Connect with us

Нийгэм

Үлээдэг хөөсөнд хорт хавдар үүсгэдэг бодис бий юу?

Оруулсан:

огноо:

Гэр бүл, найз нөхдөөрөө  чөлөөт  цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын нэг бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Хөвгүүд машин хөлөглөж, охид өнгөт хийлдэг бөмбөлөг, хөөсөн чихэр, барби гэсэн чамин ганган зүйлээр тоглоно. Энд хүүхдүүдийн харааг булаах тоглоом олноороо худалдаалагддаг. Гэвч чанар стандартад нийцэх нь тун цөөн. Хүүхдүүд эрээн мяраан тоглоомуудад дуртай байдаг ч эргээд эрүүл мэндэд нь халтай гэдгийг  тэр бүр мэддэггүй. Энэ талаар бид сурвалжиллаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамгийн түгээмэл худалдаалагдаг тоглоомын нэг нь үлээдэг хөөс.   Үүнийг авахуулах гэж зарим хүүхэд уйлж харагдана. Эцэг эхчүүд аваад л өгчихнө. Тэд хүүхдэдээ “хор” авч өгч буйгаа даанч мэддэггүй.   Хөөс хувцсанд хүрэхээрээ хар толбо үүсгээд ер арилддаггүй. Энэ нь үлээдэг хөөсний асуудалтайг илтгэх зөвхөн эхний шинж тэмдэг. Энэ талаар Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн Ш.Дэлгэрсайхан “Хар том толбо хувцаснаас арилдаггүй.  Тэгээд жагсаалтаас гаргадаг шүү дээ. Би анх мэддэггүй байсан болохоор хүүхдэдээ авч өгдөг байсан. Тэгээд хувцас угаасны дараа харлаад байхаар нь гайхаад  байсан чинь өнөө хөөс байсан. Үүнээс гадна хөөсөөр тоглуулахаар ам, хамрыг нь тойроод улаан юм туураад хэд хоногтоо арилахгүй, харшлын тос энэ тэр түрхэж байж гайгүй болно.  Түүнээс хойш хүүхдэдээ авч өгөхөө больсон. Гадуур хаа сайгүй зарагддаг Хятадын үлээдэг хөөсийг худалдаж авахгүй байхыг захимаар байна ” гэв.

Тэгвэл энэ хөөсөн тоглоомын найрлагыг тодрууллаа. Хөөс болгож үлээдэг болгохын тулд химийн бодис ашигладаг юм байна. Тус бодис нь бөөр, уушги ба гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байна. Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд том хүнийг бодоход илүү өртөмтгий байдаг. Бага хэмжээний хортой зүйл байсан ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхдийн төрөл бүрийн өвчлөлийн үндэс болдог гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

Үлээдэг хөөс нь БНХАУ-д үйлдвэрлэсэн бичиг баримтгүй,  будагч бодисын найрлагад ордог хар тугалга, хром гэсэн химийн хүнд металл орсон байдаг байна. Хром нь тоглоомд гялалзсан өнгө нэмдэг ч  хавдар үүсгэгч бодист тооцогддог аж. Монгол Улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом дахь химийн хорт бодис хэр хэмжээтэй байгааг мэргэжлийн байгууллагаас судалжээ. Судалгаанд нийт 62 ширхэг тоглоомыг хамруулсан байна. Түүнээс 98 хувь нь БНХАУ-аас импортлогддог аж.  Харин энэ асуудлыг хилээр орж ирэхээс нь авахуулаад хяналт тавьдаг эсэх талаар гаалийн байгууллагаас тодруулахад “Хүүхдийн тоглоом овор хэмжээ бага учир бараагаа гааль дээр мэдүүлдэггүй, гар тээшиндээ аваад явчихдаг болохоор хянах боломж байдаггүй” гэдгийг албаныхан хэлж байсан юм.  НМХГ-ын Улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Хүүхдийн тоглоом импортлоход тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Хил дээр хяналт шалгалт хийж, хяналтын хуудас болон гарал үүслийн баталгаажуулалтын бичиг баримтыг үзээд, лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Ер нь хэрэглэгчид өөрсдөө түүнийг худалдаж авахгүй байх нь том хяналт” гэдгийг хэлсэн юм.

Хүүхдийн тоглоом нь олон улсын жишгээрээ ч гэсэн улсын хууль тогтоомжоороо их эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоонд ордог аж. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бараа хэлбэр дүрс, найрлагын агууламжаасаа хамаараад хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Тиймээс манай улс Европын холбооны сүлжээнээс тогтоосон стандартын дагуу хяналтаа тавьдаг. Монгол Улс дэлхийн 10 гаруй улсаас жилдээ нэг сая орчим хүүхдийн тоглоомыг импортоор оруулж ирдэг байна. Дан ганц үлээдэг хөөс ч гэлтгүй хүүхдүүдийн тоглож буй тоглоомд хар тугалга, цадми гэсэн өсөлт зогсоодог химийн хортой бодис нэвт шингээстэй байдгаас гадна үслэг тоглоомууд нь харшил үүсгэх ч тохиолдол байдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон эрүүл чанарын шаардлага хангасан тоглоом авч хэвшихгүй бол хүүхдүүд эрүүл мэнд сэтгэхүйгээрээ хохирсоор байна.

Түүнчлэн хүүхдүүдийн хамгийн их тоглодог хуванцар барби, шажигнадаг тоглоом, резинэн амьтад, төмөр машин, буу, үлээдэг шааранд хөнгөн цагаан, кадьми болон хар тугалга, хром, цайр гэсэн химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байсан байна. Тэгвэл эдгээр химийн бодис хүүхдэд ямар хор хөнөөлтэй талаар мэргэжилтний тайлбарыг хүргэе.

НЭМҮТ-ийн Химийн албаны дарга С.Өнөрсайхан “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35 мянган хүүхэд ямар нэг байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Монгол Улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом дахь химийн хорт бодис хэр хэмжээтэй байгааг судалсан. Судалгаанд хүүхдүүдийн байнга тоглодог тоглоомуудыг хамруулсан. Харамсалтай нь судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомд 26 хувьд нь химийн бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна. Үүнээс хамгийн их буюу 50 хувь нь хромын агууламж өндөр байгаа нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон” гэсэн юм.

Нийгэм

Дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатууллаа

Published

on

By

Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэсэн байх үед нь цагдаагийн алба хаагчид өнгөрсөн шөнө баривчиллаа.

Дуучин Б.Амархүү Улаанбаатар хотын нэгэн зочид буудлын гадаах зогсоолд өөрийн автомашиндаа байхад баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгахаар шийдвэрлэсэн байна.

Тэрбээр өнгөрсөн онд хүн зодож танхайрсан хэргээр шалгагдаж, шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан юм. Б.Амархүү баригдах үедээ эхнэртэйгээ байсан, эхнэрийн хамт хоригдсон гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Сэлэнгэ: Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ

Published

on

By

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.Эх сурвалж: ZASAG.MN

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно

Published

on

By

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм.  
1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно
Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцааны гэрээ дуусгавар болгох
Хуулбар хийлгэх
Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хязгаарлагдмал  хариуцлагатай компани
– Холбоо /ТББ/
– Нөхөрлөл
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хуулийн этгээдийн оноосон нэрийн
– Хуулийн этгээдийн хаягийн
– Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн
– Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын
– Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны
– Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

4. Архивын дараах лавлагааг олгоно.

Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
Гэрлэлт сэргээсний лавлагаа
Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
Нас барсны бүртгэлийн лавлагаа
Цахим үнэмлэхний лавлагаа
Гадаад паспорт аваагүй лавлагаа
Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
1 дүгээр маягтын лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа

Дэлгэрэнгүй унших

Онцлох