Connect with us

Улс төр

Н.Энхбаяр: Үндсэн хуулийг нэг нам биш ард түмэн хэлэлцэж баталдаг

Оруулсан:

огноо:

Д.ЦЭРЭННАДМИД

Манай сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг урьсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулья.

Улс төр бол амьдралын дуудлага

-Та олны таньдаг, мэддэг улстөрч хүн. Ер нь улстөрч хүн гэж хэн бэ гэвэл Та юу гэж тодорхойлох вэ?

-Монголд улстөрчийн хувьд хашиж болох хамгийн өндөр алба бол Ерөнхийлөгчийн алба. Тэгэхээр улстөрч гэдгийг Ерөнхийлөгчийн албаны жишээн дээр тайлбарлахыг хичээе. Юуны түрүүн хэлэхэд би надад итгэн Төрийн тэргүүнээр сонгосон Монголын ард түмэндээ ямагт талархаж явдаг. Миний бодоход хэдийгээр төрийн тэргүүнээр сонгогдсон хүн “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж тангараг өргөдөг ч үнэн хэрэгтээ бүхий л амьдралынхаа турш, насан туршдаа тэгж ажиллаж, амьдарна гэсний илэрхийлэл гэж хэлж болно.

Ийм тангараг өргөнө гэж юу гэсэн үг юм бэ? гэдгийг тайлбарлахын тулд нэг жишээ хэлье л дээ. Хүмүүс надаас асуудаг юм. “Та том том асуудлыг хөндөх юм, уг асуудлын цаана том том бүлэглэлүүдийн том том ашиг сонирхол хөндөгддөг. Тэдгээр бүлэглэл МАН-д ч, АН-д ч хөлтэй юм. Тэд хууль шүүхийн хүмүүсийг гартаа оруулчихсан байх юм. Тэгээд тэд Таны эсрэг хүчээ нэгтгэж дайрах юм. Та өөрийгөө бодож тэдгээр том том бүлэглэлийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг хөндөхөө больвол яасан юм бэ?” гэдэг. Тэгэхээр ингэж асууж, ярьж байгаа хүмүүс намайг ард түмэндээ тангараг өргөсөн хүн гэдгийг сайн ухаарахгүй байна л даа. Ард түмний эрх ашгийн дэргэд ямар ч том бүлэглэлийн эрх ашиг жижиг шүү дээ. Ард түмнийхээ эрх ашгийг сонгох уу, эсхүл бүлэглэлүүдийнхийг сонгох уу гэхээр би ард түмэндээ үнэнч шударгаар зүтгэнэ гэж тангараг өргөсөн хүн учир ард түмнээ сонгоно. Ард түмэндээ үнэнч байсаар, түүний эрх ашгийг хамгаалж байсаар дуусахаас өөр аргагүй.

Германы алдарт социологич, философич эрдэмтэн Макс Вэбэр гэж хүн байсан. Тэр хүн улс төр бол мэргэжил байгаад зогсохгүй амьдралын дуудлага гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр төрийн тэргүүний тангараг өргөсөн хүний хувьд улстөр бол амьдралын дуудлага байдаг гэсэн үг.

-Та тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хэлсэндээ хүрэхгүй байгаа, эсхүл бүр хэлснийхээ эсрэг ажиллаад байвал тэр хүнд амласныг нь, тангаргийг нь сануулж тийнхүү том том бүлэглэлийн эрх ашгийг хөндсөн том том асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байдалд ордог гэж хэлж болох уу?

-Тэгж ойлгож  болно. Ингэснээр би өндөр албан тушаалтнуудад тусалж байна гэж боддог. Ер нь хүн өндөр албан тушаалд очсон хойноо нэгэн вакуумд ордог. Эргэн тойронд нь байгаа хүмүүс өөрт нь таалагдахын тулд алдаа гаргасан байсан ч өөрийг нь магтана, эсхүл өөрсөддөө ашигтай мэдээлэл өгч мэдээллийн төөрөгдөлд оруулна. Хэцүү шүү дээ. Яг ийм үед мэдлэг боловсрол, туршлага их шаардагдана. Тэгэхээр яг дэргэд нь байгаа биш хүмүүсийн хэлсэн үгийг, ялангуяа шүүмжлэлийг нь сонсож байвал их зүгээр. Тэгвэл алдаа бага гаргана. Нийгмээ зөв мэдэрнэ. Өндөр албан тушаалд ажил хийх гэж очсноо санана, тэгснийгээ мартахгүй байна. Ингэснээр өөрөө ч, иргэд ч аль аль нь хожно.

Хэлсэндээ эзэн болбол амлаагүй ажил ч бүтдэг

-Тэгвэл хийж бүтээх тухай ярья. Магадгүй энэ асуултыг олон хүн танаас асуудаг байх. Та Төрийн тэргүүнээс эхлээд өндөр дээд албуудыг алгасалгүй хашсан. Та эрх мэдлийг гартаа атгаж байхдаа юу хийсэн бэ?

-Хийж бүтээх нь их энгийн юмнаас эхэлнэ. Зүгээр л “амласандаа хүрч ажилла” гэж хэлж болно. Тэгэхээр би юуны түрүүн өндөр албан тушаал хашиж байхдаа хэлсэндээ хүрч ажиллахыг хичээж байсан. Амласнаа хэрэгжүүлээд эхлэхээр амлаж зүрхлэхгүй байсан том асуудлууд аяндаа бүтэх боломж бололцоо нээгддэг юм байна лээ. Тухайлбал, хийж бүтээснийхээ заримаас нь тайлбарлая:

-Их өрийн асуудал буюу 11,7 тэрбум ам.долларыг Монголдоо нэн ашигтайгаар шийдвэрлэсэн. 98 хувийг нь хүчингүйд тооцсон. Монголчууд энэ асуудлыг шийдвэрлэхэд биднийг ойлгож гэрээ байгуулсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, тэр үеийн Ерөнхий сайд Касьянов нарт баярлаж талархаж байх хэрэгтэй гэж боддог.

-“Мянганы зам”-ын төсөл. Монгол шиг өргөн уудам газар нутагтай улс оронд дэд бүтэц, юуны түрүүн замын асуудлыг шийдэхгүйгээр хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй. Тийм учир энэ төслийг эхлүүлсэн. Одоо энэ төсөл амжилттай хэрэгжиж байгаа нь анхнаасаа зөв ажил байсны баталгаа.

-Иргэдэд газар үнэгүй хувьчлах асуудал. Монгол Улсын иргэддээ газар үнэгүй хувьчлана гэдэг олон талын ач холбогдолтой. Ямар ч байсан монгол хүн газартайгаа улс төр, эдийн засгийн бат бэх холбоотой болох нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг улам бэхжүүлнэ.

-“Үдийн цай” хөтөлбөр. Анх энэ асуудлыг шийдвэрлэх санаа 2005 онд төрсөн. Чингэлтэй дүүргийн нэгэн сургуулийн ажилтай танилцаж байхад тэр сургуулийн захирал эмэгтэй: “зарим ядуу айлын хүүхэд өглөө цайгаа уухгүй ирээд өлсөж цангаснаасаа болоод хичээлдээ шамдаж чадахгүй байна, тэр ч байтугай зарим нь ухаан алдан унаж байна” гэж хэлснийг сонсоод “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв юм байна гэж үзсэн. Тэгээд энэ талаар албаны хүмүүстэй зөвлөж байгаад хэрэгжүүлж эхэлсэн. Одоо энэ хөтөлбөрийн ачаар хамгийн багаар бодоход 300 мянган хүүхэд хичээлдээ өлсөж цангахгүй шамдаж байна шүү дээ.

-Монголын цэргийн бие бүрэлдэхүүнийг Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах болсон. Амаргүй нөхцөлд гарсан шийдвэр. Гэхдээ манай цэргийнхний хувьд нэр төртэй биелүүлж байгаа үүрэг. Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд эерэгээр гаргаж байгаа чухал ажил.

-“Мянганы сорилтын сан”-гаас 300 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж авч Монголынхоо жижиг, дунд бизнесийг дэмжих ажил. АНУ-ын Ерөнхийлөгч Буш Монголд айлчилсан, дараа нь би Вашингтонд хариу айлчлал хийхдээ “Мянганы сорилтын сан”-гийн гэрээнд гарын үсэг зурж хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Сайн ажил эхлүүлсэндээ баяртай байдаг. Энэ ажил одоо ч үргэлжилж саяхан Монгол Улс АНУ-аас дахин 300 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болсныг сонсоод баярласан. Монголчууд Ерөнхиийлөгч Бушд  талархаж байх хэрэгтэй гэж боддог. Хүү Бушд гээд тодотгочихъё.

-Олон хүүхэдтэй малчин өрхийн нэг хүүхдийн дээд сургуулийн зардлыг төр, засгаас бүрэн даан хариуцах ажил. Хөдөө ажлаар явж ард иргэдтэйгээ уулзаж байхад малчдын нуруун дээр ирдэг томоохон ачааны нэг нь хүүхдүүдээ дээд сургуульд сургах асуудал байдаг. Ялангуяа олон хүүхэдтэй айлд дааж давшгүй хүнд ачаа болдог. Тэгэхээр олон хүүхэдтэй иргэдээ, өрхөө дэмжье, тэгээд ч монгол залуус ямар айлд төрснөөс үл шалтгаалан бүгдээрээ дээд сургуульд сурах бололцоотой байх ёстой гэж үзэж энэ ажлыг хийж байсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улсын их, дээд сургуульд залуусыг үнэгүй сургана гэсэн зорилго дэвшүүлж байсан. Тэгэхээр энэ бол өнөөдөр хүртэл зөв шийдлээ олж чадаагүй, олон айл өрхийг ядуу зүдүү байдлаас гарахад нь саад бэрхшээл болж байгаа юм. Ер нь Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжил дэвшил, тусгаар тогтнолтой ч холбоотой юм.

-100 мянган малчин өрхийг цахилгаан, гэрлийн эх үүсвэрээр хангах “Нарны гэрэл” ажил. XXI зуун гарчихаад байхад монголчууд эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй, харанхуй орчинд амьдарч байсан шүү дээ. Энэ байдлыг засахын тулд хийсэн хэд хэдэн том ажлын нэг нь. Энэ ажил хэрэгжсэнээс хойш одоо малчид ч, хувийн компаниуд ч эрчим хүчний, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын тулд идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай.

-“Эрчим хүчний нэгдсэн тогтолцоо хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж сум бүрийг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох ажил. Нээрээн XXI зуун гарчихаад байхад Монгол Улсын олон сум, тосгон эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй байсан нь тухайн сум, тосгонд амьдарч байсан хүмүүст тэгш сайхан амьдрахад ихээхэн саад бэрхшээл болж байсан. Тийм учир ийм хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлснээр одоо эрчим хүчинд холбогдоогүй сум бараг байхгүй болсон байхаа. Бас л тухайн үед хэрэгжүүлж эхлэхэд зарим нь хэрэгжих боломжгүй гэж хэлж байсан. Тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа боломжтой нь батлагдсан даа.

-Таван тэрбум тонн коксжих нүүрсийн нөөцтэй “Таван толгойн орд”-ыг төрд буцаан авах санал. Тухайн үед байгалийн баялгийг цөөн хүний гарт төвлөрүүлбэл нийгэмд баян ба ядуугийн хоорондын ялгаа хөлгүй ангал мэт гүнзгийрэх, шударга ёс алдагдах чиг хандлагатай болох нь тодорхой болсон учир, тэгээд ч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Таван толгой мэтийн томоохон ордуудыг Үндсэн хуулинд нийцүүлэн төрийн мэдэлд авах нь зүйтэй гэж үзэж энэ чиглэлээр ажилласан. Тодорхой цаг хугацаа шаардагдсан.  Энэ талаархи миний санал зарим хүний дургүйг ч хүргэсэн. Гэхдээ ард түмний эрх ашиг ба хүчтэй бүлэглэлийн эрх ашиг хоёрыг дэнсэлж үзвэл ард түмний эрх ашиг нь жин дарах нь ойлгомжтой.  Тэгээд ч би өөрөө ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн тул энэ ажлыг хийсэн. Одоо ингэсний ачаар Таван толгойн ордыг түшиглэн байгуулсан төрийн өмчийн уул уурхайн компани Монгол Улсын төсвийг бүрдүүлэх ажилд Эрдэнэтээс илүү гэхээс биш дутуугүй хувь нэмэр оруулж байна.

-“Үндэсний хөгжлийн цогц бодлого” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх ажил. Ер нь Монгол Улс 90 оноос хойш хөгжлийн урт хугацааны бодлогогүй явж ирсний уршгаар тогтвортой хөгжлийн асуудал орхигдсон байсан. Энэ байдлыг засахын тулд 2006-2020 он хүртэл буюу 15 жилийн урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлыг санаачилсан. Дорж академичийн тэргүүлсэн баг түрүүлж, тэр багийн болон бусад саналуудыг нэгтгэн урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьснаар УИХ хэлэлцэн баталсан түүхтэй. Тэр бодлогыг “3-ан 15-ын бодлого” гэж тодорхойлж байсан. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг 15 жилийн турш жил бүр 15 хувиас доошгүй хурдтай хөгжвөл 2020 он гэхэд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд 15 мянган ам.доллар ногдох хэмжээнд хүрнэ, Монгол Улс хоцрогдсон улс орны жагсаалтаас гарч дэлхийн дундаж орнуудын эгнээнд орно гэж төлөвлөж байсан юм. Харамсалтай нь энэ бодлогыг тууштай хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлсэн бол өнөөдөр Монгол Улс арай өөр, илүү хөгжилтэй улс орон болох байсан.

Энэ мэтээр хийсэн бүтээснээ ярьвал багагүй юм бий. Энд би бүгдийг нь ч ярьсангүй. Хүмүүсийн надтай уулзахдаа “та ийм ийм ажил хийсэн учир таныг дэмждэг шүү” гэж ярьдагаас хэдийг нь сонгож тайлбарлах гэж хичээлээ.

Сонирхолтой нь эдгээр томоохон асуудлын  ихэнхийг нь хэрэгжүүлнэ гэж амлаагүй. Тухайн үед хэрэгжүүлнэ гэж амлахад сэтгэлд багтахгүй байсан гэх үү дээ. Хүмүүс ч итгэхгүй байх байсан биз. Гэвч түрүүн би хэлсэн, хэлсэндээ эзэн болж амласнаа хэрэгжүүлбэл амлаагүй асуудлуудыг хүртэл шийдвэрлэх нөхцөл бүрддэг юм байналээ гэж. Нөгөө талаар энэ их үйл хэргийг би ганцаараа хийсэн юм биш. Тэр үед хамт ажиллаж байсан багийнхантайгаа хийж амжуулсан. Эдгээр том том асуудал хэрэгжсэнд би гэхээсээ илүү нийт иргэд, ялангуяа эдгээр нь шийдвэрлэхэд ямар хэцүү асуудлууд байсан бэ? гэдгийг сайн мэдэх хүмүүст баярладаг. Тухайлбал, Оросын Их өрийн асуудлыг шийдвэрлэснээр бид жинхэнэ утгаараа ямар ч байсан нэг хэсэг хугацаанд эдийн засгийн тусгаар тогтнолоо сэргээж чадсан юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт өрийн хэмжээ 28 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нэг хүнд оногдохоор нь бодвол 25 сая орчим төгрөг болж байх юм. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрсэн ноцтой байдал бий болсны илэрхийлэл,  түгшүүрийн дохио. Ядахдаа энэ их хэмжээний  зээлийг аваад бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнүүлж хийсэн бол бас яая гэхэв. Гэтэл хүмүүс: “яг нүдэнд үзэгдэж, гарт баригдсан ажил байхгүй байна” гэж шүүмжилж байна.

Гэхдээ нэг чухал юмыг ойлгох хэрэгтэй. Хэний ч хувьд хийснээс хийх нь илүү байдаг. Тийм учир хийснээ гол нь биш хийхээ ярих нь илүү чухал.

Иргэд ирээдүйд итгэхээ больчихож

-Тэгвэл хийхийн тухай ярихын тулд нэг юм асууя. Сүүлийн 5-10 жилийн байдлыг харахад Монгол Улс хөгжсөн үү, эсвэл улам доройтсон уу?

-Ний нуугүй хэлэхэд доройтсон гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байх. Энэ дүгнэлтийг би ч хэлээд байгаа юм биш. Ард түмэн тийм дүгнэлттэй байгаа нь судалгааны байгууллагууд санал асуулга явуулахад тайлангаас нь тодорхой харагдаж байгаа.

Хамгийн энгийнээр хэлэхэд улс орон ч, ард иргэд ч өр зээлийн дааж давшгүй их хэмжээний дарамтанд орчихлоо. Ямар сайндаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН нэр дэвшигчтэйгээ хамт иргэдийн өрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж амлахад нь сонгогчид тэр аяараа ханараад амалсанд нь саналаа өгч байхав дээ.

Миний хувьд улс орны байдал доройтсоныг олон тоо баримтаар тогтоон хэлж болох ч яг тоогоор илэрхийлэх боломжгүй нэгэн чухал үзүүлэлтээр ингэж дүгнэж байгаа юм. Энэ дүгнэлт улстөр-философийн, сэтгэл санааны гэж хэлж болно. Юу вэ? гэхээр хүмүүс маань ирээдүйдээ итгэх итгэл нь их алдагдсан байна. Ард түмэн итгэлгүй болохоос илүү аюултай юм гэж байхгүй. Энэ нь хамгийн наад зах нь бараг бүгдээрээ, ялангуяа залуучууд маань Монголдоо биш гадаадад гарч сурах, амьдрахыг хүсэн тэмүүлж байгаагаас тодорхой байна. Саяхан би Хэнтий аймгийн төвийн VI дугаар багийн иргэдтэй уулзахад дөрвөн хүүхдийн эх Туяа гэдэг эмэгтэй: “Хүүхдүүдийнхээ нэгийг нь ч гэсэн гадаадаад гаргана” гэж бодож байгаа” хэмээн хэлж байна лээ. “Яагаад?” гэж асуухад товчилбол: “Монголд сургууль байхгүй, ажил байхгүй, орлого байхгүй, ирээдүй байхгүй” гэж хариулсан. Тийм учир ард түмнийхээ итгэлийг сэргээхийн тулд нэгд, хэлсэндээ хүрч ажиллах хэрэгтэй. Хоёрт, Монгол Улсад иргэн бүрт хүнд хэцүү асуудлаа шийдвэрлэх гарц гаргаж өгөх хэрэгтэй. Тэгвэл энэ доройтлыг зогсоож болно.

-Та ч бас танай нам  шинэ гарцын тухай их ярьдаг. Та танай намынхны боловсруулсан шинэ Дээд хуулийг хөгжлийн гарц мөн гэж ярьдаг. Гэтэл МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шуурхайлж эхэллээ. Дангаараа эрх барьж байгаа нам танай намын Дээд хуулийн төслийг анхаарч хэлэлцэх  болов уу?

-Ер нь манай өнөөгийн төр,  засгийн тогтолцооны нэгэн онцлог гэх үү, эсхүл дутагдал гэх үү нэг юм ажиглагддаг. Эрх баригчид бусдынхаа, тэр тусмаа ард түмнийхээ дуу хоолойг сонсохоо больчихсон гаж тогтолцоотой байгаа. Тэглээ ч тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ийм дүлий төр, засгийн тогтолцоо  байна шүү дээ. Төр засагт ажиллаж байгаа хүмүүс нь чихтэй, сонсголтой байж болно. Гэхдээ гаж тогтолцоо нь тэднийг дүлий, сохор, тархигүй болгочихдог. Боб Дилан гэж Америкийн алдарт дуучин, зохиолч байдаг. Уран бүтээлээрээ Нобелийн шагнал авсан. Тэр хүн “Хүчит салхи хариуг хэлнэ, найз минь” гэсэн алдарт дуу зохиосон. Тэнд ийм үг, утга санаа байдаг. “Хүний зовж зүдэрч байгааг олж харахын тулд хэдэн нүд хэрэгтэй юм бэ? Хүмүүс зовж зүдэрч байгаа дуу хоолойг нь сонсохын тулд хэдэн чих хэрэгтэй юм бэ?” гэж. Ийм байдалд ард иргэдийн итгэл алдагддаг. Улс орноосоо дайжин явахын хүслэн болдог. Гэтэл төрийн албан тушаалтнууд: “та бүхэн эх орондоо сайхан амьдрах хэрэгтэй. Бид амласнаа хэрэгжүүлж та бүхэн, үр хүүхэд чинь Монголдоо сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлье” гэж хэлэх, хэлэх битгий хэл бүр гуйхын оронд, хэлснээ хэрэгжүүлж ард иргэд маань улс орондоро сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд нойр хоолгүй ажиллахын оронд амрыг нь бодоод эсрэгээр нь буюу “Солонгост 1000 хүн, Японд 1000 хүн явуулна” гэж амладаг. Ингэснээр ард түмний итгэл улам сулардаг. Тэд: “Нээрээн Монголд амьдрахын аргагүй юм байна. Дарга нар хүртэл биднийг явуулахыг амалж байгаа юм чинь энд байгаад утгагүй юм байна” гэж дүгнэж байна шүү дээ. Уг нь жинхэнэ ардчилсан улс оронд ард иргэдээ гадаадад гаргахыг амлаж байгаа улс төрч сонгуульд ялдаггүй. Харин манайд болохоор сонгогдоод байдаг. Шударгаар биш. Хар машинаар, 60 тэрбумаар, мөнгө тарааж, архидуулж, худлаа амлаж, хууль шүүхийн байгууллагыг ашиглаж сонгогддог.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд бол харамсалтай нь МАН-ынхан өнөөгийн гаж тогтолцооны учир начирыг сайн олж хараагүй, ойлгохгүй байх шиг байна. Эсхүл энэ гаж тогтолцоо ард түмэнд ашиггүй ч тэдэнд ашигтай байгаа учир гаж тогтолцоог засахын оронд гаж тогтолцоог улам бэхжүүлэх гээд зүтгээд байх юм. Тэдний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөгийн гаж тогтолцоог улам бэхжүүлнэ, ард иргэдийн амьдралыг улам дордуулна. Энэ тухай МАН-ын хуучин, шинэ удирдлагад аль алинд нь хэлсэн. Шинэ Дээд хуулийнхаа төслийг гардуулж өгсөн. Хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Гаж тогтолцоог засч Монгол хүнд, монголын ард түмэнд үйлчилдэг шударга тогтолцоотой болохын төлөө санаа бодлоо солилцьё гэсэн. Наанаа сонссон царай гаргасан ч үнэн хэрэгтээ сонсоогүй юм шиг байна

Тухайлбал, байгалийн баялгийг ард түмний өмч гэж шийдвэрлээгүй цагт баян ядуугийн хоорондын ялгаан дээр тогтсон нийгмийн шударга бус харилцаа хэзээ ч засрахгүй. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчилбөл юуны түрүүн байгалийн баялгаа ард түмэндээ өгөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэе гэхэд өнөөгийн УИХ-д уул уурхайн ордуудын ил, далд эзэд, тэднээс санхүүждэг хүн олон байгаа учир тэд энэ асуудлыг шийдэх сонирхолгүй байна. Шүүхийн тогтолцоог өөрчилж, шүүгч нарыг дарга нар өөрсдөө томилж эргээд өөрсдийгөө хамгаалуулдаг, өрсөлдөгчдөө хэлмэгдүүлдэгийг болиулъя. Эс тэгвээс шударга ёс тогтохгүй нь гэхэд өнгөн дээрээ өөрчлөх гэж байгаа мэт боловч бараг хэвээр нь үлдээж байх жишээтэй.

Нөгөө талаар хичнээн олон суудалтай ч, тэр тусмаа 60 тэрбумын луйвраар сонгогдсон, 40 орчим гишүүн нь ЖДҮ, Эрдэнэтийн  51, 49 хувийн луйвар булхайн асуудлууд, хүчингийн хэрэг, авлига хээл хахууль зэрэг ноцтой асуудалтай холбоотой байж болзошгүй гэж тооцогдож байгаа хүмүүс, нэг нам дангаараа Үндсэн хуульд халдаж болохгүй гэдэг нь ардчилсан оронд зайлшгүй баримтлах ёстой чухал зарчим байдаг. Гуравт, өнөөгийн гаж тогтолцоог өөрчлөх талаар тодорхой санал бүхий Үндсэн хуулийн хэд хэдэн шинэ төсөл бий. МАН-ынхан тэр төслүүдтэй огт танилцаагүй. Дөрөвт, Үндсэн хуулийг өөрчилбөл гагцхүү ард түмнээр хэлэлцүүлж байж өөрчлөх хэрэгтэй. Гэтэл хэлэлцүүлсэн мэтээр ярьж байгаа нь үнэн хэрэгтээ Үндсэн хуулинд халдаж, эрх мэдлийг өөрсөддөө ашигтайгаар хуваарилах гэж байгаа болчимгүй үйлдэл мөн. Ийм луйвар булхайг одоогийн УИХ-аар хийлгэж болохгүй. Уг нь МАН-д Үндсэн хуулийг ингэж өөрчилж болохгүй гэдгийг ойлгож байгаа гишүүд байгаа. Гэхдээ тэд янз янзын асуудлаар барьцаалагдчихаад амаа үдүүлсэн  байдалтай байна.

Одоо Ерөнхийлөгч болоод улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөн, хэвлэл мэдээллийнхэн, нийт ард иргэд бүгд дуугарч МАН-ынханы дангаараа хийх гэж завдаж буй энэхүү луйвар булхайг таслан зогсоох хэрэгтэй.

Шинэ Дээд хууль Монголыг аварна, монгол хүнийг хамгаална

-Шинэ дээд хуулийн төслийг уншиж үзвэл их сонин заалтууд байна лээ. Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллага шаардлагагүй гэж тусгасан байсан. Мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг төлбөргүй болгоно, залуу гэр бүлд үнэгүй орон сууц өгнө гээд. Энэ бүхэн сонгуулийн амлалт болоод өнгөрөх биш бодитоор хэрэгжих боломж, гаргалгаа нь юу юм бэ?

-Шинэ Дээд хуульд “Монгол хүн төр, засгийн хамгаалалтад байна” гэсэн чухал зарчим орсон байгаа. Энэ зарчмыг тайлбарлахын тулд нэгэн бодит түүхийг ярья. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд арабууд шонхор шувуу барихаар очдог. Тэнд бүр байшин барилга бариад өндөр хашаагаар хүрээлүүлсэн төв байгуулчихсан байгаа. Тэд шонхор шувууны хойноос хөөцөлдөж явахдаа тэр нутагт байсан хун шувууг буудсан байгаа юм. Нутгийн иргэд тэгсэнд нь дургүйцэж тэднийг Жаргалтхаанаас явахыг шаардсан байна. Нэг залуу нутгийн иргэдээ толгойлж ийм шаардлага тавьжээ. Эхлээд арабууд тэдэнтэй уулзахдаа: танай хуулийг судалж байгаад эргээд уулзая гэж хэлсэн байна. Тэгээд дахин уулзахад нэлээн дээрэлхүү байдлаар харьцсан байгаа юм. Тэд: бид танай Үндсэн хуулийг уншиж судалсан. Тэнд Монголын төр засаг хүнээ хамгаална гэж байхгүй байналээ, харин мал сүргийг хамгаална гэсэн байна. Тэгэхээр энэ хэл амтай залууг мөнгөөр худалдаж авъя. Хэдэн долларын үнэтэй юм бэ? гэжээ. Хүмүүс гайхаад энэ залууг худалдаж авч яах гэж байгаа юм бэ? гэхэд хариуд нь: буудна гэж хэлсэн байгаа юм. Монголчууд ингэж гадныханд дээрэлхүүлж байх юм. Ямар сайндаа монголын залуус гадаадад гарахын түүс болсон байх вэ дээ. Тэгэхээр МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлдөө ядаж “Төр засаг Монгол хүнийг хамгаална” гэсэн чухал зүйлийг оруулаагүй, энэ тухай бодоо ч үгүй байна. Тэгэхээр “Төр засаг Монгол хүнийг хамгаална” гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? гэж асуух байх. Монголчууд дэндүү цөөхөн. Тийм учир хамгийн үнэ цэнэтэй байх ёстой нь Монгол хүн. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд түүнийг улсын дээд сургуульд үнэгүй сургаж, тодорхой мэргэжилтэй болгох ёстой. Дээр нь Монгол хүн өвдвөл улсын эмнэлэгт үнэгүй үзүүлнэ. Зарим хүн ийм санааг сонсчихоод зах зээлийн эдийг засагт үнэгүй дээд боловсрол, үнэгүй эмнэлэг байх уу? гэж асуудаг юм. Байхаар барах уу, зах зээлийн эдийн засгийн эх орон гэгддэг Англид эмнэлэг үнэгүй, хөгжлөөрөө дэлхийд эхний дөрөвт ордог Германд дээд боловсрол үнэгүй, манайх шиг байгалийн баялагтай Норвегид дээд боловсрол, эмнэлэг аль аль нь үнэгүй, байгалийн баялаггүй шахуу Швед, Дани, Финляндад мөн үнэгүй шүү дээ. Монгол хүнийг төр засаг ингэж хамгаалж, мэдлэг боловсрол, мэргэжилтэй, эрүүл саруул болгож байж Хятад, Орос, Солонгос, Япончуудтай оюун ухаанаараа өрсөлдөнө. Монголын хувьд хөршүүдтэйгээ тоогоор өрсөлдөөд амжилтанд хүрэхгүй нь ойлгомжтой учир оюун ухаанаараа өрсөлдөхөөс өөр ямар ч арга байхгүй. Үнэгүй дээд боловсрол, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ бол амьдралын шаардлага, Монголчууд орших эс оршихын тухай асуудал юм. Харамсалтай нь МАН-ынхан энэ тухай бодох ч үгүй байна. Тэд хэн хэдэн жил ажиллах вэ? гэх зэрэг өөрсдийнхөө эрх мэдлийг бэхжүүлэх, хугацааг уртасгах, өрсөлдөгчдийнхөө эрх мэдэл, хугацааг богиносгох зэрэг ард түмэнд огт хэрэггүй юмаар хөөцөлдөж байна. “Төр засаг Монгол хүнийг хамгаална” гэдэг нь Хүний эрхийн байгууллагыг ард түмэн өөрөө сонголтоороо байгуулдаг, энэ байгууллага одооныхтой адилхан байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байдаг биш байна. Байсан шиг байна гэсэн үг. Ер нь явж явж байгууллагуудаас хамгийн хүчтэй нь Хүний эрхийн байгууллага байх ёстой. Эс тэгвээс шоронд төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын шууд болон шууд бус оролцоотойгоор Монгол хүнийг эрүүдэн шүүж байхад одоогийн Хүний эрхийн байгууллага: “Бидэнд энэ бүхнийг мэдэх, мэдээлэх, таслан зогсоох ямар ч эрх мэдэл байхгүй” гэсэн ядуухан тайлбартай сууж байна шүү дээ.

Монгол Улс Солонгостой адилхан дэлхийн хөгжилтэй 20 орны тоонд орж болно

-Жаргалын найман хот, “Мянганы төмөр зам”, “Тэг түрээсийн орон сууц”-ыг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж бий гэж үү?

-Эдгээр зорилт бол Монгол Улс хоцрогдсон орны жагсаалтаас гарч, дундаж орны эгнээнд орох, яваандаа хөгжилтэй улс орон болъё гэж бодож байгаа бол зайлшгүй хийх ёстой ажлуудын зөвхөн нэг хэсэг нь. Зарим хүн: бид ингэж чадах болов уу? гэж эргэлздэг. Манайд газар нутгийн хувьд ойрхон байдаг Солонгосууд, Хятадуудыг харахад чадна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа байгалийн баялаггүй шахуу Солонгос хөгжөөд дэлхийд хөгжлөөрөө эхний 20 улсын тоонд орсон байна шүү дээ. Тэгэхээр бид тэднээс үлгэр авах хэрэгтэй. Тусгаар тогтносон улс орон, өөрийн хэл соёлтой ард түмэн хэвээр үлдэе, эх орондоо сайхан амьдаръя гэж байгаа бол ингэж чадахаас ч өөр арга байхгүй. “Жаргалын найман хот” бол нийслэл Улаанбаатар хотоос гадна Чойбалсан хот, Өндөрхаан (Чингис) хот, Эрдэнэт хот, Дархан хот, Хархорин хот, Улиастай хот, Ховд хот, Чойр хотыг загвараар хөгжүүлэх бодлого. Эдгээр хотод хамгийн энгийнээр хэлэхэд тус бүр 200 мянган хүн орон сууцанд тав тухтай оршин сууна, тэнд улсын их, дээд сургууль, улсын томоохон эмнэлгүүдийг нүүлгэн шилжүүлнэ, хот болгон тухайн бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийн бүстэй, тэр хотыг хүнсээр хангадаг хөдөө аж ахуйн бүстэй байна гэсэн үг. “Мянганы төмөр зам” бол эдгээр “Жаргалын найман хот”-ыг хооронд нь холбосон хурдан галт тэрэгний цахилгаанжсан төмөр зам гэсэн үг.  Өөрөөр хэлбэл бүс нутаг бүрт хөгжил очно гэж ойлгож болно. Алслагдсан нэртэйгээр орхигдсон, хаягдсан аймаг байхгүй болно. “Тэг түрээсийн байр” гэсэн хөтөлбөрийн тухайд. Айл өрхөд орон сууц хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэд орон сууцтай болъё гэж бодоод худалдаж авах тэнхээтэй юу? Үгүй. Тэгэхээр улс орон сууц бариад тэнд айл өрхөө тэг түрээсийн зарчмаар оруулах нь хамгийн зөв шийдэл болно. Орон сууцны байранд орсон айл өрх урсгал зардлаа хариуцан төлнө гэсэн үг. Шийдэх боломжгүй хүнд асуудал гэж байдаггүй. Шийдэх гэж зорих хэрэгтэй. Харин шийдэх боломжгүй гээд байх юм бол асуудал болгон мухардалд орно. Бидэнд, Монголчуудад шинэ гарц байна. Итгэж зүтгэх шаардлагатай байна. Тэгэхийн тулд Үндсэн хуулийг өөрчилж шинэ Дээд хуулийг ард түмнээр хэлэлцүүлж эдгээр зохицуулалтыг оруулах эсэхийг шийдвэрлүүлж батлах хэрэгтэй байна. Улстөр бол боломжгүйг болгохын төлөө зүтгэдэг амьдралын дуудлага юм.

Өнөөгийн УИХ тарж сонгууль хийх  нь хамгийн хохирол багатай гарц

-Энэ удаагийн парламент сонгуульт хугацааныхаа талаас илүүг авчихлаа. Гэтэл ард түмний дунд нэр хүнд нь шалдаа уначихлаа.

– “Мордохын хазгай” гэгчээр энэ парламент 60 тэрбумын луйвраар сонгогдсон гэдэг нэртэй л үлдэнэ. Жинхэнэ ардчилсан улс оронд төр, засгийн байгууллага, өндөр албан тушаалтан үйл ажиллагаа явуулахдаа иргэд сонгогчдын итгэл дээр тогтдог легитимит шинж чанартай байх суурь шаардлагыг заавал харгалздаг. Тэгэхээр манай өнөөгийн УИХ легитимит шинж чанаргүй. Ийм УИХ байх тусмаа нэр хүнд нь унана, нийгмийн тогтворгүй байдал өргөжин гүнзгийрнэ, ард түмний төр, засагт итгэх итгэл алдагдана. Өөр улс оронд ийм нөхцөлд ард түмнийхээ итгэлийг сэргээж легитимит шинж чанартай болохын тулд сонгууль зарладаг. Манайд үүнийг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй учир УИХ тарахыг тогтворгүй байдал бий болно гэж худлаа яриад байгаа юм. Харин эсрэгээр ийм легитимит чанаргүй УИХ байснаар нийгмийн, сонгогчдын сэтгэл санааны тогтворгүй байдал өргөжин гүнзгийрнэ. Тэгэхээр энэ байдлаас хурдан гарах нь хамгийн зөв болно. Тэгэхийн тулд УИХ-ын сонгуулийг яаралтай явуулах хэрэгтэй. Тэр тусмаа  УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Парламентын засаглалыг дэмждэг гэж ярьдаг. Парламентын засаглалтай улс оронд парламент легитимит шинж чанараа алдвал, энэ нь ард түмнийхээ итгэх итгэлийг алдвал гэсэн үг л дээ, заавал дөрвөн жил хүлээнэ гэлгүй сонгууль явуулдаг. Япон, Англи, Энэтхэг гээд парламентын засаглалтай улс оронд ийм аргаар л легитимит шинж чанарыг сэргээдэг. Манайх үнэхээр парламентын засаглалтай юм бол ингэх хэрэгтэй. Сонгууль явуулахад их мөнгө зарагдана гэж тайлбарладаг. Тэгвэл эсрэг талдаа улсын, үнэн хэрэгтээ ард түмний мөнгийг тэрбум тэрбумаар хулгайлаад УИХ-д “халдашгүй дархан” байдалтай хариуцлагаас зугтан суух нь хамаагүй илүү зардалтай. Хулгайг таслан зогсоохын тулд зохих зардал гарна, гэхдээ энэ зардал хулгайгаас хамаагүй бага байх нь тодорхой шүү дээ. Ингээд аль ч талаас нь бодоход легитимит шинж чанаргүй УИХ удаан байх нь монголын нийт ард түмэнд цаашлаад улс оронд маш хохиролтой  байна даа.

Сонгогч бүрийн санал тооцогдсон тогтолцоо гэж бий

-2020 оны сонгуульд улсаараа нэг тойрог байх хувилбарыг Аж­лын хэс­гийн­хэн танилцууллаа. Энэ нь хэр зохимжтой гэж Та бодож байна вэ?

-Энэ бол сайн ч, муу ч талтай хувилбар. Хамгийн гол нь сонгуулийн хамгийн сайн тогтолцоо гэж ямар тогтолцоог хэлдэг вэ? гэхээр нэг ч гэсэн сонгогчийн санал гээгддэггүй тэр системийг хэлдэг. Тэгвэл энэ утгаараа өнөөгийн тогтолцоо бол маш муу тогтолцоо. Нийт сонгогчдын 50 хувийнх нь санал гээгдсэн тогтолцоо. МАН-ынхан нийт сонгогчдын ердөө 28 хувийн санал авчихаад УИХ-ын 86 хувийн суудал авсан. Гэтэл МАН-д болон МАН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөөгүй сонгогчийн санал “хогийн тантан”-д хаягдсан. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд бусад улс оронд сонгогчийн санал парламентын суудал хуваарилалтад тусч байх сонгуулийн тогтолцоог тогтоодог. Манайд тийм улс төрийн соёл, мэд­лэг боловсрол илэрхий дутагдаж байна. 2016 онд сонгууль эхэлчихсэн байхад МАН ба АН-ынхан Үндсэн хуулийн Цэцийнхэнтэй  хуйвалдаж байгаад өнөөгийн тогтолцоог бий болгосон. Сонгууль эхэлчихсэн бай­хад сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь өөрөө шударга бус учир олон улсад ингэхийг хорьсон байдаг. Ма­найх дүр эсгэсэн ардчилалтай орон болсны нэгэн нотолгоо сонгуулийн тогтолцоог зөвхөн МАН ба АН-д ашигтай гаргадгаар илэрдэг. Үнэхээр сонгуулийн шударга тогтолцоо тог­­тооё гэж байгаа бол, сонгууль болго­ноор өөрчилдөггүй, сонгогч болгоны саналыг харгалзая гэж байгаа бол МАН ба АН-аас өөр улс төрийн хүч­нүү­дийг оролцуулсан хэлэлцүүлэг явуу­­лах хэрэгтэй. Одоо­гоор тийм санал санаа­чилга МАН-аас гараагүй байна.

УИХ-ын өнөөгийн байж байгаа үнэн нүүр царай

-Та Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Сонгууль болохгүй янзтай. Ер нь МАХН 2020 оны сонгуульд хэрхэн оролцохоор төлөвлөж байна вэ?

-Хэнтий аймгийн 42 дүгээр  тойрогт амьдарч байгаа иргэдийн сонгох эрх, төр засгийн үйл хэрэгт өөрсдөө болон төлөөллийн хүнээрээ дамжуулан оролцох эрхийг нь зөрчсөн, хууль бус ажиллагааг МАН ба АН-ынхан наагуураа хэрэлдэж байгаа мэт царайлаад үнэн хэрэгтээ цаагуураа үгсэн хуйвалдаж, өөрсдийн томилсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд даалгавар өгч хийж байна.  Нөгөө МАН ба АН-ынхан сурснаараа монгол хүнийг, сонгогчийг үнэ цэнэгүй болгож байгаа бусармаг ажиллагаа. Манай намын хувьд Хэнтийн сонгогчдоос УИХ-д өөрсдийг нь хэн төлөөлж чадна гэж үзэж байна, хэн нэр дэвшвэл эрх ашгийг нь илүү хамгаална гэж бодож байна вэ? гэж асуусан. Тэдний олонхи нь миний нэрийг хэлсэн юм байна лээ. Тэгээд МАХН-аас сонгогчдын захиалгаар миний нэрийг дэвшүүлсэн. Тэгтэл ҮХЦ Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчиж, ардчилсан орны гол шинж чанар болох ард түмний сонгох эрхийг үл тоомсорлож “нөхөн сонгуулийн мөнгийг гаргахдаа эх үүсвэрийг нь буруу заасан байна” гэх зэрэг Үндсэн хуульд ямар ч хамаагүй үндэслэлээр шийдвэр гаргаж нө­хөн сонгуулийг болох болохгүй нь мэдэг­­дэх­гүй байдалд орууллаа. Ингэж Хэнтийн 42 дүгээр тойргийн сонгогч­дын төрийн хэрэгт оролцох эрхийг хоёр жил орчим хугацаанд хөсөрдүүлж байна. Легитимит шинж чанаргүй Парламентын байж байгаа үнэн нүүр царай энэ л дээ. Тэд ард түмнээсээ айна, ард түмнээ хуурна, басамжилна. Манай намын хувьд бид өөрсдөө сонгогдох гэхээсээ илүү Хэнтийн сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэхийг шаардаж байгаа. Цаашид ч тэд­ний­хээ эрх ашгийг хамгаална. МАН ба АН-ынхан 2020, 2021 оны сон­гуу­лиас айгаад МАХН-ыг элдвээр хав­чиж байгаагийн нэг илрэл бол энэ л дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.12  ЛХАГВА  №119  (6086)

Улс төр

Засгийн газар Ж.Мөнхбатын концессын гэрээг цуцаллаа

Published

on

By

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байв. Тухайлбал,  Засгийн газрын сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум,  С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан нь тухайн үедээ нэлээд хурцаар яригдаж, тэднийг сайдын суудлаас огцруулах хэмжээнд очиж байв.   Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолгүй зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.  Цуцлах концессын жагсаалтад  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “автор” бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концесс багтсан байна.Концессын эрхийг Ж.Мөнхбат гишүүний эхнэрийн ахын компани гэх “Засагт чандмань майнз” компанид олгосон бөгөөд 2017 хоёрдугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулсан. Улмаар тухайн оны дөрөвдүгээр сарын 12-нд болсон Засгийн газрын хуралдаанаар 163 орчим тэрбум төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгасан байдаг.  Ингэж тус компани концессын гэрээ гүйцэтгэх эрхтэй болсон юм. Харин жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатын компанийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргав.Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийсэн. Дээрх концессоос гадна “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концесс, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих гээд одоогоор 11 концессыг цуцлахаар шийдвэрлэжээ. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концессын гэрээг “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан бөгөөд өмнө нь гэрээг нэг, зургаа хүртэлх сараар сунгасан байсан юм. Түүнчлэн концессын гэрээг цуцлах болсон шалтгаанаа Засгийн газар Монгол Улсын эдийн засагт бодитоор хохирол учруулж байна гэж тайлбарлалаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар болж байгаа, болохгүй байгааг нь ил тодоор хэлж явах жишиг рүү орох нь зүйтэй. Банкны салбар хэт улс төртэй хутгалдсан энэ нөхцөл байдлаас болж, авлига болон мөнгө угаалтын хэрэгтэй тууштай тэмцээгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хууль хяналтын байгууллага болон шүүхийн завхралаас болж Монгол Улс сааралжих нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо ч арилаагүй явж байна” хэмээн энэ  үеэр онцолсон. Харин үргэлжлүүлэх концессын жагсаалтад  Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл, Тавантолгой- Ханбогд- Ханги чиглэлийн авто замтай холбоотой төсөл, Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын концесс багтжээ. Засгийн газар концесс эзэмшигчтэй гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашгийг хариуцахгүй байхыг концессын гэрээнд тусгасан байдаг байна.  Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Үндсэн хуулийг ордны хуйвалдаанаар өөрчлөх гэж байна

Published

on

By

Эрх баригч намынхан өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ынхантай албан бусаар уулзжээ. Тэд амралтын өдрөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж санал солилцсон байна. Энэ тухай өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хурлын үеэр ч яригдсан байдаг. Мөн өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн гурван өндөрлөг Үндсэн хуулийг өөрчлөхөөр санал нэгдэж, тодорхой шийдэлд хүрсэн” гэв. Тэгэхээр улс төр хөшигний ард Үндсэн хуулийн өөрчлөлтийг ордны хуйвалдааны аргаар хийх хувилбарууд яригдаж эхэлсэн бололтой.
Ер нь Төрийн гурван өндөрлөг албан бусаар, протоколгүй уулзахыг хуулиар бол зөвшөөрдөггүй. Харин сүүлийн үед энэ тэнд хоёр, гурвуулаа уулзлаа гэсэн асуудал олон яригдах болов. Ийм албан бус уулзалтаар яригдсан зүйлүүд нь ажил хэрэг биш харин улс төрийн хуйвалдаан болдог. Тэгэхээр Төрийн гурван өндөрлөг амралтын өдөр уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хуйвалдаан хийж, тодорхой тохирцоонд хүрсэн болж таарч байгаа юм.

Ерөнхийлөгчийн хувьд өмнөх долоо хоногт л МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг буцаах мэдэгдэл гаргаж байлаа. Уг албан бичигт хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авахыг илэрхийсэн байдаг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдлээр бол Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн бичиг байр сууринаасаа өнөөдөр ухарсан болж таарч байна. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдөр болсон Ерөнхийлөгч, МАН, АН-ын гишүүдийн албан бус уулзалтаар ордны хуйвалдаан хийж, Үндсэн хуулийг өөрчлөхөөр тодорхой тохироонд хүрч л дээ.

Мөн албан бус уулзалтын дараа буюу өнгөрсөн даваа гаригт АН нэгэн мэдэгдэл хийсэн нь хачирхалтай байлаа. Тэд “МАН Үндсэн хууль өөрчлөлт оруулах эрхгүй, төслөө татаж авахыг шаардаж байна. Авахгүй бол тэмцлийн бүхий л аргыг хэрэглэн эсэргүүцэх болно” гэсэн байдаг. Тэгэхээр амралтын өдрүүдэд болсон уулзалтаар МАН-ынхан Ерөнхийлөгчтэй тохироод харин АН-ынхантай учраа олоогүй юу. Эсвэл сөрөг хүчний энэхүү мэдэгдлийн ард ямар нэгэн улс төрийн тоглолт яваа юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Ямартай ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ордны хуйвалдаан ид яригдаж байна. Уг нь Монгол Улсын хөгжлийг тодорхойлох Үндсэн хуулиа ордон тойрсон хуйвалдаан, улс төрийн тохироогоор биш ард түмний санал асуулга, тэдний саналаар л өөрчлөх ёстой. Харин эрх баригчид энэ парламентын үед, өөрсдийнхөө саналаар “эцэг” хуулийг өөрчлөхөөр хэтэрхий улайрч байна.

1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахын тулд 900 гаруй мянган хүнээс давхардсан тоогоор 200 гаруй саналыг авч, Улсын бага хурлаар дөрвөн удаа, олон намын тогтолцоо бүхий АИХ- аар 76 хоног хэлэлцэн баталж байсан юм. Ингэж л Монголын ард түмний сонголтыг баталгаажуулж байсан билээ.

Тэгэхээр яах аргагүй Үндсэн хууль бол ард түмний өмч. Харин УИХ-аас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ нь үнэн ч гэлээ “эцэг” хуулиа улстөрчид хуйвалдааны аргаар өөрчлөхөөр шийдэж, зүтгэж эхэлсэн нь харамсалтай.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т.Батсайхан

Дэлгэрэнгүй унших

Улс төр

“Үндсэн хууль, Оюутолгойн гэрээг ард түмний саналаар өөрчлөх хэрэгтэй”

Published

on

By

TV-9 телевизийн “Ардын парламент” нэвтрүүлэг ээлжит дугаартаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарыг урьж Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн эргэн тойронд ярилцсаныг тоймлон хүргэж байна.

БИД ОЮУТОЛГОЙГОО “РИО ТИНТО”-Д АШИГЛУУЛААД 1.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ СУУЖ БАЙНА

-Монгол Улсын хувь заяатай холбоотой чухал асуудлын нэг  Оюутолгойн гэрээний талаар сүүлийн үед хүчтэй ярих боллоо. Тухайн үед  ТЭЗҮ-ийг  нь хийлгүй гэрээг  баталж,  өдгөө 10 жил өнгөрсөн ч  ашиг нь   ард түмний амьдралд огт тусахгүй явж ирсэн нь түүний  ард маш том хуйвалдаан явжээ гэдгийг харуулж байна. Оюутолгойн гэрээний үр ашиг хэзээ Монголд орж ирэх бол. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

Д.Бямбасүрэн:

-Оюутолгойн гэрээ зөвхөн эдийн засагтай холбоотой асуудал биш. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, амьдралынхаа жолоог олж, хувь заяаг шийдэх  ард түмний эрх ашгийн асуудал болж хувираад байна. Бид  Оюутолгойн гэрээг олон талаас нь  шүүмжилдэг. Өнгөрсөн жил УИХ-аас томилсон Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна лээ. Тэр бол  үндсэндээ бодит дүр зургийг гаргасан. Оюутолгойн гэрээг шүүмжлэх гол үндэс нь гурван асуудал байгаа юм. Нэгдүгээрт, Оюутолгой  Монголын төдийгүй дэлхийн том баялаг. Гэтэл энэ баялагт  Монгол Улс, Монголын төр, ард түмэн эзэн нь  биш, харийн мэдэлд очсон. Тэгсэн хэрнээ үүний ард Монгол Улс өөрөө  өртэй үлдээд байгаа. Үнэт баялгаа өгчихөөд өөрөө өртэй үлддэг  жишиг дэлхийд ховор байх. Оюутолгойг ашиглахын үндэс бол тэндээс нийгмийнхээ амьдралыг тэтгэх, ашиг орлого олох юм. УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтын дүнгээс харахад Монгол Улс Оюутолгойгоо “Рио Тинто”-д ашиглуулаад одоогийн байдлаар 1.7 тэрбум ам.долларын өртэй байна. Энэ өр цааш 2-3 дахин өсөх байх. Нөгөө талд нь үүнийг  хүмүүс янз бүрээр ярьдаг. Жишээлбэл, нийтлэлч Баабар саяхан том өгүүлэл бичээд, түүндээ Оюутолгой бол Монголын төсвийн 30 хувийг бүрдүүлж байгаа гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Тийм биш шүү дээ, Оюутолгой жилд 50 сая тонн хүдэр боловсруулдаг.Монголын “Эрдэнэт” үйлдвэр 50 сая тонн хүдэр боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл, хүчин чадлын талаар энэ хоёр  адилхан. Гэтэл Оюутолгойн  ашиглаж байгаа хүдрийн орд  нөөц нь металлын агуулгаараа “Эрдэнэт”-ийнхээс 3-5 дахин их. Тэгсэн хэрнээ алт, мөнгөний орц ч их бий. Ер нь Оюутолгойн нийт нөөц нь 42 сая тонн зэс, 18 -11 мянган тонн цагаан мөнгөтэй.  Оюутолгойн анхны ТЭЗҮ-ээр  бол жилдээ 200 мянган тонн зэс, 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө гаргах ёстой. Энэ оны  эхний улирлын байдлаар 45 мянган тонн цэвэр зэс, өөрөөр хэлбэл, цэвэр зэсд шилжүүлснээр 120 мянган унци алт гаргасан байна. Монгол Улсын төсөвт оруулж байгаа хувь хэмжээг авч үзвэл “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 688 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт  оруулсан байхад Оюутолгойнх 400-гаад тэрбум байгаа. Нэг талд  төсөвт 400 тэрбумыг оруулчихаад,  нөгөө талд хэдэн зуун сая ам.долларын өр хадгалагдаж ирсэн. Гуравдугаарт, Оюутолгойг эзэмшигч Рио Тинтогийнхон /өмнө нь Айвехоу Майнз ХХК байсан/ шударга бус хандлага, луйврын шинжтэй үйлдлийг олон удаа гаргаж байгаа. Жишээ хэлэхэд, анх 2010 оны ТЭЗҮ-ээр Риогийнхон Оюутолгойг ашиглахад 65 км хонгил ухах ёстой байсан. Гэтэл үүнийгээ  2015 онд 202 км болгосон. Оюутолгойн асуудал анх гарахад 2.5 тэрбум ам.долларт багтааж хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Дараа нь 4.1 болгосон.Тэгснээ  5.1 болсон. Хамгийн сүүлд гарсан мэдээгээр 14 тэрбум ам.доллар гэсэн. 14 тэрбум ам.долларын 34 хувийг Монголд ногдуулахад таван тэрбум нь өр болж хоцорно.  Ингээд бодоход ямар эдийн засагчид, ямар түвшинд  энэ компани хөрөнгө оруулалтаа 4-5 дахин алдаж тооцдог юм бэ. Энэ луйвар уу, алдаа юу гэдэг асуулт аяндаа гарч байна. Ер нь бол “Рио Тинто”-гийнхон гэрээ байгуулахдаа 34 хувийг нь Монголд өгнө гэж өр тооцоод явж байгаа. Гэтэл ашигласнаас хойш ашиг хуваасангүй. Түүгээр ч барахгүй 2048 он хүртэл  ашиг хуваахгүй гэсэн яриаг сүүлийн үед гаргах боллоо. Ингэж ажиллах нь  Монголд хэрэгтэй юм уу. Оюутолгойн асуудлыг ярихдаа монголчууд тэнд ажиллаж байгаа ажилчид, инженерүүдийг буруутгадаггүй. Гагцхүү Оюутолгойн орлогыг завшиж авч байгаа энэ компани дэндүү шуналтай, шударга бус, боолчлол, колоничлолын зарчмаар Монголд хандаж байгаа юм. Өөр нэг асуудал нь Оюутолгойн тухай  ерөнхий зүйлүүд яригддаг. Сая УИХ-ын Ажлын хэсгийн  дүгнэлтээс үзэхэд хэчнээн хэмжээний, ямар агуулгатай, хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа, ямар үнээр гаргаж байгаа талаарх нэг ч материал Монголын талд байхгүй. Монголын тал хил дээр юу гаргаж байгааг шинжлэх экспресс аналитик байхгүй. Зөвхөн тэдний үгээр л явж байгаа. Энэ бүхнээс харахад “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа нь Монголын эдийн засгийн нэгдсэн орон зайнаас гараад, Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхээс ангижирсан байна.

Н.Энхбаяр:

-Д.Бямбасүрэн гуай  Монголынхоо эдийн засгийг  сайн мэддэг, улс орны эдийн засгийн асуудлыг толгойдоо багтаасан хүний хувьд Оюутолгойн гэрээний гол зүйлүүдийг товч бөгөөд тодорхой хэллээ. Нэмж хэлэхэд энэ гэрээ угаасаа Үндсэн хууль зөрчиж хийгдсэн. Яагаад гэвэл, Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн. Төр нь хамгаалаагүй,ард түмэн нь мэдээгүй ийм гэрээ болчихсон. Яагаад ийм болгосон бэ гэвэл, Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө бэлтгэл хангах маягаар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, Монголын талын эрх ашиг, стратегийн ордууд дээр дандаа бага байхаар  хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Одоо тэр гэрээг байгуулсан хүмүүс өөрсдийгөө зөвтгөж хэлэхдээ “Хуулийн орчинд л бид ажилласан шүү дээ. Хууль нь ингэж гарсан юм чинь яах юм бэ” гэдэг. Үнэн хэрэгтээ ийм хууль гаргах ажлыг өөрсдөө удирдаж хийлгэчихээд  сүүлд нь тэр муу хуулиа үндэслэж ийм муухай гэрээ хийгээд  иймэрхүү зүйл яриад сууж байгаа юм. Тэр үед хууль зүйн асуудлаар Засгийн газартаа гол зөвлөгөө өгдөг хүн нь Ц.Нямдорж байсан. Яагаад гэвэл, ХЗДХ-ийн сайд нь байсан учраас тэр. Угаасаа Ц.Нямдорж байна уу, өөр хүн байна уу,  Хууль зүйн сайд нь Засгийн газартаа зөвлөдөг. Тэр хүний хэлсэн үг хамгийн чухал байдаг. Харамсалтай нь энэ гэрээн дээр Ц.Нямдоржийн мэдлэг боловсрол хүрээгүй юу, эх оронч сэтгэл нь дутсан уу, эсвэл аль аль нь нийлээд ийм муу үр дүн гарсан уу, ямар ч байсан үнэхээр муу гэрээ байгуулсан. Тухайн үед МАНАН-гийн Засгийн газар байгуулагдсан байсан үе, энэ асуудлаар би тэдэнтэй нэлээд зөрчилдсөн. Ингээд тэд гэрээгээ байгуулж чадахгүй тодорхой цаг хугацаа өнгөрсөн. Тэр үед миний хэлж ярьж байсан зүйлүүдийг  АНУ-аас манай улсад Элчин сайдаар сууж байсан М.Минтон гуай өөрийн нууц захидалд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  Н.Энхбаяр Монголын талд ашигтай гэрээ хийх гээд байна. Харин Ерөнхий сайд С.Баяр нарын хүмүүс гадныхны ашиг сонирхлыг тооцсон гэрээ хийх гэж байна” гэх зэргээр бичсэн байсныг www.wikileaks.org сайтынхан олж илрүүлэн олон нийтэд цацсан байна лээ. Анхнаас нь хууль зөрчсөн  гэрээ байгуулах гэж байгааг анхааруулж хэлж байсан хүний хувьд өнөөдөр ч  энэ байр суурьтаа байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам буруу зүйл болжээ гэдэг нь батлагдаж байгаа. Сая УИХ-ын гишүүд гэнэт сэрсэн юм шиг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг  шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг ярихдаа гайхаж асууж байна лээ. Юу гэсэн үг вэ, энэ чинь гэрээг байгуулснаас хойш 40 жилийн дараа ногдол ашиг авна гээд яриад сууж байдаг. Авах ч юм уу, үгүй ч юм уу тодорхойгүй. Анх Оюутолгойг ашиглаж эхэлснээс хойш Монголын өр хэдэн тэрбум ам.доллараар өсч ирсэн. Тэр нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Дээр нь бид ямар байдлаар бүтээгдэхүүнээ борлуулж байгаа вэ гэдэгт хяналт тавьж чаддаггүй. “Рио Тинто” компани өөрөө тойруу замаар, ногдол ашгаа аль хэдийнэ авчихсан.Тухайлбал, “Рио Тинто” компани  Оюутолгой гэдэг төсөлд орсноороо хувьцаа нь өссөн. Тэр нь өөрсдөд нь ашигтай байгаа. Монголын хувьцаа гэж дэлхийд байхгүй. Өөрөөр хэлбэл,  Монгол Улс Оюутолгойг ашиглалтад оруулснаараа хувьцаа өсөхгүй. Тэр тусмаа гэрээ нь Монголыг анхнаас нь өрөнд оруулсан ийм л баримт бичиг  байсан. Зээл нэрээр Монголд оруулж ирж мөнгө  хүүлэх ийм л зорилготой  байсан. Тэгэхээр Д.Бямбасүрэн гуай оночтой тодорхойллоо, энэ бол яах аргагүй  шинэ колоничлолын бодлого. Түүхээс харж байхад Африкийн орнууд, Латин Америк, Зүүн Өмнөд Азид ийм зүйлүүд болж байж. Одоо хөгжилтэй орнууд, Зүүн Америкийнхан алдаагаа  ухамсарлаж колоничлолын бодлогоосоо татгалзаж байна. Ингээд хөгжлийн асуудлыг хоёр тал хоёулаа хожих зарчмаар хийж сурсан гэсэн нь үгүй юм байна. Яг л  Африкт хийж байсан гэрээ Монголд хийгдээд явж байна. Хамгийн наад захын жижиг гэж хэлэхээргүй нэг асуудал бол “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан Голдман Сакс банк санхүүгийн байгууллага Монголын Засгийн газрын зөвлөхөөр ажилласан байдаг. Энэ юу гэсэн үг вэ. Найздаа сайн хандахын тулд Голдман Сакс манайд ямар зөвлөгөө өгөх билээ. Мэдээж сайн найзынхаа эрх ашгийг хамгаалж л зөвлөгөө өгнө. Дашрамд хэлэхэд, Голдман Сакс сая дэлхий даяар шуугиан дэгдээсэн Малайзын хэдэн тэрбум ам.долларын  мөнгө угаах хэрэгт оролцсон. Банк санхүүгийн байгууллагууд “мөнгө үнэртэхгүй” гэдэг зарчмаар ажилладаг. Мөнгө л олж байвал ёс суртахуун, колоничлолын бодлого байна уу, үгүй юу, тухайн улс орон хөгжиж байна уу, үгүй юу гэдгийг ерөөс боддоггүй, тийм харгис хатуу гэрээ хийдэг зарчимтай. Тэрийг бид мэдэж зохицуулалт хийх ёстой байсан. Харамсалтай нь тухайн үеийн Засгийн газар зүтгэсээр байгаад гэрээ хийсэн. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар үүнийг засах ёстой. Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийг ахалсан Д.Тэрбишдагва гишүүн асуудлаа  Аюулгүй байдлын зөвлөлд оруулж хэлэлцүүлэх хэрэгтэй. Тэндээсээ  зөвлөмжөө гаргах нь зөв. Гэтэл Аюулгүй байдлын зөвлөл нь шүүх, прокурорын томилгоонд анхаараад түүнээс хамаагүй чухал асуудлаа яагаад ч юм хэлэлцдэггүй. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажиллаачээ гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

ГЭРЭЭГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛ,  ТЭДНИЙ САНАЛЫГ ЛОНДОНЫ ШҮҮХ ТАСЛАХ ЭРХГҮЙ

Д.Бямбасүрэн:

-Би саяын ярьсантай бүрэн санал нийлж байна. “Айвехоу Майнз”-ынхан Монголд анх хөрөнгө оруулагч гэж орж ирэхээсээ эхлээд дотоод улс төрийн тогтолцоонд нь,төрд нь, хэвлэл мэдээлэлд нь өөрийн лобби бүлгийг байгуулж, магадгүй хээл хахууль ашигласан байж болох юм. Ингээд монголчуудын тархийг угаасан. Гэрээг нь анх байгуулахад Ерөнхий сайд С.Баяр хэлэхдээ Оюутолгойн цэвэр орлогын 71 хувь нь Монголд үлдэнэ гэж байсан. 2010 онд дараагийн Ерөнхий сайд нь УИХ-аар гэрээг батлуулахдаа 59 хувь нь Монголд үлдэнэ гэж хэлсэн. Гэтэл одоогийн байдлыг харахад 10 хүрэхгүй хувь нь Монголд орж ирж байгаа. Гэрээ байгуулна гэж шуугиж байхад нийтлэлч Баабар “Хоног бүхэнд нэг сая ам.доллар алдаж байна. Гэрээг байгуулахгүй бол болохгүй” гэж ярьж, бичсэн. Томоохон эрдэмтэд, улстөрчид үүний төлөө ухуулга явуулж эхэлсэн. Энэ нь одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь хоёр зүйл дээр илэрч байна. Нэгдүгээрт, Баабар Оюутолгой улсын төсвийн 30 хувийг бүрдүүлж байна гээд байгаа. Баабарыгаа бид сайн мэднэ.1990 оны ардчилсан хувьсгал эхлэхэд “Бүү март, мартвал сөнөнө” гэж ард түмэнд хандсан захидал бичиж, эрэлхэг зоригтой эх оронч хүн гэдгээ харуулж явсан. Монголчууд итгэж хүндэлсэн. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд мань хүн өөрчлөгдөж, Оюутолгойн гэрээнээс өгсүүлээд  гадныханд үйлчлэх  сөнөх чиглэлийн баримжааг авч эхэлсэн. Би бодохдоо түүнийг улс төрийн хувьд юм уу, ямар нэг байдлаар буруутгахаасаа өмнө нас ахиад жаахан суларч явна уу гэж боддог. Монголчууд хүнийг нас ахиж сулраад ирэхээд “Цагаан мориндоо мордлоо” гэцгээдэг шүү дээ.  Баабар маань цагаан мориндоо мордож байх шиг байна. Түүнээс Сангийн сайд байсан хүн Оюутолгойн 400 тэрбумыг харчихаад “Улсын  төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байна” гэж ярьж сууна гэдэг байж боломгүй. Саяхан нэг шуугиан дэгдсэн, Ажлын хэсгийн шалгалтын материалыг УИХ нь “Рио”-гийнхонд өгчихлөө. Өөрсдөө танилцаж учрыг нь олоогүй байж гадынханд аваачиж өгснийг сонсоод хэлэх үг олдоогүй. Ингэтлээ гадны луйварчид Монголд хумсаа шигтгэсэн байна. Энэ бол Оюутолгой тойрсон асуудлын анхаарууштай бөгөөд халуун сэдвийн нэг  мөн.

Н.Энхбаяр:

-Энэ асуудлыг ярихаар  өөрийнхөө тухай ярьж байгаа юм шиг болчих гээд байгаа тул би болгоомжилж байна. Гэхдээ хэлчихье, тухайн үед буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг явуулж байхад гол зөвлөгөө, мэдээллийг өгч байсан гадаад, дотоодын хүмүүс ерөөсөө Монголын ард түмэн Оюутолгойн гэрээг л хүсч дэмжиж байна. Үүнийг л хүсэн хүлээж байна гэсэн худал мэдээллийг өгч байсан. Тэр үед бид гэрээтэй танилцаад, Монголын талын эрх ашигт учир дутагдалтай юм байна гэдгийг хэлж байсан. Ийм гэрээ байгуулчихвал сүүлд нь засах аргагүйг хэлж байсан нэр бүхий хүмүүс ч бий. Гэтэл үг авалгүй байгуулчихсан. Түүнээс хойш 10 жил өнгөрлөө. Өнөөдөр засах тухай яриад сууж байна. Манай нөхдүүд бүр  2009 оны наадмын өмнө гэрээг байгуулах гэж зүтгүүлж байсан юм шүү дээ. Тэр үед хэвлэлийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж  зогсоосон ч  аравдугаар сарын 6-нд баталчихсан. ҮАБЗ-ийн гурван гишүүн нь зогсч байгаад, Төрийн ордны гадна цугласан иргэний нийгмийнхэн, иргэдийг цэрэг, цагдаагаар хориулж байгаад гэрээгээ байгуулчихсан. Гэрээг байгуулж чадсан гэдгээрээ өөрсдийгөө хүчтэй гэж бодсон байх. Гэтэл ард түмэнд маш хохиролтой зүйл хийсэн. Одоо ард түмэн бие биеэ гэхээс илүү монголчууд нэгдэж, Д.Бямбасүрэн гуайн хэлж байгаагаар ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, гэрээгээ засах хэрэгтэй байна. Оюутолгойн гэрээг засвал Лондоны шүүх дээр очно гэж айгаад байгаа. Миний бодлоор ард түмнийхээ саналыг асуух хэрэгтэй. Англичууд л гэхэд  Европын холбооноос гарах уу, үгүй юу гэдгээ ард түмнээсээ асуугаад гарахаар боллоо. Тэр яриа хэлэлцээ  нь хүндхэн байдалд явагдаж байгаа ч ард түмний саналыг хаана ч хүндэтгэж байна шүү дээ. Европын холбоо англичуудыг шүүхэд өгч, та нар гарахгүй гэчихээд гарлаа гэж хэлж чадахгүй байна. Яагаад гэвэл ард түмэн нь шийдчихсэн. Оюутолгойн гэрээ энэ хэвээр байх уу, өөрчилбөл алийг нь өөрчлөх вэ гэдгээ ард түмнийхээ санал асуулгаар шийдчих хэрэгтэй. Ямар гэрээ болсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд харж мэдэрсэн ард түмэн маань өөрчил гэж хэлэх байх. Лондоны шүүх ард түмний санал асуулгыг хэлэлцэхгүй. Гарц нь бэлэн байхад яагаад хэлэлцүүлэхгүй суугаад байна вэ.

ОЮУТОЛГОЙГ ЧИХЭР ГЭВЭЛ, “РИО ТИНТО” ЯЛАА ЮМ, ТЭД НИСЭЭД ЯВЧИХАЖ ЧАДАХГҮЙ

-УИХ энэ асуудлыг хэлэлцэх эрх нь нээлттэй. Гэтэл чимээгүй байгаад байдаг нь ямар учиртай юм бол. Нөгөө талаас Оюутолгойн гэрээг хүчингүй болгож цуцлах ёстой юу эсвэл засч сайжруулах шаардлагатай юм уу. Манайхан хөрөнгө оруулагчид дүрвэлээ гээд шуугидаг, түүнээс үүдэж ямар  асуудал үүсэх бол?

Д.Бямбасүрэн:

-Оюутолгойн гэрээг батлахад УИХ-ын 76 гишүүний 72 нь дэмжсэн. Тэдний олонх нь одоогийн УИХ-д сууж байна. Энэ гэрээг байгуулах үйл явц төрийн бүтцэд маш том өөрчлөлт авчирсан. 2008 оныг аваад үзэхэд, С.Баярын Засгийн газарт МАН-ынхан олонх болсон хэрнээ Сангийн сайдаараа Комсомолын сургууль төгссөн С.Баярцогтыг томилж, тэр хүн 20 мянган хувьсагчтай тэгшитгэлийн загвар бодож байж гэрээг байгуулсан гэж ярьдаг. Мөн Уул уурхайн сайдаар хятад хэлний орчуулагч мэргэжилтэй хүнийг аваачиж тавьсан. Сангийн сайд, Уул уурхайн сайдаар  Монголд дандаа мэргэжлийн бус хүн томилдог.Одоогийн сайд нар ч адилхан. Ингэж монгол төрд өөрийн хүмүүсээ байршуулдаг. Хуулийн  тухайд Ашигт малтмалын хуулийг өөрчилсөн. Дээр нь 2009 онд Онцгой албан татварын хуулийг хүчингүй болгосон. Ингэж Монголын татварын системийг цуцалж байж Оюутолгойн гэрээг байгуулсан.

2009 оны долдугаар сарын 7-нд Ерөнхийлөгч тангараг өргөсөн, 8-нд Оюутолгойн гэрээг  үзэглэх эрхийг Засгийн газарт өгсөн. Ийм байдлаар асуудлыг шийдэж ирсэн. Сүүлд 2014-2015 онд АН засаг барьж байхдаа МАН-аас Ж.Эрдэнэбатыг урьж Сангийн сайдаар томилоод, тэр хүнээр Дубайн гэрээнд гарын үсэг зуруулах гэж оролдсон. Үндсэн хуульд газар түүний хэвлий доорх баялаг бүх ард түмний мэдэлд байна гэсэн байтал Дубайн гэрээгээр гадны банкинд барьцаанд тавьчихсан. Өрийг нь монголчууд төлнө. Дубайн хэлэлцээрийн өмнө бүгд тохиролцоод Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, АН-ын бүлэг Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоё гэж 100 хувийн саналаар дэмжсэн байхад ҮЗХ нь эргээд Ч.Сайханбилэгийг тавьсан. Өөрөөр хэлбэл, Риогийнхон Монголын төр, засгийн толгойг ингэж эргүүлдэг зуршил тогтсон. Тэгээд Ч.Сайханбилэг нь Ардын намыг Засгийн газартаа урьж, Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар тавиад Оюутолгойн гэрээний гурван жилийн тайланд гарын үсэг зур гэж албадаж байсан. Тэр тайланд нь Монголын гурван сайд шалгалт хийгээд зөрчил илэрсэнгүй гэж дүгнэлт гаргаж байлаа. Энэ мэтчилэн хүний гараар могой бариулж, далдуур юм хийсэн  явдал нэлээд гарсан. Олон улсын шүүхийн хувьд тэр хүртэл Оюутолгой дахь  “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ынхан  юу хийснээ нууж чадахгүй байх. Одоо Оюутолгойн үйлдвэр жилд ажилчиддаа өгдөг цалингаас гадагш төлдөг зээлийн хүү  нь 1.5 дахин их байна. Оюутолгойн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнээр гадагш гарч байгаа. Ажилчдын цалин нь адил тэнцүү гадаадын уурхайнуудаас 2-3 дахин бага, гадаадаас ирж ажиллаж байгаа ижил мэргэжилтнүүдээс 10 дахин бага байгаа. Энэ чинь мөлжлөг биш юм уу.  Үүнийгээ бариад олон улсын шүүхэд “Бид Монголыг ингэж мөлжиж байсан чинь эд нар эсэргүүцээд байх юм, яах вэ” гээд очиж чадах уу. Миний бодоход энэ бүхнийг нь баримтжуулаад Олон улсын Арбитрын шүүхэд эртхэн өгсөн нь дээр. Түүний өмнө манайхан дотроо тэдний бүтээсэн “хана” болох төрд шургалсан хүмүүсийг цэвэрлэх хэрэгтэй. Шударга ёс, шударга зарчмаар хоёр тал харилцан ашигтай ажиллах хөрөнгө оруулагчид хэзээ ч бэлэн  байгаа. Гагцхүү манай зусарч, бялдууч, авлигач түшмэлүүд тэдний гарыг долоож, тэгж  амьдрах хүслээр яваад байна. Одоо Монголд жаахан яриа гараад ирэхээр олон улсын зах зээлд эдийн засгийн нөхцөл муудлаа гээд Риогийнхон хашгирдаг. Нөгөө талд тэдний даалгавраар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бий болсон лобби бүлэг нь хөрөнгө оруулагчид буцлаа, дүрвэлээ гээд хашгирдаг. Бид Оюутолгойг хаах тухай асуудал яриагүй. Гэрээг өөрчилье, шударга болгоё гэж ярьж байгаа. Ямар ч тохиолдолд, хэн ч байсан Монголын 45 мянган тонн цэвэр зэс, 120 мянган  унци алтыг хаячихаад гараад явчихаж чадахгүй.

БУЛХАЙ ЛУЙВАР ХИЙГЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ С.БАЯРТ ЗӨНДӨӨ ХЭЛСЭН

Н.Энхбаяр:

-УИХ-аас Ажлын хэсэг  анх байгуулж байхад Д.Дамба-Очир гишүүн толгойлсон. Өөрөө ийм санал өгсөн гэдгийг би УИХ-ын дарга асан М.Энхболдоос сонссон. Тэгээд ажиллах юм болов уу гэж байтал болиод  Д.Тэрбишдагва ажлын хэсгийг ахалсан. Энэ  хөдөлгөөнийг харж байхад байдал ойлгомжтой болж байна. Сая Д.Бямбасүрэн гуайн хөндсөн Оюутолгойн шалгалтын дүгнэлтийг  УИХ хэлэлцэхээс өмнө “Рио Тинто”-д хэн өгсөн бэ гэсэн асуулт гарсан. Гэтэл Д.Дамба-Очир өгсөн байсан. Тэгэхээр энэ хүн Оюутолгойн төлөө лоббид нь явдаг гэдгээ үйлдлээрээ баталчихлаа. Энэ мэтийн хүмүүс цаана нь байгаа. Тэд Оюутолгойн гэрээг хэлэлцэх бололцоогүй, засах бололцоогүй болгоод байна. Энэ байдлаар бид хэн нь хэн бэ гэдгийг ойлголоо. Зарим нь анх удаагаа л ойлгож авч байгаа шиг юм яриад байна лээ. Үнэхээр ойлгож авч байгаа бол сайн байна.

Оюутолгойн гэрээ ямар их луйвар булхайгаар бий болсон бэ гэдгийг ойлгуулахын тулд бас нэг жишээ хэлье. 2009 онд би Ерөнхийлөгчийн сонгуулиар луйвардуулж уначихаад Ерөнхий сайд С.Баярт “Сонгууль ямартай ч ийм байдлаар шийдэгдчихлээ. Оюутолгойн гэрээг ийм байдлаар хийлгэж болохгүй шүү. Хийвэл сайн гэрээ хийх ёстой. Үүний тулд та бүхэн миний мэддэг, чаддагийг ашигла. Би Ерөнхийлөгч байсан хүний хувьд УИХ-ын сонгуульд орохгүй гэхгүй, Ц.Элбэгдоржийн оронд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшье. Ингээд Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д зааснаар Оюутолгойн гэрээг засъя гэхэд С.Баяр эсэргүүцсэн. Тэгэхээр нь чи биш нам мэднэ шүү дээ гэхэд “Би хүмүүстэй зөвлөлдсөн, хэрэггүй гэж байна” гээд Д.Зоригтыг дэвшүүлсэн. Оюутолгойн гэрээг хийлгэх хүнээ дэвшүүлсэн нь тэр. Тухайн үед би Бага хурал дээр очиж, Оюутолгой, Тавантолгойн гэрээг байгуулж болохгүй  гэдгийг хэлнэ гэтэл намайг очихоос өмнө санал хураагаад Н.Энхбаярыг  дэвшүүлэхгүй гээд шийдчихсэн байсан. Тэгээд өөдөөс “Та шийдсэн юм руу орж яах юм” гэж хэлээд УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл гуай, намын дарга С.Баяр, У.Хүрэлсүх нар сууж байсан. Тэгэхээр нь би С.Баярт “Чи ийм луйвар булхай хийгээд хол явахгүй.Улс төрийг ингэж хийдэггүй юм” гэж хэлчихээд Бага хуралд орж чадалгүй  гарсан. Тэгэхээр үүнийг бодлоготойгоор хийсэн гэмт хэрэг гэж хэлэхээс өөр арга байхгүй.

Д.Бямбасүрэн гуайн хэлсэнтэй холбогдуулж нэг жишээ хэлэхэд, Ерөнхий сайд байхдаа Сингапурт айлчлахад уулзалтыг зохион байгуулсан  Сүхээ гэж хүн “Бизнес бол ялаа” гэж хэлж байсан. Тэгэхээр баялаг бол чихэр, бизнес бол ялаа  юм. Би Фрийдланд гэдэг хүнтэй уулзахдаа “Их өр”-ийг тэглэхдээ “Эрдэнэт”-ийг 49, 51 хувиар ашиглах гэрээ хийж байсан. Танайх ч гэсэн ингэж гэрээ хийж болдоггүй юм уу. Монголын талд тодорхой хугацааны дараа  шилжүүлэхээр гэрээ хийгээч гэхэд “Оросынх өөр, барууных өөр.Тэгээд ч би өөрөө жижиг хувьцаа эзэмшигч, тиймээс та “Рио Тинто”-той ярь” гэж байсан. “Рио Тинто”-гийн талтай ярихад “Монгол Улсын Ерөнхийлөгч ийм санал хэлэхээс өөр арга байхгүй. Бид судалъя” гэж хэлчихээд 2009 оныг хүлээгээд сонгуулиар намайг унагаагаад аравдугаар сард  Оюутолгойн гэрээг байгуулчихсан. Тэгэхээр өнөөдөр Оюутолгойн гэрээг заслаа, өөрчиллөө гэхэд тэд зугтахгүй. Чихэр нь байж байхад нисээд явчихдаг ялаа байхгүй. Тиймээс гэрээгээ сайжруулъя, бид чадна. Үүнийгээ хурдан хийх хэрэгтэй. Харамсалтай нь УИХ үүнийг хийж чадахгүй байна. Иймд Ерөнхийлөгч Х.Батулга үүргээ хэрэгжүүлж, ҮАБЗ-өөр  хэлэлцүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёс ярьж гарч ирсэн хүн, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө, одоо энэ ажлаа хийх  хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг нь Ц.Элбэгдоржийг, нөгөө нь М.Энхболдыг сольж гарч ирлээ гээд ямар ашиг байна вэ, Монголд. Зүгээр нэг дарга нар ажлаа сольсон л хэрэг болчихоод байна шүү дээ. Тиймээс ашгаа гаргаач гэж хэлэх байна.

СӨРӨГ ХҮЧНИЙХЭЭ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ХҮСЛИЙГ БАРИАД ЯВЖ БАЙГАА Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГ “ТООДГОР” ГЭЕ

-Монгол Улс мал аж ахуй, үйлд­вэр­лэлийг хослуулан хөг­жүүлж байсан. Уул уурхай хөгжүүлээд ухарлаа. Энэ бүхнээс гарах хөгжлийн гарцыг  Үндсэн хуулийн өөрчлөлт гэж томъёолох боллоо. Гэвч  үнэмлэхүй олонх болсон, сөрөг хүчингүй нэг намын УИХ-д энэ  эрхийг өгөх нь халтай.  Өөрчлөлтөөр ард түмний амьдрал дээшлэх нааштай зүйлүүд харагдахгүй байна гэсэн шүүмжлэл байна. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

Н.Энхбаяр:

-1992 оны Үндсэн хуулийг батлахдаа сайныг санаж баталсан байх. Гэхдээ зарим алдаатай зүйлийг оруулж ирсэн. Тэр нь байгалийн баялаг төрийн өмч гэж заасанд байна. Төрийн өмч гэхээр төрд гарч ирсэн өндөр албан тушаалтнууд өөрсдийн өмч гэж бодоод, хуулийн заалт ашиглан өөртөө, найз нөхөддөө, гадныханд ашигтай гэрээ хийх нөхцлийг бүрдүүлээд байна. Тиймээс бид Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж байгаа бол байгалийн баялгаа ард түмний өмч гэж зааж өгөхгүй бол 6.1 дэх заалтад  “Ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад” гэчихээд 6.2-т нь “Төрийн өмч” гэж заасан учраас тэр ойлголт нь давамгайлж дарга нарын өмч болж хувираад, нэгэнт тэдний өмч болчихоор ард түмэнд хамааралгүй болж цөөн хүн, хэдэн гэр бүл баяжиж, монголчууд “алтан дээр суусан гуйлгачин” гэсэн нэр зүүгээд явж байна. Үндсэн хууль маань ийм чухал асуудлуудыг авч хэлэлцэхийн оронд жижиг асуудлаар оролдож, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, өөрсдөө хуралдахдаа төдөн хоног хуралдана гэхчлэн хуулиар зохицуулж болох зүйлүүд яриад сууж байгаа нь дэмий цаг алдсан, зарчмын өөрчлөлт хийх сонирхолгүй хүмүүсийн алдаатай бодлого гэж үзэж байна.

Д.Бямбасүрэн:

-Би өөрөөр харж байгаа. Харин ч зарчмын том өөрчлөлт хийж байна уу гэж бодсон. Одоогийн УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн төслийн үндсэн санаа нь 2015 онд АН засаг барьж байх үед гарсан. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмье, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг таная гэсэн. Энэ юу вэ гэхээр, “Рио Тинто”-гийнхон Ерөнхий сайдыг томилсон, тэгээд Монголын Засгийн газарт  Сангийн сайд, Уул уурхайн сайдыг нь томилдог боллоо. Үүндээ тааруулж Засгийн газраар тоглож байна. Энэ утгаар нь авч үзвэл Үндсэн хууль “Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна”  гэсэн заалтыг тасалж аваад “Засгийн бүх эрх мэдэл намын дарга, Ерөнхий сайдын гарт байна” гэж нэг ёсондоо  далд төрийн эргэлт хийх нь. Ингэж ард түмнээс төрийг холдуулах гэж байна. Ийм байдлаар монгол төрийг сулруулж эвдэх гэсэн  санаа явж байна гэж  би боддог. Нөгөө талд нь 1992 оны Үндсэн  хуульд бид хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлоохыг зорино гэж заасан. Гэтэл одоогийн засаг маань олигарх засаглал, Монголын баялгийн 85 хувийг цөөхөн эрх мэдэлтэн, баячууд гартаа авсан, Монгол Улс өр ширэнд баригдсан. Саяхан л гэхэд  28 тэрбум ам.долларын өрөнд  орсон яана  вэ гээд ярилаа. Тэгээд төр нь эрх мэдэлгүй, луйварчдын гарт орлоо. УИХ-аа аваад үзье, 75 хүнтэй. 2004 оны сонгуулийн дараа миний ойлгосноор долоон хүн ашиг сонирхлын зөрчилтэй юм байна  гэж бодогдож байсан. 2008 оны сонгуулиар 19 хүн наанатай, цаанатай юм уу даа гэж бодогддог болсон. Гэтэл одоогийн УИХ-д 51 хувь нь ЖДҮ-ийн сангаас шомбодож луйвар хийсэн улс сууж байна. Энэ Үндсэн хуулийг нэр төртэй, ард түмний итгэл хүлээсэн хүмүүс батлах юм уу эсвэл 51 луйварчин батлах юм уу. Иймээс одоогийн УИХ Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны эрх байхгүй. Нөгөө талд, гол зангилаа асуудлыг эд нар эрх мэдлийн хуваарилалтын асуудал гэж яриад байгаа. Ерөнхий сайд төсвөө барьж байгаа цагт эрх мэдэл дутна гэж байдагүй. Бид хоёр хоёулаа Ерөнхий сайд байж үзсэн. Гагцхүү Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж,  нэг удаа зургаан жилээр сонгодог болно гэдэг нь Ерөнхий сайдаар тоглож дууслаа, одоо Ерөнхийлөгчөөр тоглож эхэлье  гэсэн үг. Ийм учраас одоогийн УИХ-д өргөн бариад байгаа Үндсэн хуулийг төрийн эргэлт хийх нь гэж үзэж байгаа. Хуулийн төслийг Д.Лүндээжанцан бариад гүйж яваа. Дээр үед баруун Монголд Дамбийжанцан гэж нэг эсэргүүн байсан гэж ярьдаг. Тэр нь  Тоодгор гэж нэг хүнтэй, тэр нь Дамбийжаагийнхаа даалгаврыг гүйцэтгэнэ гээд гүйдэг байж. Гэтэл одоо манайд  Д.Лүндээжанцан  гэж нэг нөхөр АН-ынхаа төрийн эргэлт хийх хүслийг барьчихаад явж байна.  Д.Лүндээжанцанг  “Тоодгор” болчихлоо гэдгийн учир тэр. Одоогийн УИХ Үндсэн хуулийн өөрчлөлт хийх эрхгүй, өөрчлөлтийг бүх ард түмний санал асуулгаар л шийднэ.  Гэхдээ сууриар нь авч үзэх хэрэгтэй.

ЭНЭ УИХ-Д ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЁС СУРТАХУУНЫ ЭРХ БАЙХГҮЙ

-1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэдэг. Одоо хөгжлийн шинэ шатанд гарах  Үндсэн хууль хэрэгтэй байх. Тэгэхээр гарц нь ард түмний санал асуулга байж таарна. Үүнийг Оюутолгойн гэрээг өөрчлөх санал асуулгатай хамт явуулж болох уу?

Н.Энхбаяр:

-Үндсэн хуулийн тухайд Д.Бямбасүрэн гуай хоёр том санал хэллээ. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог, сайн муу ч гэсэн олон түмний сонгосон хүн худалдагдахгүй байх. Эсвэл  олигархиудад үйлчлэхгүй байх магадлал өндөр. Харин өнөөдөр Ерөнхий сайд нь парламент дотроос төрж байгаа. Тэгэхээр олигархиуд Ерөнхий сайдыг төрүүлэх магадлал өндөр. Тэр байтугай гадаадын компаниуд намууд болон УИХ-д  нөлөөлж байгаад өөрийн Ерөнхий сайдтай болох зам нээгдэж байгаа. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн цаана гадаад, дотоодын олигархиуд үгсэн хуйвалдаж өөрийн Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлж, өөрийн хүссэн шийдвэрүүдийг гаргуулах тийм эрх зүйн зохицуулалтыг хийж байна уу гэж маш ноцтой асуудлыг  ярьж байна. Хоёрдугаарт, одоо өргөн бариад байгаа  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дандаа хэрэг төвөгт холбогдчихсон хүмүүс хийх гээд байна. Зориуд  тийм хүмүүсээр хийлгэх гээд байна уу, тэр хүмүүс Монголд ийм өөрчлөлт хэрэгтэй гэсэн эрүүл саруул зүйлийг бодсон ч хийж чадахгүй шүү дээ. Энэ утгаар нь авч үзвэл, одоогийн УИХ, дээр нь “60 тэрбум”-ын луйврын аргаар гарсан гэдгээ МАН-ынхан өөрсдөө хэлчихсэн. Тэр ажлыг удирдсан М.Энхболдыгоо огцруулсан, легитм шинж чанаргүй, ард түмний итгэл даахгүй, иймээс ёс суртахууны эрхгүй, талаас илүү хувь нь хэрэгт холбогдож яллагдагч, сэжигтнээр татагдчихсан, гэрчээр байцаагдаж байгаа улс, гадаад дотоодын захиалсан Ерөнхий сайдыг гаргаж ирэх магадлал өндөр Үндсэн хуулийг хийгээд сууж байх нь  маш хортой.

Д.Бямбасүрэн:

-Манайх Санал асуулгын тухай хуультай ч нэг ч удаа хэрэглээгүй. Хуулиар бол санал асуулгыг нэг л асуулгаар явуулдаг. Хоёр асуудлын хувьд аль алинаар нь санал асуулга явуулж болно. Швейцарьт санал асуулга явуулаад болоод байдаг бол манайд төр нь ард түмнээсээ айдаг учраас санал асуулга явуулж чаддаггүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлт нь угаасаа луйврын шинжтэй  болохоор тэрийгээ ил гаргахаас болгоомжлоод байх шиг. Ард түмний санал асуулга явуулахад суртал ухуулгаа яаж хийх вэ, асуудлаа яаж танилцуулах вэ гэдэг нь чухал. Зөвлөлдөх санал асуулга гэгчээр  ямар ч мэдлэггүй хүмүүсийг Төрийн ордонд авчирч баахан юм асууж жүжиг тоглосноор шийдэж  болохгүй. Үндсэн хууль бол төр, ард түмний хооронд байгуулсан гэрээ юм. Энэ гэрээ өөрчлөгдөж болно. 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгээд халагдлаа гэх нь юу юм, нийтлэг үнэт зүйл гэвэл олон бий. Гэхдээ төрийн бодлого талаас бодоход өөрчлөх зүйл олон байна. Жишээ нь, манай Үндсэн хуульд санхүүгийн зохицуулалтын бүлэг байхгүй. Тиймээс УИХ руу баячууд тэмүүлдэг, наймаачид тэмүүлдэг, төсөв хөрөнгө хувааж идэхийн төлөө л  тэд өрсөлддөг. Үндсэн хуульдаа санхүүгийн бүлэг оруулчихвал байдал огт  өөр болно.

Д.Бямбасүрэн:

♦ Рио Тинто гэдэг “Вант улс” Монголд ирж шинэ колоничлолын бодлого явуулж байна.

*    *    *

♦ Оюутолгойн бүх орлого нь гадаадад байршиж, Монголд юу орж байгааг бид мэддэггүй, тайландаа бичсэн тоог нь хараад суудаг.

*    *    *

♦ Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн шалгалтын материалыг УИХ хэлэлцэхгүй удлаа. Ерөнхийлөгчид өргөн барьж ҮАБЗ-өөр хэлэлцүүлсэнгүй. Яагаад хэлэлцэхгүй байна гэвэл тэнд бас л гох дэгээ яваад байна.

*    *    *

♦ Монголын Засгийн газар хэний нутагт, хэдий хэмжээний газрыг ашигт малтмалын лиценз болгож өгснөө одоо болтол хэлэхгүй нууж байгаа.

*    *    *

♦ Ч.Сайханбилэг бол “Рио Тинто”-гийн захирлын гал тогооны өрөөнөөс төрсөн Ерөнхий сайд.

*    *    *

♦ Манайханд “Риогийнхныг гомдоох вий, хөрөнгө оруулагчид дүрвэнэ” гэдэг. Том чоно намайг идэж байна, гомдоочих вий дээ гэдэг үзэл ойлголт байж болох уу. 

*    *    *

♦ Бид Оюутолгойг хаах тухай яриагүй. Гэрээг өөрчилье, шударга болгоё гэж байгаа. Тэд Монголын  45 мянган тонн цэвэр зэс,  120 мянган унци алтыг хаячихаад гараад явчихаж чадахгүй.

*    *    *

♦ Засгийн газрын хувь заяа маш төвөгтэй. Хурдны зам дээр тэнэж яваа муур, Засгийн газар хоёрын хувь заяа ижилхэн гэж  тайландууд хэлдэг. Зам дээр тэнэж яваа муур хэзээ ч машинд дайруулж магадгүй. Тэд биднийг ийм байдалд оруулах гэж байна.

*    *    *

♦ УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд нэг сонин санаа байгаа, сайдуудыг УИХ томилохгүй. Ерөнхий сайд нь  ах дүү, төрөл садан, эхнэр хүүхдээ аваачаад сайдаар тавьж болох нь л дээ.

*    *    *

♦ УИХ-ын 51 хувь нь ЖДҮ-ийн сангаас луйвар хийсэн улс сууж байна.

*    *    *

♦ Ерөнхий сайд төсвөө барьж байгаа цагт эрх мэдэл дутна гэж байдагүй.

Н.Энхбаяр:

♦ “Оюутолгойн гэрээг зас, ийм байдлаар хийж болохгүй” гэж хэлэхэд С.Баяр Ерөнхий сайдын хувьд ихээхэн  бухимдаж “Тэгвэл та өөрөө гэрээг удирдаж хийхгүй юу” гэх зэргээр өөрийн эрх үүргээс татгалзаж байгаа ч юм шиг туниж, Засгийн газрын тэргүүний хувьд гаргаж боломгүй ааш зан гаргаж байсан.

*    *    *

♦ ҮАБЗ хэлэлцэхээс айгаад байгаа бол, УИХ ашигт малтмалын зөрчилтэй байгаа бол, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга  Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Оюутолгойн асуудлаар ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй.

*    *    *

♦ Бид үүгээр хэн нэгнийг харлуулж, муулах гэсэнгүй. Д.Бямбасүрэн гуайн хувьд хэн нэгнээс юм гуйх нэгэн биш, аль нэг намаас  ч хараат бус. Зөвхөн Монголынхоо төлөө зүтгэж, улс орны эдийн засгийн том асуудлуудыг оюун ухаандаа шүүж үнэтэй зөвлөгөө өгч байгаа хүн. Тиймээс үгийг нь шууд хүлээж авах хэрэгтэй.

*    *    *

♦ Оюутолгойн гэрээг хийх гээд улайрчихсан хүмүүс ямар ч нүх сүв гаргахгүйгээр, эсэргүүцсэн, шүүмжилсэн, өөрчлөх хэрэгтэй гэж ярьсан болгоныг  шахаж гаргаж байсан.

*    *    *

♦ Ашигт малтмалын баялаг  ард түмний өмч учраас Норвеги, Катар, Саудын Арабтай  адил дундын хуримтлалын сан бий болгоё.  

*    *    *

♦ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, өөрсдөө хуралдахдаа төдөн хоног хуралдана гэхчлэн хуулиар зохицуулж болох зүйлүүд яриад сууж байгаа нь дэмий цаг алдсан, зарчмын өөрчлөлт хийх сонирхолгүй хүмүүсийн алдаатай бодлого гэж үзэж байна.

*    *    *

♦ Хууль шүүхийн байгууллага одоо ямар байдлаар үйлчилж байна гэвэл энэ УИХ-ыг дуу хоолойгоо илэрхийлэхэд нь саад болдог, харин олигархиудын дэглэмд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулах  байдлаар ажилладаг болчихсон  учраас бас аюул байна.

*    *    *

♦ 10 жилийн өмнө Оюутолгойн гэрээг хийх хэрэггүй гэхэд хийсэн шиг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийвэл хэдэн арван жилээр Монголыг хохироох үйл явдлын үүд хаалгыг нээнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.17 МЯГМАР  №123  (6090)

Дэлгэрэнгүй унших

Онцлох