Connect with us

Нийгэм

Дарханы замаас болж иргэд, бизнесийн салбарынхан хохирч байна

Оруулсан:

огноо:

Дарханы замын бүтээн байгуулалтын ажил ирэх арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл энэ зун бороо хур элбэг байснаас үүдэн зам засварын ажил хоцрогдолтой байгаа бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтад орохгүй гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ талаар өчигдөр мэдээлэл хийхдээ “Дарханы замын нэг болон гуравдугаар хэсэг дээр ажиллаж байгаа компани төлөвлөгөөнөөс 18 хоногийн хоцрогдолтой явж байна. Хэрэв ажлаа долоо хоногийн дотор нөхөж хийхгүй бол тендерийн гэрээг цуцлах саналыг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргана. Ирэх арваннэгдүгээр сардаа багтааж дуусгахыг гүйцэтгэгч компаниудад үүрэг болгосон” гэсэн юм. Дархан, Сэлэнгийн зам бол хойд болон баруун аймгуудын чиглэлийг холбох гол зам. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн засвартай байгаа нь иргэдэд багагүй хүндрэл учруулаад байгаа юм. Тус зам нь зундаа аялал жуулчлал, зугаалга, намартаа ногоо болон тариа буудайг Улаанбаатар хотруу зөөж, худалдан борлуулах хамгийн том гүүр болдог. Гэтэл энэ зам засварт орж, иргэд туслах замаар зорчихоос өөр аргагүй болоод  таван сарыг үдээд байна. Энэ хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээ буюу хот хоорондын автобусаар зорчих иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 20 хувиар буурсан байна. Гэхдээ зорчигч тээврийн үйлчилгээний хувьд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд зам засварын ажилтай холбогдуулан тээвэрлэлтийн цаг уртассан тухайгаа хэлж байв. Өмнө нь зургаан цаг явдаг байсан автобус одоо 10 гаруй цаг явж байгаа ажээ. Хөвсгөл, Дархан, Эрдэнэт чиглэлийн нийтийн тээвэр урдуураа буюу Дашинчилэнгийн замаар зорчиж байна. Харин галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Үүнээс үүдэн УБТЗ-ын тасалбар борлуулах цэг өглөө 06:00 цагаас эхлэн тасалбар борлуулдаг болжээ. Өмнөх жилүүдэд Замын-үүд, Сайншанд чиглэлийн иргэд л тасалбар дээр дугаарлан өдрийг бардаг байсан бол одоо Сэлэнгэ, Дарханы чиглэлд тасалбар авахаар дугаарлан зогсох иргэд олширчээ. Урд чиглэлийн галт тэргийг бодвол Дарханы чиглэлийн галт тэрэг өдөрт харьцангуй олон удаа явдаг. Тийм учраас зун болон намрын цагт зорчих иргэд тасалбарын тал дээр санаа зовох нь бага байдаг. Гэтэл энэ жилийн хувьд зам засварын ажилтай холбоотойгоор галт тэрэгний тасалбар авахын тулд өглөөнөөс орой болтол суух болжээ. Мөн билетийн кассын ажилчдын хувьд “Цайндаа ч орох завгүй ажиллаж байна” гэж байсан юм. Гэхдээ үүнээс гадна нэн түрүүнд яригдах чухал асуудал бол тариаланчид зунжин хөлс хүчээ дуслуулан арчилж ургуулсан ногоогоо худалдан, борлуулж ашиг хүртэх цаг. Гэтэл тариаланчдын хувьд зам засварын ажил тэдэнд хүндрэл учруулж байгаа нь асуудал болоод байна.

Э.Долгор: ДАРХАНЫ ЗАМ ТАРИАЛАНЧДАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас ирсэн тариаланч Э.Долгор “Ургац хураалтын энэ үед Дарханы зам засварт орсон нь тариаланч бидэнд хүндрэлтэй байна. Зунжин арчилж, хөлс хүчээ дуслуулан байж тарьсан ногоо ямар ч үнэгүй зүйл болоход ойрхон байна. Жилийн жилд Сэлэнгийн тариаланчид бид Улаанбаатар хот руу ногоогоо оруулж зардаг. Гэвч энэ жил зам засварын ажлаас үүдэн тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн мөн тээвэрлэлтийн явцад хохирол их гарч байна. Өмнөх жилүүдэд нэг тонн ногоог 80 мянган төгрөгөөр тээвэрлүүлдэг байсан бол энэ жил 120 мянган төгрөг төлж  байна. Манайх тарвас тариалдаг. Гурван тонн тарвас Улаанбаатар  хот руу тээвэрлэхэд ихэнх нь хагарсан байна. Борлуулалтын хувьд ч муу байна. Түүн дээр зам тээврийн асуудал нэмэгдээд тариаланчдад үнэхээр хүнд байна. Тээврийн хөлс нэмэгдсэн болон зам хэцүүгээс болоод ирээгүй иргэд ч олон байгаа” гэсэн юм.

Д.Галбадрах: ЗАМЫН ТООСЖИЛТООС БОЛЖ ОСОЛ ИХ ГАРЧ БАЙНА

Хот хооронд иргэдэд үйлчилдэг жижиг тэргэний жолооч Д.Галбадрах “Зам бол үнэхээр хэцүү байна. Явах болгонд машинд эвдрэл гэмтэл гарч байна. Иймээс зорчигч тээвэрлэх үнээ нэмхээс өөр аргагүй болсон. Өмнө нь 25 мянган төгрөгөөр явдаг байсан бол одоо 30-40 мянган төгрөгөөр явж байна. Явах зам болон цагийн хувьд уртассан. Өмнө нь дөрвөн цаг явдаг байсан бол одоо найман цаг явж байна. Зам засварын ажлын хувьд бол өдөр бүр явдаг надад л лав засч байгаа юм харагддаггүй.Хуучин замыг нь хуулаад хаасан байдалтай байгаа. Туслах зам явахын эцэсгүй байгаа. Хусаад орхисон зам учраас машин суучихаад байна. Жолооч нар хурд хэтрүүлээд осол их гарч байгаа гэдэг.  Тийм биш, туслах зам хурдлах ямар ч боломжгүй. 40 км цагийн хурдтай л явж байна. Харин осол аваарын хувьд тус туслах зам тоосжилт ихтэй, үзэгдэх орчин харагдахгүй байгаагаас үүдэн осол гарах нь хэвийн үзэгдэл болсон. Туслах замаа сайн тавьж өгөөгүйн улмаас хэн дуртай нь зам гаргаад бэлчээр сүйдэж байгаад үнэхээр харамсаж байна” гэсэн юм.

Жижиг тэргээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумруу явж буй иргэн Г.Нямаа “Олон цаг явна, дээрээс нь шаварт сууна. Амьд яваад очих баталгаа алга. Тоосжилттой, мөргөлдөөн, зам тээврийн осол их байна. Бие махбод зүгээр өвчин зовлонгүй иргэд бид ч яахав. Өвчин, зовлонтой яаралтай түргэн тусламж хэрэгтэй хүмүүс яах вэ. Галт тэрэгнийх нь билет олдохгүй. Замаар явахаас өөр аргагүй хүмүүс. Хуучин замыг нь хэвээр нь үлдээгээд, хажууд нь шинэ зам тавьж болоогүй юм байх даа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг л болж байх шиг байна” гэж байсан юм.

Н.Батгэрэл: ЭНЭ ЖИЛ ЖУУЛЧДААС ИХ САНАА ЗОВОВ

Манай улсын аялал жуулчлалын гол улирал бол зун. Ирсэн жуулчид ихэвчлэн Дарханы замаар дайран Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл гэсэн маршрутаар аялдаг. Гэтэл энэ зун дотоод гадаадын жуулчид замын асуудлаас үүдэн эрс багассан гэж жуулчин тээвэрлэдэг автобусны жолооч ярьж байлаа. Жолооч Н.Батгэрэл “Энэ зун замын хувьд үнэхээр хэцүү байлаа. Бороо, хур ихтэй байсныг ч хэлэх үү. Жуулчид тээвэрлэж явахдаа өмнөөс нь санаа зовох юм. Ядаж аялал жуулчлалынхаа ид үед замыг нь хэвээр үлдээгээд шинэ зам барьж болоогүй юм байх даа. Манайхаас бусад улсад хуучин замыг нь хэвээр орхиод шинэ зам барьдаг шүү дээ. Жишээ нь Хятадад Эрээнээс Шилийн гол хүртэл зам тавьж байна. Хуучин зам нь хэвээрээ. Тэрүүгээрээ иргэд нь зорчиж байна. Яагаад ингэж тавьж болохгүй гэж. Бүтээн байгуулалт нэрээр иргэдийг хохироохоо болих хэрэгтэй” гэж байв.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан

Нийгэм

Дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатууллаа

Published

on

By

Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэсэн байх үед нь цагдаагийн алба хаагчид өнгөрсөн шөнө баривчиллаа.

Дуучин Б.Амархүү Улаанбаатар хотын нэгэн зочид буудлын гадаах зогсоолд өөрийн автомашиндаа байхад баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгахаар шийдвэрлэсэн байна.

Тэрбээр өнгөрсөн онд хүн зодож танхайрсан хэргээр шалгагдаж, шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан юм. Б.Амархүү баригдах үедээ эхнэртэйгээ байсан, эхнэрийн хамт хоригдсон гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Сэлэнгэ: Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ

Published

on

By

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.Эх сурвалж: ZASAG.MN

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно

Published

on

By

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм.  
1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно
Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцааны гэрээ дуусгавар болгох
Хуулбар хийлгэх
Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хязгаарлагдмал  хариуцлагатай компани
– Холбоо /ТББ/
– Нөхөрлөл
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хуулийн этгээдийн оноосон нэрийн
– Хуулийн этгээдийн хаягийн
– Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн
– Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын
– Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны
– Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

4. Архивын дараах лавлагааг олгоно.

Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
Гэрлэлт сэргээсний лавлагаа
Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
Нас барсны бүртгэлийн лавлагаа
Цахим үнэмлэхний лавлагаа
Гадаад паспорт аваагүй лавлагаа
Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
1 дүгээр маягтын лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа

Дэлгэрэнгүй унших

Онцлох