Connect with us

Улс төр

“Үндсэн хууль, Оюутолгойн гэрээг ард түмний саналаар өөрчлөх хэрэгтэй”

Оруулсан:

огноо:

TV-9 телевизийн “Ардын парламент” нэвтрүүлэг ээлжит дугаартаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарыг урьж Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн эргэн тойронд ярилцсаныг тоймлон хүргэж байна.

БИД ОЮУТОЛГОЙГОО “РИО ТИНТО”-Д АШИГЛУУЛААД 1.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ СУУЖ БАЙНА

-Монгол Улсын хувь заяатай холбоотой чухал асуудлын нэг  Оюутолгойн гэрээний талаар сүүлийн үед хүчтэй ярих боллоо. Тухайн үед  ТЭЗҮ-ийг  нь хийлгүй гэрээг  баталж,  өдгөө 10 жил өнгөрсөн ч  ашиг нь   ард түмний амьдралд огт тусахгүй явж ирсэн нь түүний  ард маш том хуйвалдаан явжээ гэдгийг харуулж байна. Оюутолгойн гэрээний үр ашиг хэзээ Монголд орж ирэх бол. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

Д.Бямбасүрэн:

-Оюутолгойн гэрээ зөвхөн эдийн засагтай холбоотой асуудал биш. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, амьдралынхаа жолоог олж, хувь заяаг шийдэх  ард түмний эрх ашгийн асуудал болж хувираад байна. Бид  Оюутолгойн гэрээг олон талаас нь  шүүмжилдэг. Өнгөрсөн жил УИХ-аас томилсон Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна лээ. Тэр бол  үндсэндээ бодит дүр зургийг гаргасан. Оюутолгойн гэрээг шүүмжлэх гол үндэс нь гурван асуудал байгаа юм. Нэгдүгээрт, Оюутолгой  Монголын төдийгүй дэлхийн том баялаг. Гэтэл энэ баялагт  Монгол Улс, Монголын төр, ард түмэн эзэн нь  биш, харийн мэдэлд очсон. Тэгсэн хэрнээ үүний ард Монгол Улс өөрөө  өртэй үлдээд байгаа. Үнэт баялгаа өгчихөөд өөрөө өртэй үлддэг  жишиг дэлхийд ховор байх. Оюутолгойг ашиглахын үндэс бол тэндээс нийгмийнхээ амьдралыг тэтгэх, ашиг орлого олох юм. УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтын дүнгээс харахад Монгол Улс Оюутолгойгоо “Рио Тинто”-д ашиглуулаад одоогийн байдлаар 1.7 тэрбум ам.долларын өртэй байна. Энэ өр цааш 2-3 дахин өсөх байх. Нөгөө талд нь үүнийг  хүмүүс янз бүрээр ярьдаг. Жишээлбэл, нийтлэлч Баабар саяхан том өгүүлэл бичээд, түүндээ Оюутолгой бол Монголын төсвийн 30 хувийг бүрдүүлж байгаа гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Тийм биш шүү дээ, Оюутолгой жилд 50 сая тонн хүдэр боловсруулдаг.Монголын “Эрдэнэт” үйлдвэр 50 сая тонн хүдэр боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл, хүчин чадлын талаар энэ хоёр  адилхан. Гэтэл Оюутолгойн  ашиглаж байгаа хүдрийн орд  нөөц нь металлын агуулгаараа “Эрдэнэт”-ийнхээс 3-5 дахин их. Тэгсэн хэрнээ алт, мөнгөний орц ч их бий. Ер нь Оюутолгойн нийт нөөц нь 42 сая тонн зэс, 18 -11 мянган тонн цагаан мөнгөтэй.  Оюутолгойн анхны ТЭЗҮ-ээр  бол жилдээ 200 мянган тонн зэс, 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө гаргах ёстой. Энэ оны  эхний улирлын байдлаар 45 мянган тонн цэвэр зэс, өөрөөр хэлбэл, цэвэр зэсд шилжүүлснээр 120 мянган унци алт гаргасан байна. Монгол Улсын төсөвт оруулж байгаа хувь хэмжээг авч үзвэл “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 688 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт  оруулсан байхад Оюутолгойнх 400-гаад тэрбум байгаа. Нэг талд  төсөвт 400 тэрбумыг оруулчихаад,  нөгөө талд хэдэн зуун сая ам.долларын өр хадгалагдаж ирсэн. Гуравдугаарт, Оюутолгойг эзэмшигч Рио Тинтогийнхон /өмнө нь Айвехоу Майнз ХХК байсан/ шударга бус хандлага, луйврын шинжтэй үйлдлийг олон удаа гаргаж байгаа. Жишээ хэлэхэд, анх 2010 оны ТЭЗҮ-ээр Риогийнхон Оюутолгойг ашиглахад 65 км хонгил ухах ёстой байсан. Гэтэл үүнийгээ  2015 онд 202 км болгосон. Оюутолгойн асуудал анх гарахад 2.5 тэрбум ам.долларт багтааж хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Дараа нь 4.1 болгосон.Тэгснээ  5.1 болсон. Хамгийн сүүлд гарсан мэдээгээр 14 тэрбум ам.доллар гэсэн. 14 тэрбум ам.долларын 34 хувийг Монголд ногдуулахад таван тэрбум нь өр болж хоцорно.  Ингээд бодоход ямар эдийн засагчид, ямар түвшинд  энэ компани хөрөнгө оруулалтаа 4-5 дахин алдаж тооцдог юм бэ. Энэ луйвар уу, алдаа юу гэдэг асуулт аяндаа гарч байна. Ер нь бол “Рио Тинто”-гийнхон гэрээ байгуулахдаа 34 хувийг нь Монголд өгнө гэж өр тооцоод явж байгаа. Гэтэл ашигласнаас хойш ашиг хуваасангүй. Түүгээр ч барахгүй 2048 он хүртэл  ашиг хуваахгүй гэсэн яриаг сүүлийн үед гаргах боллоо. Ингэж ажиллах нь  Монголд хэрэгтэй юм уу. Оюутолгойн асуудлыг ярихдаа монголчууд тэнд ажиллаж байгаа ажилчид, инженерүүдийг буруутгадаггүй. Гагцхүү Оюутолгойн орлогыг завшиж авч байгаа энэ компани дэндүү шуналтай, шударга бус, боолчлол, колоничлолын зарчмаар Монголд хандаж байгаа юм. Өөр нэг асуудал нь Оюутолгойн тухай  ерөнхий зүйлүүд яригддаг. Сая УИХ-ын Ажлын хэсгийн  дүгнэлтээс үзэхэд хэчнээн хэмжээний, ямар агуулгатай, хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа, ямар үнээр гаргаж байгаа талаарх нэг ч материал Монголын талд байхгүй. Монголын тал хил дээр юу гаргаж байгааг шинжлэх экспресс аналитик байхгүй. Зөвхөн тэдний үгээр л явж байгаа. Энэ бүхнээс харахад “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа нь Монголын эдийн засгийн нэгдсэн орон зайнаас гараад, Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхээс ангижирсан байна.

Н.Энхбаяр:

-Д.Бямбасүрэн гуай  Монголынхоо эдийн засгийг  сайн мэддэг, улс орны эдийн засгийн асуудлыг толгойдоо багтаасан хүний хувьд Оюутолгойн гэрээний гол зүйлүүдийг товч бөгөөд тодорхой хэллээ. Нэмж хэлэхэд энэ гэрээ угаасаа Үндсэн хууль зөрчиж хийгдсэн. Яагаад гэвэл, Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн. Төр нь хамгаалаагүй,ард түмэн нь мэдээгүй ийм гэрээ болчихсон. Яагаад ийм болгосон бэ гэвэл, Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө бэлтгэл хангах маягаар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, Монголын талын эрх ашиг, стратегийн ордууд дээр дандаа бага байхаар  хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Одоо тэр гэрээг байгуулсан хүмүүс өөрсдийгөө зөвтгөж хэлэхдээ “Хуулийн орчинд л бид ажилласан шүү дээ. Хууль нь ингэж гарсан юм чинь яах юм бэ” гэдэг. Үнэн хэрэгтээ ийм хууль гаргах ажлыг өөрсдөө удирдаж хийлгэчихээд  сүүлд нь тэр муу хуулиа үндэслэж ийм муухай гэрээ хийгээд  иймэрхүү зүйл яриад сууж байгаа юм. Тэр үед хууль зүйн асуудлаар Засгийн газартаа гол зөвлөгөө өгдөг хүн нь Ц.Нямдорж байсан. Яагаад гэвэл, ХЗДХ-ийн сайд нь байсан учраас тэр. Угаасаа Ц.Нямдорж байна уу, өөр хүн байна уу,  Хууль зүйн сайд нь Засгийн газартаа зөвлөдөг. Тэр хүний хэлсэн үг хамгийн чухал байдаг. Харамсалтай нь энэ гэрээн дээр Ц.Нямдоржийн мэдлэг боловсрол хүрээгүй юу, эх оронч сэтгэл нь дутсан уу, эсвэл аль аль нь нийлээд ийм муу үр дүн гарсан уу, ямар ч байсан үнэхээр муу гэрээ байгуулсан. Тухайн үед МАНАН-гийн Засгийн газар байгуулагдсан байсан үе, энэ асуудлаар би тэдэнтэй нэлээд зөрчилдсөн. Ингээд тэд гэрээгээ байгуулж чадахгүй тодорхой цаг хугацаа өнгөрсөн. Тэр үед миний хэлж ярьж байсан зүйлүүдийг  АНУ-аас манай улсад Элчин сайдаар сууж байсан М.Минтон гуай өөрийн нууц захидалд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  Н.Энхбаяр Монголын талд ашигтай гэрээ хийх гээд байна. Харин Ерөнхий сайд С.Баяр нарын хүмүүс гадныхны ашиг сонирхлыг тооцсон гэрээ хийх гэж байна” гэх зэргээр бичсэн байсныг www.wikileaks.org сайтынхан олж илрүүлэн олон нийтэд цацсан байна лээ. Анхнаас нь хууль зөрчсөн  гэрээ байгуулах гэж байгааг анхааруулж хэлж байсан хүний хувьд өнөөдөр ч  энэ байр суурьтаа байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам буруу зүйл болжээ гэдэг нь батлагдаж байгаа. Сая УИХ-ын гишүүд гэнэт сэрсэн юм шиг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг  шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг ярихдаа гайхаж асууж байна лээ. Юу гэсэн үг вэ, энэ чинь гэрээг байгуулснаас хойш 40 жилийн дараа ногдол ашиг авна гээд яриад сууж байдаг. Авах ч юм уу, үгүй ч юм уу тодорхойгүй. Анх Оюутолгойг ашиглаж эхэлснээс хойш Монголын өр хэдэн тэрбум ам.доллараар өсч ирсэн. Тэр нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Дээр нь бид ямар байдлаар бүтээгдэхүүнээ борлуулж байгаа вэ гэдэгт хяналт тавьж чаддаггүй. “Рио Тинто” компани өөрөө тойруу замаар, ногдол ашгаа аль хэдийнэ авчихсан.Тухайлбал, “Рио Тинто” компани  Оюутолгой гэдэг төсөлд орсноороо хувьцаа нь өссөн. Тэр нь өөрсдөд нь ашигтай байгаа. Монголын хувьцаа гэж дэлхийд байхгүй. Өөрөөр хэлбэл,  Монгол Улс Оюутолгойг ашиглалтад оруулснаараа хувьцаа өсөхгүй. Тэр тусмаа гэрээ нь Монголыг анхнаас нь өрөнд оруулсан ийм л баримт бичиг  байсан. Зээл нэрээр Монголд оруулж ирж мөнгө  хүүлэх ийм л зорилготой  байсан. Тэгэхээр Д.Бямбасүрэн гуай оночтой тодорхойллоо, энэ бол яах аргагүй  шинэ колоничлолын бодлого. Түүхээс харж байхад Африкийн орнууд, Латин Америк, Зүүн Өмнөд Азид ийм зүйлүүд болж байж. Одоо хөгжилтэй орнууд, Зүүн Америкийнхан алдаагаа  ухамсарлаж колоничлолын бодлогоосоо татгалзаж байна. Ингээд хөгжлийн асуудлыг хоёр тал хоёулаа хожих зарчмаар хийж сурсан гэсэн нь үгүй юм байна. Яг л  Африкт хийж байсан гэрээ Монголд хийгдээд явж байна. Хамгийн наад захын жижиг гэж хэлэхээргүй нэг асуудал бол “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан Голдман Сакс банк санхүүгийн байгууллага Монголын Засгийн газрын зөвлөхөөр ажилласан байдаг. Энэ юу гэсэн үг вэ. Найздаа сайн хандахын тулд Голдман Сакс манайд ямар зөвлөгөө өгөх билээ. Мэдээж сайн найзынхаа эрх ашгийг хамгаалж л зөвлөгөө өгнө. Дашрамд хэлэхэд, Голдман Сакс сая дэлхий даяар шуугиан дэгдээсэн Малайзын хэдэн тэрбум ам.долларын  мөнгө угаах хэрэгт оролцсон. Банк санхүүгийн байгууллагууд “мөнгө үнэртэхгүй” гэдэг зарчмаар ажилладаг. Мөнгө л олж байвал ёс суртахуун, колоничлолын бодлого байна уу, үгүй юу, тухайн улс орон хөгжиж байна уу, үгүй юу гэдгийг ерөөс боддоггүй, тийм харгис хатуу гэрээ хийдэг зарчимтай. Тэрийг бид мэдэж зохицуулалт хийх ёстой байсан. Харамсалтай нь тухайн үеийн Засгийн газар зүтгэсээр байгаад гэрээ хийсэн. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар үүнийг засах ёстой. Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийг ахалсан Д.Тэрбишдагва гишүүн асуудлаа  Аюулгүй байдлын зөвлөлд оруулж хэлэлцүүлэх хэрэгтэй. Тэндээсээ  зөвлөмжөө гаргах нь зөв. Гэтэл Аюулгүй байдлын зөвлөл нь шүүх, прокурорын томилгоонд анхаараад түүнээс хамаагүй чухал асуудлаа яагаад ч юм хэлэлцдэггүй. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажиллаачээ гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

ГЭРЭЭГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛ,  ТЭДНИЙ САНАЛЫГ ЛОНДОНЫ ШҮҮХ ТАСЛАХ ЭРХГҮЙ

Д.Бямбасүрэн:

-Би саяын ярьсантай бүрэн санал нийлж байна. “Айвехоу Майнз”-ынхан Монголд анх хөрөнгө оруулагч гэж орж ирэхээсээ эхлээд дотоод улс төрийн тогтолцоонд нь,төрд нь, хэвлэл мэдээлэлд нь өөрийн лобби бүлгийг байгуулж, магадгүй хээл хахууль ашигласан байж болох юм. Ингээд монголчуудын тархийг угаасан. Гэрээг нь анх байгуулахад Ерөнхий сайд С.Баяр хэлэхдээ Оюутолгойн цэвэр орлогын 71 хувь нь Монголд үлдэнэ гэж байсан. 2010 онд дараагийн Ерөнхий сайд нь УИХ-аар гэрээг батлуулахдаа 59 хувь нь Монголд үлдэнэ гэж хэлсэн. Гэтэл одоогийн байдлыг харахад 10 хүрэхгүй хувь нь Монголд орж ирж байгаа. Гэрээ байгуулна гэж шуугиж байхад нийтлэлч Баабар “Хоног бүхэнд нэг сая ам.доллар алдаж байна. Гэрээг байгуулахгүй бол болохгүй” гэж ярьж, бичсэн. Томоохон эрдэмтэд, улстөрчид үүний төлөө ухуулга явуулж эхэлсэн. Энэ нь одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь хоёр зүйл дээр илэрч байна. Нэгдүгээрт, Баабар Оюутолгой улсын төсвийн 30 хувийг бүрдүүлж байна гээд байгаа. Баабарыгаа бид сайн мэднэ.1990 оны ардчилсан хувьсгал эхлэхэд “Бүү март, мартвал сөнөнө” гэж ард түмэнд хандсан захидал бичиж, эрэлхэг зоригтой эх оронч хүн гэдгээ харуулж явсан. Монголчууд итгэж хүндэлсэн. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд мань хүн өөрчлөгдөж, Оюутолгойн гэрээнээс өгсүүлээд  гадныханд үйлчлэх  сөнөх чиглэлийн баримжааг авч эхэлсэн. Би бодохдоо түүнийг улс төрийн хувьд юм уу, ямар нэг байдлаар буруутгахаасаа өмнө нас ахиад жаахан суларч явна уу гэж боддог. Монголчууд хүнийг нас ахиж сулраад ирэхээд “Цагаан мориндоо мордлоо” гэцгээдэг шүү дээ.  Баабар маань цагаан мориндоо мордож байх шиг байна. Түүнээс Сангийн сайд байсан хүн Оюутолгойн 400 тэрбумыг харчихаад “Улсын  төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байна” гэж ярьж сууна гэдэг байж боломгүй. Саяхан нэг шуугиан дэгдсэн, Ажлын хэсгийн шалгалтын материалыг УИХ нь “Рио”-гийнхонд өгчихлөө. Өөрсдөө танилцаж учрыг нь олоогүй байж гадынханд аваачиж өгснийг сонсоод хэлэх үг олдоогүй. Ингэтлээ гадны луйварчид Монголд хумсаа шигтгэсэн байна. Энэ бол Оюутолгой тойрсон асуудлын анхаарууштай бөгөөд халуун сэдвийн нэг  мөн.

Н.Энхбаяр:

-Энэ асуудлыг ярихаар  өөрийнхөө тухай ярьж байгаа юм шиг болчих гээд байгаа тул би болгоомжилж байна. Гэхдээ хэлчихье, тухайн үед буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг явуулж байхад гол зөвлөгөө, мэдээллийг өгч байсан гадаад, дотоодын хүмүүс ерөөсөө Монголын ард түмэн Оюутолгойн гэрээг л хүсч дэмжиж байна. Үүнийг л хүсэн хүлээж байна гэсэн худал мэдээллийг өгч байсан. Тэр үед бид гэрээтэй танилцаад, Монголын талын эрх ашигт учир дутагдалтай юм байна гэдгийг хэлж байсан. Ийм гэрээ байгуулчихвал сүүлд нь засах аргагүйг хэлж байсан нэр бүхий хүмүүс ч бий. Гэтэл үг авалгүй байгуулчихсан. Түүнээс хойш 10 жил өнгөрлөө. Өнөөдөр засах тухай яриад сууж байна. Манай нөхдүүд бүр  2009 оны наадмын өмнө гэрээг байгуулах гэж зүтгүүлж байсан юм шүү дээ. Тэр үед хэвлэлийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж  зогсоосон ч  аравдугаар сарын 6-нд баталчихсан. ҮАБЗ-ийн гурван гишүүн нь зогсч байгаад, Төрийн ордны гадна цугласан иргэний нийгмийнхэн, иргэдийг цэрэг, цагдаагаар хориулж байгаад гэрээгээ байгуулчихсан. Гэрээг байгуулж чадсан гэдгээрээ өөрсдийгөө хүчтэй гэж бодсон байх. Гэтэл ард түмэнд маш хохиролтой зүйл хийсэн. Одоо ард түмэн бие биеэ гэхээс илүү монголчууд нэгдэж, Д.Бямбасүрэн гуайн хэлж байгаагаар ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, гэрээгээ засах хэрэгтэй байна. Оюутолгойн гэрээг засвал Лондоны шүүх дээр очно гэж айгаад байгаа. Миний бодлоор ард түмнийхээ саналыг асуух хэрэгтэй. Англичууд л гэхэд  Европын холбооноос гарах уу, үгүй юу гэдгээ ард түмнээсээ асуугаад гарахаар боллоо. Тэр яриа хэлэлцээ  нь хүндхэн байдалд явагдаж байгаа ч ард түмний саналыг хаана ч хүндэтгэж байна шүү дээ. Европын холбоо англичуудыг шүүхэд өгч, та нар гарахгүй гэчихээд гарлаа гэж хэлж чадахгүй байна. Яагаад гэвэл ард түмэн нь шийдчихсэн. Оюутолгойн гэрээ энэ хэвээр байх уу, өөрчилбөл алийг нь өөрчлөх вэ гэдгээ ард түмнийхээ санал асуулгаар шийдчих хэрэгтэй. Ямар гэрээ болсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд харж мэдэрсэн ард түмэн маань өөрчил гэж хэлэх байх. Лондоны шүүх ард түмний санал асуулгыг хэлэлцэхгүй. Гарц нь бэлэн байхад яагаад хэлэлцүүлэхгүй суугаад байна вэ.

ОЮУТОЛГОЙГ ЧИХЭР ГЭВЭЛ, “РИО ТИНТО” ЯЛАА ЮМ, ТЭД НИСЭЭД ЯВЧИХАЖ ЧАДАХГҮЙ

-УИХ энэ асуудлыг хэлэлцэх эрх нь нээлттэй. Гэтэл чимээгүй байгаад байдаг нь ямар учиртай юм бол. Нөгөө талаас Оюутолгойн гэрээг хүчингүй болгож цуцлах ёстой юу эсвэл засч сайжруулах шаардлагатай юм уу. Манайхан хөрөнгө оруулагчид дүрвэлээ гээд шуугидаг, түүнээс үүдэж ямар  асуудал үүсэх бол?

Д.Бямбасүрэн:

-Оюутолгойн гэрээг батлахад УИХ-ын 76 гишүүний 72 нь дэмжсэн. Тэдний олонх нь одоогийн УИХ-д сууж байна. Энэ гэрээг байгуулах үйл явц төрийн бүтцэд маш том өөрчлөлт авчирсан. 2008 оныг аваад үзэхэд, С.Баярын Засгийн газарт МАН-ынхан олонх болсон хэрнээ Сангийн сайдаараа Комсомолын сургууль төгссөн С.Баярцогтыг томилж, тэр хүн 20 мянган хувьсагчтай тэгшитгэлийн загвар бодож байж гэрээг байгуулсан гэж ярьдаг. Мөн Уул уурхайн сайдаар хятад хэлний орчуулагч мэргэжилтэй хүнийг аваачиж тавьсан. Сангийн сайд, Уул уурхайн сайдаар  Монголд дандаа мэргэжлийн бус хүн томилдог.Одоогийн сайд нар ч адилхан. Ингэж монгол төрд өөрийн хүмүүсээ байршуулдаг. Хуулийн  тухайд Ашигт малтмалын хуулийг өөрчилсөн. Дээр нь 2009 онд Онцгой албан татварын хуулийг хүчингүй болгосон. Ингэж Монголын татварын системийг цуцалж байж Оюутолгойн гэрээг байгуулсан.

2009 оны долдугаар сарын 7-нд Ерөнхийлөгч тангараг өргөсөн, 8-нд Оюутолгойн гэрээг  үзэглэх эрхийг Засгийн газарт өгсөн. Ийм байдлаар асуудлыг шийдэж ирсэн. Сүүлд 2014-2015 онд АН засаг барьж байхдаа МАН-аас Ж.Эрдэнэбатыг урьж Сангийн сайдаар томилоод, тэр хүнээр Дубайн гэрээнд гарын үсэг зуруулах гэж оролдсон. Үндсэн хуульд газар түүний хэвлий доорх баялаг бүх ард түмний мэдэлд байна гэсэн байтал Дубайн гэрээгээр гадны банкинд барьцаанд тавьчихсан. Өрийг нь монголчууд төлнө. Дубайн хэлэлцээрийн өмнө бүгд тохиролцоод Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, АН-ын бүлэг Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоё гэж 100 хувийн саналаар дэмжсэн байхад ҮЗХ нь эргээд Ч.Сайханбилэгийг тавьсан. Өөрөөр хэлбэл, Риогийнхон Монголын төр, засгийн толгойг ингэж эргүүлдэг зуршил тогтсон. Тэгээд Ч.Сайханбилэг нь Ардын намыг Засгийн газартаа урьж, Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар тавиад Оюутолгойн гэрээний гурван жилийн тайланд гарын үсэг зур гэж албадаж байсан. Тэр тайланд нь Монголын гурван сайд шалгалт хийгээд зөрчил илэрсэнгүй гэж дүгнэлт гаргаж байлаа. Энэ мэтчилэн хүний гараар могой бариулж, далдуур юм хийсэн  явдал нэлээд гарсан. Олон улсын шүүхийн хувьд тэр хүртэл Оюутолгой дахь  “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ынхан  юу хийснээ нууж чадахгүй байх. Одоо Оюутолгойн үйлдвэр жилд ажилчиддаа өгдөг цалингаас гадагш төлдөг зээлийн хүү  нь 1.5 дахин их байна. Оюутолгойн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнээр гадагш гарч байгаа. Ажилчдын цалин нь адил тэнцүү гадаадын уурхайнуудаас 2-3 дахин бага, гадаадаас ирж ажиллаж байгаа ижил мэргэжилтнүүдээс 10 дахин бага байгаа. Энэ чинь мөлжлөг биш юм уу.  Үүнийгээ бариад олон улсын шүүхэд “Бид Монголыг ингэж мөлжиж байсан чинь эд нар эсэргүүцээд байх юм, яах вэ” гээд очиж чадах уу. Миний бодоход энэ бүхнийг нь баримтжуулаад Олон улсын Арбитрын шүүхэд эртхэн өгсөн нь дээр. Түүний өмнө манайхан дотроо тэдний бүтээсэн “хана” болох төрд шургалсан хүмүүсийг цэвэрлэх хэрэгтэй. Шударга ёс, шударга зарчмаар хоёр тал харилцан ашигтай ажиллах хөрөнгө оруулагчид хэзээ ч бэлэн  байгаа. Гагцхүү манай зусарч, бялдууч, авлигач түшмэлүүд тэдний гарыг долоож, тэгж  амьдрах хүслээр яваад байна. Одоо Монголд жаахан яриа гараад ирэхээр олон улсын зах зээлд эдийн засгийн нөхцөл муудлаа гээд Риогийнхон хашгирдаг. Нөгөө талд тэдний даалгавраар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бий болсон лобби бүлэг нь хөрөнгө оруулагчид буцлаа, дүрвэлээ гээд хашгирдаг. Бид Оюутолгойг хаах тухай асуудал яриагүй. Гэрээг өөрчилье, шударга болгоё гэж ярьж байгаа. Ямар ч тохиолдолд, хэн ч байсан Монголын 45 мянган тонн цэвэр зэс, 120 мянган  унци алтыг хаячихаад гараад явчихаж чадахгүй.

БУЛХАЙ ЛУЙВАР ХИЙГЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ С.БАЯРТ ЗӨНДӨӨ ХЭЛСЭН

Н.Энхбаяр:

-УИХ-аас Ажлын хэсэг  анх байгуулж байхад Д.Дамба-Очир гишүүн толгойлсон. Өөрөө ийм санал өгсөн гэдгийг би УИХ-ын дарга асан М.Энхболдоос сонссон. Тэгээд ажиллах юм болов уу гэж байтал болиод  Д.Тэрбишдагва ажлын хэсгийг ахалсан. Энэ  хөдөлгөөнийг харж байхад байдал ойлгомжтой болж байна. Сая Д.Бямбасүрэн гуайн хөндсөн Оюутолгойн шалгалтын дүгнэлтийг  УИХ хэлэлцэхээс өмнө “Рио Тинто”-д хэн өгсөн бэ гэсэн асуулт гарсан. Гэтэл Д.Дамба-Очир өгсөн байсан. Тэгэхээр энэ хүн Оюутолгойн төлөө лоббид нь явдаг гэдгээ үйлдлээрээ баталчихлаа. Энэ мэтийн хүмүүс цаана нь байгаа. Тэд Оюутолгойн гэрээг хэлэлцэх бололцоогүй, засах бололцоогүй болгоод байна. Энэ байдлаар бид хэн нь хэн бэ гэдгийг ойлголоо. Зарим нь анх удаагаа л ойлгож авч байгаа шиг юм яриад байна лээ. Үнэхээр ойлгож авч байгаа бол сайн байна.

Оюутолгойн гэрээ ямар их луйвар булхайгаар бий болсон бэ гэдгийг ойлгуулахын тулд бас нэг жишээ хэлье. 2009 онд би Ерөнхийлөгчийн сонгуулиар луйвардуулж уначихаад Ерөнхий сайд С.Баярт “Сонгууль ямартай ч ийм байдлаар шийдэгдчихлээ. Оюутолгойн гэрээг ийм байдлаар хийлгэж болохгүй шүү. Хийвэл сайн гэрээ хийх ёстой. Үүний тулд та бүхэн миний мэддэг, чаддагийг ашигла. Би Ерөнхийлөгч байсан хүний хувьд УИХ-ын сонгуульд орохгүй гэхгүй, Ц.Элбэгдоржийн оронд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшье. Ингээд Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д зааснаар Оюутолгойн гэрээг засъя гэхэд С.Баяр эсэргүүцсэн. Тэгэхээр нь чи биш нам мэднэ шүү дээ гэхэд “Би хүмүүстэй зөвлөлдсөн, хэрэггүй гэж байна” гээд Д.Зоригтыг дэвшүүлсэн. Оюутолгойн гэрээг хийлгэх хүнээ дэвшүүлсэн нь тэр. Тухайн үед би Бага хурал дээр очиж, Оюутолгой, Тавантолгойн гэрээг байгуулж болохгүй  гэдгийг хэлнэ гэтэл намайг очихоос өмнө санал хураагаад Н.Энхбаярыг  дэвшүүлэхгүй гээд шийдчихсэн байсан. Тэгээд өөдөөс “Та шийдсэн юм руу орж яах юм” гэж хэлээд УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл гуай, намын дарга С.Баяр, У.Хүрэлсүх нар сууж байсан. Тэгэхээр нь би С.Баярт “Чи ийм луйвар булхай хийгээд хол явахгүй.Улс төрийг ингэж хийдэггүй юм” гэж хэлчихээд Бага хуралд орж чадалгүй  гарсан. Тэгэхээр үүнийг бодлоготойгоор хийсэн гэмт хэрэг гэж хэлэхээс өөр арга байхгүй.

Д.Бямбасүрэн гуайн хэлсэнтэй холбогдуулж нэг жишээ хэлэхэд, Ерөнхий сайд байхдаа Сингапурт айлчлахад уулзалтыг зохион байгуулсан  Сүхээ гэж хүн “Бизнес бол ялаа” гэж хэлж байсан. Тэгэхээр баялаг бол чихэр, бизнес бол ялаа  юм. Би Фрийдланд гэдэг хүнтэй уулзахдаа “Их өр”-ийг тэглэхдээ “Эрдэнэт”-ийг 49, 51 хувиар ашиглах гэрээ хийж байсан. Танайх ч гэсэн ингэж гэрээ хийж болдоггүй юм уу. Монголын талд тодорхой хугацааны дараа  шилжүүлэхээр гэрээ хийгээч гэхэд “Оросынх өөр, барууных өөр.Тэгээд ч би өөрөө жижиг хувьцаа эзэмшигч, тиймээс та “Рио Тинто”-той ярь” гэж байсан. “Рио Тинто”-гийн талтай ярихад “Монгол Улсын Ерөнхийлөгч ийм санал хэлэхээс өөр арга байхгүй. Бид судалъя” гэж хэлчихээд 2009 оныг хүлээгээд сонгуулиар намайг унагаагаад аравдугаар сард  Оюутолгойн гэрээг байгуулчихсан. Тэгэхээр өнөөдөр Оюутолгойн гэрээг заслаа, өөрчиллөө гэхэд тэд зугтахгүй. Чихэр нь байж байхад нисээд явчихдаг ялаа байхгүй. Тиймээс гэрээгээ сайжруулъя, бид чадна. Үүнийгээ хурдан хийх хэрэгтэй. Харамсалтай нь УИХ үүнийг хийж чадахгүй байна. Иймд Ерөнхийлөгч Х.Батулга үүргээ хэрэгжүүлж, ҮАБЗ-өөр  хэлэлцүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёс ярьж гарч ирсэн хүн, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө, одоо энэ ажлаа хийх  хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг нь Ц.Элбэгдоржийг, нөгөө нь М.Энхболдыг сольж гарч ирлээ гээд ямар ашиг байна вэ, Монголд. Зүгээр нэг дарга нар ажлаа сольсон л хэрэг болчихоод байна шүү дээ. Тиймээс ашгаа гаргаач гэж хэлэх байна.

СӨРӨГ ХҮЧНИЙХЭЭ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ХҮСЛИЙГ БАРИАД ЯВЖ БАЙГАА Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГ “ТООДГОР” ГЭЕ

-Монгол Улс мал аж ахуй, үйлд­вэр­лэлийг хослуулан хөг­жүүлж байсан. Уул уурхай хөгжүүлээд ухарлаа. Энэ бүхнээс гарах хөгжлийн гарцыг  Үндсэн хуулийн өөрчлөлт гэж томъёолох боллоо. Гэвч  үнэмлэхүй олонх болсон, сөрөг хүчингүй нэг намын УИХ-д энэ  эрхийг өгөх нь халтай.  Өөрчлөлтөөр ард түмний амьдрал дээшлэх нааштай зүйлүүд харагдахгүй байна гэсэн шүүмжлэл байна. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

Н.Энхбаяр:

-1992 оны Үндсэн хуулийг батлахдаа сайныг санаж баталсан байх. Гэхдээ зарим алдаатай зүйлийг оруулж ирсэн. Тэр нь байгалийн баялаг төрийн өмч гэж заасанд байна. Төрийн өмч гэхээр төрд гарч ирсэн өндөр албан тушаалтнууд өөрсдийн өмч гэж бодоод, хуулийн заалт ашиглан өөртөө, найз нөхөддөө, гадныханд ашигтай гэрээ хийх нөхцлийг бүрдүүлээд байна. Тиймээс бид Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж байгаа бол байгалийн баялгаа ард түмний өмч гэж зааж өгөхгүй бол 6.1 дэх заалтад  “Ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад” гэчихээд 6.2-т нь “Төрийн өмч” гэж заасан учраас тэр ойлголт нь давамгайлж дарга нарын өмч болж хувираад, нэгэнт тэдний өмч болчихоор ард түмэнд хамааралгүй болж цөөн хүн, хэдэн гэр бүл баяжиж, монголчууд “алтан дээр суусан гуйлгачин” гэсэн нэр зүүгээд явж байна. Үндсэн хууль маань ийм чухал асуудлуудыг авч хэлэлцэхийн оронд жижиг асуудлаар оролдож, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, өөрсдөө хуралдахдаа төдөн хоног хуралдана гэхчлэн хуулиар зохицуулж болох зүйлүүд яриад сууж байгаа нь дэмий цаг алдсан, зарчмын өөрчлөлт хийх сонирхолгүй хүмүүсийн алдаатай бодлого гэж үзэж байна.

Д.Бямбасүрэн:

-Би өөрөөр харж байгаа. Харин ч зарчмын том өөрчлөлт хийж байна уу гэж бодсон. Одоогийн УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн төслийн үндсэн санаа нь 2015 онд АН засаг барьж байх үед гарсан. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмье, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг таная гэсэн. Энэ юу вэ гэхээр, “Рио Тинто”-гийнхон Ерөнхий сайдыг томилсон, тэгээд Монголын Засгийн газарт  Сангийн сайд, Уул уурхайн сайдыг нь томилдог боллоо. Үүндээ тааруулж Засгийн газраар тоглож байна. Энэ утгаар нь авч үзвэл Үндсэн хууль “Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна”  гэсэн заалтыг тасалж аваад “Засгийн бүх эрх мэдэл намын дарга, Ерөнхий сайдын гарт байна” гэж нэг ёсондоо  далд төрийн эргэлт хийх нь. Ингэж ард түмнээс төрийг холдуулах гэж байна. Ийм байдлаар монгол төрийг сулруулж эвдэх гэсэн  санаа явж байна гэж  би боддог. Нөгөө талд нь 1992 оны Үндсэн  хуульд бид хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлоохыг зорино гэж заасан. Гэтэл одоогийн засаг маань олигарх засаглал, Монголын баялгийн 85 хувийг цөөхөн эрх мэдэлтэн, баячууд гартаа авсан, Монгол Улс өр ширэнд баригдсан. Саяхан л гэхэд  28 тэрбум ам.долларын өрөнд  орсон яана  вэ гээд ярилаа. Тэгээд төр нь эрх мэдэлгүй, луйварчдын гарт орлоо. УИХ-аа аваад үзье, 75 хүнтэй. 2004 оны сонгуулийн дараа миний ойлгосноор долоон хүн ашиг сонирхлын зөрчилтэй юм байна  гэж бодогдож байсан. 2008 оны сонгуулиар 19 хүн наанатай, цаанатай юм уу даа гэж бодогддог болсон. Гэтэл одоогийн УИХ-д 51 хувь нь ЖДҮ-ийн сангаас шомбодож луйвар хийсэн улс сууж байна. Энэ Үндсэн хуулийг нэр төртэй, ард түмний итгэл хүлээсэн хүмүүс батлах юм уу эсвэл 51 луйварчин батлах юм уу. Иймээс одоогийн УИХ Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны эрх байхгүй. Нөгөө талд, гол зангилаа асуудлыг эд нар эрх мэдлийн хуваарилалтын асуудал гэж яриад байгаа. Ерөнхий сайд төсвөө барьж байгаа цагт эрх мэдэл дутна гэж байдагүй. Бид хоёр хоёулаа Ерөнхий сайд байж үзсэн. Гагцхүү Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж,  нэг удаа зургаан жилээр сонгодог болно гэдэг нь Ерөнхий сайдаар тоглож дууслаа, одоо Ерөнхийлөгчөөр тоглож эхэлье  гэсэн үг. Ийм учраас одоогийн УИХ-д өргөн бариад байгаа Үндсэн хуулийг төрийн эргэлт хийх нь гэж үзэж байгаа. Хуулийн төслийг Д.Лүндээжанцан бариад гүйж яваа. Дээр үед баруун Монголд Дамбийжанцан гэж нэг эсэргүүн байсан гэж ярьдаг. Тэр нь  Тоодгор гэж нэг хүнтэй, тэр нь Дамбийжаагийнхаа даалгаврыг гүйцэтгэнэ гээд гүйдэг байж. Гэтэл одоо манайд  Д.Лүндээжанцан  гэж нэг нөхөр АН-ынхаа төрийн эргэлт хийх хүслийг барьчихаад явж байна.  Д.Лүндээжанцанг  “Тоодгор” болчихлоо гэдгийн учир тэр. Одоогийн УИХ Үндсэн хуулийн өөрчлөлт хийх эрхгүй, өөрчлөлтийг бүх ард түмний санал асуулгаар л шийднэ.  Гэхдээ сууриар нь авч үзэх хэрэгтэй.

ЭНЭ УИХ-Д ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЁС СУРТАХУУНЫ ЭРХ БАЙХГҮЙ

-1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэдэг. Одоо хөгжлийн шинэ шатанд гарах  Үндсэн хууль хэрэгтэй байх. Тэгэхээр гарц нь ард түмний санал асуулга байж таарна. Үүнийг Оюутолгойн гэрээг өөрчлөх санал асуулгатай хамт явуулж болох уу?

Н.Энхбаяр:

-Үндсэн хуулийн тухайд Д.Бямбасүрэн гуай хоёр том санал хэллээ. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог, сайн муу ч гэсэн олон түмний сонгосон хүн худалдагдахгүй байх. Эсвэл  олигархиудад үйлчлэхгүй байх магадлал өндөр. Харин өнөөдөр Ерөнхий сайд нь парламент дотроос төрж байгаа. Тэгэхээр олигархиуд Ерөнхий сайдыг төрүүлэх магадлал өндөр. Тэр байтугай гадаадын компаниуд намууд болон УИХ-д  нөлөөлж байгаад өөрийн Ерөнхий сайдтай болох зам нээгдэж байгаа. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн цаана гадаад, дотоодын олигархиуд үгсэн хуйвалдаж өөрийн Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлж, өөрийн хүссэн шийдвэрүүдийг гаргуулах тийм эрх зүйн зохицуулалтыг хийж байна уу гэж маш ноцтой асуудлыг  ярьж байна. Хоёрдугаарт, одоо өргөн бариад байгаа  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дандаа хэрэг төвөгт холбогдчихсон хүмүүс хийх гээд байна. Зориуд  тийм хүмүүсээр хийлгэх гээд байна уу, тэр хүмүүс Монголд ийм өөрчлөлт хэрэгтэй гэсэн эрүүл саруул зүйлийг бодсон ч хийж чадахгүй шүү дээ. Энэ утгаар нь авч үзвэл, одоогийн УИХ, дээр нь “60 тэрбум”-ын луйврын аргаар гарсан гэдгээ МАН-ынхан өөрсдөө хэлчихсэн. Тэр ажлыг удирдсан М.Энхболдыгоо огцруулсан, легитм шинж чанаргүй, ард түмний итгэл даахгүй, иймээс ёс суртахууны эрхгүй, талаас илүү хувь нь хэрэгт холбогдож яллагдагч, сэжигтнээр татагдчихсан, гэрчээр байцаагдаж байгаа улс, гадаад дотоодын захиалсан Ерөнхий сайдыг гаргаж ирэх магадлал өндөр Үндсэн хуулийг хийгээд сууж байх нь  маш хортой.

Д.Бямбасүрэн:

-Манайх Санал асуулгын тухай хуультай ч нэг ч удаа хэрэглээгүй. Хуулиар бол санал асуулгыг нэг л асуулгаар явуулдаг. Хоёр асуудлын хувьд аль алинаар нь санал асуулга явуулж болно. Швейцарьт санал асуулга явуулаад болоод байдаг бол манайд төр нь ард түмнээсээ айдаг учраас санал асуулга явуулж чаддаггүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлт нь угаасаа луйврын шинжтэй  болохоор тэрийгээ ил гаргахаас болгоомжлоод байх шиг. Ард түмний санал асуулга явуулахад суртал ухуулгаа яаж хийх вэ, асуудлаа яаж танилцуулах вэ гэдэг нь чухал. Зөвлөлдөх санал асуулга гэгчээр  ямар ч мэдлэггүй хүмүүсийг Төрийн ордонд авчирч баахан юм асууж жүжиг тоглосноор шийдэж  болохгүй. Үндсэн хууль бол төр, ард түмний хооронд байгуулсан гэрээ юм. Энэ гэрээ өөрчлөгдөж болно. 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгээд халагдлаа гэх нь юу юм, нийтлэг үнэт зүйл гэвэл олон бий. Гэхдээ төрийн бодлого талаас бодоход өөрчлөх зүйл олон байна. Жишээ нь, манай Үндсэн хуульд санхүүгийн зохицуулалтын бүлэг байхгүй. Тиймээс УИХ руу баячууд тэмүүлдэг, наймаачид тэмүүлдэг, төсөв хөрөнгө хувааж идэхийн төлөө л  тэд өрсөлддөг. Үндсэн хуульдаа санхүүгийн бүлэг оруулчихвал байдал огт  өөр болно.

Д.Бямбасүрэн:

♦ Рио Тинто гэдэг “Вант улс” Монголд ирж шинэ колоничлолын бодлого явуулж байна.

*    *    *

♦ Оюутолгойн бүх орлого нь гадаадад байршиж, Монголд юу орж байгааг бид мэддэггүй, тайландаа бичсэн тоог нь хараад суудаг.

*    *    *

♦ Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн шалгалтын материалыг УИХ хэлэлцэхгүй удлаа. Ерөнхийлөгчид өргөн барьж ҮАБЗ-өөр хэлэлцүүлсэнгүй. Яагаад хэлэлцэхгүй байна гэвэл тэнд бас л гох дэгээ яваад байна.

*    *    *

♦ Монголын Засгийн газар хэний нутагт, хэдий хэмжээний газрыг ашигт малтмалын лиценз болгож өгснөө одоо болтол хэлэхгүй нууж байгаа.

*    *    *

♦ Ч.Сайханбилэг бол “Рио Тинто”-гийн захирлын гал тогооны өрөөнөөс төрсөн Ерөнхий сайд.

*    *    *

♦ Манайханд “Риогийнхныг гомдоох вий, хөрөнгө оруулагчид дүрвэнэ” гэдэг. Том чоно намайг идэж байна, гомдоочих вий дээ гэдэг үзэл ойлголт байж болох уу. 

*    *    *

♦ Бид Оюутолгойг хаах тухай яриагүй. Гэрээг өөрчилье, шударга болгоё гэж байгаа. Тэд Монголын  45 мянган тонн цэвэр зэс,  120 мянган унци алтыг хаячихаад гараад явчихаж чадахгүй.

*    *    *

♦ Засгийн газрын хувь заяа маш төвөгтэй. Хурдны зам дээр тэнэж яваа муур, Засгийн газар хоёрын хувь заяа ижилхэн гэж  тайландууд хэлдэг. Зам дээр тэнэж яваа муур хэзээ ч машинд дайруулж магадгүй. Тэд биднийг ийм байдалд оруулах гэж байна.

*    *    *

♦ УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд нэг сонин санаа байгаа, сайдуудыг УИХ томилохгүй. Ерөнхий сайд нь  ах дүү, төрөл садан, эхнэр хүүхдээ аваачаад сайдаар тавьж болох нь л дээ.

*    *    *

♦ УИХ-ын 51 хувь нь ЖДҮ-ийн сангаас луйвар хийсэн улс сууж байна.

*    *    *

♦ Ерөнхий сайд төсвөө барьж байгаа цагт эрх мэдэл дутна гэж байдагүй.

Н.Энхбаяр:

♦ “Оюутолгойн гэрээг зас, ийм байдлаар хийж болохгүй” гэж хэлэхэд С.Баяр Ерөнхий сайдын хувьд ихээхэн  бухимдаж “Тэгвэл та өөрөө гэрээг удирдаж хийхгүй юу” гэх зэргээр өөрийн эрх үүргээс татгалзаж байгаа ч юм шиг туниж, Засгийн газрын тэргүүний хувьд гаргаж боломгүй ааш зан гаргаж байсан.

*    *    *

♦ ҮАБЗ хэлэлцэхээс айгаад байгаа бол, УИХ ашигт малтмалын зөрчилтэй байгаа бол, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга  Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Оюутолгойн асуудлаар ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй.

*    *    *

♦ Бид үүгээр хэн нэгнийг харлуулж, муулах гэсэнгүй. Д.Бямбасүрэн гуайн хувьд хэн нэгнээс юм гуйх нэгэн биш, аль нэг намаас  ч хараат бус. Зөвхөн Монголынхоо төлөө зүтгэж, улс орны эдийн засгийн том асуудлуудыг оюун ухаандаа шүүж үнэтэй зөвлөгөө өгч байгаа хүн. Тиймээс үгийг нь шууд хүлээж авах хэрэгтэй.

*    *    *

♦ Оюутолгойн гэрээг хийх гээд улайрчихсан хүмүүс ямар ч нүх сүв гаргахгүйгээр, эсэргүүцсэн, шүүмжилсэн, өөрчлөх хэрэгтэй гэж ярьсан болгоныг  шахаж гаргаж байсан.

*    *    *

♦ Ашигт малтмалын баялаг  ард түмний өмч учраас Норвеги, Катар, Саудын Арабтай  адил дундын хуримтлалын сан бий болгоё.  

*    *    *

♦ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, өөрсдөө хуралдахдаа төдөн хоног хуралдана гэхчлэн хуулиар зохицуулж болох зүйлүүд яриад сууж байгаа нь дэмий цаг алдсан, зарчмын өөрчлөлт хийх сонирхолгүй хүмүүсийн алдаатай бодлого гэж үзэж байна.

*    *    *

♦ Хууль шүүхийн байгууллага одоо ямар байдлаар үйлчилж байна гэвэл энэ УИХ-ыг дуу хоолойгоо илэрхийлэхэд нь саад болдог, харин олигархиудын дэглэмд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулах  байдлаар ажилладаг болчихсон  учраас бас аюул байна.

*    *    *

♦ 10 жилийн өмнө Оюутолгойн гэрээг хийх хэрэггүй гэхэд хийсэн шиг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийвэл хэдэн арван жилээр Монголыг хохироох үйл явдлын үүд хаалгыг нээнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.17 МЯГМАР  №123  (6090)

Улс төр

Н.Энхбаяр: Засгийн газрыг Ерөнхийлөгч удирдах нь зүйтэй

Published

on

By

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо. 

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өнөөдөр УИХ, ЕТГ-аас хамтраад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ, Засгийн газрын гишүүд хоорондоо хэлэлцээд батлах гээд байгаа нь учир дутагдалтай гэж үзээд энэхүү хэлэлцүүлгийг шаардаж байсан. 

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд ойлгомжгүй зүйлийд байна. Зарим нь хоёр төсөл өргөн барьсан гээд байдаг. Мэдээллийн сайтуудыг үзэхээр дөрөв таван төсөл шиг харагдаад байгаа. Аль төслийг хэн нь өргөн барьсан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс яг аль төслийг нь яриад байгаа вэ гэдгийг тодотгох хүсэлтэй байгаа. Эрх баригчид энэ будлиантай зүйлээ “Ард түмэн сайн ойлгохгүй болохоор нь энгийн болгосон” гэж тайлбарлаад байгаа. Гэвч УИХ дээр танилцуулсан төслөө иргэдэд ойлгомжтой маягаар өөрчилж болдоггүй. 

Хоёрдугаарт, Энэ хэлэлцүүлэг маань хуулийн дагуу явах ёстой. Тиймээс энэ хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн ил тод байдлыг оролцуулах хүсэлтэй байгаа. Тэгэлгүй өнөөдөр товчхон товчхон тайлбар хийх нь учир дутагдалтай юм” гэлээ.

Хоёр төсөл, хоёр гүйцэтгэх засаглалтай холбоотой юу?

Үндсэн хууль маань онлын дагуу явах ёстой. Харамсалтай нь зарим гишүүд маань нэг эсвэл хэсэг хүмүүсийн талаар ярьж байгаагаа Үндсэн хуулийн өөрчлөх ёстой мэтээр тайлбарлаад байгаад харамсаж байна. 

Уг нь Үндсэн хуулийн Засаглалын эрх мэдлийн хувиарлах онлын дагуу буюу бие биенээсээ шалтгаалдаггүй, бие биеныхээ хэрэгт хутгалдан ордоггүй харин бие биеныгээ хянадаг, шаардлагатай бол хариуцлага тооцох

Тухайлбал, Нэг нь зөвхөн хууль тогтоох ажил хийнэ, нэг нь зөвхөн хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх ажил хийх, нэг нь зөвхөн шүүх ажил хийх ёстой. Энэ гурвыг зөвхөн ард түмэн сонгох ёстой. 

Харин одоогийн байдлаар парламентийг ард түмэн сонгодог боловч, Засгийн газрыг сонгож чаддаггүй. Тиймээс хаана Засгийн газар дуусч, хаана парламент эхлэж байгаа нь мэдэгдэхгүй холилдож байна. Тиймээс парламент,  Засгийн газартайгаа хариуцлага тооцож чаддаггүй. Ийм учраас сүүлийн 27 жилд манай улс хариуцлагын сиситемгүй улс боллоо гэж бид шүүмжилж байгаа. 

Тиймээс Засгийн газрыг ард түмэн өөрөө байгуулъя гэж уриалж байгаа. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоно. Харин Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох хэрэгтэй. УИХ-д намуд өрсөлдөөд олонхоороо парламентаа удирддаг болох хэргэтэй. 

Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох юм бол түүний засгийн газарт нэг ч парламентийн гишүүн байхгүй болох боломжтой. Ингэж байж бие биенийгээ хянах учиртай. Тэгэхгүй бол одоогийн хуулиар олонх болсон намын дарга Засгийн газар, парламентаа давхар удирдаад байгаа юм. 

Энэ тал дээр Ерөнхийлөгч тууштай байх хэрэгтэй. Энэ төслийг оруулж ирснээр “би өөрийнхөө талаар ярьж байна” хэмээн бодох хэрэггүй. 

-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох дээр таны бодол?

108 бол арай дэндүү их байна. Бид бол 55 гишүүн болгоосой гэж бодож байгаа. 

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Үндсэн хуульд халдахад зөв үзэл, зөв сэтгэл, зөв зүтгэл хэрэгтэй

Published

on

By

Улсын Их Хурал өөрийн санаачилгаар зохиосон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өөрөө өөртөө өргөн барьж, чуулганы хуралдаанд оролцогсдын 98.4 хувийн саналаар хэлэлцэхээр  шийдэж,орон даяар сурталчилан ухуулж, олон түмний дэмжлэг олохыг хичээж байна.

Энэ нь 2015 оноос хойш зохиож ил гаргасан дөрөв дэх төсөл юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ынхан огт өөр төслийг “гүнзгий дүн шинжилгээ, олон түмний” санаа бодлын үндсэн дээр боловсруулсан хэмээн өргөн сурталчилгаа явуулж байсныг Монголын нийгэм мартдаггүй байлтай. Энэ удаад ч мөн л дээрх маягийн тайлбар хийж,чухамхүү энэ төсөл Монгол орныг төрийн доройтол,улс төрийн /тогтолцооны/ хямралаас гаргана хэмээн ухуулах ажээ. Гэтэл олон түмний санаа байтугай, бүх ард түмнийхээ сонгосон Төрийн тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, байр суурийг албан ёсоор авч тусгаагүй юмсанж.

УИХ-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд ингэж хошууран шимтсэний учир шалтгаан хэдий сонирхолтой боловч эхлээд асуудлын мөн чанар, гол утга агуулгын талаар санаа бодлоо илчилсү.

1.Гол зарчим, зангилгаа асуудал

ХХ зуун дэлхий нийтийн улс төрийн философид  үлдээсэн нэгэн үл гандах үнэт өв нь “Ерөнхий зарчмаа шийдэлгүй ангид асуудал барьж авсан хэн боловч алхам тутамдаа будилж, мухардалд ордог” гэсэн сургааль юм.

Энэ томъёоллыг дэвшүүлсэн тэр онолч бол хүн төрөлхтний түүхэнд Чингис хааны дараа орох их гүрнийг цогцлоон байгуулсан В.И.Ленин мөн.

Нийгэм-улс төрийн аливаа төвөгтэй асуудалд хандах зарчмаа зөв тодорхойлбол уг асуудлыг шийдэх зангилааг олох нь төмөр хаалтыг түлхүүрээр нээхтэй адил билээ. Түлхүүргүй бол төмөр хаалтыг өшиглөөд яах вэ дээ.

УИХ-ын “ухуулаг­чид” Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон гол  шалтгааныг засаглалын хуваарь алдагдсанаар тайлбарлаж, сүүлийн 20-оод жил Засгийн газрын дундаж нас 1.8 жил байсныг нийгмийн амьдралын бүх бэрхшээлийн гол эх сурвалж болгон ухуулахыг хүлээн зөвшөөрч, итгэвэл дэндүү гэнэн хэрэг болох нь даанч илэрхий.

Засгийн газрын тогтворгүй байдал, түүнээс улбаалсан хямралын гол хариуцах этгээд нь УИХ өөрөө мөн билээ. УИХ-ын гишүүдэд Монгол төрийн сайдын алба хаших хүчлийн гаж дон өвчин дэлгэрч, тухайн салбарын талаар “А” үсэг ч үгүй эрхмүүд нийгэм, эдийн засгийн гол салбаруудыг сандайлсаар өдийг хүрсэн нь “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” хэмээсэн Монголын төрт ёсны сургаалыг үл ойшоосны илрэл мөн бус уу.

УИХ-ын гишүүд аль ч намын эрх барих үед, Засгийн газрыг огцруулах санал, санаачилга гаргахад уралдах гаж донгийн уг үндэс нь тэдний хувийн шунал,эрх мэдлийн мөрөөдөл төдий биш юм. Төрийн эрх мэдэл олигархи бүлэглэлүүдийн гарт орж, тэд ашиг сонирхлоо засгийн бодлого,үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх, төрийн төсвийн хөрөнгийг өөрийн хүүдий рүү урсгахын төлөө тэмцэл нь Засгийн газрын тогтворгүй байдлын үнэн шалтгаан болж ирснийг үгүйсгэх аргагүй. Олигарх бүлэглэлүүдийн засаглал улс орны эдийн засгийг, нийгмийн амьдралыг тэтгэх агуулгыг нь гажуудуулж, мөлжиж олсон ашиг хуримтлалаа гадагш зөөж, мөнгөний ханшийг унагаагчдын бодлогоор хөөрөгдөж  ирэв.

Үндэснийхээ эдийн засгийг өөрийгөө  нөхөн сэргээх чадваргүй, болтол сулруулж, гадаадын зээл, “өрийн эргүүлэг”-т оруулан, ирээдүй хойч үеийн амьдралыг өрийн барьцаанд тавьж “мөнгө угаах” нь хэвшсэн бодлого болов. Олигархи засаглалын эцсийн үр дүн нь нэг талдаа эгэл иргэдийн амьдрал хүндэрч, амьдралын замаа эхэлж буй залуучууд “малиндуулж”, байгаад ч болов гадаадад гарахыг зорих нь олширч байхад, нөгөө талд нь үндэсний баялаг цөөхөн олигархийн гарт орж, тэдний ноёрхлын баталгаа болов.

Олигархиуд төрийн эрх мэдлийг авахдаа хутга барьж, буу шагайж ирээгүй. Тэд хуучин нийгмийн тогтолцооноос монголчуудын сэтгэлгээнд үлдсэн НАМ шүтэх үзлийг зайдалж, намуудыг мөнгөөр угжин, толгойг нь эрхшээн төрийн сонгуульд намыг төлөөлөн нэр дэвших аргыг сонгосон юм. Сонгогчид  Үндсэн хуулиар баталгаажсан төрөө сонгох эрхээ эдэлж байна хэмээн нэр дэвшигчдийг шүүж тунгаахыг хичээх боловч гол нэр дэвшигчдийн өнгө нь бор,шар болохоос уг чанартаа адилхан “хулгайч чоно” байдаг нь сонгуулиас сонгуульд улам тодорхой болж ирэв.

Энэ бүхнийг цогцоор нь  авч үзвэл, одоогийн Монголын нийгмийн хамгийн гол асуудал нь олигархи засаглалыг төргүүлэгч тогтолцоог  өөрчлөх явдал мөн гэсэн дүгнэлтэд хүрнэ. 1992 оны Үндсэн хуульд “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн цогцлуулан  байгуулахыг зорино” хэмээн тунхагласан атал одоогийн байдлаар баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдэлтэй олигархиудын хуульгүй ноёрхол, авлигажсан төрийн тогтолцоо газар авсаар байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн байгуулал Үндсэн хуульд тунхагласан мөн чанараасаа гажуудсан, хүн төрөлхтний түүхэнд тийм ч олон тохиолдоогүй бурангуй тогтолцоонд шилжиж байна.

2.Тогтолцооны гажуудал, 1992 оны Үндсэн хууль

1990-1992 онд монголчууд шинэ нийгмийн замналыг сонгохдоо олигархи засаглалтай, зэрлэг капитализмыг зориогүй, хүсээгүй. Эрх чөлөөтэй, шударга нийгмийг хүссэн. Тэр хүслээ Үндсэн хуульдаа шингээж, Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохыг тунхагласан. Гэвч энэ л Үндсэн хуулийн орчинд, энэ л Үндсэн хуульд үнэнчээ илэрхийлж тангараг өргөсөн төрийн ноёд, түшээдийн үйлсээр олигархи засаглалын ялзарсан тогтолцоо төрж төлөвшиж байна. Иймээс 1992 оны Үндсэн хууль олигархи засаглал төрөх боломжийг агуулдаг уу гэсэн асуулт аяндаа гарна.

Удирдахуйн шинжлэх ухаанд нэн нэр хүндтэй “Мэрфийн хууль”-д  өгүүлэх нь:

-Нэгэн зүйл. Хэрэв аливаа шийдвэр буруу, зөв хэрэгжих хоёр боломжийг агуулж байгаа бол эхлээд заавал буруу хэрэгжинэ.

– Нэгэн зүйл.Хэрэв таны шийдвэр хүсэмгүй үр дүнд хүргэх бол тэр нь хамгийн эгзэгтэй цаг үед хамгийн хүнд уршигтай илэрнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, аливаа шийдвэр буруу ойлголт, үйлдэл төрүүлэх цоорхойгүй байх ёстой гэсэн үг л дээ. 1992 онд Үндсэн хууль батлахдаа Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр шаттай парламентаас татгалзаж, 76 хүнтэй парламентыг “төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээн тогтоож,түүнийг эзэгнэх эрхийг улс төрийн намуудад өгсөн юм. Энэ нь нийгмийг одоогийн гажуудалд хүргэх магадлалын хоёр хаалга нээжээ. Тухайлбал,

1.Ард иргэдийнхээ санаа бодол,хүсэл тэмүүллийн хамгийн өргөн төлөөлөл болох чадвартай АИХ-аас татгалзсанаар төрийг иргэдээс нь салгах анхны том алхам хийв.

2.Тэр үеийн намууд улс нийгмийн зам мөрийн талаарх үзлээрээ нэгдсэн иргэдийн улс төрийн байгууллага байлаа. Гэтэл 20 жилийн дараах либерал орчинд улс төрийн намууд биеэ үнэлэн худалдаж, олигахи бүлэглэлийн эрхшээлд орж, тэдний эрх мэдэлд хүрэх гишгүүр болсон нөхцөлд буюу “нам”-ууд нэртэй “мам”-ууд төрсөн нөхцөлд төр байгуулахад оролцох онцгой эрх нь хэрхэн буруу ашиглагдахыг 1992 онд урьдчилан харахад нэн бэрх байжээ.

Одоогийн Үндсэн хуульд 1999-2000 оны “Доройтуулсан долоон заалт” онцгой үүрэг гүйцэтгэдэг. 1992 оны Үндсэн хуульд Ерөнхий сайдыг эрх баригч нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д Ерөнхийлөгч санал оруулахаар тогтоосон байсан. Гэтэл дээрх өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө” гэсэн ойлголтыг бичиг цаасаар мэдэгдэх төдийгөөр хязгаарлаж, Монгол төрийн нэн их хариуцлагатай албан тушаалтныг Төрийн тэргүүний байр сууриас гадуур шийдэх боломжийг нээсэн юм. Ингэснээр төрийн удирдлагын нэгдмэл байдалд гүн гүнзгий ангал үүсэх нөхцөл бүрдүүлсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулаад зогсохгүй Ерөнхий сайдын дархлааг сулруулж, УИХ-ын зарим “гаж донтон” гишүүд дураар авирлах боломж олгосныг олонтаа харлаа. Түүнээс гадна, сүүлийн 20-оод жил УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болно гэсэн бичигдээгүй хууль Үндсэн хуультай зэрэгцээ үйлчлэх боллоо. Ийм нөхцөлд сонгуульд оролцогч намууд худал хуурамч амлалтаар сонгогчдоо мэхэлж, мөнгө хөрөнгийн бэлээр санал авах нь улс төрийн ёс суртахууны хэвийн хэм хэмжээ болж, олигархиуд намын даргын суудлын төлөө мөнгө хайрлахаа больсныг нийтээр үзсээр ирлээ.

Одоогийн Үндсэн хуульд улс орны амьдралын нэг гол үндэс болсон санхүүгийн засаглалын дүрмийг тогтоосон хариуцдагын заалт байхгүй. УИХ нь Засгийн газраас оруулсан улсын төсвийн төслийг яаж ч өөрчилж болж байна. Жилд бүтээсэн үндэсний баялгийн 40 хувийг улсын төсвөөр дамжуулан хуваарилдаг. Ийм нөхцөлд ашиг сонирхлын явцуу бүлэглэлүүд  төрийн эрх мэдэлд хүрч, төсвийн хуваарлилтад оролцох нь “хүслийн дээд”  болох нь ойлгомжтой. Үндсэн хуулийн энэ “цоорхой” нь төрийн эрх мэдлийг арилжааны бараа болгоход нэг  гол үүрэг гүйцэтгэсэн. Арилжаа бол олигархиудын мэддэг чаддаг гол үйл ажиллагаа билээ. Одоогийн Үндсэн хуульд Монгол Улсын  Ерөнхийлөгч нь  Төрийн тэргүүний хувьд төрийн салаа салбаруудын бодлого, үйл ажиллагааг нэгтгэн зангидах чиг үүргийг тодорхой заагаагүй юм.Төр хэмээгч организм нэгдмэл  цогц чанартай байхын тулд түүний салаа мөчрүүдийн үйлдэл хөдөлгөөн нэгдмэл зохицуулалттай байх нь амьд бүхний оршихуйн хуулийн үндсэн шаардлага мөн  билээ. Төрийн салаа салбаруудын бодлого, үйл ажиллагаа уялдаа, зохицуулалтгүй  байдал нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд үл ойлголцол, зөрчил үүсгэж, улс нийгмийн  эрх ашигт  ноцтой хохирол учруулах явдал сүүлийн 10 жил олон удаа тохиолдлоо.

Одоогийн Үндсэн хуулийн нэг гол сул тал нь эрх мэдэлтнүүдийн дархлааг хавтгайруулан, төрийн дээд эрх мэдэлд авилгач, луйварчид шургалж, хуулийн гадуур авирлан, хууль тэгш, шударга үйлчлэх зарчмыг хөсөр хаях боломж олгож байгаа явдал юм. Үүний нотолгоо нь одоогийн нийгмийг бухимдуулж байгаа гэмт үйлдлүүд болно. Одоогийн Үндсэн хууль нийгмийн амьдралын суурь зарчмуудыг хэрэгжүүлэхэд агуулга, чанар мөхөсдөж, төрийн тогтолцоог сулруулж байгаа  нь нийгмийн тогтолцооны гажуудал буюу олигархи ноёрхолтой зэрлэг капитализмын замналаас гарахын тулд Үндсэн хуульд гүнзгий өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

3.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, түүний төрөлхийн согог

Улс орны амьдралын зохион байгуулалтын үндэс болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид нийгмийнхээ бодит байдалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, өөрчилж байгаа эрх зүйн орчноос үүссэн алдаа, гажуудлын сургамжийг бүрэн анхаарсан байх нь уг төсөл амьдрах чадвартай байхын наад захын шаардлага мөн билээ. ХХ зууны эхэн үеийн немцийн нэрт улс төрийн зүтгэлтэн Бисмарк “Зөвхөн тэнэг этгээд гагцхүү өөрийн алдаанаас сургамж авдаг” гэж сургасан буй. Энд бусдын алдаанаас сурахын чухлыг заахын зэрэгцээ нэгэн зүйл стандарт тогтоосон нь нэн чухал. Бисмаркийн ойлголт дахь “тэнэг этгээд” гэдэг нь бас ч алдаагаа ойлгох,түүнээс сургамж авах чавартай байх ажээ. Гэтэл энэ цагийн стандартаас дор тохиолдол цөөнгүй. Хэрэв аль нэг этгээд:

-алдаагаа ойлгоогүй бол,

-алдаагаа амжилт хэмээн бахархдаг бол,

-өөрийн алдаан дээр бусдын алдааг нэмж лавшруулдаг бол тэр этгээдийг хэн гэх вэ?

Монголчууд бид одоогийн Үндсэн хуулийн баталснаас хойш өнгөрсөн 27 жилд олсон ололт ч бий. Алдсан алдаа ч цөөнгүй.Тухайлбал:

-Хүмүүнлэг,иргэний, ардчилсан нийгмийг зорино гээд олигархи засаглалтай зэрлэг капитализмд хальтарсан,

-“Азийн бар” болно хэмээн зүтгээд гадны гар харсан “хав” загварын хараат эдийн засагтай болсон,

-Хууль дээдэлсэн, шударга, ардчилсан төртэй болно гээд авлигад идэгдэж, төрийн дээд байгууллага  (УИХ)-ын гишүүдийн гуравны хоёр нь луйвар хийдэг төртэй болох хүртэл доройтсон,

-Хүн ардаа эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдралд хүргэнэ гэсэн атал үндэсний баялаг цөөн бүлгийн мэдэлд хураагдаж, эгэл иргэд өрийн сүлжээнд торлогдон, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарилалт алдагдсан,

-Гадны бизнестэй үр ашигтай түншилнэ гээд эрдэнэс баялгийнхаа дээжийг хамж өгөөд өртэй хоцорч байгаа гэх мэт үеийн үед үл мартах алдаа монголчууд бидний одоогийн болон хойч үеийнхний зүрх, тархинд шингэсэн хатуу сургамж үлдээсээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж буй төслийн  зохиогчид ч энэ бүх сургамжийн гадна үлдэх эрхгүй.  УИХ-ын хэлэлцэж буй төсөлд хөндсөн асуудлыг ард иргэд шүүн тунгааж, учир шалтгаан, үр дагаврыг нягталж байгаатай холбогдуулан зарим гол өөрчлөлтийг лавшруулан  шинжлэх шаардлагатай  гэж үзэж байна. Үүнд:

1.Үндсэн хуулийн өөрчлөлийн төсөлд Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж,чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах талаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэж оруулна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавибал шинэ Ерөнхий сайдын нэрийг “хамтад нь албан ёсоор тавибал”, УИХ гурав хоногийн дотор шийдвэрлэнэ гэжээ. Төсөл зориогчид энэ саналаа эрх мэдлийн хуваарийг тэнцвэржүүлж төрийг хямрал, доройтлоос аврах гол гарц хэмээн тайлбарлаж байна. Энэ байр суурийг туулж өнгөрүүлсэн зам мөрийнхөө сургамжийн талаас шүүвэл нэн эргэлзээтэй ажээ. Учир нь, нэг талаас Монголын нийгэм , эдийн засагт тохиолдсон буюу нүүрлэсэн  бүх хүндрэл хямрал Засгийн газрын тогтворгүй байдлаас илүүтэй,  УИХ-ын овилгогүй бодлого, хууль тогтоомжоос үүдэлтэй нь бодит үнэн. Нөгөө талаас Засгийн газрыг тогтворгүйжүүлэн бусниулагч гол субъект нь УИХ өөрөө мөн билээ. 1996 оноос хойш Засгийн газар 13 удаа солигдохдоо  дөрвөн удаа бүрэн эрхийн хугацаа дуусч, есөн удаа огцруулах санаачилга гарч   УИХ-аас асуудал шийдэхэд   гарчээ. Ингэж Засгийн газрыг тогтворгүйжүүлэхэд сайд нарын урвалтыг хоёр удаа ашигласан байх юм.

Ерөнхий сайдыг унагах, сайдуудыг хольж хутгах тохиолдол бүр  зөвхөн албан тушаалын гаж дон туссан этгээдүүд юм уу, төсвийн эрх барьж өрөм хусам долоох сонирхол төдийхнөөс гараагүй. 2006 онд Монголын эдийн засаг бүхэл зууны түүхэндээ анх удаа тэнцвэржин тогтворжсон үе эхэлмэгц УИХ-ын нэг гишүүн, нэг намын дарга сайдын өрөөнд орж, “Та огцор. Би Ерөнхий сайд болмоор байна” хэмээн гонширсоор засаг унагаж, Монголдоо анхны олигархиудын цуглуулга “цоохор” Засгийн газар байгуулж байлаа Түүний шууд үр дүн нь 2008-2010 оны эдийн засгийн хүнд хямрал байлаа. 2014 онд Монголынхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бусниулаад зогсохгүй газар нутгаа  гадаадынханд дуудлагаар худалдахыг завдсан Засгийн газрыг буулгасны дараа шинэ Ерөнхий сайдыг томилох болоход эрүүл улс төрийн хүрээнийхний огт хүлээгээгүй, гадаадын баячуудын гал тогооноос томилогдсон хүн төрийн энэ өндөр албыг эзэлж байлаа. Түүний шууд үр дагавар нь “Дубайн гэрээ” хэмээн нэрлэгдэх болсон үлэмж хохиролтой тохиролцоо юм. Монгол Улс түүхэндээ анх удаа асар том газар нутаг, үнэт баялгаа гадаадын этгээд, гадаадын банкнаас авах зээлийн барьцаанд тавьж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа эргэлзээтэй болгов. Төр, засаг одоо хүртэл энэ үйлдлийн үнэнийг ард түмэндээ хэлж чадахгүй байгаа нь нэн сэжигтэй, нэн харамсалтай.

Төрийн эдийн засгийн бодлогын гол зангилааг барьдаг Сангийн сайд, Уул уурхайн сайд зэрэг гол салбарын сайд нарыг сонгож, томилж ирсэн намтар ч нэн харуусалтай. Эдгээр салбарын сайдаар мэргэжлийн бус хүмүүсийг томилсон тухай бүрд улс орны эрх ашгийг хохироосон үйлдэл гарч байсны нэг баримт нь Оюутолгойн гэрээ мөн билээ.

Өнгөрсөн 20  жилийн зам мөрөө эргэн харвал, Монгол Улсын Ерөнхий сайд, сайд нарын томилолтод үндэсний аюулгүй байдлын түвшинд хандах цаг нэгэнт болжээ. Гэтэл “төрийн дээд байгууллага” хэмээдэг УИХ асуудлыг бүр сул тавьж байгаа нь нэн харамсалтай. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид Бисмаркийн тодорхойлсон “тэнэг” гэдэг ойлголтоос 2-3 шат доогуур сэтгэж дээ. Энэ замаар явбал хэзээ нэгэн цагт Монгол сайдын суудал бизнес бүлэглэлүүдийн захиалгат бараа болох юм уу “овсгоотой” Ерөнхий сайдын гэр бүл, төрөл садангийнхны өргөмжлөл болохыг ч үгүйсгэх үндэсгүй. Ийм байдалд дөхсөн тохиолдол бий шүү дээ.

Төсөл зохиогчид төрийн сайдын томилгооны талаар тавьж байгаа саналын далд утга үүгээр хязгаарлагдахгүй ажээ. Төсөл ёсоор Ерөнхий сайдыг огцруулах санаачлага гаргагчид УИХ-д саналаа оруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэрийг хамт өргөн барьж түүнийг нь УИХ хэлэлцэх юм гэнэ. Уг нь одоогийн Үндсэн хуулиар төрийн эрх баригч улс төрийн намын дээд байгууллага энэ саналыг гаргаж, нэрийн төдий ч болов Ерөнхийлөгчтэй зөвшдөг билээ. Гэтэл Засгийн газрыг унагахыг сонирхогчид ийм эрх эдэлдэг болох гэнэ. Ерөнхий сайдыг огцруулахыг санаачлагчид хэрхэн ямар замаар хэнийг нэр дэвшүүлж, ямар хуйвалдаан зохиохыг бурхан ч мэдэхгүй нь лавтай. Төсөл зохиогчдын санал хэрэгжвэл Монгол Улсын Засгийн газар хуйвалдааны бай болж, төрийн задрал мөхөл нүүрлэхийг л баталгаатай хэлж болно.

2.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн нэг гол чиглэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, түүний улс төрийн нөлөөг бууруулахад чиглэж байна. Энэ санаархал шинэ зүйл биш юм. Бүх ард түмнээсээ шууд сонгогдсон Ерөнхийлөгч хэлд байтугай хөлд ороогүй неолибералууд төрөөр тоглоход нь саад болж байгаад л хамаг учир бий. Чухамхүү ийм шалтгаанаар “Үндсэн хуулийг доройтуулсан долоон заалт” гэгч төрсөн билээ. Үүний уршгаар Монгол төрд гүн хагарлын суурь тавигдсаныг өмнө өгүүлсэн. Одоо төсөл зохиогчид Ерөнхийлөгчөөс УИХ-ын шийдвэрт хориг тавих, УИХ-ыг тараах санал тавих эрхийг хасах, Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулах эрхийг хасах, гадаад харилцаанд улсаа төлөөлөх бүрэн эрхийг хасах, гэрээ хэлцэл байгуулах эрхийг тухай бүр УИХ-аас хууль баталж олгох, Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхийг хасч, нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар  сонгох, Ерөнхийлөгчийн сонгуульд 55-аас дээш насны иргэн нэр дэвших санал оруулж байна. Үүнийг “Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх” оролдлого гэхээс өөрөөр ойлгоход хэцүү.

Бүх ард түмнээс  сонгогддог Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулж, билэгдлийн төдий хэрэг болговол, төрийн толгой неолибералуудын шүтээн болсон эдийн засаг, улс төрийн “алуурчдын” гарт норох нь дамжиггүй. Манай улстөрчдийн дунд “Монгол бол парламентын засаглалтай орон мөн” гэсэн ойлголт нэлээд түгээмэл бөгөөд тэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, “сонгодог парламентын засаглалд” шилжвэл цэнгэлийн манлайд хүрнэ гэж үздэг юм. Одоогийн Үндсэн хуулийн нөхцөлд хэмжээлшгүй эрхтэй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, хууль давсан баталгаатай 76 хүнээс бүрдсэн парламент буюу УИХ ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн цөөнгүй нь тойргийн сонгогчдынхоо 30 хувь хүрэхгүй саналаар сонгогддог билээ. Тэгэхдээ “царцаа нүүлгэж”, “цалин тараасан” хүмүүс ч цөөнгүй.УИХ-ын 75 гишүүний гуравны хоёр нь  баримтаар тогтоосон “сэжигтэн” болчихоод байхад “сонгодог парламент” хэмээн улиглах нь амьдралаас дэндүү хөндий ажээ. Хэдэн хувь нь луйварчин болж байж “сонгодог парламент”болох вэ? Бидний амьдарч буй Монгол Улс бол 800 жилийн  тэртээ Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын голомт, өв залгагч юм. Чингис хаан төрийн тэргүүний үүргийг хүлээхдээ “Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж улсыг барин хатуужсу” хэмээн төрийн тэргүүний үндсэн чиг үүргийг тодорхойлон тангарагласан нь Монголын төрт ёсны суурь зарчим болсоор ирсэн бөгөөд монголчууд ийм итгэл сэтгэлээр Ерөнхийлөгчөө сонгодог юм.

Төсөл зохиогчид Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55-аас доошгүй хэмээн тогтоох санал гаргажээ. Энэ хязгаарлалтыг “үнэн ба зөв” гэвэл, 27 насандаа Хамаг Монголын хаан, 43 насандаа Их Монгол Улсын хаан болсон Чингис хаан (Тэмүүжин), 28 насандаа төр улсаа сэргээн төвхнүүлсэн Д.Сүхбаатар болон идэр залуугаасаа төрд үнэнч зүтгэсэн түүхэн хүмүүс түүхийн эндүүрэл болох нь л дээ.

Улс үндэстэнд хүнд бэрх сорилт тулгарсан цаг үед чухамхүү идэр залуу пассионарууд түмэн олноо эргүүлж, хямрал доройтол, мөхөл сүйрлээс авардаг нь хүн төрөлхтний түүхийн үнэн. Монгол орон залуучуудын орон билээ. Төрийн өндөр суудалд хонгоо дайрттал сууж мөлийсөн, хэн нэгний төлөө залуучуудынхаа замыг хаах хэрэггүй байлтай.

Өтөл миний бие 10-аад жилийн өмнө БНХАУ-ын нэгэн үеийн удирдагч Дэн Сяопиний зохиолын III ботийг (уйгаржин монголоор) үсэглэж суухад тэр хүн төрийн удирдагчийн нас, ажиллах чадварын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа:

“60 нас хүрсэн хүн маш сайн ажиллана. 70 гараад сайн ажиллана. 80 гараад бас сайн ажиллаж болно” гэж хариулсан байж билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид энэ номлолыг дагасан байж болох юм. Монголын орчин нөхцөл өөр шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл зохиогчид эрх биш улс орон,нийгэм төрдөө тустай шийдэл олохыг зорьсон байлгүй дээ. Гэвч бүтэлгүй санаа даанч олон аж. Барууны зарим орны хүмүүс “Тамд хүрэх замыг бүтэлгүйтсэн буянт санаархлын сэг дэвсэж зассан байдаг” гэж ярьдаг гэнэ лээ. Санаж явахад илүүдэхгүй сургааль юм уу даа.

4.Цаг хугацаанд хавчигдсан шийдэл

Үндсэн хуулийн өөрчлөлтийн одоогийн төсөл бүхэлдээ хэрэгжих магадлал байхгүй. Учир нь, Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийхийг нийгэм зөвшөөрөхгүй. Тэгээд ч “муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр” гэгчийн үлгэрээр одоо нэр төр нь үлэмж сэвтээд байгаа УИХ явцуу эрх ашгийн төлөө нийгмийн сөргөлдөөнд түлхэх нь утгагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл улс нийгмийн амьдралд тулгарсан гол зангилаа асуудлыг зөв оноож шийдэл олж чадсангүй. Бурханы сургаальд “Зовлонгоос ангижрахын тулд зовлонгийн шалтгааныг устга” гэдэг юм билээ. “МАНАН” загварын олигархи засаглалыг тэргүлэгч тогтолцоо бүхэл бүтнээрээ цэцэглэсээр үлдэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг олигарх засаглалыг төрүүлэгч тогтолцоог өөрчлөх түвшинд боловсруулж шийдэх цаг хугацааны нэгэн мөчлөг өнгөрч байна. Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын  болон  нутгийн удирдлагын сонгууль болно. Бас л урьдын адил худал амлалт, хэрүүл тэмцлээр нийгэм бялхаж, бурхан царайлж буян амласан зүтгэлтнүүд тодрох биз. Энэ бол гутранги төсөөллийн зураглал биш ээ. 2008-2016 оны хооронд төр барьсан улс төрийн намууд эдийн засгаа дампуурлын ирмэгт хүргэсэн алдаагаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийгээгүйгээр үл барам харин ч магтан сайрхах хандлага олонтаа гарч байгаа, нам дамжсан мафиоз маягийн олигархи бүлэглэлүүд устаагүй байгаа, нийгмийг доргиосон эрх мэдэлтнүүдийн олон том буруутай үйлдлүүддээ хуулийн дагуу, шударга ёсны үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байгаа, төрд чиглэсэн шуналын бохирыг дамжуулагч гол суваг болж байгаа улс төрийн намуудын хариуцлага,эрх зүйн орчныг өөрчлөөгүй байгаа, төрд сонгогдсон эрхмүүдийн шударга бус, хэтэрхий хавтгайрсан дархлаа хэвээр байгаа зэрэг нь ийм таамаглалын үндэс болж байна. тэгэхдээ монголчуудтөрөө ариусгахын төлөө Ерөнхийлөгч,Ерөнхий сайд, УИХ-ын эх оронч,шударга гишүүдийн тэмцэлд итгэж  найдаж, дэмжиж амжилтад хүргэхийг хүсэн хүлээж байна. Энэ шугам дээр ахиж урагшлахын тулд дараах гурван чиглэлээр хүч чармайлт тавих нь цаг хугацаанд хавчигдсан одоогийн нөхцөлд зөв үр дүнд хүргэж болох юм. Үүнд:

1.-“Азийн бар” болно хэмээн зүтгээд гадны гар харсан хав загварын хараат эдийн засагтай болсон. Хууль дээдэлсэн, шударга, ардчиллын төртэй болно гээд авлигад идэгдэж, төрийн дээд байгууллагын (УИХ)-ын гишүүдийн гуравны хоёр нь луйвар хийдэг төртэй болох хүртэл доройтсон.

-Хүн ардаа эрх чөлөөтэй, элбэг хангалуун амтдрал хүргэнэ гэсэн атал үндэсний баялаг цөөн бүлгийн мэдэлд хураагдаж, эгэл иргэд өрийн сүлжээнд торлогдон, нийгмийн баялгийн тэгш шударга хуваарьлилт алдагдсан.

-Гадны бизнестэй үр ашигтай түншилнэ гээд эрдэнэс баялгынхаа дээжийг хамж өгөөд өртэй хоцорч байгаа гэх мэт үеийн үед үл мартах алдаа Монголчууд бидний одоогийн болон хойч үеийнхний зүрх, тархинд гингэсэн хатуу сургамж үлдээсээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж буй энэ бүх сургамжийн гадна үлдэх эрхгүй.  УИХ-ын хэлэлцэж буй төсөлд хөгжсөн асуудлыг ард иргэд шүүн тунгаан, учир шалтгаан, үр дагаварыг нягталж байгаатай холбогдуулан зарим гол өөрчлөлтийг давшруудан, шинжлэх шаардлагатай  гэж үзэж байна. Үүнд:

1.Үндсэн хуулийн өөрчлөлийн төслөөс нийгмийн амьдралын өдөр тутмын зохицуулалттай холбоотой хот, тосгодын эрхзүйн орчин,шүүх засаглалын өөрчлөлт зэрэг асуудлыг тусгайлан авч УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн үйлчлэлийг 2022 он хүртэл зогсоох зайлшгүй шаардлагатай.

2.Үндсэн хуульд өөрчлөлт хийх төсөл боловсруулах ажлын бүлгийг Ерөнхийлөгчийн алба, УИХ-ын ХЗБХ, Засгийн газрын ХЭГ-ын төлөөлөл хуульч, улстөрч, эрдэмтдийн  оролцоотойгоор шинэчлэн байгуулж, Ерөнхийлөгчийн  удирдлага дор ажиллуулан, шинэ төслийг 2021 онд багтаан УИХ-аар хэлэлцүүлж, бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх,

3.2020 онд сонгуулийн дараа Засгийн газар бүрдүүлэхээс эхлэн сайдуудад нэр дэвшүүлэх Ерөнхий сайдын бүрэн эрхийг аливаа нам, бүлэглэлийн нөлөөнөөс хамгаалж, дархлаажуулан нэр дэвшигчдийг УИХ-ын чуулганы нээлттэй хэлэлцүүлэгт оролцуулсны дараа томилж, баталгаажуулах болон сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд бие даан шийдвэрлэж, учир шалтгааныг долоо хоногийн дотор Ерөнхийлөгч,  УИХ-д мэдээлдэг байх асуудлыг Үндсэн хуульд халдахгүйгээр хуульчлан шийдэх,

Асуудлыг ингэж шийдэх нь одоогийн төгс бус төслийг тойрсон маргаанаас салж, тэртэй  тэргүй нийгмийг зөрчил сөргөлдөөнд хүргэх төслөөр олон түмний санал асуулга явуулж хүч хөрөнгө үрж, нийгмээ түйвээхээс зайлсхийх оновчтой гарц болно гэж үзэж байна.

 Эртний сударт өгүүлсэн  нь:

 “Зөв үзлээс төрсөн

Зөв үйлийг

 Зөв сэтгэлээр

Зөв зүтгэлээр бүтээж болно”  гэжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ номлолоор хандвал амжилтад хүрч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Хилээр амьд мал гаргах гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо

Published

on

By

Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоол гарчээ. Ингэснээр нөөцийн махыг сайн нөөцлөх, мах, гурилын үнийг ирэх жилд барих үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн байна.

Мөн өмнөх гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгожээ.

Тодруулбал,

  • 2014 оны 282 дугаар тогтоол (Н.Алтанхуяг)
  • 2015 оны 474 дугаар тогтоол (Ч.Сайханбилэг)
  • 2017 оны 142 дугаар тогтоол (Ж.Эрдэнэбат)
  • 2017 оны 284 дүгээр тогтоолыг (Ж.Эрдэнэбатын үүрэг гүйцэтгэгч) цогцоор нь авч үзэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж цуцлуулжээ.

Өөрөөр хэлбэл, хонь, ямааг амьдаар нь экспортод гаргах тухай 2014, 2015, 2017 оны Засгийн газрын тогтоолыг тус тус цуцалсан байна.

Дэлгэрэнгүй унших

Онцлох