Connect with us

Нийгэм

Даншиг наадам болох хугацаанаас хойшилжээ

Оруулсан:

огноо:

Уламжлал болон тав дахь жилдээ зохион байгуулагдах түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин урлагийн наадам хойшилжээ.

Уг нь тус наадам наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр буюу наймдугаар сарын 03,04-нд болох байсан ч ирэх есдүгээр сарын 6,7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болсон гэдгийг Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс мэдэгджээ.

 Харин ямар шалтгаанаар хойшилсон нь одоогоор тодорхойгүй байна.

Нийгэм

“Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгоно

Published

on

By

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон гэж мэдээллээ.

Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр энэ сарын 26-ны, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь энэ сарын 27-ны өдөр дараалан таарч байгаа тул эдгээр өдрүүдэд болдог бөхийн барилдааныг нэгтгэх болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “The Hu” хамтлагт шагнал олгох болсон талаар:

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил 11 дүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна.

“The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер,
  3. Брэндон Фрайзен – Менежер,
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
  7. Н.Тэмүүлэн – Товшуур,
  8. Г.Одбаяр – Бөмбөр,
  9. А.Жамбалдорж – Соло гитар,
  10. Б.Батхүү – Басс гитар,
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.

Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн 9 жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж ирсэн байна.

“Хү” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “Хү” хамтлаг болсон байна.

Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байгаа юм.

“Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны 9 дүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.

Их Эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөн гялалзаж яваа монгол залуустаа баяр хүргэж, талархал илэрхийлье” гэсэн юм.
 

Өмнө нь “Чингис хаан” одонг иргэдэд гардуулдаг байсан бол энэ жилээс журамд өөрчлөлт орж байгууллагад гардуулдаг болж байгаа юм. Хамтлаг бол байгууллага “Чингис хаан” одонг үүсгэн байгуулагчид нь зүүж өгөхгүйгээр жаазанд хийж өгнө. Харин хамтлагийн бүх гишүүдэд жижиг тэмдэг зүүж өгнө гэв.

Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдрийн талаар:

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордны түүхийн музейд 11:40 цагаас хөгжмийн зохиолч, “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны “Алтан пянз”-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол болно.

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Реалист зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн Төрийн ордны “Баганат” танхимд болно. Мөн жил бүр уламжлал болгон зохиогддог Мөнх тэнгэрийн бичиг монгол уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвд 15:00 цагт нээлтээ хийхээр болсон.

2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол эхэлнэ. Мөн өдрийнхөө 14:00 цагаас Эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ой, Улс тунхагласны 95 жилийн ойн баярт зориулсан чансаа өндөртэй хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Улс тунхагласны гэж бидний ярьдаг өдөр бол улс тунхагласны өдөр биш юм. Бид буруу ярьж сурсан. Анх удаа Үндсэн хууль баталж, Хаант засаглалаас Бүгд Найрамдах улсын хэлбэрт орсны баярын өдөр болохоос Монгол Улс олон зуун жилийн түүхтэй улс” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Мацуда Таданори: Тарган, цатгалан улстөрч байхгүй болсон цагт Монгол хөгжиж, боловсрол сэхэх болно

Published

on

By

ӨНӨӨДӨР БЭЛТГЭЖ БАЙГАА МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЧИНЬ 80-90 ХУВЬ НЬ ХААНА Ч ХЭРЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ “ХОГ” БОЛЖ ҮЛДЭХ ВИЙ ДЭЭ.

Ц.Дамдинсүрэн гуай их уйтгартай, гадуурхагдсан байдал янз тодорхой, гунигтай сууж байсан юм. Эцэст нь миний хүсэлтээр “Буурал ээж” найраглалынхаа талыг нь уншиж өгөхөөр зөвшөөрсөн ч нүдэндээ нулимстайгаар дуустал нь уншсан даа.                                                          

-Уг нь Танаас асуух асуултаа дотроо төлөвлөсөн байсан юм. Гэтэл одоо яриаг тань тасалж төвдөхгүй нь ээ. Тиймээс үргэлжлүүлээд яриад байгаарай гэж хүсье. Яагаад гэвэл, бидэнд хөндлөнгийн хүний үнэн, хатуу үг маш их хэрэгтэй байна. Тань шиг чин сэтгэлээсээ зөв лөж, хэлж өгөх хүн ховор шүү дээ!

-Үг сонсох хүн ховордсон цагт харин надад ийм боломж олгож байгаа танай сонинд, чамд баярлалаа. Монголд болж өгвөл жил бүр ирэхийг хүсдэг. Ирэх болгонд л Улаанбаатар хот асар хурдан өөрчлөгдсөн байдаг. Хаа сайгүй өндөр өндөр шилэн байшин босож, хүн машины хөл хөдөлгөөн нэмэгдсээр байгааг харж байна. Олон жилийн өмнө Улаанбаатарт огт төөрөхгүй явж чаддаг байсан бол одоо тийм биш болжээ. Энэ бүхнийг хөгжил гэж андуурч болохгүй. Дөнгөж сая Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очоод ирлээ. “ДА” багштай уулзъя гэж зорьсон юм.

Монгол хүний тархи толгой жинхэнэ оргинал

Хүндэтгэл үзүүллээ. Хөшөө нь мундаг ч, ямар ч тайлбар алга байгааг нь анзаарлаа. Хойч үеийн хүүхэд, залууст зориулж Ц.Дамдинсүрэн хэмээх энэ агуу эрхэм хэн болохыг тодотгосон ойлгомжтой тайлбар хийх хэрэгтэй санагдсан. Монголын эртний утга зохиолыг судлаач, сод ухаан, суу билигт, энэ их эрдэмтэн багш тай уулзаж учрах ерөөл тавилан надад тохиосон байсан юм билээ. Өнөөдөр Мацуда гэдэг хүнд юугаар ч үнэлшгүй эрхэм, хамгийн үнэ цэнтэй нэг зүйл байдаг юм. Тэр бол агуу “ДА” багш өөрөө “Буурал ээж” найраглалаа нулимстай уншиж өгч бичүүлсэн бичлэг нь надад бий. Энэ амьд бичлэгтэй кассет (хуурцаг) бол жинхэнэ үнэт өв минь байгаа юм.

Тэр жил гэрт нь яваад очиход Ц.Дамдинсүрэн гуай их уйтгартай, гадуурхагдсан төрхтэй, гунигтай сууж байсан юм. Надтай удаан хөөрөлдсөн. Эцэст нь миний хүсэлтээр “Буурал ээж” найраглалынхаа талыг нь уншиж өгөхөөр зөвшөөрсөн ч нүдэндээ нулимстай дуустал нь уншсан даа. Миний сэтгэл хөдлөл ч ёстой дээд хязгаартаа тулж сонссон. Чамд яриад байгаа үнэ цэн гэдэг энэ шүү дээ. Хэрэв үнэхээр мөнгө чухал байдаг байсан бол, тэр хуурцгийн оронд мөнгө байсан бол би хэдийн үрээд дууссан байна биз дээ.

-Тийм ээ, шууд зөвшөөрч байна. Гайхалтай түүх, учралын тухай Танаас сонсож байгаадаа баярлаж байна аа!
-Монгол хүн Их хаан, эзэн Чингисийнхээ тухай дурсаж болдоггүй, нэрийг нь хэлж чаддаггүй байхад Ц.Дамдинсүрэн гуай хэнээс ч айлгүй гаргаж тавьсан хүн. “Монголын нууц товчоо”­г орчин цагийн монгол хэлэнд галиглаж буулгасан эрдэмтэн гэдгийг нь Монголын өнөөгийн хүүхэд, залуус бүхэн мэддэг байх аа.

Оросууд Чингис хааныг мартуулж, нэрийг нь түүхээс авч хаяхыг хүсэж байсан ч агуу “ДА” багш сөрж, зогсож чадсан эрэлхэг зоригтой хүний нэг учраас би уулзах юмсан гэж их хүсдэг байсан. Бидний уулзалттай холбоотой надад нэг их сонин сэтгэгдэл төрсөн тухай яръя. Би Монголын яруу найрагч, зохиолчдоос Ш.Сүрэнжав, С.Эрдэнэ нарын бүтээлийг их уншдаг байлаа.

Тэдэнтэй танилцаж нөхөрлөөд Д.Нацагдоржийн төрсөн нутагт очиж үзмээр байна, Ц.Дам­динсүрэн гуайтай уулзъя гэсэн хоёр хүсэлтээ хэллээ. “ДА” багштай ийнхүү уулзаж, харин Гүн Галуутай явж чадаагүй ч хожим Ш.Сүрэнжав найрагч дагуулж очсон. Ингэж хоёр хүсэл минь биелсэн. Тухайн үед Оросын үйлдвэрлэсэн “Жаран ес” (УАЗ-­469) гэдэг ганц машинаар л явдаг байлаа шүү дээ. Тэгээд замд явж байтал оросууд их таарч, бидэнтэй зөрж байлаа.

Гэтэл би юу анзаарсан бэ гэхээр хөдөөний тэр нарийн, шавар шалбаагтай хэцүү замд монгол жолооч нар оросуудад огт зам тавьж өгөхгүй байгааг хараад гайхлаа. Харин ч эсрэгээрээ орос жолооч нар монголчуудад дуулгавартайгаар зам тавьж, чөлөөлж өгч байв. Монголчууд оросуудаас хараат орон байсан болохоор миний бодол төсөөлөл өөр байсан байхгүй юу. Энэ жишээнээс л би ерөөсөө энэ монголчуудын цусанд нь дийлдэшгүй эр зо риг байдаг юм байна гэдэгт эр гэлзээгүй итгэх болсон. Монголын яруу найрагчдын тэр түгээмэл эрэмгий зориг ч энэ бүхэнтэй холбоотой болохыг ойлгосон.

-Нээрээ, Таныг Ш.Сүрэнжав найрагчийн хүргэн гэж сонссон. Хэрэв татгалзахгүй бол энэ тухайгаа ярьж өгч болох уу?
-Тиймээ, үнэн. Яг шүлэг, яруу найраг шигээ амьдарсан, том найрагч хүн байжээ. Бас их өвөрмөц, сонин этгээд, бэлэн цэцэн, уянгын шүлэгч, яруу найрагч. Анх амьдарч байсан байрандаа амьдарсаар, цаг даган огтхон ч хувирч, өөрчлөгдсөнгүй шүлэг, найраг шигээ явсаар мөнх бусыг үзүүлсэн дээ. Хүн хүйгээрээ эх оронтойгоо холбоотой байхын утга учрыг тэр хүн шүлэг бүтээлдээ тодоос тод гаргаж харуулсан Монголын их яруу найрагч мөн гэж би боддог.

-Таны харж байсан монгол хүний тэр их атаархам эрх чөлөө энэ олон жилийн дараа хэвээрээ байж чадаж байна уу?
-Хариулахад хэцүү асуулт байна. Би тэр их агуу уудам сэтгэлтэй, хязгааргүй эрх чөлөөтэй монгол хүнийг хардаг. Гэхдээ ганцхан хөдөөд, малчин хүнээс олж харж байна. Монголын залуус, монгол хүний сэтгэлгээ явцуурч болохгүй шүү гэж хэлмээр санагддаг. Энэ их талаасаа алслагдах л юм бол монгол хүний тэр уудам агуу сэтгэлгээ ч алдарч, алсран алга болно. Монгол хүн бүрийн мартаж болохгүй хэзээд санаж байх учиртай нэг бодол байх ёстой. Тэр бол бол “Бидний өвөг дээдэс яагаад, чухам юуны хүчээр энэ дэлхий ертөнцийг эзэгнэн, эзлэв ээ.

Агуу нууц нь зөвхөн морь, илд байсан уу” гэдгийг сайн бодож, эргэцүүлж, судалж, суралцаж байх учиртай шүү. Хэрвээ Чингис хаан, өвөг дээдсээрээ бахархаж байгаа бол би тэдэн шиг сэтгэж чадаж байгаа болов уу гэдгийг тунгаагаад үзээрэй. Өнөөгийн үе тэнгийнхнээсээ сэтгэлгээгээрээ тасарч байж, эдийн засаг, оюун санааны хувьд хөл дээрээ бат зогсож чадаж гэмээнэ бид агуу өвөг дээдсийн үргэлжлэл гэж бардам хэлж чадна, тийм биз. Яагаад ингэж хэлж байна вэ гэж үү. Чиний энэ харж байгаа Улаанбаатарын гудамжаар багширсан тоёото машин байна.

Тооноос илүү чанар гэдгийг Чингис хаан эрхэмлэдэг байсан. Удирдах, дагуулах, манлайлах гэдгийг тэд мөн л та нарын өвөг дээдсээс сурсан.

Хагас саяас нэг сая хүртэл ажилчинтай энэ аварга корпорацууд “Панасоник”, “Мицү­бүши”, “Сони” гээд бүгд Чингис хаанаас суралцсан байдаг юм. Тооноос илүү чанар гэдгийг Чингис хаан эрхэмлэдэг байсан. Удирдах, дагуулах, манлайлах гэдгийг тэд мөн л та нарын өвөг дээдсээс сурсан. Чингис хаан агуу удирдагч байсны нэг нууц хүмүүний сэтгэлийг хураан дагуулж чаддаг байсанд оршдог байж. Оюун ухааны хүчгүй, бядгүй хүн ингэж чадахгүй шүү дээ. Цэргийн тактик бодлогоор гарамгай төдий биш оюуны асар хүч чадалтай байсан байна.

Ийм байж л билиг танхай монголчуудыг нэгтгэж чадсан. Мэдээлэл олох, боловсруулах асар чадвар байсан юм. Чингис хаан эрдэм мэдлэг, оюуны чадварыг ямар их үнэлдэг байсныг нотлох жишээ олон бий шүү дээ. XIII зуунд дэлхийн оюун ухаантай хүмүүс Монголд төвлөрч байсны шалтгаан ийм л байна. Миний мэдэхийн монгол хүн боловсролыг асар дээдэлдэг, сурах хүсэл тэмүүлэлтэй ард түмэн. Хүн ам нь нийтээрээ бичиг үсэгтэй, асар өндөр хэмжээнд боловсрол олгодог байсан ард түмэн. Одоо харин тийм хэмжээндээ сургаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй болжээ.

-Яг үнэн, Та зөв харсан байна. Манайд хамгийн дампуурсан, бодлого алдагдсан салбар боловсрол болсон. Би ч гэсэн хамгийн их сэтгэл зовдог асуу-дал гэвэл энэ мөн. Танд юу мэдрэгдэж, бодогдож байна вэ?
-Танай Чингис хааны үед Монголд утга зохиол, улс төр, эдийн засаг нь цэвэр оюун ухаанд тулгуурлаж хөгжиж байсан болохоор баян, ядуугийн ялгаа бараг байгаагүй гэхэд болно. Тэр үед мөнгө чухал байдаггүй байсан байгаа биз. Тэгвэл өнөөдөр монгол эцэг, эхчүүд асар өндөр төлбөртэй л бол сайн гэсэн ойлголтоор хүүхдүүдээ сургадаг болсон нь анзаарагдлаа. Тэгсэн мөртлөө хүүхдээ хяналтгүй орхиж байна. Юунд, яах гэж ийм их мөнгө зарцуулж хүүхдээ сургаж байгаагаа ойлгохгүй байх шиг байна. Зүгээр л манай хүүхэд хамгийн өндөр өртөгтэй сургуульд сурдаг гэдэг нь хангалттай байдаг гэж үү. Мөнгөөр боловсролыг олдоггүй юм.

Аав, ээжийнхээ хотод очиж сур гэсэн мөнгөөр нь машин аваад таксинд явж байгаа тухайгаа ярьж байна.

Монгол генийг шингээсэн мэдлэгт хүүхдүүдээ сургах байтал эрээн цаасанд хууртаж болохгүй л дээ. Сайн хараарай. Өнөөдөр хиймэл оюун ухааны эрин эхэлсэн. Өнөөдрийн мэргэжлийн 40 хувь нь ойрын арван жилд байхгүй болно. Робот, хиймэл оюун ухаан хүнийг орлох гэж байна. Тэгэхээр монголчууд энэ дэлхийн жишгээс хэтэрсэн өндөр өртөгөөр хүүхдээ сургаж байгаа бол роботуудыг давж гарч чадахаар тийм сургалтыг олгож чадаж байгаа юм уу.

Таксины жолооч залуутай ярилцлаа. Аав, ээжийнхээ хотод очиж сур гэсэн мөнгөөр нь машин аваад таксинд явж байгаа тухайгаа ярьж байна. Хажуугаар нь хааяа сургуульдаа явдаг гэсэн. Монголд ийм маягаар сургалт олгож буй бол муу байна. Маш муу. Японд өнөөдөр аль ч үйлдвэрийн ажлын 90 хувийг робот гүйцэтгэдэг болсон. Удахгүй эмч нарын ихэнх нь ажилгүй болно.

Бүх хагалгааг роботууд хийж эхэллээ шүү дээ. Монголын боловсролын салбарт ядаж үүнийг тооцоолсон бодлого байдаг байлгүй дээ. Үгүй бол өнөөдөр бэлтгэж байгаа мэргэжилтнүүдийн чинь 80­90 хувь нь хаана ч хэрэггүй, чадваргүй “хог” болж үлдэх вий дээ. Тэгвэл юу болох вэ, явж явж хэдэн малчинтайгаа л Монгол үлдэх болно шүү.

-Голд ортол хэллээ. Бодлого ярих нь бүү хэл, манай боловсролын салбарыг удирдаж байгаа хүмүүсийн боловсролоос бид өөрсдөө айдаг юм ш дээ Мацуда сан!
-Ийм байж болохгүй л дээ. Боловсрол, мэдлэг олгож чад­даггүй бол сургалт явуулж яадаг юм бол доо. Мөнгөний сургалтаар өрсөлддөгөө больж, одооноос сэрэхгүй бол болохгүй шүү. Өнөөдөр “би том болоод улстөрч болно, баян эзэн болно” гэж хэлдэг нэг ч япон хүүхэд байх гүй.

АНУ­-д ч ялгаагүй байхгүй. Гэтэл монгол хүүхдээс асуухад улстөрч болно гэж хэлэхийг сонслоо. Нэгийг хэлээд байгаа биз. Тарган, цатгалан улстөрч байхгүй болсон цагт Монгол хөгжиж, боловсрол сэхэх болно. Улстөрч хүн маш завгүй, сэхээгүй ажилладаг боло­хоор тарган байдаггүй юм.

Номын дэлгүүрт ороод нэг тойрлоо. Авчих ном гэж алга. Өмнө нь би дор хаяж 20 ном аваад гардаг байсан.

Тарган улстөрчидтэй газар боловсрол гээгддэг. Би ирэх болгондоо “Интер” номын дэлгүүрт ордог. Сая бас орлоо, их эмзэглэлээ. Яагаад гэвэл, яг оюутнуудын хичээл тардаг цаг байсан ч номын дэлгүүрийн гадуур өнгөрөөд л яарсан залуус алхаад байхыг харж зогслоо. Тэд хаашаа ингэж яарна вэ. Тэдний яарч зорьж байх газар нь номын дэлгүүр, номын сан биш гэж үү. Би ийм дүр зургийг сүүлийн жилүүдэд их харж байна. Номын дэлгүүрт ороод нэг тойрлоо. Авчих ном гэж алга. Өмнө нь би дор хаяж 20 ном аваад гардаг байсан бол сая О.Дашбалбар, Б.Явуухулан нарын тухай өөр хүний бичсэн дурсамж номыг л аваад гарлаа. Би хэзээ ч ингэж ганц, хоёр ном аваад гарч байсангүй. Айдас төрж байна шүү.

-Яагаад?
-Яагаад гэж үү. Тэр номын дэлгүүрийн тавиур тэр чигээрээ орчуулгын номуудаар дүүрсэн байна. Яахав, муулаад байхгүй ч, нөгөө судалгаа, шинжилгээний номууд хаачив. Монголын эрдэмтдийн бүтээлүүд хаачив аа! Тэр хүмүүс нь яасан юм бол оо! Хаана шингэчихэв ээ! Орчуулгын ном олширно гэдэг эрдэмтэн мэргэд нь цөөрч байгаагийн шинж мөн үү. Ийм юм бодогдоод миний айдас төрлөө.

-Надад хэлэх үг олдохгүй байна аа үнэхээр. Та боловсролын тухай ярьж байсан. Манайд боловсролын салбарыг тэр чигт нь бизнес болгосонд би цухалддаг юм. Бас л улстөрчдийн оролцоотой шүү дээ?
-Сургуулиар бизнес хийдэг асуудал байж болохгүй үзэгдэл. Хүн төрөлхтөн эртнээс л 100 жилийн дараах эрдэнэ бол боловсрол гэж ярьдаг байсан юм. Би Японоор жишээлж яръя. Манайд бүх сурах бичиг үнэгүй, зарим нэгэн хувийн сургуулиас бусад сургууль үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Гэхдээ төл­бөртэй хувийн сургуулиуд бол улсын сургуулиас хол давсан чанартай сургалт явуулж чаддаг. Чи ёстой загатнасан газар маажсан асуулт асуулаа. Би Монголд анх ирснээс хойш 55 жил болж байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 30 жил болж байна Монголд.

Гэтэл яг боловсролын асуудал дээр социализмын үеэс илүү доройтсон байна шүү дээ. Тэр цагт монгол хүн цэвэр оюуныг эрхэмлэсэн үнэ цэнийг нь мэддэг үнэлдэг, хамгаалдаг ард түмэн байсан. Одоо бүгд л мөнгө ярьдаг хүмүүс болж хувирч. Хүмүүстэй уулзахад манай хүүхэд тийм үнэтэй сургуульд явдаг гээд л мөнгө ярьж гайхуулсан хүмүүс олон болж. Дахин дахин хэлэхэд сургууль бол нийгэмдээ, улсдаа, улмаар дэлхий дахинд хэрэг болох үнэт эрдэнэ болсон мэргэжилтэн бэлтгэдэг юм. Түүнээс хэнд ч хэрэггүй хүн “хог” бэлтгэж гаргадаггүй.

Эцэг, эхчүүд өөрсдөө үүнийг эсэргүүцэхийн оронд хоорондоо мөнгө төгрөгөөр өр сөлдөн хүүхэддээ боловсрол олгоно гэж бодвол уучлаарай, эндүүрэл. 

Хатуу сон­согдож байгаа ч үнэн шүү. Ер нь боловсрол гэдэг бол үсэг бичиж, тоо бодохдоо биш. Энэ гоё өндөр өндөр шилэн байшинд орохдоо хог, шүлсээ хаядаггүй, лифт эвддэггүй, жорлондоо бие засаж чаддаг хүн байх ёстой шүү дээ. Энэ бүхэн сургалттай холбоотой байдаг юм. Гэтэл үүнийг мөнгө болгож бизнес хийхээр боловсрол, хүний зүрх тархинд зөв хэвшил хэзээ ч суухгүй л дээ.

Ашиг харж байгаа хүнд улс оронд хэрэгтэй, хүн төрөлхтөнд хэрэгтэй эрдэм мэдлэг олгох асуудал зүгээр л хаягдана шүү. Сургуулиар асар ашиг олно гэж харж байгаа бол тухайн улс үндэстний эмгэнэл, гаслан болно. Эцэг, эхчүүд өөрсдөө үүнийг эсэргүүцэхийн оронд хоорондоо мөнгө төгрөгөөр өр сөлдөн хүүхэддээ боловсрол олгоно гэж бодвол уучлаарай, эндүүрэл.

Би анх сонсоод цочсон. Миний зүүдэнд ч орохгүй зүйл гэвэл энэ. Япон улс сургалт боловсролдоо хамаг бодлогоо чиглүүлдэг юм. Дайны дараа нойтон замаг шиг болсон улс орноо босгохын тулд сургалт боловсролдоо анхаарсан. Хятад, БНСУ гээд Японыг маш зөв хуулбарлаж байгаа орнууд бас л боловсролдоо анхаарснаар хөгжиж эхэлсэн түүхтэй. Гэвч Японы хаана ч хүрэх болоогүй байна.

Дайны дараа нойтон замаг шиг болсон улс орноо босгохын тулд сургалт боловсролдоо анхаарсан.

Дэлхийн брэндийг Ази тивээс ганц япончууд л хийдэг юм. Дэлхийн компьютеруудын хамгийн чухал элементүүдийг Японоос нийлүүлдэг. АНУ­-ын APPLE, БНСУ­-ын SAM­SUNG­ийн гар утаснууд Японы детальгүйгээр үйлдвэрлэгдэггүй шүү дээ.

Нийлүүлэхгүй бол бүгд зогсоно. Дэлхийд Герман л манайтай дөхөж ойртоно. Үнс нурам болсон улс орон боловсрол мэдлэгт суурилж өндийсөн. Тэгэхээр монголчууд байшингаа өндөрлөж байхаар хүмүүсийнхээ тархи толгойг өндөрлөх хэрэгтэй. Монгол хүн Нобелийн шагнал авах юм бол бахархал болно. Тийм л түвшинд боловсролын бодлогоо зангидах хэрэгтэй.

Монгол хүний тархи толгой жинхэнэ оргинал. Гагцхүү энэ уламжлал дээр нь суурилж, хөгжүүлэх асуудал дутагдаад байна уу гэж би хардаг. Монгол хүний цээжлэх ой ухаан агуу. Үүнийгээ хөгжүүлэхэд л болоод явчихмаар санагддаг. Энэ их оюун ухааны чадвартай монгол хүнийг сургах сургалтыг л сайн болгох хэрэгтэй байна. Яагаад, социализмын үеэсээ ухрав? Сурах бичгийн номуудыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болно байх. Ардчилал ялаад удсан ч боловсролын хувьсгал гарсангүй.

-Японтой харьцуулах өдий л дөө. Гэхдээ та нар ийм замыг туулаагүй гэж үү?
-Үнс нурам дороос өндийсөн үндэстэн шүү дээ бид. Ялаг­дал хөгжлийн суурийг тавьж өгдөг юм билээ. Миний бод­лоор монголчуудад нэг гараанаас гарах боломжийг эрх баригчид, улстөрчид өгсөнгүй л дээ. Боловсролгүй ард түмэн сэрдэггүй гэдгийг тэд мэдэж байгаа байхгүй юу. Би Монголд ирэх болгондоо гайхаад бар­даггүй, учрыг нь олдоггүй нэг сонин үзэгдэл байдаг. Тэгээд дотроо боддог юм.

Хятадад ломбардаар дамжуулж ард түмнээ хүүлдэг байсан бодлого тэр чигээрээ Монголд үлдсэн байгаа юм.

Монголчууд Манжийн дарлалд байхад нь орж ирсэн мөнгө хүүлдэг бүтэц, муухай бодлого одоо ч байгаад байгааг гайхдаг. Яагаад ийм байна. Ний нуугүй хэлье. Хаа сайгүй маш олон ломбард байна. Энэ чинь ард түмнээ шууд хүүлж байгаа хэрэг байхгүй юу даа. Их сонин юм яваад байна.

Хятадад ломбардаар дамжуулж ард түмнээ хүүлдэг байсан бодлого тэр чигээрээ Монголд үлдсэн байгаа юм. Маш өндөр хүүгээр хүүлдэг шүү дээ. Монгол хүн үүнийг ухамсарлах хэмжээний боловсролтой болох хэрэгтэй, сэрэх хэрэгтэй. Ийм юмаар боомилуулж болохгүй шүү дээ.

-Сонин сэдвийг хөндлөө. Нээрээ, манай энэ олон ломбардын эзэд нь улстөрчид байдаг гэвэл Та гайхах байх аа?
-Ийм байж болохгүй л дээ. Ялангуяа, улстөрчид ард түмнээ хүүлж болох уу. Монголчууд ийм юмыг зөвшөөрч байдаг бол хэцүү л юм даа. Бидний хооронд маш их ялгаа байна. Монголчууд гадаад орноор их явдаг болсон ч эрээн мяраан юманд илүү нүд унагаж байна. Мөнгөө маш дэмий юманд үрж байна л даа. Уг нь улс орноо хөгжүүлэхэд зарцуулдаг баймаар. Энэ дахиад л боловсролтой холбоотой болоод ирнэ. Монголд уг нь маш олон боломж бий. Маш их баялаг та нарт байна.

Энэ хурдтай хөгжил болгонд Японы оюун ухаан шингэж байгаа. Хятадад жишээ нь, япон технологи бүхий 25 мянган ажилчинтай үйлдвэр бий.

Гэтэл Японд алга. Та нарт асар ирээдүй байгаа ч хэрэглэх дээрээ тулаад ирэхээр толгой дутаж байна шүү дээ. Энэ чигээрээ байвал нэг мэдэхэд л хоосон үлдэнэ. Та нар гадагш байгаагаа түүхийгээр нь зөөдөг. Гэтэл Японы хөгжлийн нууц нь гаднаас энэ бүхнийг оруулж ирдэгт байдаг юм. Төмөр оруулж ирээд машин үйлдвэрлэж, түүнийгээ хэд дахин нугалж гадагш гарган зардаг.

Илүү ашиг олж байна. Хятад бас хөгжиж байна. Энэ хурдтай хөгжил болгонд Японы оюун ухаан шингэж байгаа. Хятадад жишээ нь, япон технологи бүхий 25 мянган ажилчинтай үйлдвэр бий. Гэвч тэд үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг өөрсдөө худалдаж авахгүй байна.

Яг Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг л авдаг. Тэд өөрсдөдөө итгэхгүй байна гэсэн үг. Зоригтойгоор хэлэхэд, япончууд Монголд их орж ирээсэй. Японы үйлдвэрүүд орж ирсэн цагт сая Монгол хөгжиж байна гэж хэлж болох юм. Япон эзэд Монголд үйлдвэр байгуулж байвал бид хөгжиж байна гэж ойлгоорой.

-Яагаад тэр билээ?
-Япон хүн туслах юм бол тусалсан шиг туслана. Тэгээд яахыг нь харж байж дараагийн алхмаа хийнэ. Нэг л удаа итгэнэ. Хоёр итгэнэ гэж үгүй. Жижиг зүйлд ч нягт нямбай ханддаг. Монголд Солонгосын сүлжээ дэлгүүрүүд ороод ирсэн атлаа Японы жижиг дэлгүүрүүд яагаад орж ирэхгүй байна гэж бодно. Яагаад гэвэл, япон хүний итгэл төрөхгүй байна гэсэн үг. Мэдээж япон хүн ашиг олох эсэхээ харна. Би ний нуугүй ярьж байна шүү.

Үйлдвэрээ оруулж ирлээ гэж бодоход бараа бүтээгдэхүүнийг нь монгол хүн япон хүн шиг чанар чансаатай үйлдвэрлэж, хийж чадах уу гэдгийг харна. Тэгж чадаж байвал сая орж ирнэ. Жишээ нь, UNIQLO орж ирлээ гэж бодъё. Тэнд монгол хүн ажиллана гэж бодъё.

Хийсэн хүрэмний гадна тал гоё харагдаж болно. Гэтэл тэр оёдол, товч, биед эвтэйхэн байгаа эсэх, тохиромжтой байж чадаж байна уу гэдгийг харна. Ажилчдын чадвар, чанартай холбоно. Энэ бүхэн сул байх юм бол юм хийж чадахгүй шүү дээ. Миний энэ өмсөж байгаа пиджакийг гадна талаас нь хэн ч ялгаж танихааргүй хийж болно.

Анхнаасаа ийм боловсрол эзэмшээгүй бол ямагт гологдол хийх болно.

Товчийг нь хадаж болно. Тэгвэл япон хүний хадсан товч 10, 20 жил болсон ч хөвөрч, суларч мултарч тасрахгүй. Аливаа үндэстний хүүхэд байхаасаа олж эзэмшдэг боловсрол чухал гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Анхнаасаа ийм боловсрол эзэмшээгүй бол ямагт гологдол хийх болно. Хятадад UNIQLO их олон бий. Япон руу гаргадаг бараа нь их сайн атлаа дотооддоо гаргадаг нь муу байдаг нь сонин. Тэгэхээр хятад хүн Японд очиж бараа авахгүй яахын.

Япончууд Зүүн өмнөд Ази руу үйлдвэрүүдээ их гаргаж байна. Би үүнд нь маш атаархдаг. Монголд орж ирээсэй гэж хүсдэг юм. Ер нь Зүүн өмнөд Азиас хойшлох тусам хүмүүсийн чанар сайжирдаг юм ш дээ. Монгол хүн уг нь их сийрэг, идэвхтэй байдаг хэрнээ залхуу. Хятадын нэртэй улстөрч Японд очиж толгой бөхийн байж үйлдвэрээ Хятадад барьж өгөөч гэж гуйгаад авч чадаж байна. Тайвань, БНСУ ч ялгаагүй ингэж гуйж байж хөгжил дэвшлийг амталж байна шүү дээ. Азийн улс орнуудаас Монгол үнэхээр удаан хөгжиж байна. Ертөнцийг бодитоор харах хэрэгтэй.

Аялал жуулчлалыг маш сайн хөгжүүл. Хужирт, Шаргалжуут хоёр хөгжиж байгааг харлаа.

Улстөрчид нь болохоор түр зуурын аргацаасан бодлогоор улсаа хөгжүүлнэ гээд сууж байна. Тиймээс тэдэнд тэнэг ард түмэн хэрэгтэй шүү дээ. Бид бусдаас юугаар дутуу байна вэ гэдгийг тунгаа л даа. Монголд хэн элэгтэй байна вэ гэдгийг тань. Монголчууд та нарт үнэхээр элэгтэй хүний хувьд хэлэхэд, монгол хүүхэд Улаанбаатарт орж ирээд ирээдүй нь замхарч байна. Тиймээс хөдөө орон нутагт чиглэсэн хөгжлийн гарц маш хэрэгтэй шүү. Аялал жуулчлалыг маш сайн хөгжүүл. Хужирт, Шаргалжуут хоёр хөгжиж байгааг харлаа.

Хүн бүр дор бүрнээ хичээж ажиллаасай. Дэлхийд юу ч хийхгүй мөртөө өлсөхгүй амьдарч болдог ард түмэн монголчуудаас өөр хаана ч байхгүй. Бараг л мал нь өөрөө өсөөд үржээд байдаг нь баярламаар ч юм шиг, санаа амар амьдрал ч юм шиг. Гэтэл энэ дэлхий дээр өлсөж үхэж байгаа хүн сая саяараа бий. Уг нь ийм сайхан эх оронтой, ийм ухаалаг, цөөхүүлээ ард түмэн нэг л зүг чигээ олвол дороо өөрчлөгдөнө дөө.

Удирдагчаас л их зүйл хамаарна. Монголын ард түмэн бид өнөөдөр баян улстөрчид шиг амьдарч чадаж байна уу гэж сэтгэж бодохоос өөрчлөлтөө эхлэх хэрэгтэй. Та нарт нүд хэрэгтэй байна. Хэлдэг шүүмжилдэг шигээ цүнх баригч нарыг биш сэхээтнүүдийг тэргүүн эгнээндээ гаргаж ирэх хэрэгтэй шүү гээд хэлчихмээр санагдлаа. Ерөөсөө бүх юм боловсролтой холбоотой, мэдлэгээс гадна сэтгэл идэвх зүтгэлтэй хөгжил, сэргэн мандалт холбоотой байдаг юм.

-Танд маш их баярлалаа! Үнэхээр илэн далангуй яриа болсон гэдэгт итгэлтэй байна. Уншигчид маань ихийг бодож тунгаах нь лавтай. Монголчууд Таныг гүнээ хүндэтгэн сонсох байх аа. Аян замдаа сайн яваарай, дараа дахин баяртай уулзъя!

Ш.Даваадорж
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Г.Жамьян: Ардчилсан Үндсэн хуулийн ”сэг” буюу ордны хуйвалдаан

Published

on

By

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Г.Жамьянтай Үндсэн хуулийн эргэн тойронд болж байгаа асуудлын талаар ярилцлаа.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг  эрс эсэргүүцдэг. Шалтгаан нь юу вэ?  

-Үндсэн хуулийн өөрчлөлт гэгчийг би эхнээс нь зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд  манай улсын хамгийн  шилдэг 400 гаруй хүн гурван сар шахам хэлэлцэж баталсан юм. Хамгийн сайн Үндсэн хууль. Монголын ард түмэн ч, олон улсад ч ингэж үнэлдэг. Тухайлбал, Ерөнхий сайд агсан П.Жасрай “Монголын Үндсэн хуулийг олон улсын жишигтэй харьцуулж  маш сайн боловсруулсан учраас бараг олон улсын гэж болохоор нэр хүндтэй хууль болсон” гээд  хүндэтгэлтэй хандахыг сануулж байсан.

Үндсэн хуулийн эхийг барьсан нэрт хуульч Б.Чимид гуай “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг  60 гаруй орны Үндсэн хуулиас  туршлага авч, ярилцаж, санаа бодлыг нь тусгасан учраас сайн хууль болсон. Энэ Үндсэн хуульд бараг 100 жил гар хүрэхгүй байх” гэж  байсан. Түүнээс хойш хорин хэдхэн жилийн дараа “Энэ Үндсэн хууль хэргээ өнгөрөөлөө” гээд ихэнхийг нь засчихаж болохгүй байх.

Хэрэгжүүлж чадах аваас 1992 оны Үндсэн хууль  үнэхээр сайн хууль. Иймд би эхнээс нь “Үндсэн хуульд битгий гар хүрээчээ, ямар ч байсан одоогийн энэ нөхцөлд өөрчилмөөргүй байна” гэж өчнөөн удаа ярьж, бичсэн. Хоёрдугаарт, хэрэв Үндсэн хуулийг үнэхээр  өөрчлөх бол тусгай бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болоод, тэд нь ямар нэгэн атгаг санаагүйгээр  Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний асуудал тавьж шийдвэрлэсэн тохиолдолд байж болох  юм. Гэхдээ цаг нь болоогүй, тохироо нь бүрдээгүй. Аливаа юманд тохироо бүрдэнэ гэж бий. Гуравдугаарт, өнөөгийн парламент Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний нэр хүндийг олж чадаагүй. Үндсэн хуулийг өөрчлөх гэж зүтгээд байгаа УИХ-ын  гишүүдийн   гуравны хоёр нь ямар нэг хэрэг түвэгт  холбогдсон хүмүүс байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа хүмүүс дунд хулгай, худал, садар самуун, хөрөнгө мөнгө завшсан гэх гэмт хэрэгт холбогдсон хүн олон байна. Ийм хүмүүсээр бид Үндсэн хуулиа өөрчлүүлмээргүй байна. Ийм учраас би Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэдэг талд нь одоо хүртэл явж байна.

-Өөрчилье  гээд байгаа хүмүүст  ямар  зорилго байна вэ?

-Тэдэнд ганц л  зорилго бий. Тэр нь юу вэ гэвэл, Монголд 20 гаруй жил тогтсон МАНАН мафийн сүлжээг ямар нэг байдлаар авч үлдье гэсэн бодолтой хүмүүс Үндсэн хуулийг өөрчилье  гэж хашгирч, давшилж, янз бүрийн арга зам хайж байна. МАНАН мафийн сүлжээнд орооцолдсон, өөрсдөө оройлж яваа хүмүүс  УИХ, Засгийн газар, төрийн бусад байгууллагад байна.Тэд Үндсэн хуулийг  өөрчилж авъя. Түүгээрээ төрийн эргэлт хийе  гэсэн бодолтой байгаа нь нууц биш. Тэд  хамгийн гол нь сонгуулийн холимог тогтолцоог оруулах гэж шамдаж, өнөөдөр бараг хуульчилж байх шиг байна. Манай Үндсэн хуулийн амин сүнс нь шууд гэсэн ганцхан  үг бий. Монголын ард түмэн төрийн эрх барих хүмүүсийг шууд сонгоно гэсэн заалт бий.  Гэтэл үүнийг Үндсэн хуулиас авч хаяад холимог тогтолцоо гэгчийг гаргаж ирэх гэж улайран зүтгэж байгаа. Холимог тогтолцоогоор Монголд нэг удаа туршлага хийсэн. Тэр нь юу болсон бэ гэвэл, хамгийн өөдгүй хулгайч, худалч, хувийн ашиг сонирхолд автсан хүмүүс намын нэрсийн жагсаалт гэгч зүйлээр өөрсдийнхөө нэрийг эхэнд нь бичээд УИХ-д орж ирсэн. Тэдний  бараг 60,70 хувь нь өнөөдөр хэрэгт холбогдсон, шоронд орсон, зарим нь гадаадад  оргоод явчихсан, мөн энд шалгагдаж байгаа нь ч байна. Тийм өөдгүй хүмүүсийг намын нэрсийн жагсаалт гэдэг луйврын аргаар УИХ-д оруулж байсан. Түүнийгээ өнөөдөр   хуульчилбал дараагийн сонгуулиас эхлээд Монголд маш эвгүй нөхцөл байдал бий болно.  Юуны өмнө намын нэрсийн жагсаалт гэгчээр МАН, АН-ын хэсэг бүлэг хулгайч, худалч, алуурчин янз бүрийн хүмүүс УИХ-д орж ирэхийг байг гэх газаргүй. Үүнээс сэрэмжлээч, Үндсэн хуульд холимог тогтолцоо гэгчийг битгий оруулаач гэж олон түмэн маш их шаардаж байгаа. Гэтэл саяхан АН-ын удирдлага дахь хэдэн хүн Ерөнхийлөгчтэйгээ хуйвалдан шантаажилж тулгасаар байгаад  холимог  тогтолцоог Үндсэн хуульд оруулж байгаа сураг дуулдсан. Хэрэв тэр нь  батлагдвал маш хортой зүйл болно. Монголд төрийн тогтворгүй байдал үүснэ. Үүнээс сэрэмжлээрэй гэж би ард түмэндээ захиж хэлээд байгаа юм.

-Гэхдээ одоо УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төс­лийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх гэж байна. Хүчээр батлах нь ээ?

-Үндсэн хуулийг хүчээр бат­лах гэж байгаа оролдлогыг би “Ордны хуйвалдаан” гэж үзэж байгаа. Энэ хуйвалдаанд хэн, хэн оролцож байна гэвэл нэгдүгээрт Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд, АН-ын УИХ дахь зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Пүрэвдорж, АН-ын дарга С.Эрдэнэ нар үүнийг дэмжиж, шантаажилж бусармаг явдлыг хийж байгаа. Ардын намаас хэдэн хүн бий. 33-ын  бүлэгтээ ялагдаад хонзогнож байгаа 32-ын бүлгийн хэсэг хүн Үндсэн хуулийг өөрчилье гэж улайран зүтгэж  байгаа. Тэдний толгойлогч нь Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар. Энэ хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдгийг ордны хуйвалдаанаар шууд батлахаар одоо гуравдугаар хэлэлцүүлэг гэгчийг эхлүүлэх гэж байна. Үүнийгээ хийсэн нэр хэмээгээд ямар ч байсан батална гэсэн бодолтой байгаа учраас  би ард түмнийхээ хамт бусармаг явдлыг эсэргүүцэж байгаа. Энэ бол нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн аргаар төрийн эр­гэлт хийх гэсэн хэсэг бүлэг хүний бодлого юм. Үүнийг Монголын ард түмэн сайн ойлгож, Үндсэн хуулиа “сэг сэвс” болгочихолгүй бүрэн бүт­нээр нь авч үлдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй байна.

– Та түрүүнд тусгай бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болж, тэд нь ямар нэгэн атгаг санаагүйгээр  асуудал тавьж шийдвэрлэсэн тохиолдолд Үндсэн хуулийг өөрчилж  болно  гэлээ. Ямар өөрчлөлт оруулахыг  зөв гэж бодож байна?

-Анхаармаар зүйл бий. Хамгийн гол нь төрийн тогтолцоо. Эхлээд нэг танхимтай, 76 хүнтэй  энэ парламент шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг авч үзэх хэрэгтэй. Миний бодлоор  хоёр танхимтай парламент байж төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дөхөмтэй. Зарим хүн хэлдэг, ерөөсөө  холимог тогтолцоог оруулчихвал сонгодог парламент болно гэж. Тийм биш шүү дээ. Сонгодог парламент буюу  хоёр танхимтай төрийн тогтолцоо Монголд байсан юм. Тэр бол ард түмэн төлөөлөгчөө сонгоод ирүүлчихдэг Ардын Их Хурал /АИХ/ байлаа. АИХ-аасаа Улсын Бага хурал /УБХ/-ыг  сонгодог байсан. УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд гэдэг хүнийг  Монголын ард түмэн сайн мэднэ. АИХ нь төрийн бүх эрх мэдлийг шийдэж явуулдаг, хууль тогтоомжуудыг баталдаг хүчирхэг парламентын хэлбэр байсан. Түүнийг өөрчилж, ганц танхимтай, 76 гишүүнтэй парламентыг бий болгосон. Энэ нь өнөөдөр доторх хүмүүсээсээ ч болж байна,  дотоод бололцооноос ч хамаарч байна. Дээр нь  үеэ өнгөрөөлөө. Тэгвэл хамгийн сонгодог парламент  болох  АИХ, УБХ гэсэн  хоёр танхимтай тогтолцоо л  Монголын төрд хэрэгтэй.

– Зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай  болъё гэх юм?

-Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирохгүй. Хаад, ноёд, Ерөн­­хий­­лөгчийг бид дамжиж өн­гө­­рөө­­­сөн. Нэг хүний засаглал  яваандаа харгислал болдог.  Х.Чойбалсанг ганцаараа ноёрхож байх  үед монголчууд 30  мянга гаруй  хүнээ шороонд булуулсан. Дараа нь Ю.Цэдэнбалын засаглал тогтсон. Тэр хүн хэмжээгүй эрхэт байдлаар Монгол Улсыг удирдаж ямар хэмжээнд хүргэсэн билээ. Манай орон  хоцрогдсон  хэвээр үлдсэн шүү дээ. Тиймээс манайд  парламентын тогтолцоо нь  зохимжтой. Харин 76 гишүүнтэй ганц танхимтай байх уу, хоёр танхимтай АИХ, УБХ байх уу гэдгийг  ард түмэн маань сонгож авах хэрэгтэй. Хамгийн гол нь намын хүчирхийллээс гарах хэрэгтэй. Ард түмэн өөрсдөө сонгодог Ардын Их хуралтай байх нь зөв. Жишээлбэл, аймаг, сум, баг бүрээс иргэдээ Ардын Их Хуралд ирүүлж, АИХ нь шийдвэр гаргадаг. Улсын Бага Хурал нь ч гэсэн тэр  журмын дагуу  сонгогддог байвал Монголд засаглалын жинхэнэ  шударга хэлбэр тогтоно. Ер нь бол ард түмний зүгээс  Монголд шударга ёс тогтоосой гэж л хүсч  байгаа. Монголд шударга ёс тогтоохын тулд тогтолцооны асуудлыг одоохондоо хойш тавьж бужигнуулаад байх хэрэггүй. Энэ бол хоёрдугаар асуудал. Харин шударга ёс тогтоох  хамгийн гол асуудал нь  шүүх, прокурор, хуулийн байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал учраас маш нарийн  хуульчилж өгөх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, манай улсын сүүлийн хоёр Ерөнхийлөгч  барьцаанд байлаа.Яагаад гэвэл, шүүх, прокурорт байцаагдах хэрэгт орооцолдсон хүн   Ерөнхийлөгчөөр сонгогдож болдоггүй юм байна. Үүнийг ард түмэн хатуу ойлгоосой. Тухайлбал, Ц.Элбэгдорж гэдэг хүнийг С.Зоригийн хэрэг, зур­гийн хэрэг, сүүлдээ “Эрдэнэт”-ийн хэргээр шүүх, прокурорын удирд­­­лагууд барьцаалчихсан, хаашаа ч хөдөлгөдөггүй. Дараа нь гарч ирсэн Х.Баттулга    мөн адил. Төмөр замын 285 тэрбум төгрөгийн шамшигдал, ЗТХЯ-нд болсон аллага, өөрөөр хэл­бэл тус яамны  газрын дарга Т.Гомбосүрэнг хөнөөсөн  том аллагад хол­бог­дуулж хууль хүчнийхэн  түүнийг барьцаалчихсан байна. Ингэж барь­цаалагдах Ерөнхийлөгч байгаа цагт хууль, хүчний байгууллагууд хааш нь ч хөдөлгөдөггүй юм байна. Тиймээс хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа  бол  шударга тогтолцоонд нэн түрүүнд  анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн дарга болон ерөнхий прокурорыг хэрхэн томилж, татах вэ, үүнийг хуульд оруулж өгөөч гэсэн. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ талаар хамгийн хэрэгтэй зүйлүүдийг нь авч хаяад мөлийлгөчихсөн. Тиймээс нэгдүгээр зэргийн асуудал нь энэ гэж би хэлнэ. Үндсэн хуульд  өөрч­лөлт оруулъя гэвээс  ийм гаж тог­тол­цоотой засаглал, хууль хүчний байгуул­ла­гуудтай тохиолдолд  тэр талаар ярихын  ч хэрэггүй юм. Хуучнаараа байж байг.

-Таны нэрлэсэнчлэн “Ордны хуйвалдаан”-аар  Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхөд хүрвэл яах вэ?

-Ард түмний саналыг авалгүй Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхөд хүрч гэмээ нь төрийн тогтворгүй байдал бий болно. Эхлээд ямар хүмүүс хүчилж батлуулав гэдгийг ил болго.Гишүүдийн нэрс гардаг шүү дээ, тэр  жагсаалтыг ил  гарга. Эсэргүүцсэн хүмүүсийн нэрсийг мөн ил тод зарла. Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл, сонин, телевиз, цахим хуудсуудаар түгээх хэрэгтэй.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах гэж шунахайрч дайрсан хүмүүсийг нэр устай нь  зарла. Тэр хүмүүсийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй  байх талаар ард түмэн хамаг анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Д.Лүндээжанцан л гэхэд янз бүрийн сонгуульд зүтгэнэ. С.Бямбацогт тэргүүтэй хүмүүс ч дараагийн сонгуульд бэлтгэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахгүй гэж эсэргүүцсэн нэг хэсэг байж таарна. Тэдний нэрийг ил тод болгож, очсон газар бүрт нь дэмжиж УИХ-д гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрэв хүчээр энэ өөрчлөлтийг батлах юм бол тэрийг  оройлж удирдаад, шантаажлаад яваад байгаа Ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга, АН-ын УИХ дахь удирдлага, МАН-ын 32-ын бүлгийн зарим хүнийг ард түмэн маш сайн тогтоож аваад Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүнийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах асуудлыг тавих нь зүйтэй.  Нүгэл хийчихээд түүнээсээ зайлах гэж янз бүрийн хувилбар бодож, УИХ-ыг харлуулж харагдуулаад байгаа хүмүүстэй тэмцэх хэрэгтэй. Гуравдугаарт, улс орноо саарал жагсаалтад оруулсан гэх асуудлаар  УИХ-ын дарга хоёр хүнийг нэр цохож хариуцлага тооцсон. Уг нь УИХ   зөв чигт нь залж, саарал жагсаалтаас гаргах бүх арга замыг хэлэлцэж, шийддэг байгууллага нь шүү дээ. Гэтэл үүнд УИХ дэндүү хайнга хандлаа. Саарал жагсаалтад орох гол үндэслэл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, оффшор дансны гээд том гэмт хэргүүд байна. Эд бүгд Монголд бугшсанаас  болж манай улс саарал жагсаалтад орсон. Үүнийг бий болгож байгаа хүмүүс нь барьцаанд байгаа Ерөнхийлөгч нар, тэдний хань хамсаатнууд, тэднийг ивээн тэтгэж байгаа ямар ч захиргаагүйгээр хуулийг хүчгүйдүүлж байгаа Улсын  Дээд шүүх, прокурорын удирдлагыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж саарал, хар жагсаалтын талаар ярих ёстой. Үүнийг манай  болгооно байгаа гэж бодож байна. Ингэж чадахгүй бол монголчууд хар, саарал жагсаалтаас дөрвөн сар байтугай дөрвөн  жилийн дотор гарахгүй.

Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлт гэх луйвар ямар үр дагаварт хүргэх вэ гэдэгт хүн болгон дор бүрдээ анхаарч, хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг дотроо ухамсарлаж байх  ёстой. Өөрчлөөд хэсэг хэл ам болоод өнгөрөх үү, хэн нэгэнд хариуцлага тооцох уу гэдгийг ард түмэн анхаарах хэрэгтэй. Байдал ихээхэн хурцадлаа шүү дээ. Өнөөдөр Монголын ард түмэн маш их бухимдаж байна. Түүний илрэл нь саяхан ард түмэн Д.Сүхбаатарын талбайд гараад жагслаа. Жагсаал удирдсан хүмүүсийн тухайд би тэр, энэ гэж хэлэхгүй, Цаг хугацаа харуулах байх. Ямар хүмүүс удирдаж  хэний төлөө үйлчилж явааг мэдэхгүй. Хамгийн гол нь ард түмэн маш их бухимдсан байна. Бухимдал эцэстээ юунд хүргэх вэ гэдгийг ард түмэн сайтар ойлгож, хариуцлага тооцох, тооцоо бодох хүмүүсийг эртхэн мэдсэн байгаасай. Эцэст нь хэлэхэд,  нэмэлт, өөрчлөлтийг энэ янзаар батлах юм бол ардчилсан  Үндсэн хуулийн маань  “сэг сэвс”  л үлдэнэ, өөр юу ч үлдэхгүй.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох

Дэлгэрэнгүй унших

Онцлох