Connect with us

Улс төр

Ц.Элбэгдорж: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол яагаад ч юм төрөөд байсан

Оруулсан:

огноо:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржтой төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу. Сүүлийн үед тантай холбоотой олон асуудал ар араасаа гарч ирээд байна. Зарим нь ч хуучирч байна. Бас шинэ асуултууд ч нэмэгдлээ. Танд цаг байгаа гэж найдаж байна. Тухтай ярилцах гээд ийм оршил хэлээд байна!

-Ажлаа өгөхийн өмнөхөн ярилцлага хийнэ гээд байсан санагдаж байна. Бараг хоёр жил болчихож. Мэдэх юм байвал хариулъя аа.

-Тэгвэл шууд гол асуудлаасаа асууя. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай сүүлийн үед олон мэдээлэл гараад байна. Одоогоос гурван жилийн өмнө гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа гэж байсан. Мөн хэрэг нь шалгагдаад шүүхээр шийтгэгдсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагынхан гэм зэмгүй хүмүүсийг барьж хорьсон болоод хувирчихлаа. Гэм зэмгүй гурван хүнийг Ц.Элбэгдоржийн хүмүүс хорьж, ял өгсөн гэж яригдаж байна?

-Гэм зэмгүй болж хувирсан юм байхгүй. Хувиргаж байна гэвэл илүү оновчтой байх. Мэдээж гэм бурууг шүүх тогтоодог. Энэ хэргийн үнэн мөн нь олдохоос айдаг тал хүчтэй хэвээр байна. Эд мөнгө ихтэй байна. Нөлөө ихтэй байна. Гэхдээ үнэн ганц. Үнэнийг тогтоох амаргүй.Үйл явц үргэлжилж байна л гэж харж байна.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын индрээс тэднийг хэлмэгдүүлсэн гээд хэлчихсэн. Бас таны нэрийг энэ хэрэгт холбогдуулан онцолж ярьсан шүү дээ. Сайдын мэдэгдлээс нийтэд энэ хэрэгтэй таныг холбох нь гэж ойлгогдож эхэлсэн байгаа?

-Аллага гарсны маргаашаас нь л аллагын ард байсан хүмүүс иймэрхүү яриа гаргаж хөөргөдсөн. Ерөөс урьдчилан төлөвлөсөн ч байсан байх. Харин бидний хувьд нэгнийхээ амь насыг хөнөөх тухай юм бол бидний бодолд ч, зүүдэнд ч байдаггүй зүйл. Миний эргэн тойронд байсан хүмүүс, би ч адилхан бүр тэр 20-иод жилийн өмнө шүү, “Энэ хэргээр хэнийг ч хардах нээлттэй, энэ хэргийг илрүүлэхэд бид бүгд туслах ёстой, хэн нэгнийг нь шалгах бол ямар ч хориг саадгүй шалгуулна” гэж ярьдаг байсан.

Одоо ч энэ зарчим миний хувьд хүчинтэй. Тэр бүү хэл хэн ч, ямар ч албан тушаалтай бай, бүрэн эрхээ цуцлуулаад шалгуулна гэж ярьдаг байсан. “Зоригийн хэргийг мөрдөх явцад” гэсэн үгтэй бичгээр бүрэн эрхийг нь цуцлаад шалгаж байсан тохиолдол ч бий.

-Таныг энэ хэрэгт холбогдуулж өмнө нь шалгаж байсан уу?

-Хуулийн байгууллагынхан намайг дуудаж асууж байсан. Би мэдэх юмаа хэлээд, хариулаад явдаг. Намайг гүжирдэж хардах үед “Байгаа онохгүй байна” гэж л тэр үед боддог байв. Одоо бол энэ аллагын ард байсан жинхэнэ эзэн нь эсвэл тэдэнд үйлчилж ирсэн, ашиг сонирхлын холбоотнууд нь олныг төөрөлдүүлээд байх шиг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт тэгвэл таныг холбогдуулж шалгах гээд байгаа юм биш үү. Та юу гэж бодож байна вэ?

-Муу юманд амархан автдаг болжээ. Үнэн үнэгүй болж. Муу цаг гэдэг л энэ байх. Намайг энэ хэрэгт холбох гэвэл санасны гарз, цагийн гарз л болно.Учир нь намайг энд яаж ч холбох гээд холбоос гарахгүй. Тийм юм байхгүй, байгаагүй. Би энэ хэргийн захиалагч биш, хатгагч биш, оролцогч биш, гүйцэтгэгч биш. Тиймээс асуудал Ц.Элбэгдоржид биш, харин над руу зохион байгуулалттай санаатай дайрч, гүтгэж байгаа талд байна гэж л би харж байна.

-Энэ хэргээр далимдуулаад ардчиллын төлөө тууштай явсан хүмүүсийг гутаах санаа яваад байна уу?

-Өмнө нь тийм байсан. С.Зориг агсан руу яаж дайрдаг байлаа даа. Зоригийг ална гэдэг бол ардчилал руу дайрсан дайралт л байсан. Наадуул чинь Зоригийг ганцаараа, биднийг амархан нугалж болно, гүтгэдэг шигээ хэрэгтэн болгож болно гэж бодоод байгаа юм.

Яг үнэндээ Зоригийн амь насыг бүрэлгэснийг хараад ардчилалд хайртай хүн бүр Зориг болсон. Зоригийг хөнөөсөн зэвсэг бидний зүрхийг шархлуулсан. Алуурчинтайгаа амьдардаг ардчилсан нийгэм гэж байхгүй. Монгол хүнийг хөнөөсөн бол Монголын хууль араас нь очдог л байх ёстой. Алуурчин олддог, холбоо хэлхээс нь тайлагддаг байх нь чухал. Ингэж л эрх зүйт нийгэм тогтоно.

-Таны манай сонинд 2000 оны дундуур өгсөн нэг ярилцлагыг саяхан олж уншлаа. Тэр үед Та энэ хэргийг илрүүлэхэд хөндлөнгийн мөрдөгч, гадны тусламж авах байсан юм гэж ярьсан байсан. Хэрэв тэр үед гадаадын мөрдөгчид ирээд шалгасан бол хэрэг хурдан илрэх боломжтой байсан юм шиг санагддаг?

-Алуурчин тэр дороо баригдана гэж би итгэж байсан. Тэр үед цагдаа л алуурчинг олно гэсэн ойлголттой байлаа. Аллагын маргааш асуусан. Олдоогүй. Нөгөөдөр нь асуусан. Дахиад л олдоогүй гэж хариулсан. Гаднаас туслалцаа авъя гэж тэр үед бодогдсон. Тухайн үеийн цагдаагийн даргаар ажиллаж байсан хүнд өөрийнхөө бодлыг хэллээ. “Хуулийн байгууллагын нэр төрийн асуудал. Бид олж чадна. Энэ хэрэг хурдан илэрнэ” гэж өөдөөс хэлээд болдоггүй. Тэр үед одоогийн өндөрлөгөөс харж байгаа биш. “Та нар олохгүй, чадахгүй” гэлтэй биш. “За хурдан ол, бүх хүчээ дайчил” гээд л гаргаж байсан.

С.Зоригийг оршуулж ирээд асуулаа. “Арай л олдоогүй байна” гэв. Тэгэхээр нь шууд Америкийн элчин ЛаПорта гэж хүнийг урьж уулзаж хүсэлт тавилаа. Мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол надад яагаад ч юм төрөөд байсан. Энэ хэргийг хөндлөнгөөс мөрдөн шалгах, мөн ДНК, кримналистикийн чиглэлийн мэргэжилтэн, багаж хэрэгсэл хэрэгтэй гэж хүсэлт тавилаа. Товчоор бол өндөр хөгжилтэй газраас мэргэжлийн туслалцаа авах хүсэлт.

Хожим сонсоход тэд техникийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр бүх юмаа бэлдсэн байсан. Монгол хэлний сургалтад хүртэл нааш ирэх хүмүүс нь хамрагдаж байсан байдаг. Би ч удалгүй ажлаа өгсөн. Манайхан “өөрсдөө илрүүлнэ, илрүүлж чадна” гээд тэднийг аваагүй юм билээ.

-Би танаас нэг юм асуумаар санагдаад байдаг юм. С.Зориг агсныг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн орой та гэрээр нь очсон уу?

-Очсон.

-Хүн амины ноцтой хэрэг гарчихаад байхад олон хүн орж гарсан гэх мэдээлэл байдаг. Хэрэг гарсан газарт ойртож болохгүй гэдгийг одоо хүн бүр мэддэг. Та тэр үед эргээд асуудалд орно гэж бодоогүй юу. Яагаад орсон юм бэ?

-Тэр үед миний хажууд байгаагүй хэн ч байсан ингэж асуух нь аргагүй. Тэр орой над руу эхэлж ярьсан хүн нь тухайн үеийн цагдаагийн дарга юм. Надад “Зориг хутгалуулчихлаа” гэж л хэлсэн. Би бодохдоо “Хаа нэг газар С.Зориг хутгалуулчихсан юм байна. Бушуухан очиж туслах ёстой” гэж бодсон. Машин дуудан очих замд хамгаалалтынхан энэ талаар тодруулсан. “Гэртээ гэж байна” гэсэн. Би С.Зоригийг үхчихсэн гэж бодоогүй. Хүн алчихсан, амь насаа алдсан гэж бодоогүй. Хүн анд нөхрөө үхсэн гэж боддоггүй юм билээ.

Итгэх аргагүй юм гэж байдаг. Хүнд хутгалуулсан, айж балмагдсан, хүнд хэцүү л байгаа юм уу, бушуухан очъё, тусалъя гэж бодсон. Гэрийнх нь гадаа ирэхэд цагдаагийн дарга хурандаа Мөрөн өөрөө байсан. “Хаана байна” гэсэн “Гэртээ” гэсэн. Тэгээд л явж орсон.

Гэтэл юмаар бүтээчихсэн, коридорт нь хана дагаад Зориг хэвтэж байсан. Үнэхээр цочирдсон. Буцаад гарч ч чадаагүй. Хажууд нь зогссон. Харсан. Үнэхээр итгэх аргагүй. Хэдэн хүн гэрт нь байсан. Сууж ганц нэг үг солиод “Засгийн газрын гишүүдийг дууд, ажил руугаа очлоо” гээд л гарсан.

-С.Зориг алагдсан. Та хэргийн газар руу орж болохгүй гэж танд хэлээгүй юү?

-Юу ч хэлээгүй, одоо л хүн бүр, өнгөрсөн хойно нь их цэцэн болчихоод байгаа юм. Тэр үед чиний хэлж байгаа шиг үгийг хэн ч байсан гэсэн хэлж чадахааргүй байсан байх. Мэдсэн, харсан нь цочирдсон. Тийм юм болсон гэхэд бүгд итгэхгүй л байсан байх. Тэр чинь С.Зориг шүү дээ. С.Зоригийг алчих юм гэж хэн ч бодоогүй. Нэг л бодитой биш, худал юм шиг байсан.

-Та тэндээс гараад шууд ордон руу, ажил руугаа ирсэн үү?

-Тэгсэн.

-Тэгээд юу болсон юм бэ. Та тухайн үед өөрийн эрх мэдлийн хүрээнд ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Засгийн Газрын гишүүд, Их Хурлын гишүүд, Ардчилсан хүчний удирдлага, найз нөхөд гээд бүгд л цугласан. Хууль зүйн яамыг Батчулуун гэж хүн толгойлж байсан. Тэр хүн л ийш тийш яриад. Бид ч бас санаа оноо хэлээд. Гашуудсан, эмгэнэсэн хүмүүс. Би Ерөнхийлөгч рүү ярьсан. Аюулгүйн Зөвлөл хуралдуулах тухай санал хэлээд. Шөнө дөлөөр.

-Тэр үед Н.Багабанди гуай Ерөнхийлөгч байсан биз дээ. Ерөнхийлөгч рүү таныг ярихад хэргийг ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Намайг хэлэхээс өмнө сонссон байсан ч юм уу. Их тайван, тоомжиргүй байх шиг санагдаад байсан. Би өөрөө цочирдож адгасан болоод ч тэгж санагдсан уу. Бараг одоо Аюулгүйн Зөвлөл цуглая, хуралдъя гээд л. Засгийн Газрыг өглөө болонгуут хуралдуулна гэж л тэр үед би хэлж байсан. Энэ үйл явдал чинь баасан гарагийн оройноос бямба гарагт шилжих шөнө болж байгаа юм. Хүн бүр л амралтын горимд шилжсэн байсан үе. Тэр шөнө, одоо болтол олонд хэлээгүй нэг шийдвэрийг би гаргасан юм.

-Ямар шийдвэр байх вэ?

-Хэрхэн олон нийтэд зарлах тухай. Үнэхээр хэн ч итгэмгүй, аюултай юм боллоо. Энэ хэмжээнд яаж хүмүүст ийм болсон үйл явдлыг хүргэх вэ гэж л бодогдоод. Тэр үед Улсын Радио, Телевизийн удирдлагыг Засгийн Газраас шууд томилдог байсан юм. Маргааш өглөө Радио, Телевизийн бүх хөтөлбөрийг зогсоо. С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөлөө гэсэн утгатай бичиг гаргаад, тийм үг хэлээд гашуудлын хөгжим явна. Өөр ямар ч нэвтрүүлэг явахгүй.

Монголын ардчилал, ард түмэнд учирсан аймшигт гарз хохирлыг ингэж ойлгуулъя, хүргэе гэж, тэр үед нэг тийм шийдвэр толгой мэдэн гаргасан юм. Тэнд байсан хүмүүс ч дэмжсэн. Мэдээ яг ийм байдлаар гарсан. Хүмүүс үнэхээр цочирдож хүлээж авсан. Ганц нэг нь бас “Юун сүртэй мэдээлдэг юм” гэсэн байдал ч байсан.

-Хэрэг гарсны маргааш өглөө нь таныг намынхаа байрны тэнд бараг “инээмсэглэчихсэн”явж байсан гээд яриа гарсан. Саяхан тэр талаар бас сошиалоор явж байна лээ?

-Инээмсэглээд байх юм юу байх вэ. Наадах чинь хоёр учиртай. Нэг нь, тааралдсан хүн бүр л өглөө радио нээсэн чинь, зурагтаа асаасан чинь шууд тийм юм яваад, ямар аюултай юм болов оо гэсэн байдалтай байсан. Тэр үед хүмүүст ингэж хүргэсэн нь зөв болж гэж бодогдож байсан. Мөн хоёр дахь нь гол. Ерөөс тэр хагас, бүтэн сайн гэхэд, бараг тэр өдрөө нөгөө аймшигт аллага үйлдэгчид баригдана гэсэн итгэл надад байсан.

Хариуцсан сайд нь, Цагдаагийн удирдлага бүгд л тиймэрхүү итгэл төрүүлсэн мэдээлэл өгч байсан юм. Алуурчин олдоно, хүмүүс харна. Зоригийг алсан этгээдийг одоохон сарвайтал чирээд гаргаад ирнэ гэсэн л итгэлтэй байв. Ингээд бодоход өөрийн эрхгүй тийм харагдсан байж магадгүй. Инээмсэглэсэн биш, алуурчинд хорссон л явсан. Бас үгээр хэлэх аргагүй гашуудаж байсан. Тэгээд маргааш нь байх, бүтэн сайнд гашуудлын цуглаан хийсэн санагдаж байна.

-С.Зоригийг байтугай, таны яриад байгаа мэдээлэл, цуглааны тухай “А”-ч мэдэхгүй, тэр үед төрөөгүй байсан хүмүүс энэ хэргийг шүүдэг болсон. Таныг Ерөнхийлөгчөөсөө буухаас өмнө энэ хэргийг илрүүлсэн гавьяаг авах гэсэн.Зарим нь үүнийг зохиогч нь Ц.Элбэгдорж өөрөө гэж л шуугиулаад байна?

-Хэргийг зохиодоггүй. Хэргийг үйлддэг. Зохиолоор хэрэг илрүүлнэ гэж байхгүй. Тийм зохиол байхгүй. Одоо ял эдэлж байгаа гурван хүн, дээр нь тэр гэртэйгээ шатсан нэг хүн гээд. Энэ дөрвийн хүрээнд С.Зоригийн алуурчин байгаа нь хуулиар тогтоогдсон. Үүнийг мэргэжлийн хуулийн хүмүүс удаан хугацаанд, хэцүү нөхцөлд мөрдөн шалгаж тогтоосон. Түүнийг шүүх хянаж үзээд шүүн таслах шийдвэрээ гаргасан. Хэрэв өөрчлөх бол дахиад хуулиар энэ асуудал явах байлгүй дээ.

Харин хэрэг шалгах явцад алдаа гарсан бол түүнийг шалгах ёстой. Хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгэх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй. Хэрэг гарсан шөнөөс өдий болтол явсан мөрдөн шалгах, алуурчныг олж тогтоох ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Зөвхөн үүнийг уг хэргийн хатгагч, гүйцэтгэгч нар л хүсэж байгаа.

Үүнд нэр төр нь хөндөгдөж байгаа тодорхой хүмүүс бий байх. Мөн өс хонзонгийн сэдэл, хувийн өчүүхэн ашиг хонжоогоо ардаа нуусан этгээдүүд ч яваа.

Тэр өдрөөс хойш зөвхөн би биш, Монгол өөрчлөгдсөн гэж би боддог. Нэг л их харуусалтай, хартай, онцгүй болсон доо.

Дээр нь нэмж бас нэг юм хэлье. Энэ хэрэгтэй холбоотой гаргаж буй үйлдэл, хэлж буй үг, хатгалт, оролцоо, гишгэсэн мөр бүрийг зөвхөн энэ хэргийг шалгаж байгаа хүмүүс төдийгүй хүн бүр тэмдэглэж, эд мөрийн баримтыг баталгаажуулж авч үлдэж байх хэрэгтэй. Одоо чинь юм баримтаждаг болсон цаг. Хүмүүс нээлттэй нийгмийн ачаар юмыг наанатай цаанатай хардаг болсон цаг.

Зарим хүн зөвхөн өөрийнх нь хэлснийг үнэнд тооцох ёстой, эсвэл өөртэй нь адил бодох ёстой, түүний л зөв гэдэгт итгэх ёстой гэж бодоод байна. Энэ бол хэт улайрсан, эсвэл гарах гарцгүй болсон хүнд л төрдөг бодол. Тийм хүнээс гардаг үг үйлдэл. Тэднээр хэргийн нотлох баримт устгуулж болохгүй. Гэрч, хамаарал бүхий этгээдүүдийг дарамтлуулж болохгүй. Хуулиар тэднийг хамгаалах ёстой.

-Хэд хоногийн өмнө УИХ-аас С.Зоригийн гэх хэргийн асуудлаар түр хороо байгуулагдлаа. Энэ түр хорооныхон үнэн мөнийг тогтооно гэдэгт та итгэж байна уу?

-Улс төрд үнэн гэдэг ойлголт харьцангуй. Өнөөдөр үнэн мэт ч маргааш үгүйсгэгддэг. Мөн үнэнийг дундаас нь тасдаж тогтоох аргагүй. Түр хороо ямар ажил хийхийг, ямар дүгнэлт гаргахыг Ц.Нямдорж урьдчилаад хэлж байна лээ. Ийм нөхцөлд түр хорооны гишүүд түүний үгийг баталгаажуулж, түүний хэлсэн дүгнэлтийн дор гарын үсэг зурах л үүрэгтэй болж байна. Ц.Нямдорж өөрийн үйлдэлдээ хань хамсаатан л хайж байгаа хүн. Хуулийг завхруулах, хэргийг замхруулах үйлдэлдээ. Түр хорооны ажлыг хожим бас нэг түр хороо шалгах хэрэг гарах байх.

Ц.Нямдорж уг нь “Хуулийн байгууллагын ажлыг УИХ, улс төрчид авч хийж болохгүй” гэдэг байр суурийг урд нь их тод илэрхийлдэг байсан хүн. Түүний хэлж байсан үг яриа УИХ-ын хуралдааны тэмдэглэлд бий.

Зарчмаасаа гажсан хүн үнэнийг харах чадвараа алддаг. Үүний оронд нээлттэй сонсгол хийсэн нь дээр. Тэр буруутгаж байгаа хуулийнхнаа, бусад шаардлагатай хүмүүсийг дуудаад, нууцаас гаргасан хэргээ бүгд хувилж өмнөө тавиад, бичлэг, нотлох баримтаа харж байгаад нээлттэй ярилцах нь зөв.

-Тэгвэл дахиад шүүх хурал маягийн юм болох юм биш үү?

-Үгүй. Парламентын нээлттэй сонсгол бол ардчилсан, эрх чөлөөт нийгэмд байдаг зүйл. Харин хууль шүүхийг үгүйсгэсэн түр байгууллага биш. Хамгийн гол нь мэдээлэлд ойрхон байгаа нь мэдээллийг өөрийн үйлдэлдээ тааруулж монопольчлоод байж болохгүй. Шүүх юу үзэж, ямар нотолгоо, бичлэг, баримт харж, гэрчийг сонсож шийдвэр гаргасан. Түүнийг бүгд үзэх, ашиглах эрхтэй.

Одоо нуух юм үлдээгүй гээд байгаа биз. Мэдээллийг нэг хэсэг нь сонголттой хэрэглэж болохгүй. Бүгд мэдээллээр ижил тэгш хангагдаж байж л үнэн тодорно. Эс бол өнөөдрийн энэ попорсон тоглолтоос алуурчид, ард нь байсан, байгаа хатгагчид дахиад л хожих болно.

-Та Ц.Нямдорж сайдын үзүүлдэг хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзсэн үү. Өмнө нь ҮАБЗөвлөл ямар нэг бичлэг болон хэргийн материалтай танилцаж байсан уу?

-Намайг байхад Аюулгүйн Зөвлөлийн хурлаар бичлэг үзэж, шүүхээр шийдсэн хэргийн материалтай танилцаж байсан юм байхгүй. Бүр найман жилийн өмнө хэргийг шалгаж буй явцын тухай мэдээлэл сонсож, хуулийн байгууллагын хүсэлтэд үндэслэн ҮАБЗөвлөлөөс Зөвлөмж гаргаж байсан.Тэр бичлэгийн хувьд би үзээгүй. Надад эргэлзээ байгаа. Бичлэг хамт үзсэн гэх Их хурлын хоёр гишүүн хүртэл тэс хөндлөн юм яриад байгаа. Бусад хүмүүс ч адил. Хорих байрны бичлэг дуу дүрсний хувьд “Монгол HD” шиг тийм өндөр чанартай байх уу? гэж зарим нь ярьж байсан.

Тэр бичлэгийг сэргээсэн гээд байгаа. Ямар бичлэгээс сэргээсэн. Эх бичлэг нь хаана байгаа юм. Хэн түүнийг эвлүүлэв. Хаана, хэний удирдлага, зааварчилгаан дор, ямар зорилгоор гээд. Бичлэгээс юуг нь хасах, үлдээхийг хэн найруулав. Олон асуулт, эргэлзээ бий. Үнэхээр тийм юм болсон уу.

Аль эсвэл зарим хүний хэлж байгаагаар зохиож эвлүүлсэн үү. Шалгаж байгаа, илрүүлэлт нь үргэлжилж байгаа хэргийн дундуур гарсан холбоотой ийм үйлдэл бүрийг, энэ бол ноцтой явдал, нягтлах ёстой. Хэргийн захиалагчийг одоо болтол хайж л байгаа.

Тэр бичлэгтэй холбоотой асуудлыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг эрт, орой хэзээ нэг цагт заавал авч үзэх ёстой. Түүний ард хэргийн хатгагч, ул мөрийг баллах гэсэн санаатай үйлдэл ч байж магадгүй.

-С.Зоригийн хэрэг гээд бид яриад сурчихсан. Уг нь түүний амийг бүрэлгэсэн хэрэг. Энэ хэрэгтэй холбоотой ийм зүйл дутуу шалгагдсан, эсвэл тэр хүнийг шалгах ёстой гэсэн бодол танд байдаг уу?

-Хуулийнхны хийх ажлыг би заахгүй. Гэхдээ энэ бол домог болсон хэрэг. Домгийн үнэнийг олж тогтоох хэцүү. Учир нь энэ хэргийг илрүүлэх үйл явц маш удсан, маш адармаатай, бидний амьдарч байгаа, бүтээх гэж зовж байгаа нийгмийн нэг хэсэг болсон хэрэг. Амьдралын нэг хэсэг юм даа. Үүнээс болж хохирсон, зовсон түмэн хүн бий.
Энэ хэргийг үйлдсэн хүмүүс өөрсдөө тун хурдан илэрнэ, баригдана гэж бодож байсан байх. Нийгмийн бүх анхаарал ийш чиглэж байсан. Ингэж удах юм гэж тэд ч бодоогүй байх.

Гэтэл, тэр үед цаазгүй байсан бол, энэ хэргээр шийтгэгдсэн хүмүүс шоронд ялаа эдлээд гараад ирэх хугацаа бараг өнгөрлөө. Энэ хооронд аллагын гүйцэтгэгч, захиалагч юу эсийг хэлэлцэж, бодож, зохион байгуулсан байх вэ?

Тэдний хөөлгөсөн чулуу бүрийг сөхөж, хэрэгтэйгээ хамт зовж шаналж, доромжлуулж гүтгүүлж тамаа идэж явсан, одоо ч тэгж яваа, энэ хэргийг илрүүлэх гэж зүтгэсэн, зүтгэж байгаа хүмүүст талархах ёстой гэж би боддог. С.Зоригийг мэддэг, түүнийг хөнөөсөнд гашуудан харамсаж явдаг, ардчилал эрх чөлөөг үнэлдэг хүн бүр ингэж боддог байх. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэж.

Энэ хэргийн хойноос явах нь тамын ажил гэдгийг шалгаж байсан, шалгаж байгаа хүмүүс нь хамгийн сайн мэдэх байх. Харин аллага үйлдсэн хүмүүс ямар янзтай сууж байсныг шүүх хурлын үеэр олон түмэн нүүрнээс нь харсан л байх.

-Та С.Зоригийг алсан хүмүүсийг олсон гэдэгт итгэж байна уу.Дахиад хэлэхэд, Хууль зүйн сайд маань энэ гурван хүн биш гэж байгаа шүү дээ?

-Муу бодол халдвартай байдаг. Муу бодлоос муухай үйлдэл гардаг. Манайхны сайныг өмөөрөөх дархлаа устаж, муугийн мууг үлээгчдийн өвчим халдвар газар авч байна. Гэхдээ би Монголын хууль, шүүхэд итгэсээр явах сүүлчийн хүн ч болж үлдэж магадгүй. Би хууль, шүүхэд итгэдэг. Алуурчдыг манай хууль шүүхийнхэн олж тогтоосон гэдэгт эргэлзэхгүй байна.

Харин хатгагч бусад захиалагчийг олох маш ойртсон байсан. Аллагыг үйЛдсэн хүмүүс ч тэрнийг илчлэхэд ойрхон байсан байх. Гэтэл Хууль зүйн сайд нь “Та нар С.Зоригийг алаагүй. Та нар хэлмэгдсэн. Та нарыг тамласан. Би мэдэж байна. Хэрэг удахгүй задарна. Энэ хооронд эмнэлэгт хэвт. Та нар ялтан биш болсон. Цагаадна. Би уучлал гуйж байна.

Би та нартай уулзана. Би, бидний хүмүүс шударга ёсыг олно, тогтооно. Илүү дутуу юм бүү ярь, тэсэж үз. Түр хороо байгуулна. Та нарыг илрүүлсэн, олсон гэж байгаа хүмүүст хариуцлага тооцно. Шоронд хийнэ. Шонд өлгөнө” гээд л. Ийм утгатай юм ярьж үйлдээд хүрэнтэж улайсаад давхиад байдаг. Тийм Хууль зүйн сайд ямар ч алуурчинд мөрөөдөөд ч олдохгүй. Тэд ингэнэ чинээ зүүдлээ ч үгүй байх. Өөрсдөө ч гайхаж, итгэж ядаж байгаа болов уу.

-Ц.Нямдорж сайдын таны хэлээд байгаа үйлдэл энгийн үзэгдэл үү. Та юу гэж бодож байна вэ?

-Миний ухаанд бол багтахгүй. Асуудал байгаа бол хуулиар шалгадаг чиг үүрэгтэй газар, ажил хариуцсан хүмүүс бий. Би зүгээр л “Зоригийг алсан хүний хойноос яваад үзээрэй. Ингэнэ шүү, Зоригийн алуурчдаар оролдоод үзээрэй. Хохь чинь шүү” гэж байна уу гэж заримдаа бодох юм. Зоригт, ардчилалд дургүй байж болно. Гэхдээ хүний амь нас хөнөөсөн хэргийг шүүхийн өмнүүр орж задална, самарна гээд байж болохгүй. Тэр тусмаа улстөрч хүн.

Гэхдээ тэр хүмүүс үнэнээ хэлэх цаг ирнэ гэдэгт би эргэлздэггүй. Энэ хүмүүс хорвоогийн үнэнд үнэнч явах уу, Нямдоржийн үнэнд үнэнч явах уу гэдгээ сонгож л таараа. Үнэнээ хэлж л таарна. Өөрсдөө тэр үнэнийг мэдэж байгаа. Үйлдсэн нүглээ эдлэх ёстойгоо мэдэж байгаа. Үнэн тогтож л таараа. Хууль хар цагааныг байранд нь тавина. Тэр үед одоогийн өмнөөс нь гүйгээд байгаа хүмүүс яах бол.

Мууг, нүглийг нүгэлтнүүд өөрсдөө илчилдэг, бас далдлах гэж гүйдэг. Өөрсдийгөө хуурч байгаа юм. Яахав, яахав хийх гэснээ хийг. Тэр тусмаа уудаг цаасан дээгүүр бэхтэй гутлаар туучиж байгаа юм шиг өөрийгөө илчилсээр байх болно. Ул мөр нь тодорно. Нэг л өдөр үнэн дүр төрх нь илчлэгдэнэ.

Харин УИХ их тусгүй шийдвэр гаргасан. Энэ Түр хороо гэдэг юм өөрөө хууль бус. Хууль тогтоох, шүүх хоёр бол ижил тэнцүү эрх мэдэл. Тус тусдаа, бие даасан байх ёстой юмыг нэг болгож болохгүй. Шүүхийн ажлыг улстөрчид хийж болохгүй. Түүх ийм буруу шийдвэрийг хэзээ ч зөвтгөхгүй.

-Түр хороо байгуулах шийдвэр Үндсэн Хуулийн Цэц рүү явна гэж та бодож байна уу?

-Би Цэцийг маш их гайхаж байгаа. Өнөөдрийн болж байгааг Б.Чимэд гуай харсан бол юу гэх байсан бол. Төрийн жинхэнэ хуульч хүн. Тэрбээр Цэц Үндсэн Хуулийн үг, үсгийг төдийгүй үзэл санааг хамгаалах ёстой гэж сургадаг байв. Шүүх, хуулийн бие даасан, хараат бус байдлыг устгасан шийдвэрийн талаар таг. Гомдол очсон гээд шуугиад л байна. Хуулийн байгууллагын ажлыг булааж байгаа тогтоолын тухай ч таг. Нөгөө захиргааны хуулийн өөрчлөлт хийгдвэл бас л таг байх уу.

-Та түрүүн цаазын ял гэж цухас дурдлаа. Цаазын ял байх ёстой гэж үздэг хүн цөөнгүй бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийн явцыг харахад тийм ялгүй байсан нь дээр ч юм шиг. Таныг энэ хэрэгт зориулаад цаазын ялыг алга болголоо гэвэл та юу гэж хариулах бол?

-Яахав дээ, намайг хардаж харлуулж дуусах биш, Би ажлынхаа эхний өдөр энэ шийдвэрийг гаргасан юм. 2009 оны зургаадугаар сарын 18-нд тангаргаа өргөчихөөд өрөөндөө орлоо. Тэгсэн чинь миний ажлын өрөөний ширээн дээр нүүрийг нь доош харуулж тавьсан хоёр албан бичиг байсан. Цааз авсан ялтны амь гуйсан хүсэлттэй холбоотой. Амь уучлах хүсэлтийг хүлээн авч уучлах, эс уучлах гэсэн Зарлигийн төслүүд. Би хоёуланг нь уншиж дуусаад “Амь уучлах” гэсэн цаасыг сонгосон юм. Нэг үгээр хэлбэл амийг сонгосон.

Хүний амь, нэр төрд хүндэтгэлтэй хандах миний байр суурь бол Ерөнхийлөгч болоод ч надад төрсөн юм биш. Олон нийтийн тусын тулд зүтгэж эхэлсэн эхний өдрөөс л надад байсан итгэл үнэмшил. 1991 оны өвөл Ардын Их Хурлын танхимд, шинэ Үндсэн хууль хэлэлцэж байхад шүү. Хүний амьд явах эрхийн асуудал яригдахад “Монгол Улс цаазын ялгүй улс болох ёстой” гэдгийг хэд хэдэн үндэслэл гаргаж хэлсэн миний үг тэр үеийн тэмдэглэлд байдаг юм.

-Эртний явдал гэж Та хэлээд байна. Аллагыг төрийн түүхэнд зогсоох бол Том зүрхтэй хүний хийдэг ажил байх аа?

-Би баримт түшиж ярьж байна. Ер нь монголчуудын түүхтэй бие биеэ алж ирсэн түүх салшгүй холбоотой явдаг. Муу хүн нэгнээ алахыг зогсоох хэцүү. Төрөөс хүн алахыг зогсоож болно гэж үзсэн л хэрэг. Амьд явбал юмны учир олдоно. Энэ Зоригийг алсан асуудал дээр ч адилхан. Буруу юм болсон бол хүн нь амьд байхад алдааг залруулж болно. Би боддог юм. Цааз байгаад энэ гурвыг цаазалчихсан бол зарим хүн ингэж улайран, улайран үхсэн хүний хойноос ингэж явах байсан уу гэж.

Магадгүй хүний хийсэн хэрэг нь биш, эд амьд байгаа нь зарим хүнд айдас хүйдэс төрүүлээд байгаа юм биш биз гэж.

-Та бид хоёр Зоригийн аллагын тухай гайгүй сайн ярилаа. Зоригийг тэгж алах ямар шаардлага тэр үед байсан бол гэж боддог вэ. Нэмээд бас нэг юм асууя. Таныг энэ хэрэгтэй холбоотой асуудлаар ном бичиж байгаа гэж сонссон?

-С.Зоригийг алсан явдал үнэхээр санаанд багтамгүй зүйл болсон. Тэр үед нийгмийн оюун сэтгэлгээ эв эрүүл, дархлаа сайтай хэвээр байсан. Хордуулдаг, өвчлүүлдэг хүн цөөхөн, халдвар ч газар авдаггүй байж. Миний эргэн тойронд ч хүний зүүдэнд орохгүй зүйл. Тэр үед бидэнд “ардчиллын хүүхдүүд” гээд ард түмэн хайртай байдаг байсан. Юун алах. Зарим нь улс төр, үзэл суртал ярьж хуучны инерцээрээ биднийг муу хэлж дайрахад хүмүүс, ялангуяа ахмадууд өмөөрөөд сүйд болдог байсан.

Миний хэлсэн үгнүүд байгаа. Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын цуглаан, оршуулах ёслолд оролцож хэлсэн үгнүүд. С.Зоригийг таньсаар, мэдсээр байж яагаад түүнийг зэрлэгээр хөнөөв гэж. Хүн андуурсан байж болно. “Өө Зориг байна” гээд алахаа болино гэж л бид бодож байсан. С.Зориг чинь хүн алахын аргагүй тийм хүн гэж. Бид тэгж л нэгнээ үнэлж, хүндэтгэж байсан. Хайрлаж байсан.

Тэр үед миний туслахаар Ц.Оюунгэрэл ажилладаг байлаа. Хэлсэн үгнүүдээ намайг яаж бичсэнийг мэднэ дээ. Үгнүүдээ бичиж байхад нулимс өөрийн эрхгүй асгараад байсан. Оюунгэрэл тэнд миний үгийг шивж байхдаа бөөн нулимс. Би лав зөвхөн хэлэх үгээ бичиж хоёр өдөр уйлсан. Одоо бодоход худал байх, сүртэй юм гэж хэлж магадгүй. Тэр үед ёстой хүрэл зүрх хайлна гэгч л болж байсан.

Тэр өдрөөс хойш зөвхөн би биш, Монгол өөрчлөгдсөн гэж би боддог. Нэг л их харуусалтай, хартай, онцгүй болсон доо. Номын хувьд ном байтугай юм хийнэ гэж боддог. Их юм бий. Зөвхөн мэддэгээ, үзсэн харснаа сийрүүлэхэд. Хэлбэрээ хайгаад л байгаа. Бас хариуцлага гэж юм бий. Гоомой хандаж болохгүй. Үнэн байх ёстой. Би өөрийгөө зүгээр ч нэг бичээч биш гэж боддог. Түүхэн цаг үеийн гэрч. Миний ярьсан, бичсэнийг түүх сонирхож л таарна.

Улс төр

Н.Энхбаяр: Засгийн газрыг Ерөнхийлөгч удирдах нь зүйтэй

Published

on

By

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо. 

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өнөөдөр УИХ, ЕТГ-аас хамтраад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ, Засгийн газрын гишүүд хоорондоо хэлэлцээд батлах гээд байгаа нь учир дутагдалтай гэж үзээд энэхүү хэлэлцүүлгийг шаардаж байсан. 

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд ойлгомжгүй зүйлийд байна. Зарим нь хоёр төсөл өргөн барьсан гээд байдаг. Мэдээллийн сайтуудыг үзэхээр дөрөв таван төсөл шиг харагдаад байгаа. Аль төслийг хэн нь өргөн барьсан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс яг аль төслийг нь яриад байгаа вэ гэдгийг тодотгох хүсэлтэй байгаа. Эрх баригчид энэ будлиантай зүйлээ “Ард түмэн сайн ойлгохгүй болохоор нь энгийн болгосон” гэж тайлбарлаад байгаа. Гэвч УИХ дээр танилцуулсан төслөө иргэдэд ойлгомжтой маягаар өөрчилж болдоггүй. 

Хоёрдугаарт, Энэ хэлэлцүүлэг маань хуулийн дагуу явах ёстой. Тиймээс энэ хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн ил тод байдлыг оролцуулах хүсэлтэй байгаа. Тэгэлгүй өнөөдөр товчхон товчхон тайлбар хийх нь учир дутагдалтай юм” гэлээ.

Хоёр төсөл, хоёр гүйцэтгэх засаглалтай холбоотой юу?

Үндсэн хууль маань онлын дагуу явах ёстой. Харамсалтай нь зарим гишүүд маань нэг эсвэл хэсэг хүмүүсийн талаар ярьж байгаагаа Үндсэн хуулийн өөрчлөх ёстой мэтээр тайлбарлаад байгаад харамсаж байна. 

Уг нь Үндсэн хуулийн Засаглалын эрх мэдлийн хувиарлах онлын дагуу буюу бие биенээсээ шалтгаалдаггүй, бие биеныхээ хэрэгт хутгалдан ордоггүй харин бие биеныгээ хянадаг, шаардлагатай бол хариуцлага тооцох

Тухайлбал, Нэг нь зөвхөн хууль тогтоох ажил хийнэ, нэг нь зөвхөн хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх ажил хийх, нэг нь зөвхөн шүүх ажил хийх ёстой. Энэ гурвыг зөвхөн ард түмэн сонгох ёстой. 

Харин одоогийн байдлаар парламентийг ард түмэн сонгодог боловч, Засгийн газрыг сонгож чаддаггүй. Тиймээс хаана Засгийн газар дуусч, хаана парламент эхлэж байгаа нь мэдэгдэхгүй холилдож байна. Тиймээс парламент,  Засгийн газартайгаа хариуцлага тооцож чаддаггүй. Ийм учраас сүүлийн 27 жилд манай улс хариуцлагын сиситемгүй улс боллоо гэж бид шүүмжилж байгаа. 

Тиймээс Засгийн газрыг ард түмэн өөрөө байгуулъя гэж уриалж байгаа. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоно. Харин Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох хэрэгтэй. УИХ-д намуд өрсөлдөөд олонхоороо парламентаа удирддаг болох хэргэтэй. 

Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох юм бол түүний засгийн газарт нэг ч парламентийн гишүүн байхгүй болох боломжтой. Ингэж байж бие биенийгээ хянах учиртай. Тэгэхгүй бол одоогийн хуулиар олонх болсон намын дарга Засгийн газар, парламентаа давхар удирдаад байгаа юм. 

Энэ тал дээр Ерөнхийлөгч тууштай байх хэрэгтэй. Энэ төслийг оруулж ирснээр “би өөрийнхөө талаар ярьж байна” хэмээн бодох хэрэггүй. 

-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох дээр таны бодол?

108 бол арай дэндүү их байна. Бид бол 55 гишүүн болгоосой гэж бодож байгаа. 

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Үндсэн хуульд халдахад зөв үзэл, зөв сэтгэл, зөв зүтгэл хэрэгтэй

Published

on

By

Улсын Их Хурал өөрийн санаачилгаар зохиосон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өөрөө өөртөө өргөн барьж, чуулганы хуралдаанд оролцогсдын 98.4 хувийн саналаар хэлэлцэхээр  шийдэж,орон даяар сурталчилан ухуулж, олон түмний дэмжлэг олохыг хичээж байна.

Энэ нь 2015 оноос хойш зохиож ил гаргасан дөрөв дэх төсөл юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ынхан огт өөр төслийг “гүнзгий дүн шинжилгээ, олон түмний” санаа бодлын үндсэн дээр боловсруулсан хэмээн өргөн сурталчилгаа явуулж байсныг Монголын нийгэм мартдаггүй байлтай. Энэ удаад ч мөн л дээрх маягийн тайлбар хийж,чухамхүү энэ төсөл Монгол орныг төрийн доройтол,улс төрийн /тогтолцооны/ хямралаас гаргана хэмээн ухуулах ажээ. Гэтэл олон түмний санаа байтугай, бүх ард түмнийхээ сонгосон Төрийн тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, байр суурийг албан ёсоор авч тусгаагүй юмсанж.

УИХ-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд ингэж хошууран шимтсэний учир шалтгаан хэдий сонирхолтой боловч эхлээд асуудлын мөн чанар, гол утга агуулгын талаар санаа бодлоо илчилсү.

1.Гол зарчим, зангилгаа асуудал

ХХ зуун дэлхий нийтийн улс төрийн философид  үлдээсэн нэгэн үл гандах үнэт өв нь “Ерөнхий зарчмаа шийдэлгүй ангид асуудал барьж авсан хэн боловч алхам тутамдаа будилж, мухардалд ордог” гэсэн сургааль юм.

Энэ томъёоллыг дэвшүүлсэн тэр онолч бол хүн төрөлхтний түүхэнд Чингис хааны дараа орох их гүрнийг цогцлоон байгуулсан В.И.Ленин мөн.

Нийгэм-улс төрийн аливаа төвөгтэй асуудалд хандах зарчмаа зөв тодорхойлбол уг асуудлыг шийдэх зангилааг олох нь төмөр хаалтыг түлхүүрээр нээхтэй адил билээ. Түлхүүргүй бол төмөр хаалтыг өшиглөөд яах вэ дээ.

УИХ-ын “ухуулаг­чид” Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон гол  шалтгааныг засаглалын хуваарь алдагдсанаар тайлбарлаж, сүүлийн 20-оод жил Засгийн газрын дундаж нас 1.8 жил байсныг нийгмийн амьдралын бүх бэрхшээлийн гол эх сурвалж болгон ухуулахыг хүлээн зөвшөөрч, итгэвэл дэндүү гэнэн хэрэг болох нь даанч илэрхий.

Засгийн газрын тогтворгүй байдал, түүнээс улбаалсан хямралын гол хариуцах этгээд нь УИХ өөрөө мөн билээ. УИХ-ын гишүүдэд Монгол төрийн сайдын алба хаших хүчлийн гаж дон өвчин дэлгэрч, тухайн салбарын талаар “А” үсэг ч үгүй эрхмүүд нийгэм, эдийн засгийн гол салбаруудыг сандайлсаар өдийг хүрсэн нь “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” хэмээсэн Монголын төрт ёсны сургаалыг үл ойшоосны илрэл мөн бус уу.

УИХ-ын гишүүд аль ч намын эрх барих үед, Засгийн газрыг огцруулах санал, санаачилга гаргахад уралдах гаж донгийн уг үндэс нь тэдний хувийн шунал,эрх мэдлийн мөрөөдөл төдий биш юм. Төрийн эрх мэдэл олигархи бүлэглэлүүдийн гарт орж, тэд ашиг сонирхлоо засгийн бодлого,үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх, төрийн төсвийн хөрөнгийг өөрийн хүүдий рүү урсгахын төлөө тэмцэл нь Засгийн газрын тогтворгүй байдлын үнэн шалтгаан болж ирснийг үгүйсгэх аргагүй. Олигарх бүлэглэлүүдийн засаглал улс орны эдийн засгийг, нийгмийн амьдралыг тэтгэх агуулгыг нь гажуудуулж, мөлжиж олсон ашиг хуримтлалаа гадагш зөөж, мөнгөний ханшийг унагаагчдын бодлогоор хөөрөгдөж  ирэв.

Үндэснийхээ эдийн засгийг өөрийгөө  нөхөн сэргээх чадваргүй, болтол сулруулж, гадаадын зээл, “өрийн эргүүлэг”-т оруулан, ирээдүй хойч үеийн амьдралыг өрийн барьцаанд тавьж “мөнгө угаах” нь хэвшсэн бодлого болов. Олигархи засаглалын эцсийн үр дүн нь нэг талдаа эгэл иргэдийн амьдрал хүндэрч, амьдралын замаа эхэлж буй залуучууд “малиндуулж”, байгаад ч болов гадаадад гарахыг зорих нь олширч байхад, нөгөө талд нь үндэсний баялаг цөөхөн олигархийн гарт орж, тэдний ноёрхлын баталгаа болов.

Олигархиуд төрийн эрх мэдлийг авахдаа хутга барьж, буу шагайж ирээгүй. Тэд хуучин нийгмийн тогтолцооноос монголчуудын сэтгэлгээнд үлдсэн НАМ шүтэх үзлийг зайдалж, намуудыг мөнгөөр угжин, толгойг нь эрхшээн төрийн сонгуульд намыг төлөөлөн нэр дэвших аргыг сонгосон юм. Сонгогчид  Үндсэн хуулиар баталгаажсан төрөө сонгох эрхээ эдэлж байна хэмээн нэр дэвшигчдийг шүүж тунгаахыг хичээх боловч гол нэр дэвшигчдийн өнгө нь бор,шар болохоос уг чанартаа адилхан “хулгайч чоно” байдаг нь сонгуулиас сонгуульд улам тодорхой болж ирэв.

Энэ бүхнийг цогцоор нь  авч үзвэл, одоогийн Монголын нийгмийн хамгийн гол асуудал нь олигархи засаглалыг төргүүлэгч тогтолцоог  өөрчлөх явдал мөн гэсэн дүгнэлтэд хүрнэ. 1992 оны Үндсэн хуульд “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн цогцлуулан  байгуулахыг зорино” хэмээн тунхагласан атал одоогийн байдлаар баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдэлтэй олигархиудын хуульгүй ноёрхол, авлигажсан төрийн тогтолцоо газар авсаар байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн байгуулал Үндсэн хуульд тунхагласан мөн чанараасаа гажуудсан, хүн төрөлхтний түүхэнд тийм ч олон тохиолдоогүй бурангуй тогтолцоонд шилжиж байна.

2.Тогтолцооны гажуудал, 1992 оны Үндсэн хууль

1990-1992 онд монголчууд шинэ нийгмийн замналыг сонгохдоо олигархи засаглалтай, зэрлэг капитализмыг зориогүй, хүсээгүй. Эрх чөлөөтэй, шударга нийгмийг хүссэн. Тэр хүслээ Үндсэн хуульдаа шингээж, Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохыг тунхагласан. Гэвч энэ л Үндсэн хуулийн орчинд, энэ л Үндсэн хуульд үнэнчээ илэрхийлж тангараг өргөсөн төрийн ноёд, түшээдийн үйлсээр олигархи засаглалын ялзарсан тогтолцоо төрж төлөвшиж байна. Иймээс 1992 оны Үндсэн хууль олигархи засаглал төрөх боломжийг агуулдаг уу гэсэн асуулт аяндаа гарна.

Удирдахуйн шинжлэх ухаанд нэн нэр хүндтэй “Мэрфийн хууль”-д  өгүүлэх нь:

-Нэгэн зүйл. Хэрэв аливаа шийдвэр буруу, зөв хэрэгжих хоёр боломжийг агуулж байгаа бол эхлээд заавал буруу хэрэгжинэ.

– Нэгэн зүйл.Хэрэв таны шийдвэр хүсэмгүй үр дүнд хүргэх бол тэр нь хамгийн эгзэгтэй цаг үед хамгийн хүнд уршигтай илэрнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, аливаа шийдвэр буруу ойлголт, үйлдэл төрүүлэх цоорхойгүй байх ёстой гэсэн үг л дээ. 1992 онд Үндсэн хууль батлахдаа Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр шаттай парламентаас татгалзаж, 76 хүнтэй парламентыг “төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээн тогтоож,түүнийг эзэгнэх эрхийг улс төрийн намуудад өгсөн юм. Энэ нь нийгмийг одоогийн гажуудалд хүргэх магадлалын хоёр хаалга нээжээ. Тухайлбал,

1.Ард иргэдийнхээ санаа бодол,хүсэл тэмүүллийн хамгийн өргөн төлөөлөл болох чадвартай АИХ-аас татгалзсанаар төрийг иргэдээс нь салгах анхны том алхам хийв.

2.Тэр үеийн намууд улс нийгмийн зам мөрийн талаарх үзлээрээ нэгдсэн иргэдийн улс төрийн байгууллага байлаа. Гэтэл 20 жилийн дараах либерал орчинд улс төрийн намууд биеэ үнэлэн худалдаж, олигахи бүлэглэлийн эрхшээлд орж, тэдний эрх мэдэлд хүрэх гишгүүр болсон нөхцөлд буюу “нам”-ууд нэртэй “мам”-ууд төрсөн нөхцөлд төр байгуулахад оролцох онцгой эрх нь хэрхэн буруу ашиглагдахыг 1992 онд урьдчилан харахад нэн бэрх байжээ.

Одоогийн Үндсэн хуульд 1999-2000 оны “Доройтуулсан долоон заалт” онцгой үүрэг гүйцэтгэдэг. 1992 оны Үндсэн хуульд Ерөнхий сайдыг эрх баригч нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д Ерөнхийлөгч санал оруулахаар тогтоосон байсан. Гэтэл дээрх өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө” гэсэн ойлголтыг бичиг цаасаар мэдэгдэх төдийгөөр хязгаарлаж, Монгол төрийн нэн их хариуцлагатай албан тушаалтныг Төрийн тэргүүний байр сууриас гадуур шийдэх боломжийг нээсэн юм. Ингэснээр төрийн удирдлагын нэгдмэл байдалд гүн гүнзгий ангал үүсэх нөхцөл бүрдүүлсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулаад зогсохгүй Ерөнхий сайдын дархлааг сулруулж, УИХ-ын зарим “гаж донтон” гишүүд дураар авирлах боломж олгосныг олонтаа харлаа. Түүнээс гадна, сүүлийн 20-оод жил УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болно гэсэн бичигдээгүй хууль Үндсэн хуультай зэрэгцээ үйлчлэх боллоо. Ийм нөхцөлд сонгуульд оролцогч намууд худал хуурамч амлалтаар сонгогчдоо мэхэлж, мөнгө хөрөнгийн бэлээр санал авах нь улс төрийн ёс суртахууны хэвийн хэм хэмжээ болж, олигархиуд намын даргын суудлын төлөө мөнгө хайрлахаа больсныг нийтээр үзсээр ирлээ.

Одоогийн Үндсэн хуульд улс орны амьдралын нэг гол үндэс болсон санхүүгийн засаглалын дүрмийг тогтоосон хариуцдагын заалт байхгүй. УИХ нь Засгийн газраас оруулсан улсын төсвийн төслийг яаж ч өөрчилж болж байна. Жилд бүтээсэн үндэсний баялгийн 40 хувийг улсын төсвөөр дамжуулан хуваарилдаг. Ийм нөхцөлд ашиг сонирхлын явцуу бүлэглэлүүд  төрийн эрх мэдэлд хүрч, төсвийн хуваарлилтад оролцох нь “хүслийн дээд”  болох нь ойлгомжтой. Үндсэн хуулийн энэ “цоорхой” нь төрийн эрх мэдлийг арилжааны бараа болгоход нэг  гол үүрэг гүйцэтгэсэн. Арилжаа бол олигархиудын мэддэг чаддаг гол үйл ажиллагаа билээ. Одоогийн Үндсэн хуульд Монгол Улсын  Ерөнхийлөгч нь  Төрийн тэргүүний хувьд төрийн салаа салбаруудын бодлого, үйл ажиллагааг нэгтгэн зангидах чиг үүргийг тодорхой заагаагүй юм.Төр хэмээгч организм нэгдмэл  цогц чанартай байхын тулд түүний салаа мөчрүүдийн үйлдэл хөдөлгөөн нэгдмэл зохицуулалттай байх нь амьд бүхний оршихуйн хуулийн үндсэн шаардлага мөн  билээ. Төрийн салаа салбаруудын бодлого, үйл ажиллагаа уялдаа, зохицуулалтгүй  байдал нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд үл ойлголцол, зөрчил үүсгэж, улс нийгмийн  эрх ашигт  ноцтой хохирол учруулах явдал сүүлийн 10 жил олон удаа тохиолдлоо.

Одоогийн Үндсэн хуулийн нэг гол сул тал нь эрх мэдэлтнүүдийн дархлааг хавтгайруулан, төрийн дээд эрх мэдэлд авилгач, луйварчид шургалж, хуулийн гадуур авирлан, хууль тэгш, шударга үйлчлэх зарчмыг хөсөр хаях боломж олгож байгаа явдал юм. Үүний нотолгоо нь одоогийн нийгмийг бухимдуулж байгаа гэмт үйлдлүүд болно. Одоогийн Үндсэн хууль нийгмийн амьдралын суурь зарчмуудыг хэрэгжүүлэхэд агуулга, чанар мөхөсдөж, төрийн тогтолцоог сулруулж байгаа  нь нийгмийн тогтолцооны гажуудал буюу олигархи ноёрхолтой зэрлэг капитализмын замналаас гарахын тулд Үндсэн хуульд гүнзгий өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

3.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, түүний төрөлхийн согог

Улс орны амьдралын зохион байгуулалтын үндэс болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид нийгмийнхээ бодит байдалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, өөрчилж байгаа эрх зүйн орчноос үүссэн алдаа, гажуудлын сургамжийг бүрэн анхаарсан байх нь уг төсөл амьдрах чадвартай байхын наад захын шаардлага мөн билээ. ХХ зууны эхэн үеийн немцийн нэрт улс төрийн зүтгэлтэн Бисмарк “Зөвхөн тэнэг этгээд гагцхүү өөрийн алдаанаас сургамж авдаг” гэж сургасан буй. Энд бусдын алдаанаас сурахын чухлыг заахын зэрэгцээ нэгэн зүйл стандарт тогтоосон нь нэн чухал. Бисмаркийн ойлголт дахь “тэнэг этгээд” гэдэг нь бас ч алдаагаа ойлгох,түүнээс сургамж авах чавартай байх ажээ. Гэтэл энэ цагийн стандартаас дор тохиолдол цөөнгүй. Хэрэв аль нэг этгээд:

-алдаагаа ойлгоогүй бол,

-алдаагаа амжилт хэмээн бахархдаг бол,

-өөрийн алдаан дээр бусдын алдааг нэмж лавшруулдаг бол тэр этгээдийг хэн гэх вэ?

Монголчууд бид одоогийн Үндсэн хуулийн баталснаас хойш өнгөрсөн 27 жилд олсон ололт ч бий. Алдсан алдаа ч цөөнгүй.Тухайлбал:

-Хүмүүнлэг,иргэний, ардчилсан нийгмийг зорино гээд олигархи засаглалтай зэрлэг капитализмд хальтарсан,

-“Азийн бар” болно хэмээн зүтгээд гадны гар харсан “хав” загварын хараат эдийн засагтай болсон,

-Хууль дээдэлсэн, шударга, ардчилсан төртэй болно гээд авлигад идэгдэж, төрийн дээд байгууллага  (УИХ)-ын гишүүдийн гуравны хоёр нь луйвар хийдэг төртэй болох хүртэл доройтсон,

-Хүн ардаа эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдралд хүргэнэ гэсэн атал үндэсний баялаг цөөн бүлгийн мэдэлд хураагдаж, эгэл иргэд өрийн сүлжээнд торлогдон, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарилалт алдагдсан,

-Гадны бизнестэй үр ашигтай түншилнэ гээд эрдэнэс баялгийнхаа дээжийг хамж өгөөд өртэй хоцорч байгаа гэх мэт үеийн үед үл мартах алдаа монголчууд бидний одоогийн болон хойч үеийнхний зүрх, тархинд шингэсэн хатуу сургамж үлдээсээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж буй төслийн  зохиогчид ч энэ бүх сургамжийн гадна үлдэх эрхгүй.  УИХ-ын хэлэлцэж буй төсөлд хөндсөн асуудлыг ард иргэд шүүн тунгааж, учир шалтгаан, үр дагаврыг нягталж байгаатай холбогдуулан зарим гол өөрчлөлтийг лавшруулан  шинжлэх шаардлагатай  гэж үзэж байна. Үүнд:

1.Үндсэн хуулийн өөрчлөлийн төсөлд Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж,чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах талаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэж оруулна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавибал шинэ Ерөнхий сайдын нэрийг “хамтад нь албан ёсоор тавибал”, УИХ гурав хоногийн дотор шийдвэрлэнэ гэжээ. Төсөл зориогчид энэ саналаа эрх мэдлийн хуваарийг тэнцвэржүүлж төрийг хямрал, доройтлоос аврах гол гарц хэмээн тайлбарлаж байна. Энэ байр суурийг туулж өнгөрүүлсэн зам мөрийнхөө сургамжийн талаас шүүвэл нэн эргэлзээтэй ажээ. Учир нь, нэг талаас Монголын нийгэм , эдийн засагт тохиолдсон буюу нүүрлэсэн  бүх хүндрэл хямрал Засгийн газрын тогтворгүй байдлаас илүүтэй,  УИХ-ын овилгогүй бодлого, хууль тогтоомжоос үүдэлтэй нь бодит үнэн. Нөгөө талаас Засгийн газрыг тогтворгүйжүүлэн бусниулагч гол субъект нь УИХ өөрөө мөн билээ. 1996 оноос хойш Засгийн газар 13 удаа солигдохдоо  дөрвөн удаа бүрэн эрхийн хугацаа дуусч, есөн удаа огцруулах санаачилга гарч   УИХ-аас асуудал шийдэхэд   гарчээ. Ингэж Засгийн газрыг тогтворгүйжүүлэхэд сайд нарын урвалтыг хоёр удаа ашигласан байх юм.

Ерөнхий сайдыг унагах, сайдуудыг хольж хутгах тохиолдол бүр  зөвхөн албан тушаалын гаж дон туссан этгээдүүд юм уу, төсвийн эрх барьж өрөм хусам долоох сонирхол төдийхнөөс гараагүй. 2006 онд Монголын эдийн засаг бүхэл зууны түүхэндээ анх удаа тэнцвэржин тогтворжсон үе эхэлмэгц УИХ-ын нэг гишүүн, нэг намын дарга сайдын өрөөнд орж, “Та огцор. Би Ерөнхий сайд болмоор байна” хэмээн гонширсоор засаг унагаж, Монголдоо анхны олигархиудын цуглуулга “цоохор” Засгийн газар байгуулж байлаа Түүний шууд үр дүн нь 2008-2010 оны эдийн засгийн хүнд хямрал байлаа. 2014 онд Монголынхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бусниулаад зогсохгүй газар нутгаа  гадаадынханд дуудлагаар худалдахыг завдсан Засгийн газрыг буулгасны дараа шинэ Ерөнхий сайдыг томилох болоход эрүүл улс төрийн хүрээнийхний огт хүлээгээгүй, гадаадын баячуудын гал тогооноос томилогдсон хүн төрийн энэ өндөр албыг эзэлж байлаа. Түүний шууд үр дагавар нь “Дубайн гэрээ” хэмээн нэрлэгдэх болсон үлэмж хохиролтой тохиролцоо юм. Монгол Улс түүхэндээ анх удаа асар том газар нутаг, үнэт баялгаа гадаадын этгээд, гадаадын банкнаас авах зээлийн барьцаанд тавьж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа эргэлзээтэй болгов. Төр, засаг одоо хүртэл энэ үйлдлийн үнэнийг ард түмэндээ хэлж чадахгүй байгаа нь нэн сэжигтэй, нэн харамсалтай.

Төрийн эдийн засгийн бодлогын гол зангилааг барьдаг Сангийн сайд, Уул уурхайн сайд зэрэг гол салбарын сайд нарыг сонгож, томилж ирсэн намтар ч нэн харуусалтай. Эдгээр салбарын сайдаар мэргэжлийн бус хүмүүсийг томилсон тухай бүрд улс орны эрх ашгийг хохироосон үйлдэл гарч байсны нэг баримт нь Оюутолгойн гэрээ мөн билээ.

Өнгөрсөн 20  жилийн зам мөрөө эргэн харвал, Монгол Улсын Ерөнхий сайд, сайд нарын томилолтод үндэсний аюулгүй байдлын түвшинд хандах цаг нэгэнт болжээ. Гэтэл “төрийн дээд байгууллага” хэмээдэг УИХ асуудлыг бүр сул тавьж байгаа нь нэн харамсалтай. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид Бисмаркийн тодорхойлсон “тэнэг” гэдэг ойлголтоос 2-3 шат доогуур сэтгэж дээ. Энэ замаар явбал хэзээ нэгэн цагт Монгол сайдын суудал бизнес бүлэглэлүүдийн захиалгат бараа болох юм уу “овсгоотой” Ерөнхий сайдын гэр бүл, төрөл садангийнхны өргөмжлөл болохыг ч үгүйсгэх үндэсгүй. Ийм байдалд дөхсөн тохиолдол бий шүү дээ.

Төсөл зохиогчид төрийн сайдын томилгооны талаар тавьж байгаа саналын далд утга үүгээр хязгаарлагдахгүй ажээ. Төсөл ёсоор Ерөнхий сайдыг огцруулах санаачлага гаргагчид УИХ-д саналаа оруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэрийг хамт өргөн барьж түүнийг нь УИХ хэлэлцэх юм гэнэ. Уг нь одоогийн Үндсэн хуулиар төрийн эрх баригч улс төрийн намын дээд байгууллага энэ саналыг гаргаж, нэрийн төдий ч болов Ерөнхийлөгчтэй зөвшдөг билээ. Гэтэл Засгийн газрыг унагахыг сонирхогчид ийм эрх эдэлдэг болох гэнэ. Ерөнхий сайдыг огцруулахыг санаачлагчид хэрхэн ямар замаар хэнийг нэр дэвшүүлж, ямар хуйвалдаан зохиохыг бурхан ч мэдэхгүй нь лавтай. Төсөл зохиогчдын санал хэрэгжвэл Монгол Улсын Засгийн газар хуйвалдааны бай болж, төрийн задрал мөхөл нүүрлэхийг л баталгаатай хэлж болно.

2.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн нэг гол чиглэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, түүний улс төрийн нөлөөг бууруулахад чиглэж байна. Энэ санаархал шинэ зүйл биш юм. Бүх ард түмнээсээ шууд сонгогдсон Ерөнхийлөгч хэлд байтугай хөлд ороогүй неолибералууд төрөөр тоглоход нь саад болж байгаад л хамаг учир бий. Чухамхүү ийм шалтгаанаар “Үндсэн хуулийг доройтуулсан долоон заалт” гэгч төрсөн билээ. Үүний уршгаар Монгол төрд гүн хагарлын суурь тавигдсаныг өмнө өгүүлсэн. Одоо төсөл зохиогчид Ерөнхийлөгчөөс УИХ-ын шийдвэрт хориг тавих, УИХ-ыг тараах санал тавих эрхийг хасах, Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулах эрхийг хасах, гадаад харилцаанд улсаа төлөөлөх бүрэн эрхийг хасах, гэрээ хэлцэл байгуулах эрхийг тухай бүр УИХ-аас хууль баталж олгох, Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхийг хасч, нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар  сонгох, Ерөнхийлөгчийн сонгуульд 55-аас дээш насны иргэн нэр дэвших санал оруулж байна. Үүнийг “Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх” оролдлого гэхээс өөрөөр ойлгоход хэцүү.

Бүх ард түмнээс  сонгогддог Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулж, билэгдлийн төдий хэрэг болговол, төрийн толгой неолибералуудын шүтээн болсон эдийн засаг, улс төрийн “алуурчдын” гарт норох нь дамжиггүй. Манай улстөрчдийн дунд “Монгол бол парламентын засаглалтай орон мөн” гэсэн ойлголт нэлээд түгээмэл бөгөөд тэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, “сонгодог парламентын засаглалд” шилжвэл цэнгэлийн манлайд хүрнэ гэж үздэг юм. Одоогийн Үндсэн хуулийн нөхцөлд хэмжээлшгүй эрхтэй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, хууль давсан баталгаатай 76 хүнээс бүрдсэн парламент буюу УИХ ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн цөөнгүй нь тойргийн сонгогчдынхоо 30 хувь хүрэхгүй саналаар сонгогддог билээ. Тэгэхдээ “царцаа нүүлгэж”, “цалин тараасан” хүмүүс ч цөөнгүй.УИХ-ын 75 гишүүний гуравны хоёр нь  баримтаар тогтоосон “сэжигтэн” болчихоод байхад “сонгодог парламент” хэмээн улиглах нь амьдралаас дэндүү хөндий ажээ. Хэдэн хувь нь луйварчин болж байж “сонгодог парламент”болох вэ? Бидний амьдарч буй Монгол Улс бол 800 жилийн  тэртээ Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын голомт, өв залгагч юм. Чингис хаан төрийн тэргүүний үүргийг хүлээхдээ “Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж улсыг барин хатуужсу” хэмээн төрийн тэргүүний үндсэн чиг үүргийг тодорхойлон тангарагласан нь Монголын төрт ёсны суурь зарчим болсоор ирсэн бөгөөд монголчууд ийм итгэл сэтгэлээр Ерөнхийлөгчөө сонгодог юм.

Төсөл зохиогчид Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55-аас доошгүй хэмээн тогтоох санал гаргажээ. Энэ хязгаарлалтыг “үнэн ба зөв” гэвэл, 27 насандаа Хамаг Монголын хаан, 43 насандаа Их Монгол Улсын хаан болсон Чингис хаан (Тэмүүжин), 28 насандаа төр улсаа сэргээн төвхнүүлсэн Д.Сүхбаатар болон идэр залуугаасаа төрд үнэнч зүтгэсэн түүхэн хүмүүс түүхийн эндүүрэл болох нь л дээ.

Улс үндэстэнд хүнд бэрх сорилт тулгарсан цаг үед чухамхүү идэр залуу пассионарууд түмэн олноо эргүүлж, хямрал доройтол, мөхөл сүйрлээс авардаг нь хүн төрөлхтний түүхийн үнэн. Монгол орон залуучуудын орон билээ. Төрийн өндөр суудалд хонгоо дайрттал сууж мөлийсөн, хэн нэгний төлөө залуучуудынхаа замыг хаах хэрэггүй байлтай.

Өтөл миний бие 10-аад жилийн өмнө БНХАУ-ын нэгэн үеийн удирдагч Дэн Сяопиний зохиолын III ботийг (уйгаржин монголоор) үсэглэж суухад тэр хүн төрийн удирдагчийн нас, ажиллах чадварын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа:

“60 нас хүрсэн хүн маш сайн ажиллана. 70 гараад сайн ажиллана. 80 гараад бас сайн ажиллаж болно” гэж хариулсан байж билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид энэ номлолыг дагасан байж болох юм. Монголын орчин нөхцөл өөр шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид эрх биш улс орон,нийгэм төрдөө тустай шийдэл олохыг зорьсон байлгүй дээ. Гэвч бүтэлгүй санаа даанч олон аж. Барууны зарим орны хүмүүс “Тамд хүрэх замыг бүтэлгүйтсэн буянт санаархлын сэг дэвсэж зассан байдаг” гэж ярьдаг гэнэ лээ. Санаж явахад илүүдэхгүй сургааль юм уу даа.

4.Цаг хугацаанд хавчигдсан шийдэл

Үндсэн хуулийн өөрчлөлтийн одоогийн төсөл бүхэлдээ хэрэгжих магадлал байхгүй. Учир нь, Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийхийг нийгэм зөвшөөрөхгүй. Тэгээд ч “муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр” гэгчийн үлгэрээр одоо нэр төр нь үлэмж сэвтээд байгаа УИХ явцуу эрх ашгийн төлөө нийгмийн сөргөлдөөнд түлхэх нь утгагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл улс нийгмийн амьдралд тулгарсан гол зангилаа асуудлыг зөв оноож шийдэл олж чадсангүй. Бурханы сургаальд “Зовлонгоос ангижрахын тулд зовлонгийн шалтгааныг устга” гэдэг юм билээ. “МАНАН” загварын олигархи засаглалыг тэргүлэгч тогтолцоо бүхэл бүтнээрээ цэцэглэсээр үлдэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг олигарх засаглалыг төрүүлэгч тогтолцоог өөрчлөх түвшинд боловсруулж шийдэх цаг хугацааны нэгэн мөчлөг өнгөрч байна. Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын  болон  нутгийн удирдлагын сонгууль болно. Бас л урьдын адил худал амлалт, хэрүүл тэмцлээр нийгэм бялхаж, бурхан царайлж буян амласан зүтгэлтнүүд тодрох биз. Энэ бол гутранги төсөөллийн зураглал биш ээ. 2008-2016 оны хооронд төр барьсан улс төрийн намууд эдийн засгаа дампуурлын ирмэгт хүргэсэн алдаагаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийгээгүйгээр үл барам харин ч магтан сайрхах хандлага олонтаа гарч байгаа, нам дамжсан мафиоз маягийн олигархи бүлэглэлүүд устаагүй байгаа, нийгмийг доргиосон эрх мэдэлтнүүдийн олон том буруутай үйлдлүүддээ хуулийн дагуу, шударга ёсны үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байгаа, төрд чиглэсэн шуналын бохирыг дамжуулагч гол суваг болж байгаа улс төрийн намуудын хариуцлага,эрх зүйн орчныг өөрчлөөгүй байгаа, төрд сонгогдсон эрхмүүдийн шударга бус, хэтэрхий хавтгайрсан дархлаа хэвээр байгаа зэрэг нь ийм таамаглалын үндэс болж байна. тэгэхдээ монголчуудтөрөө ариусгахын төлөө Ерөнхийлөгч,Ерөнхий сайд, УИХ-ын эх оронч,шударга гишүүдийн тэмцэлд итгэж  найдаж, дэмжиж амжилтад хүргэхийг хүсэн хүлээж байна. Энэ шугам дээр ахиж урагшлахын тулд дараах гурван чиглэлээр хүч чармайлт тавих нь цаг хугацаанд хавчигдсан одоогийн нөхцөлд зөв үр дүнд хүргэж болох юм. Үүнд:

1.-“Азийн бар” болно хэмээн зүтгээд гадны гар харсан хав загварын хараат эдийн засагтай болсон. Хууль дээдэлсэн, шударга, ардчиллын төртэй болно гээд авлигад идэгдэж, төрийн дээд байгууллагын (УИХ)-ын гишүүдийн гуравны хоёр нь луйвар хийдэг төртэй болох хүртэл доройтсон.

-Хүн ардаа эрх чөлөөтэй, элбэг хангалуун амтдрал хүргэнэ гэсэн атал үндэсний баялаг цөөн бүлгийн мэдэлд хураагдаж, эгэл иргэд өрийн сүлжээнд торлогдон, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарьлилт алдагдсан.

-Гадны бизнестэй үр ашигтай түншилнэ гээд эрдэнэс баялгынхаа дээжийг хамж өгөөд өртэй хоцорч байгаа гэх мэт үеийн үед үл мартах алдаа Монголчууд бидний одоогийн болон хойч үеийнхний зүрх, тархинд гингэсэн хатуу сургамж үлдээсээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж буй энэ бүх сургамжийн гадна үлдэх эрхгүй.  УИХ-ын хэлэлцэж буй төсөлд хөгжсөн асуудлыг ард иргэд шүүн тунгаан, учир шалтгаан, үр дагаварыг нягталж байгаатай холбогдуулан зарим гол өөрчлөлтийг давшруудан, шинжлэх шаардлагатай  гэж үзэж байна. Үүнд:

1.Үндсэн хуулийн өөрчлөлийн төслөөс нийгмийн амьдралын өдөр тутмын зохицуулалттай холбоотой хот, тосгодын эрхзүйн орчин,шүүх засаглалын өөрчлөлт зэрэг асуудлыг тусгайлан авч УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн үйлчлэлийг 2022 он хүртэл зогсоох зайлшгүй шаардлагатай.

2.Үндсэн хуульд өөрчлөлт хийх төсөл боловсруулах ажлын бүлгийг Ерөнхийлөгчийн алба, УИХ-ын ХЗБХ, Засгийн газрын ХЭГ-ын төлөөлөл хуульч, улстөрч, эрдэмтдийн  оролцоотойгоор шинэчлэн байгуулж, Ерөнхийлөгчийн  удирдлага дор ажиллуулан, шинэ төслийг 2021 онд багтаан УИХ-аар хэлэлцүүлж, бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх,

3.2020 онд сонгуулийн дараа Засгийн газар бүрдүүлэхээс эхлэн сайдуудад нэр дэвшүүлэх Ерөнхий сайдын бүрэн эрхийг аливаа нам, бүлэглэлийн нөлөөнөөс хамгаалж, дархлаажуулан нэр дэвшигчдийг УИХ-ын чуулганы нээлттэй хэлэлцүүлэгт оролцуулсны дараа томилж, баталгаажуулах болон сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд бие даан шийдвэрлэж, учир шалтгааныг долоо хоногийн дотор Ерөнхийлөгч,  УИХ-д мэдээлдэг байх асуудлыг Үндсэн хуульд халдахгүйгээр хуульчлан шийдэх,

Асуудлыг ингэж шийдэх нь одоогийн төгс бус төслийг тойрсон маргаанаас салж, тэртэй  тэргүй нийгмийг зөрчил сөргөлдөөнд хүргэх төслөөр олон түмний санал асуулга явуулж хүч хөрөнгө үрж, нийгмээ түйвээхээс зайлсхийх оновчтой гарц болно гэж үзэж байна.

 Эртний сударт өгүүлсэн  нь:

 “Зөв үзлээс төрсөн

Зөв үйлийг

 Зөв сэтгэлээр

Зөв зүтгэлээр бүтээж болно”  гэжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ номлолоор хандвал амжилтад хүрч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Хилээр амьд мал гаргах гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо

Published

on

By

Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоол гарчээ. Ингэснээр нөөцийн махыг сайн нөөцлөх, мах, гурилын үнийг ирэх жилд барих үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн байна.

Мөн өмнөх гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгожээ.

Тодруулбал,

  • 2014 оны 282 дугаар тогтоол (Н.Алтанхуяг)
  • 2015 оны 474 дугаар тогтоол (Ч.Сайханбилэг)
  • 2017 оны 142 дугаар тогтоол (Ж.Эрдэнэбат)
  • 2017 оны 284 дүгээр тогтоолыг (Ж.Эрдэнэбатын үүрэг гүйцэтгэгч) цогцоор нь авч үзэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж цуцлуулжээ.

Өөрөөр хэлбэл, хонь, ямааг амьдаар нь экспортод гаргах тухай 2014, 2015, 2017 оны Засгийн газрын тогтоолыг тус тус цуцалсан байна.

Дэлгэрэнгүй унших

Онцлох