Connect with us

Бусад

O.Шинэбаяр: Сошиалд захиа бичсэний дараа хүмүүс маш их хандаж, миний бүх ундаа зарагдаж дууссан

Оруулсан:

огноо:

Ажил хийж сургалтын төлбөр, хэрэглээнийхээ мөнгийг олдог нэгэн хүүгийн бичсэн захидал олон түмэнд нэлээд сайшаагдлаа. Тэрбээр захидалдаа өөрөө ажил хийж мөнгө олдог тухай, мөн өнгөрсөн баяр наадмын өдрүүдээр ажлынхаа хөлсөнд авсан ундаагаа зарж мөнгө олох гэсэн боловч бүтэлгүйтсэн тухайгаа бичсэн байсан юм. Аав, ээжийнхээ гарыг харалгүй өөрөө ажиллаж, хөдөлмөрлөж өөрийнхөө төлөө зүтгэж байгаа О.Шинэбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Очирбатын Шинэбаяр гэдэг. 19 настай. Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийг төгссөн. Одоо Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллежид IT программын чиглэлээр сурдаг. Ам бүл зургуулаа амьдардаг. Айлын бага хүүхэд. Ээж маань туслах тогооч, аав маань хувиараа ажилладаг.

-Бичсэн захидал дээрээ өөрөө сургалтын төлбөрөө олдог гэсэн байсан. Танай сургуулийн сургалтын төлбөр дунджаар хэд байдаг вэ?

-Сургалтын төлбөр маань жилийн 200 мянга байгаа. Гэхдээ хэрэглээний мөнгөндөө илүү ихийг зарцуулдаг.

-Ажил хийхдээ зөвхөн зуны гурван сард ажилладаг уу. Эсвэл хичээлийнхээ хажуугаар ч гэсэн байнга ажилладаг уу?

-Ажлаа хүссэн үедээ хийдэг. Хичээл ихтэй, дандаа компьютерийн ард суудаг болохоор заримдаа ажил хийх зав олддоггүй. Компьютерийн программ дээр ажиллах жаахан хэцүү л дээ. Тэгээд л завтай үедээ ажилладаг.

-Ихэвчлэн ямар ажил хийдэг вэ?

-Зун бол хүссэн ажлаа хийнэ. Харин хичээлтэй үедээ орой ресторанд бармен хийдэг. Мөн сайн дурын ажил хийдэг. Өвөл, хавар хийдэг байсан. Одоо хийж амжихгүй л байна. Хүйтний улиралд өглөө эрт босож ТҮК-н ажилчид, Нарантуул захын худалдаачид зэрэг хүмүүст халуун аарц, чацаргана тараадаг байсан. Нийгмийн Үйлстний Академи гэж байдаг байсан. Одоо татан буугдаж,. сүүлд “Хайрлъя” гээд клубт нэгдсэн.

-Анх хэзээнээс ажил хийж, өөрөө мөнгө олж эхэлсэн бэ?

-10 жилд байхдаа л хүнсний дэлгүүрт туслахаар ажилладаг байсан. Харин хотод оюутан болж ирээд ресторанд ажиллаж эхэлсэн.

-Одоо ямар ажил хийж байгаа вэ?

-Яг одоо бол ажил хийхгүй амарч байгаа. Наймдугаар сар гарахаар нэг ажил хийж эхэлнэ. Яг ямар ажил гэдгээ сайн мэдэхгүй байна.

-Ер нь хийж байгаа ажлуудын хувьд цалин хангалттай гэж боддог уу?

-Тиймээ, хангалттай. Автобус унааны мөнгө, хоолны мөнгө, халаасны мөнгө хотод их хэрэг болдог шүү дээ. Гэхдээ цалин маань миний хэрэглээнд хангалттай хүрдэг.

-Монголд оюутнууд ажил хийх боломж бололцоо, олдоц хэр их байдаг вэ?

-Ер нь бол их байгаа шүү. Даанч манайхан өөрсдөө л залхуураад хийдэггүй. Миний ажилладаг ресторанд гэхэд л зөөгчөөр ажиллах хүн олдохгүй байна. Ажлын орон тоо бол зөндөө байдаг.

-За ажлын тухай асуултаа энд хүргээд дуусгая. Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ. ITчиглэлээрээ цаашид ажиллах уу?

-Яг ч IT-аар явахгүй. Харин графикаар явна гэж боддог. Тиймээс цаашид графикаар үргэлжлүүлж сурах бодолтой байгаа.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Тогтсон ажил мэргэжилтэй, хүн ам цөөтэй  орчинд амар тайван амьдрахыг л зорьж байна.

-Захидал дээрээ баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт ундаа зарсан тухай бичсэн байсан. Гэхдээ бүгдийг нь зарж чадаагүй юмуу? 

-Би Витафит компаниас авсан цалингаараа ундаа бөөний үнээр авсан юм. Түүнийгээ зарах гээд Хүй долоо худагт 1800 ширхэг ундаатай очсон. Гэхдээ Хүй долоо худгийн зохион байгуулалт муу байсан юм шиг санагдсан. Хуушуурны гэрүүдээ урагшаа төв хэсэг рүү нь байрлуулаад, ундаа усаа хойш нь байрлуулсан. Хойд хэсгээр нь нээх хүмүүс явдаггүй юм билээ. Тэгээд л 700 гаруй ширхэг ундаа зараад үлдсэнийг нь буцаагаад хот руу авч явсан.

-Үлдсэн ундаагаа борлуулж чадаа юу?

-Үлдсэн ундаануудаа гэрийнхээ ойр хавиар явж дэлгүүр, түцнүүдэд жижиглэнгээр зарж үзсэн. Ганц нэг авах нь авсан ч зарагдахгүй буцаад ундаагаа тэврээд явах нь их байсан. Тэгээд л өөр арга хайж, фэйсбүүкээр “Далавчгүй сахиусан тэнгэрүүд” групп дээр захидал бичсэн юм. Группын гишүүд маань их эерэгээр хүлээж авсан. Хүмүүс ар араасаа залгаж, мессеж бичиж эхэлсэн. Зүгээр ундаа авах, компот авах ч биш бас маш их урмын үг хэлсэн.

Тэгээд сүүлд үлдсэн бүх ундааг маань “ХОС БЭРС” ХХК-ийн захирал Сүхээ ах бүгдийг нь худалдаж авсан. 900 гаруй ширхэг ундааг маань худалдан авч, борлуулалт хийсэн Сүхээ ахдаа маш их баярласан, талархсанаа илэрхийлье. Одоо бүх ундаа маань зарагдаж дууссан.

-Эцэст нь үеийнхээ найз нөхдөд хандаж үг хэлээч?

-Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг үг их үнэн юм шиг санагддаг. Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийвэл тэр байгууллага, ажлын байрнаас чамайг эрж хайдаг, ажлын хамт олон дундаа ч нэр хүндтэй болдог юм шүү. Хамгийн гол нь ажилдаа дурлах хэрэгтэй.

Бас амьдралд жаргал, зовлон гэдэг зүйлийг тэнцүүлж яваарай. Энэ хоёр хамтдаа байж амьдрал илүү адал явдалтай, ирээдүйд дурсах дурсамжтай үлдэнэ. Эрсдэл бүхний цаана амжилт байдаг учраас зоригтой байгаарай гэж хэлье.

П.Энххүслэн – zaluu.com

Бусад

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Багануур дүүрггийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг түрээслэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн аж. Нийслэлийн нэг тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Багануур дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр цагдаагийн хэлтсийн албаны зориулалтын байрны бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч оны 7 дугаар сараас эхлэж, жил гаруйн хуганцаанд барьж байгуудан өнөөдөр ашиглалтад оруулж байна.

Хотын дарга С.Амарсайхан “Та бүхэнд шинэ орд өргөөтэй болж алба үүргээ амар тайван, ая тухтай орчинд гүйцэтгэх болсонд баяр хүргэе. Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд ямар нэгэн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд орхигдсоор ирсэн байдаг. Бид сүүлийн жилүүдэд төлөвлөсөн ажлуудынхаа ард гарч, цөөнгүй ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж байна. Ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно. Удахгүй та бүхний ажлын хэрэгцээнд нэн шаардлагатай туулах чадвар сайтай авто машины парк шинэчлэлийг удахгүй хийхээр төлөвлөж байна, та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.  

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Багахангай дүүрэгт цагдаагын хэлтсийн шинэ байрууд ашиглалтанд оруулахын дээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албан тушаалын орон сууцыг барьж байгуулна гэдгийг энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхандаа хандаж хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Бусад

Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв

Published

on

By

Япон улс сүүлийн 60 жил нүүрлээгүй байгалийн гамшигтай нүүр тулж, олон иргэнээ алдаж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-ийн 21:00 цагийн үед NHK телевиз “Хүчтэй хар салхины улмаас Канагава, Точичи, Гунма, Мияги, Фукушима, Сайтама, Ивате, Нагано, Ибараки, Чиба, Шизуока мужуудад нийт 28 хүн амиа алдаж, 18 хүн сураггүй алга болж, 177 хүн бэртэж гэмтээд байна” хэмээн мэдээлэв.

Тус мэдээллээс нэг цагийн дараа “Киодо” агентлаг хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 33-д хүрч, 19 хүн сураггүй алга болж, 180 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлсэн юм. Ийнхүү хар салхины улмаас хохирогчдын тоо цаг тутам нэмэгдэж байгаа аж.

Албаны хүмүүс учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Япон даяар 10 далан нурсан байна. Японы Газрын яамнаас өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-ийн үдээс хойш “Хагибис” хар салхи, хүчтэй борооны улмаас есөн голын 10 далан нурсан талаар мэдээлжээ. Японы ерөнхий сайд Абэ Шинзо иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авахыг сайд нарын танхимдаа даалгажээ.

Филиппинчүүдийн тагалог хэлээр “хурд” гэсэн утгатай Хагибис хар салхины улмаас Токио хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд саатаж, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаанууд завсарлав.

Хагибис нь 1958 оноос хойш Токио хотыг дайрсан хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож буй юм. 1958 онд дайрсан Ида хар салхины улмаас 1000 гаруй хүн амиа алдаж байжээ. Японы арлуудыг сарын өмнө хүчтэй хар салхи дайрч, 30 мянган өрхийн сууц сүйрч, цахилгаан эрчим хүчний саатал үүссэн билээ.

ANA, Japan Airlines зэрэг Японы авиа компаниуд Баасан гариг (2019.10.11)-ийн үдээс хойшоос эхлэн зарим нислэгүүдээ цуцалсан билээ. Токио, Нагояа болон Нагояа, Осакагийн хурдан галт тэрэгний үйлчилгээнүүд зогсож, Токиогийн метроны ихэнх чиглэлийг бүрэн хаагаад байв.

Токио хотын Диснейлэнд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон юм. Энэ нь 1984 оноос хойш анх удаа цаг агаараас хамааралтай үйл ажиллагаа нь зогссон тохиолдол болжээ.

“Хагибис” хар салхи нь Номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи аж. Японы хэвлэлээр өмнө нь энэхүү гамшгийн улмаас ойролцоогоор 8000 хүн үрэгдэнэ гэж мэдээлж байв. Япончууд хар салхины аюулаас урьдчилан сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хүнсний нөөцөө базааснаар дэлгүүрийн лангуунууд нь хоосорчээ.

Аврах ажиллагааны үеэр Японы Фукусима мужийн Иваки хотод амьдардаг, 70 настай нэгэн эмэгтэй 40 метрийн өндрөөс нисдэг тэрэгнээс унасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд клиник үхэлд оржээ.

Японд хар салхи нүүрлэх үеэр Токиогийн буланд Панамын хөлөг онгоц живсэн талаар “Киодо” агентлаг Японы эргийн харуул хамгаалалтын албаны мэдээллээс иш татан мэдээлжээ. Тус хөлөг онгоцонд Хятадын долоон иргэн, гурван мьянмар, хоёр вьетнам иргэн байсан аж.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсад нүүрлэсэн “Хагибис” хар салхины дараа мэдэгдэл хийж, хүмүүс нас барж, хохирч буйд харамсаж байгаагаа хэлээд, хохирогчдын ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ. Түүний хэлснээр, өдгөө эрэн хайх, аврах ажиллагаанд 27 мянга гаруй хүн тусалж байгаа аж.

Нийгмийн сүлжээний нэгэн хэрэглэгч Японы эрэг орчимд нүүрлэсэн Хагибис хар салхины гамшгийн дүрс бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгээс машинууд эргэж, цахилгааны шонгууд унаж буй байдал болон сүйрсэн барилга байгууламжуудыг харж болохоор ажээ. “Хагибис” хар салхины хурд 45 м/с байсан бол зарим газраар 65 м/с хүрч ширүүссэн байна.

Эх сурвалж: NHK, Kyodo, Reuters

Дэлгэрэнгүй унших

Бусад

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Published

on

By

Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгав. Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийжээ.

Төлөвлөгөө ёсоор “БМНС” ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. “Улз” ХХК-ийн хувьд 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол “Алтай голд” ХХК 15 га-аас 9 га-д, “Батдөлгөөнмөрөн” ХХК 3 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийгээд байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи 24 хоногт 110 га талбайг ийнхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтэртэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж, шахуу хувиараар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болгов. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээлтийг явуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Онцлох