг зорьсон байлгүй дээ. Гэвч бүтэлгүй санаа даанч олон аж. Барууны зарим орны хүмүүс “Тамд хүрэх замыг бүтэлгүйтсэн буянт санаархлын сэг дэвсэж зассан байдаг” гэж ярьдаг гэнэ лээ. Санаж явахад илүүдэхгүй сургааль юм уу даа.

4.Цаг хугацаанд хавчигдсан шийдэл

Үндсэн хуулийн өөрчлөлтийн одоогийн төсөл бүхэлдээ хэрэгжих магадлал байхгүй. Учир нь, Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийхийг нийгэм зөвшөөрөхгүй. Тэгээд ч “муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр” гэгчийн үлгэрээр одоо нэр төр нь үлэмж сэвтээд байгаа УИХ явцуу эрх ашгийн төлөө нийгмийн сөргөлдөөнд түлхэх нь утгагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл улс нийгмийн амьдралд тулгарсан гол зангилаа асуудлыг зөв оноож шийдэл олж чадсангүй. Бурханы сургаальд “Зовлонгоос ангижрахын тулд зовлонгийн шалтгааныг устга” гэдэг юм билээ. “МАНАН” загварын олигархи засаглалыг тэргүлэгч тогтолцоо бүхэл бүтнээрээ цэцэглэсээр үлдэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг олигарх засаглалыг төрүүлэгч тогтолцоог өөрчлөх түвшинд боловсруулж шийдэх цаг хугацааны нэгэн мөчлөг өнгөрч байна. Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын  болон  нутгийн удирдлагын сонгууль болно. Бас л урьдын адил худал амлалт, хэрүүл тэмцлээр нийгэм бялхаж, бурхан царайлж буян амласан зүтгэлтнүүд тодрох биз. Энэ бол гутранги төсөөллийн зураглал биш ээ. 2008-2016 оны хооронд төр барьсан улс төрийн намууд эдийн засгаа дампуурлын ирмэгт хүргэсэн алдаагаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийгээгүйгээр үл барам харин ч магтан сайрхах хандлага олонтаа гарч байгаа, нам дамжсан мафиоз маягийн олигархи бүлэглэлүүд устаагүй байгаа, нийгмийг доргиосон эрх мэдэлтнүүдийн олон том буруутай үйлдлүүддээ хуулийн дагуу, шударга ёсны үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байгаа, төрд чиглэсэн шуналын бохирыг дамжуулагч гол суваг болж байгаа улс төрийн намуудын хариуцлага,эрх зүйн орчныг өөрчлөөгүй байгаа, төрд сонгогдсон эрхмүүдийн шударга бус, хэтэрхий хавтгайрсан дархлаа хэвээр байгаа зэрэг нь ийм таамаглалын үндэс болж байна. тэгэхдээ монголчуудтөрөө ариусгахын төлөө Ерөнхийлөгч,Ерөнхий сайд, УИХ-ын эх оронч,шударга гишүүдийн тэмцэлд итгэж  найдаж, дэмжиж амжилтад хүргэхийг хүсэн хүлээж байна. Энэ шугам дээр ахиж урагшлахын тулд дараах гурван чиглэлээр хүч чармайлт тавих нь цаг хугацаанд хавчигдсан одоогийн нөхцөлд зөв үр дүнд хүргэж болох юм. Үүнд:

1.-“Азийн бар” болно хэмээн зүтгээд гадны гар харсан хав загварын хараат эдийн засагтай болсон. Хууль дээдэлсэн, шударга, ардчиллын төртэй болно гээд авлигад идэгдэж, төрийн дээд байгууллагын (УИХ)-ын гишүүдийн гуравны хоёр нь луйвар хийдэг төртэй болох хүртэл доройтсон.

-Хүн ардаа эрх чөлөөтэй, элбэг хангалуун амтдрал хүргэнэ гэсэн атал үндэсний баялаг цөөн бүлгийн мэдэлд хураагдаж, эгэл иргэд өрийн сүлжээнд торлогдон, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарьлилт алдагдсан.

-Гадны бизнестэй үр ашигтай түншилнэ гээд эрдэнэс баялгынхаа дээжийг хамж өгөөд өртэй хоцорч байгаа гэх мэт үеийн үед үл мартах алдаа Монголчууд бидний одоогийн болон хойч үеийнхний зүрх, тархинд гингэсэн хатуу сургамж үлдээсээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж буй энэ бүх сургамжийн гадна үлдэх эрхгүй.  УИХ-ын хэлэлцэж буй төсөлд хөгжсөн асуудлыг ард иргэд шүүн тунгаан, учир шалтгаан, үр дагаварыг нягталж байгаатай холбогдуулан зарим гол өөрчлөлтийг давшруудан, шинжлэх шаардлагатай  гэж үзэж байна. Үүнд:

1.Үндсэн хуулийн өөрчлөлийн төслөөс нийгмийн амьдралын өдөр тутмын зохицуулалттай холбоотой хот, тосгодын эрхзүйн орчин,шүүх засаглалын өөрчлөлт зэрэг асуудлыг тусгайлан авч УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн үйлчлэлийг 2022 он хүртэл зогсоох зайлшгүй шаардлагатай.

2.Үндсэн хуульд өөрчлөлт хийх төсөл боловсруулах ажлын бүлгийг Ерөнхийлөгчийн алба, УИХ-ын ХЗБХ, Засгийн газрын ХЭГ-ын төлөөлөл хуульч, улстөрч, эрдэмтдийн  оролцоотойгоор шинэчлэн байгуулж, Ерөнхийлөгчийн  удирдлага дор ажиллуулан, шинэ төслийг 2021 онд багтаан УИХ-аар хэлэлцүүлж, бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх,

3.2020 онд сонгуулийн дараа Засгийн газар бүрдүүлэхээс эхлэн сайдуудад нэр дэвшүүлэх Ерөнхий сайдын бүрэн эрхийг аливаа нам, бүлэглэлийн нөлөөнөөс хамгаалж, дархлаажуулан нэр дэвшигчдийг УИХ-ын чуулганы нээлттэй хэлэлцүүлэгт оролцуулсны дараа томилж, баталгаажуулах болон сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд бие даан шийдвэрлэж, учир шалтгааныг долоо хоногийн дотор Ерөнхийлөгч,  УИХ-д мэдээлдэг байх асуудлыг Үндсэн хуульд халдахгүйгээр хуульчлан шийдэх,

Асуудлыг ингэж шийдэх нь одоогийн төгс бус төслийг тойрсон маргаанаас салж, тэртэй  тэргүй нийгмийг зөрчил сөргөлдөөнд хүргэх төслөөр олон түмний санал асуулга явуулж хүч хөрөнгө үрж, нийгмээ түйвээхээс зайлсхийх оновчтой гарц болно гэж үзэж байна.

 Эртний сударт өгүүлсэн  нь:

 “Зөв үзлээс төрсөн

Зөв үйлийг

 Зөв сэтгэлээр

Зөв зүтгэлээр бүтээж болно”  гэжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ номлолоор хандвал амжилтад хүрч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Хилээр амьд мал гаргах гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо

Published

on

By

Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоол гарчээ. Ингэснээр нөөцийн махыг сайн нөөцлөх, мах, гурилын үнийг ирэх жилд барих үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн байна.

Мөн өмнөх гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгожээ.

Тодруулбал,

  • 2014 оны 282 дугаар тогтоол (Н.Алтанхуяг)
  • 2015 оны 474 дугаар тогтоол (Ч.Сайханбилэг)
  • 2017 оны 142 дугаар тогтоол (Ж.Эрдэнэбат)
  • 2017 оны 284 дүгээр тогтоолыг (Ж.Эрдэнэбатын үүрэг гүйцэтгэгч) цогцоор нь авч үзэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж цуцлуулжээ.

Өөрөөр хэлбэл, хонь, ямааг амьдаар нь экспортод гаргах тухай 2014, 2015, 2017 оны Засгийн газрын тогтоолыг тус тус цуцалсан байна.

Дэлгэрэнгүй унших

Онцлох