Connect with us

Нийгэм

Ч.Шараа: Би олон хүний амь аварч байгаа шүү гэж бодож цусаа өгдөг байлаа

Оруулсан:

огноо:

Хүн хүндээ цагаан сүү, цус хоёроо өгөх шиг сайн үйлс байхгүй гэж настайчууд хэлдэг. Хүний эрүүл мэндийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулахын зэрэгцээ сайн дурын донор болж, 90 удаа нийт 45 литр цусаа бэлэглэсэн ачтан Чойжоогийн Шараа гуайг энэ дугаарынхаа зочноор урилаа.

-Та аль нутагт төрж өсөв. насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан гэсэн. Багаасаа л эмч болохыг хүсдэг байв уу?
-Нутаг ус гэвэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын хүн л дээ. Аав маань малын эмч байлаа. Би багаасаа л эмч болно гэж ярьдаг байсан тухай аав минь хожим сонирхуулж билээ. Эмч болно гэсэн хүслийг минь биелүүлэх гэж аав маань намайг хүн эмнэлгийн техникумд ороход татгалзаагүй юм. Анх эм найруулагчийн ангид хуваарилагдсан ч эмч болно гэж зүтгэсээр байгаад ангиа сольж байлаа. Ингээд уламжлалтын эмч болж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэтгэвэрт суутлаа зүтгэсэн дээ. Үүнийхээ хажуугаар цусаа бэлэглэх ариун үйлсэд нэгдэж, “хүндэт донор” гэх алдрыг хүртсэндээ сэтгэл өндөр явдаг юм.

Тэрбээр жижиг өрөөндөө орж, ханандаа өлгөсөн хүрэн хүрээ бүхий жаазтай батламжийг зааж, “Энэ очир алмаазан шигтгээтэй батламжийг нигүүлсэнгүй үйлстэнд дурсгадаг юм. 2012 онд энэ батламжийг гардаж авсан санагдаж байна” гэлээ. Тус батламжид 90 удаа нийт 45 литр цусаа бэлэглэсэн хэмээн бичжээ.

-45 литр цус өгнө гэдэг том тоо байх. Хүн дээд тал нь хэдэн литр цустай байдаг юм бэ?
-Хүний биед ихдээ 5.5 литр цус байдаг. Тэгэхээр барагцаагаар есөн хүний биед эргэлдэх цусыг хандивласан юм. Миний хүүхдүүд энэ энэрэнгүй үйлсийг маань их дэмждэг. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн хэдий ч бага маань бурхны оронд одож, одоо тулгын гурван чулуу болсон гурван хүүхдээ түшиж амьдарч явна даа, эгч нь. Миний төлөө чаддаг бүхнээ зориулж төрүүлж өсгөсөн ачийг маань хүүхдүүд минь хангалттай хариулж байгаа. Ингэхэд би тэдэндээ нэг ч удаа баярлалаа гэж хэлж үзээгүй юм байна.

Хүний биед ихдээ 5.5 литр цус байдаг. Тэгэхээр барагцаагаар есөн хүний биед эргэлдэх цусыг хандивласан юм. Миний хүүхдүүд энэ энэрэнгүй үйлсийг маань их дэмждэг.

Ухаантай байж, ээж аавдаа ач буянаа өгч амьдарч буйд нь хүүхүүддээ талархдаг юм. Энэ байрыг би сарын 500 мянгаар түрээсэлдэг. Энгэр дүүрэн медальтай хэдий ч сард авдаг 300 мянга гаруй төгрөгийн тэтгэврээр л амьдардаг хүн шүү дээ. Ийм бага тэтгэвэртэй хүмүүс байр түрээсэлнэ гэдэг хэцүү. Том хүү маань миний байрны түрээсийг төлдөг юм. Цахилгааны мөнгийг охин төлнө. Одоо 80 нас хүрэх гэж яваа намайг түлээгээ ойртуулж чадахгүй болохоор хүүхдүүд маань байр түрээсэлж өглөө. Хөгшин хүн гэр хороололд амьдрах амаргүй, түлээгээ оруулах, галаа түлэхээс эхлээд ядардаг болдог юм байна.

Түүний олон удаа цусаа бэлэглэсэн буянтай үйлийг төр үнэлж алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Шагнал гардсан түүхэн мөчөө мөнхөлж үлдээсэн дурсамж хүүрнэх гэрэл зургаа хоймортоо залсан харагдлаа. Энэхүү хоёр дурсгалын зургийн хажууд нэгэн том гэрчилгээг жаазлан хаджээ. Хүрэн модон хүрээ бүхий жаазтай эл гэрчилгээ Эрдэнэт хотод Улс төрийн боловсролын академи төгссөнийг нь гэрчлэх том баримт бичиг аж. Ч.Шараа гуайн нандигнаж явдаг эдийнх нь нэг энэхүү гэрчилгээ юм.

-Насаараа эмч, Хүндэт донор явсан хүнд арай ахиу тэтгэвэр өгдөггүй юм уу. Сарын 300 мянгын тэтгэвэр авна гэдэг бага л байна даа?
-Улсаас тогтоож өгсөн тэтгэврийн хэмжээ л дээ. Би ер нь их зарчимч хүн. Улс бүхнийг өгөх ёстой гээд өвчин тоочоод хэвтээд байхыг боддоггүй. Хүн хийж бүтээсэн зүйлтэй байх ёстой. Хийсэн бүтээснээрээ үнэлэгдэж байж шагнал урамшуулал ярина уу гэхээс, юу ч хийхгүй байж төр засаг тэгсэнгүй гэж шүүмжлээд байж болохгүй шүү дээ. Тэтгэвэр бага байна гээд бас зовлон тоочоод суухыг хүсээгүй. Өөрийнхөө чаддаг зүйлээр тодорхой хэмжээний орлого олох гэж бариа засал хийдэг юм.

Ер нь цусны хэрэгцээ их, донор цөөн болохоор цус дутагддаг байлаа. Эмч хүн болохоор үүнийг ойлгож донор болохоор шийдсэн.

Хөдөлгөөн, засал хэрэгтэй хүнд гэрт нь очоод эмчилгээ хийгээд өгчихдөг. Эрдэнэтэд амьдарч байхдаа нэг хэсэг хувийн эмнэлэг ажиллуулсан. Үүнийхээ ачаар гайгүй багаж хэрэгсэлтэй болсон юм. Тиймээс заримдаа хүмүүсийг гэрээр эмчилдэг. 1962 онд уламжлалт эмчилгээний эмчийн мэргэжил эзэмшсэнээсээ хойш тасралтгүй суралцаж ирсэн дээ. Бас мэс заслын курст суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Мөн эмчилгээний гоо сайханчаар сурлаа. Бас аарцаг нурууны бариа засалч хийх эрх авсан.

Миний үеийн ахмадууд технологийн дэвшлээс хоцорчих гээд байх юм. Мөн компьютер, англи хэлний дамжаанд суралцсан. Хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх хэрэгтэй. Тиймдээ ч би сурахаас хойш сууж байгаагүй. Одоо ч өсвөрийн улаанзагалмайчдыг бэлтгэж байна. Цусны донорын эгнээг өргөжүүлэхийн тулд энэ чиглэлийн сургалт сурталчилгаанд байнга оролцдог. Би өөрөө анх 1973 онд донор болж байлаа. Тухайн үед цусны донор олон биш байсан юм. Ер нь цусны хэрэгцээ их, донор цөөн болохоор цус дутагддаг байлаа. Эмч хүн болохоор үүнийг ойлгож донор болохоор шийдсэн. Донорын зөвлөл байгуулагдахад анхны даргаар нь ажиллаж явлаа, эмээ нь.

Зургийн цомгоо нээж хүүхдүүдэд илтгэл тавьж буй зургаа заангаа “Донорын эгнээг сайн өргөжүүлэхгүй бол цусны хэрэгцээ их байдаг юм. Тиймээс хүүхэд, залуусыг донорын эгнээнд нэгдэхийг их уриалдаг хүн дээ. Уг нь Улаанбаатар хотод цусны 300 гаруй донор байдаг юм билээ. Хурал цуглаан болохоор 50 гаруй нь тогтмол оролцох юм” хэмээв. Тэрбээр хийж бүтээсэн ажил, дурсамжит зургуудаараа том даавуун самбар хийлгэснээ дэлгэн харууллаа. Энэ самбарт багтаасан содон зүйлийн нэг нь гэр бүлийн тангараг гэх бичээс байв.

-Танай гэр бүлд тангараг гэж бичээс байх юм. Энэ тангараг ямар утга учиртай юм бэ?
-Ханьтайгаа анх танилцахдаа үр хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэж ярьдаг байлаа. Энэ зорилго маань биелсэн. Үр хүүхдүүд маань ямартай ч хийж бүтээсэн зүйлтэй амьдарч байна. Том хүү Соёл урлагийн тэргүүний ажилтан болсон. Охин миний мэргэжлийг өвлөж хүний их эмч болоод байгаа. Бага хүү ч гэсэн ээждээ тус дэм болж явна. Үр хүүхдүүд нь зөв хүмүүжилтэй байж эцэг, эх амар тайван сэтгэл хангалуун амьдарна шүү дээ. Манай хөгшин Ц.Сүрэнхорлоо багш хүн байлаа.

Бид 2008 онд гэр бүлийн тангараг өргөсөн юм. Энэ тангарагт “тэнгэр заяат өвөг дээдсээс уламжилж ирсэн ариун гал голомтоо дээдэлж, жинхэнэ хайр болон бусдын сайн сайхны төлөөх амьдралын соёлыг бий болгож хойч үе удмынхаа өмнө үлгэр дуурайл болж амьдарна” гэж бичсэн байгаа. Нэг ёсны амлалт гэх үү дээ. Хань маань хэдийгээр хорвоог орхисон ч гэр бүлийн тангараг бол нэг ёсны манай бахархалт бичиг юм даа.

-Та барилгын цэргийн ангид ажиллаж байсан гэл үү. Осолд орсон цэргүүдэд цусаа өгдөг байсан гэж хэлдэг юм билээ?
-Би Өвөрхангай аймгийн эмнэлэгт асрагч хийж байгаад Эрдэнэт рүү шилжсэн юм. Эрдэнэтэд очоод тэндхийн цэргийн ангид уламжлалтын эмчээр ажилласан. Цэргийн ангид ажиллаж байхдаа зарим нэг цэрэгт цусаа бэлэглэдэг л байлаа. Нэг казах цэрэгт хэд хэдэн удаа цусаа өгсөн юм. Бие нь тун тааруу байсан л даа. Эдгэрээд эмнэлгээс гарахдаа надад талархлаа илэрхийлсэн. Биднийг цусаа бэлэглэх бүрт хүний амь аврагдаж байдаг хүмүүнлэгийн хамгийн сайн үйлс юм даа. Хүнд амьдрал бэлэглээд баярлалаа гэж хэлэхэд нь сэтгэл хөөрдөг. Цэргийн ангид 10 гаруй жил ажилласан. Ахлагч цолтой, армийн ахмад зүтгэлтэн. Цэргийн ангид ажиллаж байхдаа сайн дурын уран сайханч бас болно оо. Хөдөөгүүр тоглолт хийдэг урлагийн бригадынханд багтаад л явдаг байлаа.

Ингэж яриад тэрбээр:  
Адуучин аавын хүү билээ
Агтны тоосонд төрсөн билээ… хэмээн цээл хоолойгоор уянгалуулан дууллаа. БНХАУ-д болсон урлагийн наадамд оролцож явснаа сонирхуулж хуучлахад нь сэтгэл огшиж сууснаа нуух юун. Түүний хүндэт донорын ариун үйлсийг үнэлж “Энэрэлт ээж” өргөмжлөл хүртээсэн нь бас нэгэн бахархал нь аж. “Саран ээж” нийгэмлэгээс тодруулдаг энэхүү өргөмжлөлийг тун цөөн хүн хүртсэний нэг нь Ч.Шараа гуай юм.

-Донор хүн эрүүл мэнддээ их анхаарах ёстой байх. Хооллолт, амьдралын хэвшил гээд нарийн  дэглэм баримталдаг уу?
-Би 60 нас хүртлээ цусаа өгсөн. Авлагатай, авлагагүй донор гэж хоёр янз байна. Авлагатай гэдэг нь дээхнэ үед цусаа хандивласан хүмүүст 40 төгрөг өгдөг байсан юм. Үүнийг авлагатай донор гэдэг. Сүүлийн үед авлагагүй донор болдог болсон. Мөнгө өгөхгүй, чихэртэй цай, шоколад өгдөг болсон. Донор хүн бол их энэрэнгүй сэтгэлтэй л байх ёстой.

Донор хүн хувийн зохион байгуулалт их сайтай байх ёстой. Цусаа өгчихөөд ажиллаад ядраад гүйгээд байж бас болохгүй шүү дээ.

Хувь хүнээс их зүйл шалтгаална даа. Доноруудаас арьс өнгө, цусны шинжилгээ төлөвлөгөөгөөр авдаг. Гэхдээ энэ шинжилгээг хүлээгээд суух биш өөрөө эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Цусаа өгдөг хүний биед ямар ч өөрчлөлт гарч болно. Шинж тэмдэг илэрсэн даруйд нь эмнэлэгт хандаж цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй. Учир нь донор хүн эрүүл байх ёстой.

Би төдий хугацаанд эрүүл амьдарч, хүмүүсийн энэрэнгүй үйлсийн төлөө зүтгэж, ариун цусаа өгнө гэсэн төлөвлөгөөтэй, сэтгэлтэй байх ёстой. Өөрөө эрүүл, амьдралын зөв дадал хэвшил баримталдаг байж бусдад цусаа өгнө шүү дээ. Эмэгтэй хүн гурван сард нэг, эрэгтэй хүн хоёр сард нэг удаа цусаа өгдөг дүрэмтэй. Донор хүн өөрийнхөө биеийг гамнаж байх хэрэгтэй. Зарим хүн хагалгаанд орчихоод, эсвэл шүдээ өвдөж байхад очиж цусаа өгчихөөд өөрөө түгшээд байдаг. Ингэж болохгүй л дээ. Цусаа өгөхийнхөө өмнөх өдөр сэтгэл санаагаа маш тайван байлгах нь чухал.

• Миний үеийн ахмадууд технологийн дэвшлээс хоцорчих гээд байх юм. Тэгээд компьютер, англи хэлний дамжаанд суралцсан. Хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх хэрэгтэй.
• Хийсэн бүтээснээрээ үнэлэгдэж байж шагнал урамшуулал ярина уу гэхээс, юу ч хийхгүй байж төр засаг тэгсэнгүй гэж шүүмжлээд байж болохгүй шүү дээ.
• Цусаа өгдөг хүний биед ямар ч өөрчлөлт гарч болно. Шинж тэмдэг илэрсэн даруйд нь эмнэлэгт хандаж цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй. Учир нь донор хүн эрүүл байх ёстой.

Би маргааш хүний эрүүл мэндийн төлөө цусаа өгч энэрэнгүй үйлс бүтээх гэж байна хэмээн бодох хэрэгтэй. Өөх тостой хоол идэж болохгүй, архи дарс хэрэглэх бүр ч хориотой, хэт их шингэн зүйл ууж болохгүй. Их баясгалантай очиж цусаа өгч байж хүний амь аварна шүү дээ. Би ийм дэглэм баримталж цусаа өгдөг.

Донор хүн хувийн зохион байгуулалт их сайтай байх ёстой. Цусаа өгчихөөд ажиллаад ядраад гүйгээд байж бас болохгүй шүү дээ. Дээхнэ үед цусаа өгсөн хүмүүст тухайн өдөр нь ажлаас чөлөөлж, амраадаг байлаа. Донор хүн маш эрүүл байх ёстой. Би одоо 80 нас хүрэх гэж байна. Өөрийгөө эрүүл мэндийн хувьд нэлээд давгүй гэж боддог. Залуу насаа хүн их үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй. Ингэж чадвал нас ахихад сайхан дурсамж үлддэг юм.

-Таны авсан шагнал урамшуулал голдуу хүмүүнлэгийн үйлсэд зүтгэсний тань үнэлэмж байх. Эмчээр олон жил ажилласан хүний хувьд эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан гэдэг цол чамлалттай санагддаг уу?
-Төр, засаг цусаа бэлэглэх ариун үйлсэд зүтгэснийг маань үнэлж олон шагнал хүртээсэн. Уламжлалтын анхны эмч нарын тоонд багтдаг хүний хувьд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй л үлдсэн дээ. Гэхдээ яагаад ч юм би гавьяат эмч гэдэг цол хүртчихсэн бол гэж боддог л юм.

Хүндэт донорын ажил, амжилтын талаар бүгдийг нь бичнэ гэвэл нэг сонины хуудас багадахаар аж. Нигүүлсэнгүй үйлстэний маань талаар бичсэн ном, товхимол олон харагдана билээ. 20 гаруй номонд орсон тухайгаа өөрөө танилцууллаа. Тэрбээр“Оргил” рашаан сувиллын анхны бага эмч нарын нэг. Эрдэнэтийн анхны илтгээлтийн эздийн тоонд багтдаг анхны гэсэн олон тодотгол түүнийг дагалддаг ажээ. Бусдад амь хайрладаг тэрбээр эмч, донор болоод ч зогсоогүй урлагт бас хувь нэмрээ оруулсан нэгэн. Олон улсын наадамд оролцож ая дуугаа өргөж явсныг нь үнэлж Соёлын тэргүүний ажилтан цол хүртээсэн юм. Нийгмийн зүтгэлтэн, энэрэнгүй үйлстэн, эгэлгүй авьяастан буурал маань …Дархан хилээ манаж яваа Дайчин чамдаа очмоор байна… хэмээн ая дууны цацал өргөн биднийг үдсэн юм.

Б.Гандолгор  

Нийгэм

Дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатууллаа

Published

on

By

Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэсэн байх үед нь цагдаагийн алба хаагчид өнгөрсөн шөнө баривчиллаа.

Дуучин Б.Амархүү Улаанбаатар хотын нэгэн зочид буудлын гадаах зогсоолд өөрийн автомашиндаа байхад баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгахаар шийдвэрлэсэн байна.

Тэрбээр өнгөрсөн онд хүн зодож танхайрсан хэргээр шалгагдаж, шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан юм. Б.Амархүү баригдах үедээ эхнэртэйгээ байсан, эхнэрийн хамт хоригдсон гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Сэлэнгэ: Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ

Published

on

By

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.Эх сурвалж: ZASAG.MN

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно

Published

on

By

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм.  
1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно
Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцааны гэрээ дуусгавар болгох
Хуулбар хийлгэх
Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хязгаарлагдмал  хариуцлагатай компани
– Холбоо /ТББ/
– Нөхөрлөл
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хуулийн этгээдийн оноосон нэрийн
– Хуулийн этгээдийн хаягийн
– Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн
– Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын
– Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны
– Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

4. Архивын дараах лавлагааг олгоно.

Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
Гэрлэлт сэргээсний лавлагаа
Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
Нас барсны бүртгэлийн лавлагаа
Цахим үнэмлэхний лавлагаа
Гадаад паспорт аваагүй лавлагаа
Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
1 дүгээр маягтын лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа

Дэлгэрэнгүй унших

Онцлох